Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 75

 

                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

         Т.Эд холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаартай прокурорын эсэргүүцлээр Т.Эд холбогдох эрүүгийн 1706009670219 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Мянгад овогт Төмөрийн Т.Э, 1975 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо, 40 дүгээр гудамжны 42 тоотод оршин суух бүртгэлтэй,

            Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 422 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 241 дүгээр зүйлийн 241.1-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 586 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 456 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 483 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 188 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, /РД: 000471/,   

 

             Т.Э нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн автомашины зогсоол дээр байсан иргэн С-ийн эзэмшлийн 92-99 АРХ улсын дугаартай “Маяти” загварын тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс нэг хайрцаг “Вест” тамхи хулгайлж, 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн “Өргөтгөл” нэртэй дэлгүүрийн гаднаас иргэн М.Д-ийн 50 блок тамхийг хулгайлж, 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Т.Э бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Т.Эд оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Т.Ээс 1.015.000 /нэг сая арван таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Сувд-Т.Эд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

           

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэл бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: “...Яллагдагч Т.Э нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Сийн эзэмшлийн 92-99 АРХ улсын дугаартай “Маяти” загварын тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс нэг хайрцаг “Вест” тамхи хулгайлж, 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөл нэртэй дэлгүүрийн гаднаас иргэн М.Дгийн 50 блок тамхийг хулгайлж, 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

            Прокуророос яллагдагчид холбогдох гэмт хэрэг тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Эрдэнийн үйлдсэн 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр иргэн Б.Сийн нэг хайрцаг “вест” тамхийг хулгайлж, 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн М.Дгийн 50 блок тамхийг хулгайлж, 1.290.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналыг шүүх бүрэлдэхүүнд тавьсан байна.

            Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Мянгат овогт Төмөрийн Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хуулийн үйлчлэх цаг хугацааг уг хуулийн 1.8 дугаар зүйлийн 2-т “...Энэ хуульд заасан гэмт үйлдэл төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.” гэж заасан. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан. Дээрх хуулийн заалтуудаас үзэхэд гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, өөрөөр хэлбэл нэг гэмт үйлдлийг нэг гэмт хэрэгт тооцохоор заасан нь харагдаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа, мөн хуулийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар тус тус заасан байх тул яллагдагч Т.Эд гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь буруу байна. Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэг гэдэг нь нэг гэмт үйлдэл, эс үйлдэхүй гэж ойлгогдохоор байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлд заасан гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн буюу хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байхад үргэлжилсэн үйлдэл мэтээр ойлгож, ял шийтгэл оногдуулна гэж ойлгосон байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар яллагдагчийн өөр өөр цаг хугацаанд, өөр өөр нутаг дэвсгэрт, нэр бүхий иргэдийн өмчлөх эрхэд халдан түүний үйлдэл бүр нь гэмт хэрэг болж, тэдгээр хохирогч нарт тус тусад нь материаллаг хохирол учирсан байна. Үүнээс үзэхэд яллагдагчийн үйлдэл тус бүр нь гэмт хэргийн бүрдэл хангасан байгаагаас үйлдэл тус бүр нь нийлж нэг гэмт хэргийн бүрдлийг хангаагүй байна. Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

            Прокурор Г.Т.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан. Т.Э нь Нарантуул зах дээр бусдын эд хөрөнгийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон атал шүүхээс ял оногдуулахдаа үйлдэл тус бүрт ял оногдуулахгүйгээр зөвхөн нэг хэрэгт нь ял оногдуулж байгаа мэтээр ойлгомжгүйгээр шийтгэх тогтоол гаргаж Т.Эд ял завших боломжийг олгосон байна гэж үзэж эсэргүүцэл бичсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж ойлгосон мэтээр ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Үүнээс үзэхэд яллагдагчийн үйлдэл тус бүр нь гэмт хэргийн бүрдэл хангасан байгаагаас үйлдэл тус бүр нэг гэмт хэргийн бүрдлийг хангасан мэтээр ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Хоёр хэрэг нь хоёулаа өөр өөр цаг хугацаанд үйлдэгдсэн, өөр өөр хүний эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг юм...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Т.Э нь 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Сийн эзэмшлийн 92-99 АРХ улсын дугаартай “Маяти” загварын тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс нэг хайрцаг “Вест” тамхи хулгайлж, 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн “Өргөтгөл” нэртэй дэлгүүрийн гаднаас иргэн М.Дгийн 50 блок тамхийг хулгайлж, 1.290.000 төгрөгийн хохирол учруулж, нийт 2.305.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Сийн “...2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр 16 цаг 12 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул захын өргөтгөлийн зогсоолд байсан “Маяти” загварын 92-99 АРХ улсын дугаартай ачааны машины ачаан дээр байсан 1 хайрцаг дотроо 50 боодол, 1 боодолд 10 ширхэг “Вест” тамхи /сэнстэй, улаан эсвэл саарал аль гэдгийг сайн мэдэхгүй байна/ хулгайд алдагдсан. Нийт 1.015.000 төгрөгийн үнэтэй, 1 ширхэг нь 2030 төгрөг, 1 боодол нь 20.300 төгрөгийн үнэтэй. Худалдаж авсан баримт нь байгаа. Хулгайд алдсан гэдгээ 10 гаруй минутын дараа мэдээд Нарантуул захын дотор байх цагдаагийн хэсгийн камер үзэхэд авч байгаа нь харагдахгүй ч саарал цамцтай эрэгтэй хүн хайрцагтай тамхи тэвэрчихсэн, хажууд нь хар куртиктэй эрэгтэй хүн дээгүүр нь юм бүтээгээд урд зам руу гарч байгаа нь харагдаж байсан...” /хх-12/,

Хохирогч М.Дгийн “...2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 40 минутын орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр  хороо, Өргөтгөлийн “Өргөтгөл” гэх нэртэй дэлгүүрийн гаднаас “Истана” загварын автомашинд бараа ачиж байхдаа 50 блок тамхи хулгайд алдсан. Тэгээд дэлгүүрийн камерыг шүүтэл хүн авч байсан нь харагдсан ба шууд 14 дүгээр хорооны цагдаагийн хэсэгт хандсан. Цагдаа түргэн шуурхай ажиллаж миний алдагдсан эд зүйлийг олж өгсөн...” /хх-42/,

Гэрч А.Гийн “Тухайн үед би Нарантуул захын өргөтгөлийн ойр орчмыг хариуцсан цагдаагаар ажиллаж байсан бөгөөд иргэн Сувд-Т.Э “...хайрцагтай тамхи алдлаа” гэж ирэхээр нь 14 дүгээр хорооны цагдаагийн хэсгийн камерыг шүүж үзэхэд цагаан срочкин цамц, хар бараан өнгийн жинсэн өмдтэй, цагаан хартай саравчтай малгайтай хүн хайрцагтай зүйл өргөөд явж байгаа бичлэг байсан бөгөөд зүс царай нь тодорхой харагдахгүй байсан. Уг хэрэг гарснаас 2-3 хоногийн өмнө Төмөрийн Т.Э гэх хулгай хийдэг залуу дээрх бичлэг дээр гарсан хувцастай ижил хувцас өмсчихсөн явж байсан болохоор нь Төмөрийн Т.Э байна гэж бодоод утас руу нь залгаж “...хаана байгаа юм бэ”, чиний тамхи явж байгаа бичлэг чинь байна, хайрцагтай тамхиа аваад ир” гэсэн чинь согтуу бололтой “...за би тамхиа аваад очъё” гэж хэлсэн боловч ирээгүй...” /хх-15/ гэх мэдүүлгүүд болон эд зүйлийн үнэлгээ /хх-18, 49/, эд зүйл хураан авч, хүлээн өгсөн тэмдэглэл /хх-39-40/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурор О.Алтангэрэл нь “Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа, мөн хуулийн 6.8 дугаар зүйлд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар тус тус заасан байх тул яллагдагч Т.Эд гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, нэмж нэгтгэн ял шийтгэл оногдуулахаар байхад шүүхээс Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан нь буруу байна. ...Иймд шүүхийн шийдвэр нь хэргийн байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах”-аар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж тус тус заажээ.

Дээд шатны прокурорын эсэргүүцэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасан “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэснийг хэрэглэх ёстой байсан гэж шийтгэх тогтоолыг буруутгасан байх боловч шүүгдэгч Т.Э хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээргүй байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хулгайлах” гэмт хэргийг 2 удаагийн үйлдлээр үргэлжлүүлэн үйлдсэн байх тул түүний үйлдсэн гэмт хэргийг нэг гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэсэн хэдий ч энэ талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан байна. Иймд шүүгдэгч Т.Эд холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийн талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 724 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн Т.Эд холбогдох 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн өргөтгөлийн автомашины зогсоол дээр байсан иргэн Б.Сийн эзэмшлийн 92-99 АРХ улсын дугаартай “Маяти” загварын тээврийн хэрэгслийн тэвшин дээрээс нэг хайрцаг “Вест” тамхи хулгайлж, 1.015.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн “Өргөтгөл” нэртэй дэлгүүрийн гаднаас иргэн М.Дгийн 50 блок тамхийг хулгайлж, 1.290.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУНЧУЛУУН

 

                                      ШҮҮГЧИД                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ