Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 1141

 

 

 

 

 

 

 

 

 

  2020        06          19                                   2020/ШЦТ/1141

                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Алтанчулуу,

Шүүгдэгч Э.Г, Т.Ш, Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Т.Ш, Т.МөнхОчир, Э.Г нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00000 0825 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Т.Ш, Т.Ш, Э.Г нар нь бүлэглэн:

1. 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 81 дүгээр байрны гадна талын автомашины ил зогсоол дээр байрлуулсан байсан иргэн М.Буянхишигийн эзэмшлийн 58-02 УБВ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2. 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 дугаар байрны хажуу талын Бамбарууш цэцэрлэгийн хашааны үүдэнд байрлуулсан байсан иргэн Ш.Дэлгэрцэцэгийн 22-63 УНО улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.500.000 төгрөгийн,

3. 2020 оны 03 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Дотоод Хэргийн Их Сургуулийн хажуу талын автомашины зогсоол дээр байсан иргэн М.Буянхишигийн эзэмшлийн 18-46 УБЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.000.000 төгрөгийн,

4. 2020 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 25а байрны хажууд байрлуулсан байсан иргэн А.Эрдэнэтуяагийн эзэмшлийн 7520 УБТ улсын дугаартай Тоёстай Приус маркийн автомашины нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, хууль бусаар, нууцаар хулгайлж, 730,000 төгрөгийн,

5. 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны урд байрлах Интертранс нэртэй төвийн авто зогсоол дээр байсан хохирогч Д.Удвалын эзэмшлийн 6785 УНҮ улсын дугаартай Тоёота приус 20 маркын автомашины зөөлөн янданг учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 650.000 төгрөгийн,

6. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны урд автомашины зам дагуу байрлуулан тавьсан иргэн Г.Цэрэнмягмарын эзэмшлийн Тоёота приус 20 маркын 8228 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 600.000 төгрөгийн,

7. 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны замын эсрэг талд байрлах гадаа зогсоол дээрээс иргэн Л.Батзоригын ззэмшлийн 09-65 УНД улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 маркын автомашины нүүрсэн янданг учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн,

8. 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны замын эсрэг талд байрлах гадаа зогсоол дээрээс иргэн Ц.Даваахүүгийн эзэмшлийн 50-04 УБГ улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 20 маркын автомашины янданг учрах саадыг арилгах зорилгоор, машин механизм ашиглаж, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 650.000 төгрөгийн гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                   /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Т.Ш, Т.Ш, Э.Г нар нь бүлэглэн машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  1. Хохирогч Мэндбатын Буянхишигийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 20-ны орой 23 цаг 40 минутын үед Баянзүрх дүүргийн 8  дугаар хороо, 81 дүгээр байрны хойд талд байрлах гудамжид 58-02 УБВ улсын  дугаартай Приус 20 маркийн авто машинаа орхиод маргааш өглөө нь 11 цаг 30 минутын  үед машин дээрээ ирэхэд машины доороос нэг юм унжсан байхаар нь харахад голын  яндан нь алга болсон байсан. ...машиныхаа янданг алдчихаад 1.000.000 төгрөгөөр худалдаж авч машиндаа тавьсан. Тийм болохоор хохиролоо барагдуулмаар байна гэх мэдүүлэг /1 хх-н 40-42/,

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би өөрийн найз Т.Ш, Т.Ш нарын хамтаар 2020 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн гүнийн худаг өгсөөд байдаг 81 дүгээр байрны гадна гудманд зогсож байсан цагаан өнгийн 5802-УБВ улсын дугаартай тоёото приус 20 маркийн автомашины янданг тайлж хулгайлж авсан.Тухайн үед би уг автомашины ойр орчимд хүн хараад зогсож байсан ба манай найз Т.Ш, Т.Ш нар уг автомашины нүүрсэн янданг доогуур нь орж тайлсан. Тэгээд уг автомашины яндан нь хулхи буюу бэлдэц яндан байсан учраас бид гурав уг янданг тэр газраас 200 метр орчим газар яваад хогон дээр хаясан. Гэхдээ миний хувьд уг хүний автомашины янданг тайлж хулгайлж авсан учраас хохиролыг нь барагдуулж өгөх болно, би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг /1 хх-н 6/,

 

Шүүгдэгч Т.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Хүлээн зөвшөөрч байна. Надад мөнгөний хэрэгцээ байсан учраас бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан. Ш бид хоёр ярилцаж байгаад приүс 20 машины нүүрсэн янданг хулгайлах санааг гаргасан. Бид 3 хулгай хийх үедээ 40 99УБЭ улсын дугаартай тоёота марк-2 маркын машинтай явдаг байсан гэх мэдүүлэг /1 хх-н 15/,

 

Шүүгдэгч Т.Шын мөрдөн байцаалтад өгсөн:

Би өөрийн найз Т.Ш, Э.Г нарын хамтаар 2020 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн гүнээ худгаад өгсөөд байдаг 81 дүгээр байрны гадна гудманд зогсож байсан цагаан өнгийн 5802-УБВ улсын дугаартай тоёото приус 20 маркийн автомашины янданг тайлж авсан.Тухайн үед уг машины яндан нь хулхи буюу бэлдэц яндан байсан учраас бид гурав уг янданг тэр газраас 200 метр орчим газар яваад айлын үүдний хогон дээр хаячихсан. Гэхдээ миний хувьд уг хүний автомашины янданг тайлж хулгайлж авсан учраас хохиролыг нь барагдуулж өгөх болно, би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Тухайн үед амар хялбараар аргаар мөнгө олох гэсэн санаа сэдэл төрсөнөөс болж уг гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн. Тоёото приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хулгайлах санааг манай найз Т.Ш бид хоёр энгийн юм ярьж сууж байгаад хамгийн анх гаргасан. Хулгай хийхдээ Ган-Эрдэнийн 40 99 УБН улсын дугаартай тоёота марк-2 маркын машинтай явж хулгайлсан яндангуудаа авч явдаг байсан. Одоо энэ машинаа Г зарж борлуулсан байгаа гэх мэдүүлэг /1 хх-н 23/,

 

Гэрч П.Болд-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

Миний нэр дээр 4099-УБЭ улсын дугаартай хар, хөх өнгийн тоёото марк-2 маркийн автомашин байдаг юм. Энэ машиныг 2020 оны 01 дүгээр сарын сүүлээр манай нутгийн дүү болох Э.Г надаас худалдаж авсан. Одоогоор төлбөр тооцоо нь дуусаагүй байгаа болохоор тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь Э.Ган-Эрдэнийн нэр дээр шилжүүлж өгөөгүй миний нэр дээр эзэмшилтэй байгаа. Уг автомашин нь 1999 онд үйлдвэрлэгдсэн, 2009 онд Монгол улсад импортоор орж ирсэн автомашин байгаа юм гэх мэдүүлэг /1 хх-н 25/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-н 28/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 29-32/,

 

Тод үнэлгээ ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №872 дугаартай:

Тоёота приүс-20 машины нүүрсэн яндан 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-н 48/

 

  1. Хохирогч Ш.Дэлгэрцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар  хорооны нутаг дэвсгэр Бамбарууш цэцэрлэгийн хашааны үүдэнд 22-63 УНО улсын  дугаартай Приус 20 маркийн авто машинаа байрлуулж орхиод маргааш өглөө нь 07 цаг 30 минутын орчим машинаа авахаар ирэхэд яндангийн дунд хэсгийг салгаж авсан, доор нь боолтууд унасан байсан гэх мэдүүлэг /хх 102-103/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-н 90/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 91-95/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1 хх-н 98/,

-эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 111-113/,

-камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-н 114-120/,

 

Т.Шын мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

...Т.Ш нь хулгай хийсэн газруудыг зааж өгье гээд ... Баянзүрх дүүргийн 8 дугаар  хорооны нутаг дэвсгэр УС-15 дугаар байрнуудын 3 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Бамбарууш нэртэй цэцэрлэгийн гадна талын цэнхэр торон хашааны хойд талд байрлах шороон гадаргуутай зогсоолын хэсгээс 22 63 УНО улсын  дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн авто машины янданг хулгайлсан гэж заасны ерөнхий байдлыг гэрэл зургаар бэхжүүлэв... гэх тэмдэглэл /1 хх-н 107-109/,

 

Тод үнэлгээ ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №872 дугаартай:

Тоёота приүс-20 машины нүүрсэн яндан 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-н 122/,

 

Шүүгдэгч Т.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... Э.Г, Т.Ш нарын хамтаар 2020 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжин шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 гэх байрны дунд зогсоолоос 2263-УНО улсын дугаартай автомашины нүүрсэн янданг хулгайлж авсан. Тэгээд уг автомашины нүүрсэн янданг тэр шөнөдөө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо 1 дүгээр хэсэг 2077Б тоотод байрлах манай хашаанд аваачиж үлдээсэн. Хулгайлсан яндангаа хөдөөнөөс унасан, эвдэрсэн машины яндан авсан гэж хэлээд 400.000-700.000 төгрөгөөр зардаг. Мөнгийг нь хувааж аваад хувийн хэрэгцээндээ зарцуулсан. Ган-Эрдэнийн марк-2 маркын машинтай явж хулгай хийсэн гэх мэдүүлэг /1 хх-н 148/,

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

Т.Ш, Т.Ш нарын хамтаар 2020 оны 03 сард өдрийг нь санахгүй байна, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 гэх байрны дунд зогсоолоос 2263 УНО улсын дугаартай машины нүүрсэн янданг хулгайлж авсан. Тухайн үед би ойр орчимд хүн хараад байж байсан. Нөгөө 2 машинаас нь янданг тайлж авсан. Тэгээд Шгийн хашаанд аваачиж орхисон. Хулгай хийхдээ миний худалдаж авсан 4099 УБЭ улсын дугаартай марк-2 маркын машинаар явсан. Би энэ машинаа 2020 оны 03 дугаар сарын 25-нд хүнд худалдсан гэх мэдүүлэг /1 хх-н 154/,

 

Шүүгдэгч Т.Шын мөрдөн байцаалтад өгсөн:

Би өөрийн найз Т.Ш, Э.Г нарын хамтаар 2020 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо УС-15 байрнуудын голын зогсоолоос саарал өнгийн 2263-УНО улсын дугаартай тоёото приус 20 маркийн автомашины янданг хулгайлж найз Т.Шгийн хашаанд аваачиж тавьсан. Тухайн үед уг автомашиныг данхраатаар өргөж доогуур нь Т.Ш бид хоёр орж янданг тайлж авсан. Харин манай найз Э.Г хүн хараад зогсож байсан гэх мэдүүлэг /1 хх-н 160/,

 

  1. Хохирогч Магсаржавын Буянхишигийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Дотоод хэргийн их сургуулын баруун талд 1846 УБЧ улсын дугаартай приүс-20 маркын машинаа зогсоолд тавьж орхиод өглөө 9 цаг өнгөрөөгөөд машин дээрээ ирээд асаагаад хөдлөх гэхэд паржигнасан дуу гараад байхаар нь буугаад харахад нүүрэн яндан нь алдагдсан байсан. Яндангийн үнэ 1.300.000 төгрөг байдаг. Гомдолтой байна гэх мэдүүлэг /1 хх-н 183/,

 

Гэрч Ч.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 02 дугаар сард, өдрийг нь санахгүй байна өөрийн гражан дээрээ ажлаа хийгээд байж байхад манай найз О.Оюунболдын MB моторс авто засварын газрын ажилчин болох Г над руу утсаар залгаад 3 ширхэг приус 20 маркийн автомашины яндан байна, та авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би ямар учиртай яндан юм бэ гэж асуухад “манай найз Багануур дүүрэгт приус сервесийн засварын газар ажпуулдаг юм, эдгээр яндангууд нь мөргөлдсөн, эвдэрсэн машинуудын задаргааны яндан байгаа юм” гэж хэлэхээр нь хулгайн юм биш биздээ гэж асуухад үгүй гэж хариулж байсан. Ингээд би уг 3 ширхэг янданг нэгийг нь 450.000 төгрөгөөр бодоод худалдаж авсан. Миний хувьд эдгээр 3 ширхэг янданг өөрийнхөө №252 номерын Да хүрээ захын контейнер дээрээ тавиад зарчихсан. Үүнээс хойш удалгүй 7,8 хоногийн дараа мөн Г над руу утсаар залгаад лриус 20 маркийн автомашины 2 ширхэг яндан байна, нөгөө Багануур дүүрэгт байдаг засварын газраас ирсэн гэж хэлээд нэгийг нь 450.000 төгрөгөөр бодож надад зарсан. Миний хувьд уг янданг хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй бөгөөд Ган-Эрдэнийг манай найзын засварын газарт ажилладаг учраас этгээд уг янданг худалдаж авсан, хэрвээ би хулгайн эд зүйл гэдгийг анхнаасаа мэдсэн бол авахгүй байх байсан. Мөн сүүлд авсан 2 ширхэг яндангаа өөрийн граж дээрээ хүнд зарсан. 2020 оны 03 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна. Г над руу дахин утсаар залгаж 3 ширхэг приус 20 автомашины яндан байна, та авах уу гэж хэлэхээр нь би муу санаалаад уг янданг нь авахгүй гэж хэлээд аваагүй. Тэр үед зурагтаар приус 20 маркийн автомашины яндан ихээр алдагдаж байна гэсэн мэдээлэл гараад байсан учраас хулгайн эд зүйл байж магадгүй гэж бодоод уг янданг худалдаж аваагүй юм гэх мэдүүлэг /1 хх-н 187-188/,

 

Тод үнэлгээ ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №871 дугаартай:

Тоёота приүс-20 машины нүүрсэн яндан 1.000.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1 хх-н 197/,

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх-н 174/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 175-179/,

-эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 202-204/,

 

            Шүүгдэгч Т.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн:

            Э.Г, Т.Ш нарын хамтаар 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Дотоод хэргийн их сургуулийн урд талын зогсоол дээр байсан 1846УБЧ улсын дугаартай цагаан өнгийн тоёота приүс-20 маркийн машины янданг тайлж нүүрсэн янданг нь хулгайлан авч өөрийн гэрийн хашаандаа аваачиж орхисон гэх мэдүүлэг /1 хх-н 211/,

 

            Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

            Би өөрийн найз Т.Ш, Т.Ш нарын хамтаар 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Дотоод хэргийн их сургуулийн урд талын зогсоол дээр байсан 1846УБЧ улсын дугаартай цагаан өнгийн тоёота приүс-20 маркийн машины янданг тайлж хулгайлан авсан. Тэгээд уг яндангаа тэр шөнөдөө Т.Шгийн хашаанд аваачиж орхисон гэх мэдүүлэг /1 хх-н 217/,

 

      Шүүгдэгч Т.Шын мөрдөн байцаалтад өгсөн:

Э.Г, Т.Ш нарын хамтаар 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Дотоод хэргийн их сургуулийн урд талын зогсоол дээр байсан 1846УБЧ улсын дугаартай цагаан өнгийн тоёота приүс-20 маркийн машины янданг тайлж хулгайлан авсан. Тэгээд уг яндангаа тэр шөнөдөө Т.Шгийн хашаанд аваачиж орхисон гэх мэдүүлэг /1 хх-н 223/,

 

  1. Хохирогч Д.Удвалын мөрдөн байцаалтад өгсөн:

Манай гэр Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны Дэлгэрэх хотхонд байдаг юм. 2020 оны  04 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Дэлгэрэх хотхоны урд байрлах Интертранс  төвийн зогсоол дээр 67-85 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн авто  машинаа тавиад маргааш өглөө нь 09 цагийн үед машин дээрээ очоод асаах гэхэд зөөлөн  яндан алдагдсан байсан. Би 900.000 төгрөгөөр яндан худалдаж аваад машиндаа тавьсан гэх мэдүүлэг /2 хх-н 14/,

 

      -гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1 хх-н 4-6/,

      -хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1 хх-н 7-10/,

 

      Шүүгдэгч Т.Ш, Т.Ш, Э.Г нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

... Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Интертранс төвийн хойд талын зогсоол дээр ирж Т.Ш, Т.Ш, Э.Г нар нь энэ зогсоол дээрээс саарал болон цагаан өнгөтэй  приүс-20 маркын машинуудын нүүрсэн янданг хулгайлж аваад явсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлж авав гэх тэмдэглэл /2 хх-н 11-12/,

 

Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн х-178 дугаартай:

Тоёото приүс-20 маркын машины нүүрсэн яндан 650.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-н 25-27/,

 

Шүүгдэгч Т.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна, хэдний өдрийг нь санахгүй байна. Г, Ш бид гурав яндан хулгай хийе гээд Ган-Эрдэнийн Тоёота марк-2 маркийн машинтай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Дэлгэрэх хотхоны хажууд байрлах Транс нэртэй барилгын урд зогсоол дээр байсан цагаан өнгийн Тоёота приүс-20 маркийн автомашин зогсож байхаар нь данхраадаар өргөөд доор нь ороод Г, Ш бид 3 нийлж хулгай хйиж тус автомашинаас зөөлөн яндаг нь хулгайлсан. Хулгай хийсэн автомашиныхаа улсын дугаарыг нь санахгүй байна гэх мэдүүлэг /2 хх-н 19/,

 

Шүүгдэгч Т.Шын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна, хэдний өдрийг нь санахгүй байна. Г, Ш бид гурав яндан хулгай хийе гээд Ган-Эрдэнийн Тоёота марк-2 маркийн машинтай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Дэлгэрэх хотхоны хажууд байрлах Транс нэртэй барилгын урд зогсоол дээр байсан цагаан өнгийн Тоёота приүс-20 маркийн автомашин зогсож байхаар нь данхраадаар өргөөд доор нь ороод Г, Ш бид 3 нийлж хулгай хйиж тус автомашинаас зөөлөн яндаг нь хулгайлсан. Хулгай хийсэн автомашиныхаа улсын дугаарыг нь санахгүй байна гэх мэдүүлэг /2 хх-н 21/,

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын сүүлээр Г, Ш бид гурав яндан хулгай хийе гээд миний марк-2 маркын машинтай явж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Транс нэртэй барилгын урд зогсоол дээр байсан цагаан өнгийн Тоёота приүс-20 маркийн автомашин зогсож байхаар нь данхраадаар өргөөд доор нь ороод Г, Ш бид 3 нийлж хулгай хйиж тус автомашинаас зөөлөн яндаг нь хулгайлсан гэх мэдүүлэг /2 хх-н 23/,

     

  1. Хохирогч Г.Цэрэнмягмарын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 19 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дэлгэрэх хотхоны урд байрлах дулааны шугамын хажууд өөрийн эзэмшлийн 82-28 УНХ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн авто машиныг тавиад маргааш нь 08 цагийн үед ирээд машинаа асаахад чанга дуу гарахаар нь гайхаад машиныхаа доогуур харахад яндан нь алга байхаар нь цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг /2 хх-н 70-71/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-н 61/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 62-68/,

 

            Шүүгдэгч Т.Шгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

            ... Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэрэх хотхоны урд дулааны шугамын хажууд очиж цагаан өнгийн тоёота приүс-20 маркын машинаас зөөлөн янданг нь хулгайлан авсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв гэх тэмдэглэл /2 хх-н 59-60/,

 

            Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Х-073 дугаартай:

            Тоёота приүс-20 маркын тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан 600.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-н 88-90/,

 

            Шүүгдэгч Т.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Т.Ш, Э.Г нар манайд ирсэн. Ш бид хоёр пиво уусан. Э.Г машинтай явж байсан юм. Тэгээд хоорондоо гадуур Приус 20-ын зөөлөн яндан үнэтэй аваад байна явж хулгай хийе гэж яриад гадуур явж үзэж байгаад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Дэлгэрэх хотхоны баруун талд зам дээр зогсож байгаад Ш бид хоёр машинаас буугаад явган явж Дэлгэрэх хотхоны урд талд дулааны шугамын ард замын хажууд ертөнцийн зүгээр урагш харсан цагаан өнгийн Тоёота Приус 20 загварын автомашины нүүрсэн янданг нь тайлж хулгайлсан гэх мэдүүлэг /2 хх-н 78/,

 

            Шүүгдэгч Т.Шын мөрдөн байцаалтад өгсөн:

            2020 оны 01 дүгээр сарын 30-ны шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Дэлгэрэх хотхоны урд талын дулааны шугамын ард байрлуулсан байсан тоёота приүс-20 маркын автомашинаас нүүрсэн янданг нь Г, Ш бид 3 хулгайлаж авсан гэх мэдүүлэг /2 хх-н 81/,

 

            Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

            2020 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Ш, Ш нарын хамт явж Дэлгэрэх хотхоны урд дулааны шугамын ард байсан приүс-20 маркын машинаас нүүрсэн янданг нь хулгайлсан. Би машин дотороо хүн хараад байж байсан гэх мэдүүлэг /2 хх-н 84-85/,

 

  1. Хохирогч Л.Батзоригийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө Дэлгэрэх  хотхоны замын урд талын дулааны  шугамын хажууд 09-65 УНД улсын дугаартай саарал өнгийн Приус 20 маркийн авто машин дээрээ ирэхэд яндан нь алдагдсан байхаар нь цагдаад дуудлага өгсөн.

2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хохиролын мөнгө болох 380.000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал байхгүй гэх мэдүүлэг  /2 хх-н 138-140/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-н 128/,

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 129-136/,

Дамно ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ХУ1-20-113 дугаартай:

Приүс-20 маркын автомашины нүүрсэн яндан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 380.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-н 163-164/,

 

Шүүгдэгч Т.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 сард Дэлгэрэх хотхоны урд талын зогсоол дээрээс саарал, цагаан өнгийн 2 ширхэг приүс-20 маркын тээврийн хэрэгслийн янданг Г, Ш нарын хамт авсан. Ш машины доогуур ороод 4 ширхэг боолтыг тайлаад янданг авч машиныхаа багажид хийгээд явсан. Г хүн харж машин барьдаг гэх мэдүүлэг /2 хх-н 152-153/,

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 сарын хэдэн гэдгийг санахгүй байна. Хан-Уул дүүргийн Дэлгэрэх хотхоны урд талын зогсоол дээр байсан саарал өнгийн приүс-20 маркын тээврийн хэрэгслийн янданг авсан. Би машин бариад яндан тайлж байхад нь хүн харж зогсдог. Ш, Ш нар тайлж авдаг гэх  мэдүүлэг /2 хх-н 155-156/,

 

Шүүгдэгч Т.Шын мөрдөн байцаалтад өгсөн:

... Дэлгэрэх хотхоны урд талын зогсоолд байсан саарал, цагаан өнгийн 2 машины янданг авсан. Ш бид 2 машины янданг  тайлж авсан. Г хүн харж машин барьдаг гэх мэдүүлэг /2 хх-н 158-159/,

 

  1. Хохирогч Ц.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

... 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Дэлгэрэх хотхоны урд талын Интертранс төвийн зогсоол дээр 50-04 УБГ улсын дугаартай саарал өнгийн Приус 20  маркийн автомашинаа тавиад маргааш өглөө нь 09 цагийн үед машин дээрээ ирээд асаах гэтэл их чанга дуу гарсан. Боолт нь унасан байхаарзөөлөн яндан нь алга болсон байсан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Яндангийнх нь оронд орлуулаад өөр юм хийчихсэн явна. Чекний гэрэл нь асаад явахгүй байна гэх мэдүүлэг /2 хх-н 204/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх-н 194-195/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2 хх-н 196-200/,

 

Шүүгдэгч Т.Ш, Т.Ш, Э.Г нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан:

... Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Интертранс төвийн хойд талын зогсоол дээр ирж Т.Ш, Т.Ш, Э.Г нар нь Интертранс төвийн хойд талын зогсоол дээрээс саарал болон цагаан өнгөтэй  приүс-20 маркын машинуудын нүүрсэн янданг тус тус хулгайлж аваад явсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлж авав гэх тэмдэглэл /2 хх-н 201-202/,

 

Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Х-177 дугаартай:

Тоёота приүс-20 маркын тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан 650.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх-н 216-218/,

 

Шүүгдэгч Т.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Яг хэдны өдрийг нь санахгүй байна Г, Ш бид гурав яндан хулгай хийе гээд Ган-Эрдэнийн Тоёота марк-2 маркийн машинтай Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны хажууд байрлах Транс нэртэй барилгын урд зогсоол дээр байсан мөнгелөг саарал өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин зогсож байхаар нь данхраадаар өргөөд доор нь ороод Г, Ш бид 3 нийлж хулгай хйиж тус автомашинаас зөөлөн яндаг нь хулгайлсан. Хулгай хийсэн автомашиныхаа улсын дугаарыг нь санахгүй байна. Мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин байсан гэх мэдүүлэг /2 хх-н 209/,

 

Шүүгдэгч Т.Шын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын сүүлээр Г, Ш бид гурав хулгай хийе гээд Ган-Эрдэнийн Тоёота марк-2 маркийн машинтай Хан-Уул дүүрэгт байрлах Дэлгэрэх хотхоны хажуугийн Транс нэртэй барилгын урд зогсоол дээр мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин зогсож байхаар нь данхраадаар өргөөд доор нь ороод Г, Ш бид 3 нийлж хулгай хийж зөөлөн яндаг нь хулгайлсан. Хулгай хийсэн автомашиныхаа улсын дугаарыг нь санахгүй байна гэх мэдүүлэг /2 хх-н 211/,

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын сүүлээр байсан санагдаж байна. Т.Ш, Ш бид гурав машины нүүрсэн яндан хулгай хийе гээд миний Тоёота марк-2 маркийн машинтай Хан-Уул дүүрэгт байрлах Дэлгэрэх хотхоны хажуугийн Транс нэртэй барилгын урд зогсоол дээр мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-20 маркийн автомашин зогсож байхаар нь данхраадаар өргөөд доор нь ороод Г, Ш бид 3 нийлж хулгай хийж зөөлөн яндаг нь хулгайлсан. Хулгай хийсэн автомашиныхаа улсын дугаарыг нь санахгүй байна гэх мэдүүлэг /2 хх-н 213/,

 

  1. Хохирогч А.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар  хороололын 25А байрны баруун талд 76-20 УБТ улсын дугаартай мөнгөлөг өнгийн приус  20 маркийн авто машинаа тавьсан ба тухайн өдрийнхөө 13 цагийн үед машины дуу аймар чанга дуугарч асахаар нь гайхаад машиныхаа доогуур харахад яндан нь байхгүй  байсан гэх мэдүүлэг /3 хх-н 17-18/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, гэрэл зураг /3 хх-н 12-14/,

 

Дамно ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ХУ1-20-113 дугаартай:

Приүс-20 маркын автомашины нүүрсэн яндан 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 730.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-н 26-27/,

 

Шүүгдэгч Т.Шын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 25А байрны гадаа байсан 7620 УБТ улсын дугаартай саарал өнгийн приүс-20 маркийн машины янданг Ш, Г нарын хамт хулгайлсан. Хулгай хийхийг Ш бид 2 санаачилж, бас тайлж авсан. Г машинаа барьдаг, хүн хардаг гэх мэдүүлэг /3 хх-н 34/,

 

Шүүгдэгч Т.Шгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 25А байрны гадаа байсан саарал өнгийн приүс-20 маркийн 7620 УБТ улсын дугаартай машины янданг Ш, Г нарын хамт хулгайлсан. Хулгай хийхийг Ш бид 2 санаачилж, данхраадаар өргөөд доогуур нь орж байгаад тайлж авсан. Г машин барьж хүн хардаг гэх мэдүүлэг /3 хх-н 37/,

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 03 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 25А байрны гадаа байсан саарал өнгийн приүс-20 маркийн 7620 УБТ улсын дугаартай машины янданг Ш, Ш нарын хамт хулгайлсан. Ш, Ш 2 хулгай хийхийг санаачилсан. Би машинаа барьдаг, хүн хардаг байсан. Тэр 2 домкараадаар өргөөд машины доогуур орж байгаад тайлж авдаг гэх мэдүүлэг /3 хх-н 41/ гэх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс:

Тод үнэлгээ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн эд зүйлийн үнэлгээний 964  дугаартай  "Хар хөх өнгийн GX1006134920 арлын дугаартай Тоёота Марк 2 маркийн автомашин 1.500.000 төгрөг байна" гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх-н 52/,

Хохирогч Л.Батзоригт 380.000 төгрөг, хохирогч Мэндбатын Буянхишигт 1.000.000 төгрөг, хохирогч А.Эрдэнэтуяад 730.000 төгрөг, хохирогч Д.Удвалд 650.000 төгрөгийн хохирол төлсөн баримтууд /3 хх-н 62-63/,

Шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Цэрэнмягмарт 600.000 төгрөг, хохирогч Даваахүүд 650.000 төгрөгийн хохирол төлсөн банкны орлогын баримт 2 ширхэг,

Э.Г, Т.Ш, Т.Ш нарын иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг хувийн байдлыг тогтоосон баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Э.Г, Т.Ш, Т.Ш нар нь бүлэглэн, үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр иргэдийн приүс-20 маркын тээврийн хэрэгслүүдийн нүүрсэн янданг машин ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.  

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруутай маргахгүй, хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Э.Г, Т.Ш, Т.Ш нар нь үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч .Г, Т.Ш, Т.Ш нарыг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Харин яллах дүгнэлтэд “учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж” гэж дүгнэснийг “машин механизм ашиглаж” гэж зөвтгөх нь зүйтэй. Учир нь гэмт этгээд нь хулгайлах гэмт үйлдэлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор зөвхөн машин ашигладаг бөгөөд гэмт үйлдэлээ хялбарчлах, аливаа этгээдээс ирэх эсэргүүцэл, тэмцлийг няцаах, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, бусад техник, тоног төхөөрөмж, хэрэгсэлийг хэрэглэсэн байдагаараа хоорондоо ялгаатай юм.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг санаатай гэмт хэрэг болно.

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Гэмт хэргийн улмаас 8 иргэнд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохиролыг тус тус учруулсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2 хохирогчид автомашины нүүрсэн янданг буцаан өгч, нийт 6 хохирогчид учирсан хохирлыг нь нөхөн төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд гаргаж өгсөн.

Уг баримтуудаас хохиролыг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хохирогч нарт шүүх хуралдааны товыг  мэдэгдэхэд бүгд хохиролоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүйгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Э.Г, Т.Ш, Т.Ш нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохиролыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдэх болсон  шалтгаан нөхцөл, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүх хуралдаанд оролцогч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

Хулгайлах  гэмт хэргийг шүүгдэгч нар үйлдэхдээ тус гэмт хэргийн хүндэрүүлэх шинж болох машин механизм ашигласан болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоож, тухайн үедээ шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн эзэмшиж, ашиглаж байсан 4099 УБЭ улсын дугаартай тоёота марк-2 маркын тээврийн хэрэгслийг хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн байна.

Шүүгдэгч нар нь гэмт үйлдэлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг зөөж тээвэрлэх, гэмт хэргийн газраас зугтах зорилгоор уг тээврийн хэрэгслийг ашигласан байх боловч гэмт хэрэг үйлдсэний дараагаар бусдад худалджээ.

Иймд хөрөнгийн үнэлгээний байгууллагын 4099 УБЭ улсын дугаартай тоёота марк-2 маркын тээврийн хэрэгслийг үнэлсэн 1.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү  хуваан гаргуулж улсын орлого болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагын болон албадлагын арга хэмжээний “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэх зорилгыг хэрэгжүүлэх нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад баривчлагдсан тус бүрийн 2 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий сидиг хэргийн хамт хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүллээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Эийн Г, Я овогт Тын Ш, Т овогт Тийн Ш нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Э.Г, Т.Ш, Т.Ш нарыг тус тус шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г, Т.Ш, Т.Ш нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.Г, Т.Ш, Т.Ш нарын урьд нь цагдан хоригдсон 2 хоногийг тус бүрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч нар нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нараас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг тэнцүү хуваан тус бүрээс 500.000 /таван зуун мянга /төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш, Т.Ш, Э.Г нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, тэдний эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Г, Т.Ш, Т.Ш нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ