| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1129/Э |
| Дугаар | 1231 |
| Огноо | 2020-07-03 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 1231
2020 07 03 2020/ШЦТ/1231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Батмөнх,
Шүүгдэгч Я.Г, П.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Я.Г, П.Э нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01583 0945 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Г, П.Э нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 08 дугаар хороо Баганат Өргөө хотхоны гадна зогсоол дээр байсан иргэн Н.Дэлгэрэхийн эзэмшлийн 34-22 УБС улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины зүүн хойд талын цонхыг хагалж автомашин дотроос ногоон цүнхтэй эд зүйлс болох холбогч, чирэгч, хар өнгийн цүнхтэй түлхүүр багажны ком, Кен маркийн гар дрилл, дриллын баттерэй, эмнэлэгийн хүчдэл тогтворжуулагч зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 615.000 төгрөгний хохирол,
иргэн Б.Сумъяагийн эзэмшлийн 68-75 УНЛ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашины хойд талын жижиг цонхыг хагалж автомашин дотроос запас дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 85.000 төгрөгний хохирол,
иргэн А.Анхбаярын эзэмшлийн 19-37 УНВ улсын дугаартай Тоёота Приус-10 маркийн автомашины хойд талын жижиг цонхыг хагалж автомашин дотроос машины МР-5, Аксис үнэртэй ус, ком оптерик, цагаан өнгийн хяналтын камер, никон нэртэй зургын аппарат, жижиг тахилын мөнгөн аяга, 8 gb-н плаш диск зэрэг эд зүйлуүдийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 565.000 төгрөгний хохиролыг учрах саадыг арилгах зорилгоор, машин механизам ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Я.Г, П.Э нар нь бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ 2/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /XX 3-10/,
-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /ХХ 11-16/,
-CHNT гэсэн бичигтэй цаасан хайрцагтай төхөөрөмж ( мотор мзт зүйл. 1 ширхэг, хар өнгийн цүнхтэй түлхүүр багаж (дотроо 5 ширхэг жижиг савуудтай), ногоон өнгийн цүнхэн (хар ус буцалгагч, жижиг эмийн сан, галын хор, шар өнгийн чирэгч), кен гэсэн бичигтэй улаан алаг цүнх (цэнэглэдэг дрилл, бахь, багж, тусгай түлхүүр), цагаан өнгийн ууттай даавуун зүйлс, хар өнгийн жижиг цүнх (Nikon нэртэй зургын аппарат, нийгмийн даатгалын дэвтэр), шар өнгийн царилгаантай, бор алаг үүрдэг цүнх ( хар өнгтэй машины МР5, Axis гэсэн бичигтэй шилтэй үнэртэй ус /тал/, ком оптерик, цагаан өнгийн камер мэт зүйл, хар өнгийн нурууны бүс, хар өнгийн маск 8 ширхэг), хөх эрээн цаасан уут (цаасан хайрцагтай гэрэл 1 ш. хөх гар чиидэн чихэр, лаа шингэн саван, сальфитк, шүдэнз), цагаан өнгийн гялгар уутан тор (Цэнхэр өнгийн жинсэн өмд, хар алаг зузаан бээлий), алтан тариа гэсэн бичигтэй 5 кг гурил, машины дугуй обуд зэрэг эд зүйл хураан авсан тухайн тэмдэглэл /ХХ 17/,
-шүүгдэгч нараас мөрдөгч хохиролын мөнгө 315.000 төгрөг хүлээн авсан тэмдэглэл /ХХ 133/,
-эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /ХХ 205-211/,
... 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 07 цагийн үед гарч ирээд машинаа хартал зүүн хойд талын том цонх хагарсан, хаалганы түгжээ нь онгорхой, нээгээд үзтэл хойд тээшэнд байсан ногоон өнгийн цүнхтэй автомашинд байх чирэгч, ослын гурвалжин, эмнэлэгийн анхны туслмжийн хайрцаг гэх мэт зүйлс, хар өнгийн түлхүүр, багажны цүнх, кейн брендийн жижиг баттерэйтэй дрилл, уг дриллын хайрцган доторх багажнууд, бор өнгийн цаасан хайрцагтай хүчтэл тогтворжүулагч аппрат, урд хайрцагт байсан нэг удаагийн халаад зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ... Машинаас алдсан эд зүйлээ бүрэн хүлээж авсан. Машины шил 50.000 төгрөгөөр хийлгэж, 60.000 төгрөгөөр хальс наалгасан нийт 110.000 төгрөгийг барагдуулчихвал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /XX 20-22/,
-шил хийлгэсэн болон авто хальс наалгасныг нотлох баримт /ХХ 24/,
-эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /XX 25/,
-хохиролын мөнгө 65.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ 135/,
... 2020 оны 03 дугаар сарын 24-ний 08 цаг 30 минутанд ажилдаа явах гээд гараад иртэл миний машины баруун хойд талын арын хаалганы жижиг цонхыг хагалсан, зүүн хойд талын жижиг гурвалжин шилийг юмаар цохиод цуулчихсан байдалтай байсан. Мөн багаажинд байсан запас дугуй алдагдсан байсан. ...алдагдсан запас дугуйгаа хүлээж авсан. Машиныхаа цонхыг засварлуулхад 35.000 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /XX 28-30/,
-эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг /XX 33/,
-“эд зүйлийн үнэлгээтэй танилцасан, үнэлүүлсэн эд зүйлээ хүлээн авсан. Баярлалаа” гэсэн эд зүйлийн үнэлгээний тайлан танилцуулсан тэмдэглэл /ХХ 70/,
-хохиролын мөнгө 35.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ 138/,
... Миний машины зүүн талын хойд гурвалжин цонхыг хагалаад дотор нь байсан эд зүйлсийг тараагаад хаячихсан байсан. ... миний машинаас шар өнгийн цахилгаантай бор алаг үүрдэг цүнх, машины хар өнгөтэй МР5, Аксис гэсэн бичигтэй үнэртэй ус, ком оптерик, цагаан өнгийн камер мэт зүйл, хар өнгийн нурууны бүс, хар өнгийн маск 8 ширхэг, хөх эрээн цаасан уут, цаасан хайрцагтай гэрэл 1 ширхэг, хөх гар чийдэн, чихэр, лаа, шингэн саван, сальфитк, шүдэнз, хар өнгийн жижиг цүнх, никон нэртэй зургын аппрат, нийгмийн даатгалын дэвтэр, голдоо сууж байгаа бичний зурагтай тахилын жижиг мөнгөн аяга 1 ширхэг, 8 gb плаш диск 1 ширхэг зэрэг зд зүйл алга болсон. Эдгээр зүйлсээс мөнгө аяга, плаш диск хоёроос бусдыг хүлээж авсан. ...гурвалжин шил хагарсаныг засуулхад 50.000 төгрөг болсон. Шил засуулсан мөнгө, мөнгөн аяганы үнэ, плаш дискны үнэ, МР5-н дэлгэц хагарч утаснууд нь тасарсан байсан учир тэрний үнэ зэргийг нэхэмжилнэ гэх мздүүлэг /XX 35-37/,
-машины хаалганы шил засварлуулсан талаарх баримт /ХХ 38/,
-эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /XX 39/,
-“үнэлгээтэй танилцав, хэвийн ажиллагаатай байсан МР5 эвдэрч ашиглах боломжгүй болсон байна. Үнэлгээний дагуу шийдвэрлэж өгнө үү” гэсэн эд зүйлийн үнэлгээний тайлан танилцуулсан тэмдэглэл /ХХ 71/,
-дотор талдаа сууж байгаа бичний дүрстэй жижиг мөнгөн аяга 1 ширхэг, улаан өнгийн автобусны карт 1 ширхэг, хохиролын мөнгө 65.000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, /хохирогч хэвийн ажиллаж байсан МР5 шил нь хагарч, утас нь тасарсан тул үнэлгээний дагуу шийдэж өгнө үү гэх хүсэлт гаргасан/ /ХХ 134/,
... 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 08 цагийн үед надруу хүн залгаж машины чинь цонх харгарсан байна гэж хэлсэн. Гарч ирээд хартал миний машины жолооч талын хойд хаалганы жижиг цонх хагарсан, дотор талын хайрцагт байсан эд зүйлийг гаргаад хаясан байдалтай байсан. Ямар нэгэн эд зүйл алдагдаагүй, хаалганы шил хагарсан байсан. Хагарсан шилийг 70.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг /XX 42-43/,
-машины хаалганы хагарсан шил солиулсан зардлыг нотлох баримт /ХХ 44/,
-хохиролын мөнгө 70.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ 137/,
... 2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 7:40 цагийн үед гарч ирээд машинаа хартал зүүн хойд талын жижиг гурвалжин шилийг хагалчихсан байхаар нь дотор нь ороод хартал хайрцаганд байсан эд зүйлийг гаргаад хаячихсан байсан. Эд зүйл алдагдаагүй. Цонх хагарсан байсан. Хагалсан шилийг 50.000 төгрөгөөр солиулсан. Тэр хохиролоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг /XX 53/,
-машины хаалганы хагарсан шил солиулсан зардлыг нотлох баримт /ХХ 54/,
-хохиролын мөнгө 40.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ 136/,
... 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед машиндаа орход машины голын хайрцаг онгорхой байсан. Машинаа шалгахад зүүн хойд хаалганы том цонх хагарсан байсан. Машинаас ямар нэгэн эд зуйл алдагдаагүй, цонх л хагарсан. Хаалганы том шилний үнэ болох 40.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /XX 57/,
-хохиролын мөнгө 40.000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ 139/,
Тод үнэлгээ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 902 дугаартай:
... ногоон өнгийн цүнхтэй, машинд байсан эд зүйлс 40.000 төгрөг, хар өнгийн цүнхтэй 5 хайрцаг түлхүүр багажны ком 70.000 төгрөг, кен маркийн гар дрилл 120.000 төгрөг, эмнэлгийн хүчтэл тогтворжуулагч 450.000 төгрөг, 3422 УБС дугаартай тоёота приүс 20 маркийн машины зүүн хойд хаалганы шил 65.000 төгрөг, 6152 УАА дугаартай тоёота пилдер маркийн машины хаалганы жижиг шил 70.000 төгрөг, 6875 УНЛ дугаартай тоёота приүс 10 маркийн машины хойд хаалганы гурвалжин шил 35.000 төгрөг, тоёота приүс 10 маркийн машины запас дугуй 35.000 төгрөг, тоёота приүс-20 маркийн машины хойд хаалганы гурвалжин шил 40.000 төгрөг, машины МР-5 45.000 төгрөг, Axis брендийн хэрэглэж байсан үнэртэй ус 10.000 төгрөг, ком оптерик 30.000 төгрөг, цагаан өнгийн хяналтын камер 15.000 төгрөг, никон загварын зургын аппарат 330.000 төгрөг, жиижг тахилын мөнгөн аяга 70.000 төгрөг, 8 г/байтын плаш диск 15.000 төгрөг, тоёота приүс 10 маркийн машины гурвалжин шил 50.000 төгрөг, 1773 дугаартай тоёота премио маркийн машины хойд хаалганы гурвалжин шил 40.000 төгрөг, нийт 1.530.000 төгрөгийн үнэтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /ХХ 65-66/,
Шүүгдэгч Я.Гийн мөрдөн байцаалтад өгсөн:
2020 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 02 цаг өнгөрч байхад манай найз Э намайг сэрээгээд хоёулаа гадаа гаръя гэхээр нь яах гэж байгаан гэсэн чинь чамд хамаагүй гээд бид 2 гарсан. Тэгээд бид хоёр гараад Эы амьжиргаа цагаан машинаар нэг тийш явсан. Миний уусан архи гараагүй болхоор хаашаа явж байгааг мэдэхгүй байсан. Тэгээд Э нэг газар ирж зогсоод намайг наанаа хүн хараад байж бай гэж хэлчээд яваад өгсөн. Би холоос хараад зогсож байсан чинь Э надад юу нь мэдэгдэхгүй юм авч ирж өгөөд “энийг машиндаа авч очоод хийчихээд хүрээд ир" гэсэн тэгээд би нөгөө өгсөн юмнуудыг нь авч яваад машины тээшин дээр тавьчихаад буцаад Эы байсан газарт ирсэн. Тэгээд Э надад нэг машины дугуй авч ирж өгөөд “машиндаа хүргээд хийчихээд хүрээд ир” гэсэн би нөгөө дугуйг нь авч очоод машины тээшин дээр тавьчихаад буцаад ирсэн чинь Э нэг хайрцагтай юм, цүнхтэй юм авчихсан ирсэн тэгээд бид 2 буцаад машинд дээрээ ирээд нөгөө юмаа аччмхаад машинаа асаагаад хөдлөх гэж байтал хоёр алаг машин ирээд бид хоёрыг бариад авсан. Эыг хаанаас юм авч ирээд байсан талаар мэдээгүй, би Эы авч ирээд өгсөн юмыг машинд нь хүргэж хийчихээд ирхээр өөдөөс бас юм авч ирээд надад өгөөд буцаагаад явуулаад байсан. Цагдаа ирээд баригдсаны дараа машины цонх хагалсан талаар мэдсэн гэх мэдүүлэг /ХХ 88/
Шүүгдэгч П.Эы мөрдөн байцаалтад өгсөн:
Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 2.4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цэрэнжамцийн гаргасан 2006015830945-а дугаартай тогтоолыг миний өмгөөлөгч уншиж танилцууллаа би ойлгосон. Энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.
... 2020 оны 03 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо Баруун алтан өлгий 37-654 тоотод гэртээ байж байгаад найз Я.Гийн хамт гэрээсээ гараад Баянзүрх дүүрэг Цагдаагийн академын хойд талд байх гүний худгын хажуугаар ертөнцийн зүгээр баруун тийш эргээд гэр хороолол дундуур явж байгаад өөрийн эзэмшлийн амьжиргаа цагаан машиныг гудамжинд тавьчихаад цаашаа алхаад байшин хорболол дундуур явж байгаад машины зогсоол дунд байсан автомашинуудын цонх хаглаад дотроос нь эд зүйл хулгайлсан. Би нийт 7 машины цонх хагалсан бас нэг машины цонх онгорхой байхаар тэр машинд бас орсон. Миний орсон зарим машинаас авах юм байхгүй байсан.
1. Би эхлээд улсын дугаарыг нь мэдэхгүй байна цайвар ногоон өнгийн Приус 10 маркийн машины зүүн хойд талын хаалганы гурвалжин шилийг хаглаад дотор талаас нь цоожийг нь онгойлоод жижиг хар өнгийн цүнх (зургын аппарт), бор алаг үүргэвч, машинд нь суурьлуулсан МР5 тоглуулагч, жижиг тахилын мөнгөн аяга, плаш диск зэрэг зүйлсийг авсан. Тэгээд авсан юмнуудаа найз Гдээ өгөөд хүүхдийн тоглоомын талбааруу явуулчихсан.
2. Цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна Приус 20 маркийн автомашины зүүн хойд талын хаалганы том цонхыг хагалж хаалгыг нь дотор талаас нь онгойлгож ороод урд талын болон голын хайрцагыг нь нээж үзсэн боловч дотроос нь авах юм байхгүй байсан, тэгээд юу ч аваагүй гарсан.
3. Тэгээд цаашаа жоохон яваад цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна Старэкс маркийн автомашины жолоочийн хойд талын цонх онгорхой байхаар нь гараа оруулаад хаалгыг нь дотроос нь онгойлгоод орж үзтэл авах юм байхгүй болхоор нь гараад явсан.
4. Старэкс машины урд талд байсан цагаан өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна Карина маркийн автомашины зүүн талын хойд гурвалжин цонхыг хагалаад дотроос нь 5 кг гурил авсан өөр зүйл аваагүй. Тэгээд гурилаа бариад найз Г дээрээ очсон. Гд гурил болон бусад авсан юмнуудаа өгөөд машинруугаа дөхүүлчээд ир гэж хэлчээд би байрны дунд байх замын урд талд байх машины зогсоолруу явсан.
5. Тэр зогсоол дотор ороод улсын дугаарыг нь мэдэхгүй байна цагаан өнгийн Примо маркийн автомашины жолооч талын хойд гурвалжин цонхыг хагалаад хаалгыг дотор талаас нь онгойлгож ороод хайрцагыг нь онгойлгож үзээд авах юм байхгүй болхоор юм аваагүй.
6. Цааш яваад хар хөх өнгийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна Приус 10 маркийн автомашины зүүн талын хойд гурвалжин цонхыг хагалаад хаалгыг дотор талаас нь онгойлгож ороод цагаан өнгийн гялгар ууттай юм авсан бас багажийг нь онгойлгож ороод запас дугуйг нь авсан. Тэгээд найз Гд өгөөд машинруугаа явуулсан.
7. Би цаашаа яваад марк, улсын дугаарыг нь мэдэхгүй байна цагаан өнгийн автомашины жолооч талын хойд гурвалжин цонхыг хагалаад хаалгыг дотор талаас нь онгойлгож ороод цаасан хайрцагтай, хар өнгийн цүнхтэй, жижиг улаан алаг цүнхтэй, жижиг ногоон цүнхтэй зүйлсийг авсан. Тэгээд шууд машин дээрээ ирсэн, намайг машин дээрээ ирхэд Г энд нэг хүн шатан дээр суугаад байна гэсэн. Тэхээр би согтуу юм байх гэж бодоод явах гэж байтал алаг машинтай цагдаа нар ирээд барьж аваад явсан. Тэгээд машин дээрээ ирээд машинаа асаагаад хөдлөх гэж байтал цагдаа нар ирээд барьсан. Би цагдаад баригдаад хаана хаана ямар ямар машины цонх хагалсан талаараа зааж өгсөн.
Гэмт хэргийг өөрийн найз Ядамсүрэнгийн Гийн хамт үйлдсэн. Машины цонхыг хагалж дотроос нь эд зүйл авах ажпыг би хийсэн, манай найз Г миний гараж ирсэн юмнуудыг миний машинруу зөөсөн. Гэмт хэрэг үйлсэндээ харамсаж байна. Хөнгөн ял оноож өгнө үү. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /ХХ 131-132/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс:
Тод үнэлгээ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн эд зүйлийн үнэлгээний 944 дугаартай "suzuki carry маркийн автомашин 3.600.000 төгрөгийн үнэтэй байна" гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /ХХ 68/,
П.Э, Я.Г нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хорооны болон хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтууд /ХХ 140-175/,
Мөрдөгчийн гаргасан хохиролын тооцооны баримт /ХХ 202/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч П.Э, Я.Г нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр иргэдийн тээврийн хэрэгслүүдийн хаалган шилийг хаглаж, эд зүйлсийг машин ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч П.Э, Я.Г нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай байна.
Шүүгдэгч нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Харин яллах дүгнэлтэд “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” гэж дүгнэснийг “машин механизм ашиглаж” гэж зөвтгөх нь зүйтэй. Учир нь гэмт этгээд нь хулгайлах гэмт үйлдэлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор зөвхөн машин ашигладаг бөгөөд гэмт үйлдэлээ хялбарчлах, аливаа этгээдээс ирэх эсэргүүцэл, тэмцлийг няцаах, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, бусад техник, тоног төхөөрөмж, хэрэгсэлийг хэрэглэсэн байдгаараа хоорондоо ялгаатай юм.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.
Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг санаатай гэмт хэрэг болно.
Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.
Гэмт хэргийн улмаас 3 хохирогч, 3 иргэний нэхэмжлэгчид хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохиролыг тус тус учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нь нөхөн төлж бүрэн барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдсан.
Харин хохирогч А.Анхбаярын машинд байсан МР-5 –ийг буцааж өгсөн боловч уг эд зүйл нь эвдэрсэн, ашиглах боломжгүй учир хохиролыг шийдвэрлүүлэх хүсэлтийг хохирогч гаргасан байх тул шүүгдэгч нараас хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн МР-5-н үнэ болох 45.000 төгрөгийг гаргуулж ологох нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанаар гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шийдвэрлэсэн учир шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдааныг хохирол төлөх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хохирогч А.Анхбаярт 45.000 төгрөгийг түүнтэй утсаар холбогдон банкны дансны дугаарыг авч шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Батмөнх өөрийн данснаас шилжүүлсэн болно.
Уг баримтуудаас хохиролыг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд бүгд хохиролоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүйгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч П.Э, Я.Г нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдэхдээ тус гэмт хэргийн хүндэрүүлэх шинж болох машин механизм ашигласан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосон, шүүгдэгч нар нь гэмт үйлдэлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас түргэн зугтах зорилгоор шүүгдэгч П.Эы эзэмшлийн 1642 УАВ улсын дугаартай Suzuki carry маркын тээврийн хэрэгслийг ашигласан байна.
Уг тээврийн хэрэгслийг прокурорын шийдвэрээр битүүмжилсэн байх тул битүүмжлэлийг хүчингүй болгон улсын орлого болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын болон албадлагын арга хэмжээний “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэх зорилгыг хэрэгжүүлэх нь зүйтэй болно.
Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад баривчлагдсан тус бүрийн 2 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Пн Э, Т овогт Ягийн Г нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч П.Э, Я.Г нарыг тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э, Я.Г нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Э, Я.Г нарын урьд нь цагдан хоригдсон 2 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч нар нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Эы эзэмшлийн 1642 УАВ улсын дугаартай Suzuki carry маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 03-ний өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч П.Э, Я.Г нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ