Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 697

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Б.Жаргал,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овогт Г.Г-д холбогдох эрүүгийн 1905041950031 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Б д нэгдсэн эмнэлгийн чих хамар хоолойн эмч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 61 дүгээр байрны 02 тоотод оршин суух хаягтай,

урьд Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б овогт Г.Г /РД:ЧП69122911/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Г нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 2 тоотод гэртээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдрагч И.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүү, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй…” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. Хохирогч И.Б-н цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 6-р хуудас/,

2. Аюулийн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 7-8-р хуудас/,

3. Хохирогч И.Б-ийн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө манай ажил хуралтай гээд би өглөө эрт босоод жижиг өрөөнд ажилдаа явах гээд нүүрээ будаж байтал намайг “хоол ундны нарийн ногоо авсангүй” гэж уурлан харааж орилж хашгирсан. Тэгээд “миний толгой руу битгий цохиод бай, болиоч” гэж хашгирсан. Тэгтэл хажуу талын хаалга буюу 3 дугаарын айл хаалга нээгээд удаан нүдсэн. Тэгтэл Г.Г очоод хаалга онгойлгоход хажуу айлын 3 тоот айлын эмэгтэй “та нар юу болоод байгаа юм бэ, би оръё юу болоод байна” гэхэд “чамд хамаагүй” гээд хаалга хаасан. Тэгснээ Г.Г над руу “чи юундаа орилж хашгираад байгаа юм” гэж хэлээд миний толгой гар зүүн талын гуя руу резинэн ултай тавчикаар цохиж зодсон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 48, 248-р хуудас/,

4. Гэрч Б.Оюунтуяагийн: ”...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зодуулаад өргөдөл өгсний дараа таарахад надад гар хөлөө үзүүлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 245-р хуудас/,

5. Гэрч И.Батчимэгийн: “...Би 10 дугаар сард дахин уулзахад гарын булчин базаад гээд улаан хүрэн өнгөтэй болж, хөлний шилбэ рүү нь өшиглөсөн гээд хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 55-р хуудас/,

6. Гэрч Б.Золзаяагийн: “... Батцэцэг сүүлд 2019 оны 10 дугаар сарын 10-нд зодуулаад цагдаад хандсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 62-р хуудас/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12541 дугаартай: И.Б-н биед эрүү, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 64-р хуудас/,

8. Н Б д Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн албаны даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаартай тодорхойлолт,

9. Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Г-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Г нь хамтран амьдрагч И.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Г.Г нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 2 тоотод гэртээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хамтран амьдрагч иргэн И.Б-н гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүү, зүүн бугалга, зүүн гуяны цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч И.Б-н цагдаагийн байгууллагад хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 6-р хуудас/, Аюулийн зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 7-8-р хуудас/, хохирогч И.Батцэцэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 48, 248-р хуудас/, гэрч Б.Оюунтуяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 245-р хуудас/, гэрч И.Батчимэгийн мэдүүлэг /1-р хх-ийн 55-р хуудас/, гэрч Б.Золзаяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 62-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №12541 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 64-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Г.Г нь хохирогч И.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Г-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч И.Б-н биед хөнгөн гэмтэл учирсан боловч тэрээр “Тухайн үедээ хөнгөн зэргийг гэмтэл учирсан боловч би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй, төлбөрт үйлчилгээ аваагүй, хэрэгт авагдсан баримтууд нь өнгөрсөн өвөл 2 хүүхдэд хэрэглэсэн эм тарианы баримт тул Г.Г-с нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Г.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Г.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 890 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 890.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзав.

Шүүхээс шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял ногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Г.Г-н хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан оногдуулсан торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.     

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 1905041950031 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж дуусгахаар тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Г.Г цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шүүхийн шийдвэрийг гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ДАЛАЙХҮҮ