Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0659

 

 

 

 

 

 

“Э х х т” ТӨААТҮГ-ын

гомдолтой захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Н.О, П.С, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.О, хариуцагч Нийслэлийн Татварын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 595 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.М-Э нарын гаргасан давж заалдах гомдлоор “Э х х т” ТӨААТҮГ-ын гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Нийслэлийн Татварын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 595 дугаар шийдвэрээр:

“...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2015 оны/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12, 13.12, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч О.Б, Д.О нарын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №232017113 тоот шийтгэлийн хуудсыг тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 хүртэлх сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.М-Э нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Татварын улсын байцаагч нар нь татварын хяналт шалгалт хийх явцдаа санхүүгийн тайлан, татвар төлөгчийн талаарх татварын удирдлагын нэгдсэн системийн тайлан, татварын тооцоолол, орлогын бүртгэлийн мэдээллийг шалган шийдвэрлэсэн.

Засгийн газрын агентлаг нь тохируулагч болон хэрэгжүүлэгч чиг үүргийн хүрээнд Засгийн газраас байгуулж, эрх зүйн байдлыг нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төсвийн тухай хуулиар зохицуулагддаг.

“Э х х т” ТӨААТҮГ-ыг төсөвт байгууллага гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ямар ч тохиолдолд төсөвт байгууллага нь зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд Төсвийн тухай хуулийн дагуу зарцуулах бөгөөд бусад аж ахуйн нэгжтэй гэрээний үндсэн дээр ажил үйлчилгээ үзүүлэх, энэхүү үйлчилгээ үзүүлсний төлөө орлого олох үйл ажиллагааг явуулах хууль зүйн боломжгүй юм.

Төсвийн санхүүжилт, дэмжлэгийг Засгийн газар, түүний агентлаг, төсөвт байгууллагаас олгох бөгөөд энэ нь төсөв талдаа зардал, харин санхүүжилт, дэмжлэгийг авч буй “Э х х т” ТӨААТҮГ -ын хувьд санхүүжилт буюу үйл ажиллагааны орлого болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.15-д “төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаасанд НӨАТ ногдуулна”, мөн “Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр санхүүжилт авч, төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг Засгийн газрын бус байгууллага бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа үйлчилгээ хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэсэн хуулийн зохицуулалттай.

Иймд “Э х х т” ТӨААТҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар юм.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т зааснаар “төсвийн байгууллага” гэдэгт баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, харин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хамааруулсан байна.

Дээрхээс үзвэл гомдол гаргагч хуулийн этгээдийн “нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх эрхтэй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байх тул захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж болохгүй нөхцөл тогтоогдож байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 595 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

   Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангав.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.12-т төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ /үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ хамаарна/-г нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр, харин 13.12-т “Засгийн газрын бус байгууллагууд Засгийн газрын шийдвэр, гэрээний үндсэн дээр санхүүжилт авч төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг бүрэн буюу хэсэгчлэн гүйцэтгэж байгаа үйлчилгээ 13.5.12-т хамаарахгүй” гэж тус тус заасан байхад шүүхийн шийдвэрт “Э х х т” ТӨААТҮГ-ыг “…Засгийн газрын буюу төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж байна…” гэж үзэн, үзүүлсэн ажил, үйлчилгээнээс олсон орлогыг НӨАТ-аас чөлөөлөгдөнө гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ. 

Дээрх хуулийн 13.12 дахь заалт өмнөх буюу 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгагдаагүй байсан ч энэ болон одоогийн хүчин төгөлдөр хуулийн зохицуулалтууд адил, өөрөөр хэлбэл хуулиудад НӨАТ-аас чөлөөлөх үйлчилгээг зөвхөн “Засгийн газар, түүний агентлагууд, мөн төсөвт байгууллага”-уудад хамруулах байдлаар хоёрдмол утгагүйгээр тодорхойлсон тул үүнд хамрагдахгүй ажил, үйлчилгээнд НӨАТ ногдуулах нь хуулийн шаардлага болно. 

Гомдол гаргагч “Э х х т” ТӨААТҮГ-ын тухайд хэрхэн байгуулагдсан, дүрэмдээ ямар чиг үүрэгтэй ажиллахаар зааснаас үл хамаарч тус газар нь хуульд заасан Засгийн газрын агентлаг, эсхүл төсөвт байгууллагад хамаарахгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т “төсвийн байгууллага” гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, …төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг ойлгоно”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2-т “Өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даасан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээдийг аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар гэнэ” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь төсөвт бус харин аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газарт хамаарахаас гадна үйл ажиллагааны чиглэл, санхүүжилт зэргээс нь үзэхэд Засгийн газрын шийдвэрээр тодорхой хэмжээний санхүүжилт авч төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой, түүний дотор Эрчим хүчний тухай хуульд заасан зарим чиг үүргийг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа Засгийн газрын бус байгууллага байна. 

Талууд хуулиар тогтоосон төрийн зарим үйлчилгээг үзүүлдэг эсэхтэй маргаагүй, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болохын хувьд үйл ажиллагааны орлогоосоо санхүүждэг, энэ талаар Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2/296 дугаар албан бичигт тодорхой дурдсанаас гадна нэхэмжлэлд ч үүнийг хүлээн зөвшөөрчээ. 

Гэвч дээрх бичигт тус газрыг “…НӨАТ-аас чөлөөлөгдөхөөр байна…” гэсэн нь хуулиар тогтоосон татвар төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл энэ эрх гагцхүү Улсын Их Хуралд хадгалагдана.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт …бараа үйлдвэрлэсэн болон борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байна”, 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”-нд албан татвар ногдуулахаар заасан тул нэхэмжлэгч “Э х х т” ТӨААТҮГ нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх, уг татварыг суутган төлөх үүрэгтэй.

Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 73 дугаар тогтоолоор шийтгэлийн хуудсаар тогтоосон 1.820.913.635,80 төгрөгийн төлбөрөөс Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу 265.529.133,70 төгрөгийн торгууль, 4.577.781,95 төгрөгийн хүү, нийт 270.106.915,65 төгрөгийн хариуцлагаас чөлөөлж, төлбөрийн хэмжээг 1.550.806.720,15 төгрөг болгон багасгасан, нэхэмжлэгчээс шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч дээрх төлбөрөөс баяр ёслол, бэлэг дурсгал, хүлээн авалт, хувийн хэрэглээний зардлыг үндсэн үйл ажиллагааны зардалд бичиж, татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд хамаарах 9.758.836 төгрөгийн нөхөн татварыг эс зөвшөөрч маргаагүй болно. 

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дагуу үйл ажиллагааны орлого нь уг татвараас чөлөөлөгдөхгүй тул 2012-2016 оны орлогыг нарийвчлан шалгах байдлаар НӨАТ ногдох орлогыг тогтоох шаардлагагүй, өөрөөр хэлбэл дахин нэмж тодруулах зүйл байхгүй буюу хууль хэрэглээний маргаан байна. 

Харин Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс хуулийг буруугаар тайлбарлаж, НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх шаардлагагүй, уг татвараас чөлөөлөгдөнө гэснээс шалтгаалан НӨАТ төлдөггүй байсан гэж үзвэл буруутай этгээдээс учирсан хохирлоо шаардахад энэхүү магадлал саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 5 дугаар зүйлийн 5.1, 17 дугаар зүйлийн 17.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 7 дугаар зүйлийн 7.2.15, 13 дугаар зүйлийн 13.12 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 595 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг нэгтгэн “1.“Э х х т” ТӨААТҮГ-ын Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 232017113 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Я.М-Э нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

  ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

              ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН