Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 28

 

                     

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Г С” ТББ-ын нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд:”Г НХ”ТББ,

Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

          Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/277, 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/278 дугаартай захирамжийг тус тус хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “ГС” ТББ-ын өмгөөлөгч Д.Д,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “ГС” ТББ-ыг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Бөхмөрөн, Сагиль сумын нутагт байдаг аргаль, угалз нь үе үеийн аймгийн Засаг дарга нар "Амьтны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 заалтыг хэрэгжүүлдэггүйгээс нөөцийг нь тогтоож, агнуур зохион байгуулалт хийлгээгүй, хууль бус ан агнуур, амьдрах орчины таагүй байдлаас болж тоо толгой нь хорогдон, цаашид устах аюул тулгарч байсан үед нутгийн иргэд санаачилга гарган аймаг орон нутгийн удирдлагад санал болгосноор 2007 онд анх Сагил, Бөхмөрөн сумууд аргаль хонины байршил нутгийг нь орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Тухайн бүс нутаг нь 2 сумын нутаг дэвсгэрийг хамарч байгаа тул аймгийн хэмжээнд авч үзэх шаардлагатай гэж үзээд 2008 онд аймгийн ИТХТ-ын 36-р тоггоолоор байршил нутгийг нь орон нутгийн хамгаалалтанд авч "ГУЛЗАТ" гэж нэрлэсэн. Одоогоор тус орон нутгийн хамгаалалтай газар нутагт хоёр сумын 570 гаруй гишүүнтэй 197 малчин айл өрх 2006 оноос сумын Засаг даргатайгаа гэрээ хийж, байгаль хамгаалах иргэдийн 11 нөхөрлөл байгуулан тухайн газар нутгийг гэрээгээр эзэмшиж байгалийн нөөцийн хамтын менежментийг хэрэгжүүлж ирсэн.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 37 тоот тогтоолоор батлагдсан "Увс аймгийн нутаг дэвсгэрт нутгийн иргэдэд түшиглэсэн агнуурын үзэл баримтлал"-ыг хэрэгжүүлэхийг бодлого, зорилтоо болгон 2011 онд "ГС" төрийн бус байгуулга байгуулж, 2012 оноос аймгийн засаг даргын А/132 тоот захирамжаар "Гулзат" орон нутгийн хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын болон агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийг хариуцан ажиллаж ирсэн. Тус ТББ нь Амьтны тухай хуулийн 23.3, 23.4.2 заалтын дагуу 2011, 2016 онуудад еөрсдийн зардлаар мэргэжлийн байгууллагатай хамтарч агнуур зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэж, "Гулзат" орон нутгийн хамгаалалттай газрын ан агнуурын менежментийн төлөвлөгеөг боловсруулан аймгийн БОАЖ-ын газарт танилцуулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн, БОАЖЯ-аар батлуулан ажиллаж ирсэн...

2016 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймгийн засаг даргаар сонгогдсон Д.Б нь дарга болсон цагаасаа эхлэн ТББ-ын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцон ГС ТББ-ын гүйцэтгэх захирлыг сольж хурлын дарга байх үедээ 8 жил жолоочоор ажилласан З.Б гэгчийг томилохыг шаардан удаа дараа дуудан уулзах, хурал цуглаан хийж аймгийн засаг даргын орлогч, Байгаль Орчин Аялал Жуулчлалын Газрын дарга, Сагил, Бөхмөрөн сумыг засаг дарга нарт энэ байгуулгатай хамтран ажиллахгуй гэсэн бичиг ирүүл гэсэн даалгавар өгч, зохион байгуулалттай үйл ажиллагаа хийж гүйцэтгэсэн. 2017 оны 2 сарын 20-нд болсон байгууллагын удирдах зөвлөлийн гишүүдийн өргөтгөсөн хурлаар гүйцэтгэх захиралын нээлттэй сонгон шалгаруултанд 6 хүн оролцож аймгийн засаг даргын санал болгосон З.Б олонхын санал авч чадаагүй учир сонгогдоогүй.

Энэ байдал аймгийн Засаг даргад таалагдсангүй. Аймгийн засаг дарга Д.Батсайхан нь иргэдийн санал санаачлагаар байгуулагдсан хамтын удирдлагатай, нэр хүндтэй, туршлагатай ГС ТББ-ын олон жилийн хөдөлмөрийн үр дүнг үл хүндэтгэн хувийн ашиг сонирхолын үүднээс "Ан агнуурын менежмент түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай" Увс аймгийн засаг даргын 2015 оны А/583 тоот захирамж, 2015 онд байгуулсан "Гулзат" ОНХГ-ын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээ зэргийг хүчингүй болгосон 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр А/167 тоот захирамж, З.Барсүрэнгийн нэрээр 2017 оны 3 сард байгуулсан дотоод бүтэц, зохион байгуулалтгүй, менежмент төлөвлөгөөгүй "Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо" ТББ-д "Гулзат" орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах эрхийг олгосон 2017 оны 4 сарын 17-ны өдрийн А/169 тоот захирамж гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-г зөрчсөн юм.

Манай байгуулгын нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн А/167 дугаартай "Захирамж хүчингүй болгох тухай" гэсэн захирамжийг хууль бус болохыг тогтоож , 2017 оны А/167, А/169 тоот захирамжуудыг хүчингүй болгож өгнө үү? гэсэн захиргааны хэргийг Увс аймгийн дахь Захигааны хэргийн анхан шатны шүүх-ийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 52 дугаар шийдвэр, захиргааны хэргиийн давж заалдах шатны шүүх-ийн 2017 оны 12дугаар сарын 26-ний өдрийн 221/ма2018/0002 дугаар магадлал, монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 158 дугаар тогтоолоор тус тус дээрхи захиргааны актууд хууль бус болох нь тогтоогдож хүчингүй болсон.

Энэ шийдвэрүүд гарах хугацаанд манай байгуулгын олон жилийн үйл ажиллагаа зогсож, хамтын ажилгааны нэр хүнд унаж, байгууллага, гишүүдийн эрх ашиг ихээр хохирсон. Дээрхи захиргааны акттай холбоотой хэргийг монгол улсын шат шатны шүүх эцэслан шийдвэрлэчихээд байхад Засаг дарга Д.Батсайхан хувийн ашиг сонирхлын үүднээс албан тушаалаа ашиглан, төрийн захиргааны актыг хууль бусаар цуцлах, гаргах үйл ажиллагаагаа давтан 2018 оны 05 сарын 09-ний өдөр "Гэрээг илт хууль бус болохыг тогтоох, захирамжийг хүчингүй болгох тухай" А/277, "Агнуурын бүс нутгийг хариуцуулах тухай". А/288 дугаартай захирамжуудыг гаргалаа.

Иймд Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 09-ний "Гэрээг илт хууль бус болохыг тогтоох, захирамжийг хүчингүй болгох тухай" А/277, 2018 оны 05 сарын 09-ний "Агнуурын бүс нутгийг хариуцуулах тухай" А/288 дугаартай захирамжуудыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Гулзатын санаачлага” ТББ-ыг итгэмжпэлгүй төлөөлөх эрхтэй этгээд удирдах зөвлөлийн даргаар бүртгэлтэй байгаа Баатарын Ганболд нь аймгийн байгаль орчны газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Байгаль орчны газар, Бөхмөрөн болон Сагил сумдын засаг дарга, "Гулзатын санаачлага" Төрийн бус багууллага хоорондын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Гулзат" Орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг байгуулахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3.1-д заасан хязгаарлалтыг зөрчин нийтийн албыг хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлсөн, мөн өөртэй нь хамаарал бүхий этгээд болох "Гулзатын санаачлага" ТББ-ын өмнө нийтийн албыг төлөөлөн гэрээ байгуулсан байна.

“Гулзатын санаачлага" Төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд /Д.Ядамжав/ "Гулзатын санаачлага" Төрийн бус байгууллагыг төлөөлж Байгаль орчны газар, Бөхмөрөн болон Сагил сумдын засаг дарга, "Гулзатын санаачлага" төрийн бус байгууллага хоорондын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн "Гулзат" Орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Д.Я нь гэрээ байгуулах үед Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар улсын бүртгэлд албан ёсоор дээрх ТББ-ыг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлээгүй байсан нь төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэж үзэж байна.

Иймд нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/277, А/278 дугаартай захирамжуудын үндэслэл нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1, 55.1.14 дэх хэсэгт зааснаар Захиргааны гэрээ нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх заалтуудыг үндэслэж гаргасан байгаа. Уг гэрээ нь Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ нь Гулзатын санаачилга ТББ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээнд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Б.Ганболд бүртгүүлсэн байгаагаас харагдаж байна. “Гулзат” ОНХГ-ын менежментийг “Гулзатын санаачилга” ТББ-д хариуцуулсан уг гэрээг байгуулах үед Б.Г нь Байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан байна.Тухайн үед “ГС” ТББ-ын удирдах зөвлөлийн даргаар Д.Баяртай гэх хүн ажиллаж байсан. Удирдах зөвлөлийн дарга нь итгэмжлэлгүйгээр төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхтэй.Гүйцэтгэх захиралаар томилогдсон Д.Ядамжавыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр улсын бүртгэлийн гэрчилгээн дээр бүртгүүлэх ёстой байсан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5-р зүйлийн 5.4.12 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн бүртгэлд Хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтны овог нэр, албан тушаал, бичиг баримтын болон татвар төлөгчийн бүртгэлийн дугаар шаардлагатай гэж заасан байдаг. Энэ мэдээлэл нь өөрчлөгдсөн тохиолдолд мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт зааснаар иргэн хуулийн этгээд нь бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй тул энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. “Гулзатын санаачилга” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Г нь Увс аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан. Энэ үед өөрт хамаарал бүхий этгээдийн өмнө төрийн байгууллагыг төлөөлсөн нь Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 14.3.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлоор төлөөлөхийг хориглоно гэсэн хориглосон заалт байсан. Мөн хуулийн 14.3.1 дэх хэсэгт Албан тушаалтан нь иргэн аж ахуй нэгжийг төлөөлж болохгүй нөхцлийн талаар заасан байна. Өөрт хамаарал бүхий этгээд гэж заасны үндсэн дээр өөрийнх нь  итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байсан төрийн бус байгууллагатай Б.Ганболд нь гэрээ байгуулсан байсан. “Гулзатын санаачилга” ТББ-ын даргаар Д.Я ажиллаж байсан боловч хэн нь Б.Г дараа тухайн төрийн бус байгууллагыг төлөөлж байгааг улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хууль бус үйлдэл гэж үзэж Ядамжавыг төлөөлөх эрхгүй этгээд гэж ойлгож, Захиргааны ерөнхий хуулийн 55.1.14 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Засаг даргын  захирамжаар гэрээг илт хууль бус болохыг тогтоосон тул илт хууль бус гэрээ байгуулагдсаны дараа Увс аймгийн Засаг даргаас “Гулзатын санаачилга” ТББ-д 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамжаар менежмент хариуцуулсан тул захирамжийг хүчингүй болгосон.2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамжийг хүчингүй болгосонтой холбоотой менежмент хариуцагчийг зайлшгүй томилох шаардлагатай байсан. Яагаад гэвэл жил болгон орон нутгийн төсөвт орлого оруулахаар Байгаль орчны яамнаас баталсан ан агнуур хийлгэх ёстой байдаг. Иймд аймгийн Засаг дарга А/278 дугаартай захирамжийг гаргаж, “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д менежментийг хариуцуулсан. Нэг газар нутаг дээр ан агнуурын үйл ажиллагаа явуулж ан агнуурын менежментийг хариуцаж байгаа учир Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2016 онд батлуулсан төлөвлөгөөний дагуу “Гулзатын нөхөрлөлүүдийн” холбоо нь ан агнуурын менежментийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн А/277,А/278 тоот захирамжууд нь хуулийн үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.”Гулзатын санаачилга” ТББ нь Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын хил залгаа агнуурын нөөц газрыг хамгаалах зохистой ашиглах нутгийн иргэдэд агнуурын менежментийг таниулах зорилгоор ажиллаж байгаа. Одоогоор тус төрийн бус байгууллагад Бөхмөрөн, Сагил сумын 11 нөхөрлөл 570 гаруй гишүүнчлэлтэй болж, 197 малчин өрх амьдарч байгаа. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн харуул хамгаалалтын хүрээнд аргаль, хонины тоо толгой тогтвортой өсч 2004 онд 340 аргаль байсан бол 2016 онд 2000 толгойд хүрсэн. 2011 онд Гулзатын санаачлага ТББ байгуулагдаж 2012 онд Увс аймгийн Засаг даргын А/132 тоот захирамжаар агнуурын бус нутгийг хамгаалж хариуцаж ирсэн. Гулзатын санаачилга төрийн бус байгууллага нь төрийн болон төсөв хөтөлбөрийн дэмжлэгээр байгаль хамгаалах чиглэлээр дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулж үндэсний болон олон улсын хөтөлбөрийн тайлангаа жил бүр тасралтгүй өгч ирсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Увс аймгийн Сагил Бөхмөрөн сумуудын газар нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Эдгээр газар нутгийн хэмжээг 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 215.995 га болгож томруулж “Гулзатын санаачлага” ТББ-д хариуцуулснаар аргаль хонь өсөж өнөөдрийн байдлаар 2600 гаруй болсон байна. 2011 онд Гулзатын санаачлага ТББ нь өөрсдийн зардлаар “Аргаль агнуур” судлалын мэргэжлийн байгууллагатай хамтарч агнуурын ажлыг зохион байгуулж, “Гулзат” орон нутгийн хамгаалалтай газар нутгийн агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулан Увс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт танилцуулж 2012 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн иргэдийн хурлаар хэлэлцүүлэн А/37 тоот тогтоолоор батлуулж байсан. Гулзат орон нутгийн хамгаалалтай газар нь стратеги, менежментийн төлөвлөгөөг 2015-2020 он хүртэл гаргаж, менежментийн төлөвлөгөөний хүрээнд ажил явуулж эхэлсэн. 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамжаар 10 жилийн хугацаатай “Гулзат” орон нутгийн хамгаалалтыг хариуцуулсан. 2016 оны орон нутгийн сонгуулиар аймгийн Засаг даргаар Д.Батсайхан томилогдож А/167, А/168 дугаартай 2 захирамж гаргаж гэрээг цуцалсан. Эдгээр 2 захирамжид Захиргааны хэргийн 3 шатны шүүх шийдвэр гаргаж, 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Улсын дээд шүүх хуралдаж эдгээр захирамжуудыг хүчингүй болгосон. Монгод Улсын дээд шүүхийн тогтоол гарсны дараа Д.Батсайхан дарга өөрийн өмнө нь гаргасан 2 захирамжийг хүчингүй болгож, 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр А/277, А/278 дугаартай захирамжуудыг гаргаж энэ захирамжаар гэрээг илт хууль бус болохыг тогтоож, захирамжийг хүчингүй болгох тухай гэсэн маргаан бүхий акт гаргасан. Захирамжийн үндэслэлд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1,55.1.14 дэх хэсэгт заасныг үндэслэсэн байна.  Тухайн захирамж нь хоёр заалттай ба эхний заалтад Б.Ганболд, Д.Ядамжав гэх хүмүүстэй холбоотой зүйлийг дурдсан байсан. Б.Ганболдыг нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн. Б.Ганболдын гаргасан үйлдэл нь төрийн бус байгууллагын эрх хэмжээнд халдах, гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж гурван шатны шүүх дүгнэлт хийсэн байгаа. 2015 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн 1/01 дугаартай “Гулзатын санаачлага” ТББ-ын хурлын тогтоолоор гүйцэтгэх захирлаар Д.Ядамжав томилогдсон байхад Д.Ядамжавыг Захиргааны ерөнхий хуулийн 55.1.14 дэх хэсэгт зааснаар төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй тул захирамжийн эхний хэсэг дэхь үндэслэлүүд тогтоогдохгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэж байгаа бол ямар хуулийн ямар зүйл заалтыг зөрчиж ямар хор уршиг үзүүлсэн талаар тодорхой дурдах ёстой байсан. Захиргааны гэрээ хууль зөрчсөн гэж үзэж байгаа нь Б.Ганболдтой холбоотой байсан. Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3.1 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж энэ заалтыг оруулсан байсан. 2 дахь үндэслэлээр аймгийн Засаг даргын А/583 тоот захирамжийг хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.1 дэх хэсэгт захиргааны гэрээг ямар чиглэлээр гэрээ байгуулсан талаар заасан байдаг ба Байгаль орчныг хамгаалах чиглэлээр энэхүү захиргааны гэрээг байгуулсан бөгөөд гэрээ байгуулагдаад тодорхой хугацаанд үр дүнтэй идэвхитэй ажиллаж байсан. Уг гэрээг яагаад илт хууль бус гэж үзсэн талаар мөн тухайн гэрээ байгуулагдсаны улмаас захиргааны байгууллагаас зохицуулахыг хүссэн харилцаанд ямар хор уршиг учирч, тухайн хор уршгийг засаж залруулах боломж байсан үгүйг хариуцагч тал тодорхой тайлбарлах ёстой ба энэ бүхнийг дурдахгүйгээр шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлд гэрээг ямар тохиолдолд цуцлах талаар зааж өгсөн. Мөн хуулийн 56.2 дахь хэсэгт өөрчлөлт оруулах боломжгүй эсвэл гэрээний аль нэг тал өөрчлөлт оруулахгүй гэж үзсэн тохиолдолд захиргааны гэрээ цуцлагдах болно гэдгийг тодорхой заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт гэрээний агуулгын голлох ач холбогдол бүхий харилцаа нь тухайн гэрээ байгуулагдсанаас хойш бүхэлдээ өөрчлөгдсөн болон гэрээний аль нэг тал нь гэрээний анхны зохицуулалтыг цаашид баримтлах боломжгүй гэж үзсэн тохиолдолд уг гэрээнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй гэж заасны үндсэн дээр тухайн гэрээ болохгүй байна гэж үзсэн бол Увс аймгийн Засаг даргын зүгээс энэ гэрээнд өөрчлөлт оруулах талаар санал ирүүлэх ёстой байсан. Гэтэл шууд цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсгийг зөрчиж байна. Гуравдагч этгээдийн “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ-д менежментийг хариуцуулсан захирамжийг яагаад хууль бус гэж үзээд байна вэ гэвэл Монгол Улсын Засгын газрын 2013 оны 93 дугаартай тогтоолоор агнуур зохион байгуулалтын  мэргэжлийн байгууллагын ажиллах журмыг баталсан. Энэ журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт тухайн агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч иргэн хуулийн этгээд нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар, сум дамжсан бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэхээр заасан байдаг. Энэ журмын дагуу “Гулзатын санаачилга” ТББ нь “Эко ан” гэх мэргэжлийн байгууллагаар менежментийн төлөвлөгөөг хийлгэсэн. Харин “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ, З.Барсүрэн гэх хүнд менежментийн төлөвлөгөө одоо хүртэл байхгүй байгаа ба өнгөрсөн жил ан агнуур зохион байгуулахдаа “Гулзатын санаачилга” ТББ-ын менежментийн төлөвлөгөөг ашиглаж, ан агнуурыг зохион байгуулсан. Менежментийн төлөвлөгөө байхгүй байгууллага дээр шийдвэр гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байгаа тул хүчингүй болгож өгнө үү. Хариуцагч шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 дахь хэсэгт зааснаар зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон шийдвэр үндэслэл бүхий байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн ба мөн хуулийн 56.2 дахь хэсгийг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч "Г С" ТББ-ын нэхэмжлэлд Засаг даргын дээрх захирамжууд түүний ямар эрх, ашиг сонирхолыг зөрчсөн нь огт тодорхойгүй байгаа тул нэхэмжпэлийг үндэслэлгүй гэж үзэж байна Засаг даргын захирамжид Захиргааны ерөнхий хуулийн 55.1.1, 55.1.14 дэх хэсгийг үндэслэл болгосон бөгөөд "Гулзатын санаачилга" ТББ-ыг итгэмжпэлгүй төлөөлөх эрхтэй Б.Ганболд нь аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байх хугацаандаа холбогдох сумдын засаг дарга нартай Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг байгуулж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14.1, 14.3.1-д заасныг зөрчсөн, ТББ-ыг төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан үндэслэлээр "Г С" ТББ-тай байгуулсан 2015 оны 03 сарын 23-ны өдрийн Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг илт хууль бус болохыг тогтоосон болно Энэ талаар нэхэмжлэлд ямар нэгэн байдлаар маргаан гаргаагүй байна. Мөн нэхэмжлэлд өмнө хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүдийн талаар дурдсан байх боловч тухайн шийдвэр нь тухайн захиргааны акттай холбоотой болохоос энэ хэрэгт ямар ч хамааралгүй болно. Түүнчлэн Засаг дарын 2018 оны А/288 дугаар захирамжаар агнуурын бүс нутгийн менежментийг манай ТББ-д хариуцуулсан нь хууль тогтоомжийн дагуу хийгдсэн хууль ёсны ажиллагаа бөгөөд Засаг даргын захирамжид холбогдох хуулийн заалтуудыг бүрэн үндэслэсэн. Ер нь Гулзатын санаачилга ТББ нь өөрийн гэрээгээ хууль ёсны эсэхийг л шүүхэд маргана уу гэхээс биш манай ТББ-ын асуудлаар шүүхэд маргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Гэхдээ манай ТББ хэний ч нүдэнд маш тодорхой харагдах олон тооны ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн, байгаль хамгаалах болон амьтны тухай хууль тогтоомжийг орон нутагтаа бодит утгаар хэрэгжүүлж байгаа учир энэ талаар шүүхэд тайлбарлах нь зүйтэй гэж үзлээ. Тухайлбал, манай ТББ-ын зүгээс Био техникийн арга хэмжээ, УНАСУТХГ-ын захиргаатай хамтран идэвхтэн байгаль хамгаалагч нарыг чадавхижуулах сургалт, ОНХГазрын байгаль хамгаалагч нарт техник хэрэгслийн хангах ажил, Ойрад хөгжимт театрын хамт олонтой хамтран нөхөрлөлүүдийн урлаг, спортын арга хэмжээ, аймгийн хэмжээний нөхөрлөлүүдийн "Нөхөрлөл хөгжлийн түншлэл" арга хэмжээ, Гулзат ОНТХГ-ын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлэх хэлэлцүүлэг, Бөхмөрөн болон Сагил сумын хурлын төлөөлөгч нарт байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн талаарх сургалт. Бөхмөрөн, Сагил сумын 12 нөхөрлөлүүдийн шинэ жилийн арга хэмжээ, Сар шинийн баяраар 90 ахмадуудад гарын бэлэг гардуулах ажил, Сагил сумын Хариг багийн төвд шинээр багийн төвийн байрыг санхүүжүүлж барьж хүлээлгэн өгсөн. Малчдын өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх зорилгоор бичил төслүүдийг мөн хэрэгжүүлэв. Эдгээр ажлуудын гүйцэтгэлийг орон нутгийн иргэд, захиргааны эрх бүхий байгууллагаар үнэлүүлж дүгнүүлсэн болно.

Иймд Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2018 оны А/277, А/288 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай "Гулзатын санаачилга" ТББ-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

        Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гулзатын санаачилга” ТББ нь 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1 дугаартай дүрмээр анх үүсгэн байгуулагдаж дүрмийн дагуу Б.Ганболд нь тухайн төрийн бус байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх удирдах зөвлөлийн дарга гэсэн статустай улсын бүртгэлийн хэлтэст бүртгэгдсэн. Одоог хүртэл улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй хүчин төгөлдөр байж байна. 2011 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Гулзатын санаачилга ТББ байгуулагдаж удирдах зөвлөлийн даргаар Б.Ганболд нь томилогдон ажиллаж байгаад 2013 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Увс аймгийн Байгаль орчны газрын даргаар томилогдож давхар Гулзадын санаачлага ТББ-ын удирдах зөвлөлийн даргын ажил үүргийг гүйцэтгэж ажиллаж байсан ба “Гулзатын санаачилга” ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулаагүй. 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1 дугаартай тогтоолоор дүрмийг шинэчлэн баталсан боловч тухайн дүрмийг улсын бүртгэлд бүртгээгүй байсан. Хэрэгт авагдсан дүрмийн 12.3 дахь хэсэгт удирдах зөвлөл нь даргыг сонгох бөгөөд удирдах зөвлөлийн дарга нь байгууллагын тэргүүн байна гэж заасан боловч 2011 оноос хойш одоог хүртэл тухайн байгууллагын тэргүүн Б.Ганболд хэвээрээ байна. Мөн дүрмийн 14.2.1 дэх хэсэгт зааснаар удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд төрийн бус байгууллагыг төлөөлөх эрхтэй байгаа боловч 2015 онд “Гулзатын санаачилга” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга хэн байсан болон төлөөлөх эрхийг хэн олгосон талаарх баримт байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 55.1.14 дэх хэсэгт зааснаар Д.Ядамжавын төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэж байна. Д.Ядамжав нь ямар шийдвэрийг үндэслэн “Гулзатын санаачилга” ТББ-ыг төлөөлж, гэрээ байгуулах эрхтэй болсон талаар албан ёсны баримт бичиг дээр тусгагдаагүй байгаа тул төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл болж байна. Иймд гэрээг илт хууль бус гэж үзэж байгаа нь үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Менежментийн төлөвлөгөөгүй байгууллагаар тухайн бүс нутгийг хариуцуулсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч үзээд байгаа. 2016 онд аймгийн ИТХ-аас тогтоол гарч тухайн орон нутгийн хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлэн ажиллаж байсан ба “Гулзатын санаачилга” ТББ, Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо ТББ-ын аль аль нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага тул орон нутгийн хамгаалалтай газарт хийгдэж байгаа менежментийн төлөвлөгөөг удирдлага болгож ашиглаж болно. Увс аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн захирамжууд нь хууль ёсны үндэслэлтэйучир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

              Шүүхэд “ГС” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х  нь Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/277, 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/278 дугаартай захирамжуудыг  тус тус хууль бус болохыг тогтоож,хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

          “ГС” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд анх ирүүлсэн нэхэмжлэлдээ маргаан бүхий захиргааны акт болох 2018 оны 05 сарын 09-ний өдрийн “Агнуурын бүс нутгийг хариуцуулах тухай“ А/288 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах талаар дурдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч,өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий актын дугаарыг андуурч А/288 тоот захирамж гэж бичсэн талаар тайлбарлан маргаан бүхий уг акт нь А/278 дугаартай болох талаар тодруулж тайлбар гаргасан ба энэ талаар маргаангүй болно.

          Нэхэмжлэлийг шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хуулийн хугацаандаа гаргасан болохыг тэмдэглэв.

          Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч,гуравдагч этгээд нарын өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “ГС” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч “урьд                                                                                                                                             аймгийн Засаг даргын гаргасан А/167, А/169 дугаартай захирамж хүчингүй болж шат шатны шүүх эцэслэн тогтоосон байхад дахин А/277,А/278 дугаартай захирамж гаргасан нь хууль зөрчсөн” гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг өмгөөлөгч дэмжиж оролцов.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “ ГС” ТББ-ыг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр улсын бүртгэлийн гэрчилгээнд одоо хүртэл бүртгэлтэй байгаа Б.Г нь аймгийн Байгаль орчины газрын даргаар ажиллаж байх хугацаандаа хамтын ажиллагааны гэрээг байгуулсан нь хууль зөрчсөн, Д.Я нь улсын бүртгэлд албан ёсоор итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгүүлээгүй байсан ” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гуравдагч этгээдийн  хувьд гэрээний дагуу агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан сайн ажиллаж байгаа талаар тайлбар гаргасан ба түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд маргаан бүхий актууд нь хууль ёсны дагуу гарсан,“Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ нь менежментийн гэрээг хариуцах үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах талаар байр суурь илэрхийлж оролцов.

2012 оны 5 сарын 7-ны өдөр батлагдсан Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж болно гэж мөн зүйлийн  22.5-д Энэ хуулийн 22.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд нэг жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно гэж заажээ.

Амьтны тухай хуулийн хүрээнд “ГС” ТББ “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцан ажиллаж байсан байх бөгөөд маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/277 дугаартай захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1,55.1.14 дэх хэсгийг үндэслэн 2015 оны 03 сарын 23-ны өдрийн “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг илт хууль бус болохыг тогтоож, ”Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийг “ГС” төрийн бус байгууллагад хариуцуулсан аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 13-ны өдрийн А/583 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/278 дугаартай захирамжаар “Гулзат” орон нутгийн хамгаалалтын газрын агнуурын бүс нутгийн менежментийг “ГНХ” төрийн бус байгууллагад 1 жилийн хугацаатайгаар хариуцуулжээ.

2015 оны 3 сарын 23-ны өдрийн “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээнд Увс аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Г, Увс аймгийн Бөхмөрөн сумын Засаг дарга П.Г,  Сагил сумын Засаг дарга Л.С, “ГС” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Я нар гарын үсэг зурж, “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг 10 жилийн хугацаатай байгуулсан байх ба Увс аймгийн Засаг дарга баталгаажуулж гарын үсэг зурсан байна.

 “ГС” ТББ нь урьд 2012 онд аймгийн Засаг даргын орлогч, “Гулзат” ОНХГ-ын удирдах зөвлөлийн дарга, “Гулзатын санаачилга” ТББ-ын агнуурын менежмент төлөвлөгөөг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан боловч “Агнуур зохион байгуулалтын мэргэжлийн байгууллагын ажиллах журам” шинэчлэн боловсруулагдсантай холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулж байгаа талаар 2015 оны 3 сарын 23-ны өдрийн хамтын ажиллагааны гэрээний үндэслэл хэсэгт дурдсан байгааг тэмдэглэв.

Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамжаар “Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийг “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагад 10 жилийн хугацаатайгаар хариуцуулсан байна.

Увс аймгийн Засаг даргын зүгээс өмнө нь 2017 оны 4 сарын 14-ний өдрийн А/167 тоот захирамжаараа Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамжийг хүчингүй болгож А/169 тоот захирамжаар Гулзат орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг “Гулзат нөхөрлөлүүдийн холбоо” төрийн бус байгууллагад хариуцуулж байсан байх ба Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын 11-ний өдрийн 52 дугаартай шийдвэрээр тус захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 26-ны өдрийн 221/МА2018/ 0002 дугаартай магадлал болон Улсын дээд шүүхийн 2018 оны 04 сарын 09-ний өдрийн 158 дугаартай хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Үүний дараа 2018 оны 05 сарын 09-ний өдөр маргаан бүхий захиргааны актаар 2015 оны 03 сарын 23-ны өдрийн “Гулзат” орон нутгийн хамгаалалттай газрын агнуурын бүс нутгийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээг илт хууль бус болохыг тогтоож, Увс аймгийн Засаг даргын 2015 оны 10 сарын 13-ны өдрийн А/583 дугаартай захирамжийг  дахин хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлд захиргааны гэрээ илт хууль бус байх нөхцлүүдийг хуульчилж өгсөн байх бөгөөд мөн зүйлийн 55.1.1-д  захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, 55.1.14-д төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэх үндэслэлийг заажээ.

Захиргааны гэрээ хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэх ойлголтод гэрээ өөрөө агуулгаараа буюу гэрээгээр зохицуулах зүйл,үйл ажиллагааны хэлбэрийг хуулиар хориглосон байх нөхцлийг хамруулахыг ойлгоно.

Төлөөлөх эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх үндэслэлийн хувьд эрх олгогдоогүй этгээд бусдын нэрийн өмнөөс оролцсон байх тухай ойлголт болно.

2015 оны 3 сарын 23-ны өдрийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээнд Б.Г нь Увс аймгийн Байгаль орчны газрыг төлөөлөн даргын хувьд гарын үсэг зурсан байх бөгөөд “Гулзатын санаачилга” ТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Г-ыг удирдах зөвлөлийн даргаар 2011.06.14-ний өдөр бүртгэсэн байна.

Б.Г нь Увс аймгийн Байгаль орчны газрын даргаар Увс аймгийн Засаг даргын 2013 оны 01 сарын 29-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар томилогдож 2016 оны 08 сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай захирамжааар ажлаас чөлөөлөгдсөн байна.

Д.Я-ын хувьд “Гулзатын санаачилга”ТББ-ын гүйцэтгэх захирлаар 2015 оны 01 сарын 01-ний өдрийн 1/01 дугаартай “Гулзатын санаачилга” ТББ-ын удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор тус төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж 2017 оны 01 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгджээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4,11 дүгээр зүйлийн 11.1.10,11.3 дахь хэсгүүдэд төрийн бус байгууллагын бүртгэлийг улсын бүртгэлийн байгууллага бүртгэх ба хуулийн этгээлийн гүйцэтгэх удирдлагын овог, эцгийн нэр, өөрийн нэрийг хувийн хэрэг дэх мэдээлэлд тусгаж, мэдээлэлд өөрчлөлт оруулсан тохиолдолд ажлын 15 өдрийн дотор  энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэхээр заасан байна.

Хэдийгээр “Гулзатын санаачилга” ТББ-ын гүйцэтгэх удирдлагын талаарх мэдээлэлд өөрчлөлт орсныг улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдээгүй байх боловч тухайн үед Б.Г нь “ГС” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаагүй, Увс аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан, Д.Я нь “ГС” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд төрийн бус байгууллага улсын бүртгэлд холбогдох мэдээллийг мэдэгдээгүй байгаа нь хуулийг зөрчсөн байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.14 дэх хэсэгт хамаарах илт хууль бусад тооцох үндэслэлийг хангахгүй юм.

Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн мэдээллийг хамгийн илүүд үзэж бусад нөхцлийг тооцохгүй байх нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл, бодит байдалд нийцээгүй шийдвэр гэж үзэх бөгөөд хариуцагч захиргааны шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн,бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн “тухайн үед  Б.Г нь “Гулзатын санаачилга”ТББ-ын гэрчилгээнд итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн байхдаа аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж 2015 оны 03 сарын 23-ны өдрийн менежментийг хариуцах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах,ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.3.1-д заасныг зөрчсөн, “Гулзатын санаачилга”ТББ-ыг төлөөлөх эрхгүй этгээд болох Д.Я гэрээнд гарын үсэг зурсан”  гэх үндэслэл, тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан дүгнэлтүүдээр Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/277 дугаартай захирамж нь “ ГС” ТББ-ын эрх,хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй тул А/277 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Шүүхээс 2015 оны 03 сарын 23-ны өдрийн гэрээний дагуу агнуурын менежментийг “Гулзатын санаачилга” ТББ хариуцах гэрээг илт хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/277 дугаартай захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн ба “Гулзат” агнуурын менежментийг “Гулзатын нөхөрлөлүүдийн холбоо” ТББ хэрэгжүүлэн ажиллах нь “ГС” ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөр байгаа тул Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/278 дугаартай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчийн ажлын алба болох Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 22.5 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 55 дугаар зүйлийн 55.1.1,55.1.14 дэх хэсгүүдэд заасныг баримтлан “ГС” төрийн бус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Засаг даргын 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/277, 2018 оны 05 сарын 09-ний өдрийн А/278 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар “Гулзатын санаачилга” төрийн бус байгууллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Увс аймгийн Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан “ГС” төрийн бус байгууллагад олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.