Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1137

 

 

 

 

 

 

 

 

   2020         06         18                                   2020/ШЦТ/1137

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Б.Тулга,   

Нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ут холбогдох эрүүгийн 1906 01942 1088 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.У нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 84-2450 тоотод оршин суух иргэн Д.Хишигсүрэнгийн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн хаапганы цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 3 ширхэгийг хулгайлан авч 360.000 төгрөгний хохирол,

2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн, Баруун-Урт сумын 5 дугаар баг, Дэнжийн 12-09 тоотод оршин суух иргэн Н.Батхүрэлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар нэвтэрч хоньны гулууз мах 4 ширхэгийг хулгайлан авч 560.000 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад шүүгдэгч З.Тэмүүжин нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Хишигсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг 30 минутад БЗД-ийн 28-р хороо 84-2450 тоотод байрлах гэрээ цоожлоод гараад явсан. Тэгсэн 10 цаг 08 минутын үед манайхаас дээшээ 2-3 айлын цаана байдаг Батбаатар гэдэг хүн утсаар яриад манай хашаагаар хүн даваад гарчихлаа танайд хүн байгаа юм уу гэхээр нь байхгүй гэсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд гэртээ ирээд харахад гэрийн хаалганы цоож эвдэрсэн, гэрийн хоймрын шүүгээн дээр байсан 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан. ...дунд гарын цулгуу мөнгөн аягыг нэгийг нь 160.000 төгрөгөөр авч байсан гэх мэдүүлэг /хх 12-13/,

 

            -гэмт хэргийн талаархи мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/,

            -хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 5-10/,

 

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан: ... холбогдогч этгээд О.У нь Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 84-2450 тоот хашааг давж орон, хашаанд байх гэрийн цоожийг эвдэж 3 ширхэг мөнгөн аяга авсан гэж зааж ярьсан ... гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх 20-22/,

 

            Тод үнэлгээ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 946 дугаартай:           дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга зах зээлийн ханшаар 360.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 31/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1672 дугаартай:

            ... шинжилгээнд тэнцсэн 2 дугаартай гарын мөр санд MN004310004664 дугаараар бүртгэгдсэн Хүрэлбаатарын Уын зүүн гарын эрхий хуруугаар үүссэн байна гэх гарын мөрний шинжээчийн дүгнэлт /хх 40-45/,            

 

Шүүгдэгч О.Уын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 03 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод ирж маргааш нь Хужирбуланд явж байгаад ногоон хүрээтэй хашааны хаалгатай дотороо 2 айлтай хашааг давж ороод зүүн талын алын гэрийн хаалганы цүүг мулталж онгойлсон. Гэрийн хойморт авдар дээр байсан 3 ширхэг мөнгөн аягыг  аваад шууд зам руу гарч автобусанд суугаад Нарантуулын алт мөнгө авдаг газар очоод нэгийг нь 50.000 төгрөгөөр бодож зарсан. Мөнгөөр нь эмнэлэгт хэвтэж байсан  найзыгаа эргээд, буудалд хоноод Сүхбаатар буцсан гэх мэдүүлэг /хх 16-17, 93/,

 

Хохирогч Н.Батхүрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 12-9 тоотод байх хашаандаа өвс авахаар ирсэн. Байшингийн хаалган дээр иртэл цоож нь хагас онгойсон байсан. Орход дотор хаалганы цоожийг мөн эвдээд хаалганы бариуланд өлгөчихсөн байсан. Гал тогооны хэсэгт цаасан хайрцагт хийсэн байсан 4 ширхэг хоньны гулууз мах алга болсон байсан гэх мэдүүлэг /хх 130-131/,

 

Гэрч Х.Наранбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

О.У 2020 оны 01 дүгээр сарын өдрийг нь санахгүй байна ажил тараад орой болсон байсан. Утсаар залгаад хонины гулууз өгмөөр байна гэж яриад жижиг тэрэгтэй ирээд 1 ширхэг шалдан гулууз өгсөн. 23 кг болоод 115.000 төгрөг бэлнээр өгсөн гэх мэдүүлэг /хх 20-21/,

 

Гэрч Б.Барцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 01 дүгээр сарын сүүлээр оройн 21 цагийн үед гэртээ байхад таксинд явдаг Баяраа орж ирээд мах авах уу гэж асуусан. Махыг нь авахаар гархад машинд Заяагийн дүү О.У сууж байхаар нь хулгайн мах юм биш биз гэхэд Баяраа мэдэхгүй эгчээ. Энэ залуу намайг таксинд унаж байгаад махаа зарж мөнгөө төлөх юм шиг байна гэсэн. Тэр мах нь 25 кг болж 112.500 төгрөг бэлнээр өгч явуулсан гэх мэдүүлэг /хх 138-139/,

 

-гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 118/,

-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 119-124/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 125/,

-мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 143-145/,

 

Линзийн өгөөж ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн V/20/03/33 дугаартай:

... 4 ширхэг хонины гулууз мах болох 1 гулууз нь дунджаар 20 кг нийт 80 кг мах 560.000 төгрөгийн үнэлгээтэй байна гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх- 147-154/,

 

Шүүгдэгч О.Уын мөрдөн байцаалтад өгсөн:

Би цагаан сараас өмнө 2020 оны 01 дүгээр сарын 20-ны үед шиг санаж байна. Яг тухайн өдрийг сайн санахгүй байна. Архи уучихсан явж байгаад Дэнжийн 12-09 тоот хашаанд эзэнгүй гэр байшин 2 байхад нь хашаанд орж байшингийн үүдэнд очиж цагаан өнгийн төмөр цоожийг төмөрөөр хөшиж эвдээд дотор орход дотор талын хаалга мөн хар өнгийн цоожтой байсан. Тэгхээр нь цоожийг нь эвдэж дотогшоо ороод гал тогооны өрөөнд том хайрцагтай хонины 4 гулууз мах байхаар нь нэгийг нь авч үүрээд баруун талын засмал замруу гарч такси бариад Гөлгөөгийн бой, Түмэн-Цагаан бойны газруудаар очход шөнө болсон болхоор хаалгаа нээхгүй байсан юм. Тэгээд явж байтал таксины жолооч ах хаана очих вэ гэж асуухаар нь би тэр ахад дүү нь хөдөөнөөс сая орж ирсэн юмаа манай найзын төрсөн өдөр болж байгаа юм. Энэ гулуузыг зарчихмаар байна гэхэд нөгөө ах хэдэд өгөх гээд байгаа юм бэ гэж асуухаар нь би 120.000 төгрөгөөр зарна гэхэд таксины жолооч 100.000 төгрөгөөр өгвөл би авчихая гэсэн. Тэгээд би мөнгөө аваад төвд бууж үлдсэн. Бааранд орж архи уугаад мөнгөө дуусхаар нь дахиад нөгөө байшин руу очход хаалга нь онгорхой байхаар нь үлдсэн 3 гулуузыг бүгдийг авч зарсан. Би энэ гулуузнуудыг хулгайлахдаа ганцаараа явсан. Үлдсэн гурван гулуузыг нэгээр нэг удаа аваад үлдсэн 2 гулуузыг цугт нь авсан. Тэр гулуузнуудын нэгийг нь шоолий Энхээ гэдэг махны чэнж ахад 100.000 төгрөгөөр өгсөн. 1 гулуузаа аймагт төмөо түүхий эд авдаг нэрийг үл мэдэх зүс мэдэх хүнд 100.000 төгрөгөөр өгсөн. Үлдсэн 1 гулуузыг “Star” баарны баруун талд үл таних нэг эмэгтэйд 100.000 төгрөгөөр зарсан нийт 4 гулуузыг 400.000 төгрөгөөр зарж мөнгийг хувийн хэрэгцээнд хэрэглэж архи уугаад дуусгасан. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний буруу гэх мэдүүлэг /хх 141-142, 163/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс О.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 106/,

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 547 дугаартай:

О.У нь гэмт хэрэг үйлдэх үедээ F25.0. Шизоаффектив эмгэг сэтгэл хөөрөх эмгэг өвчтэй байсан байна. О.У нь тухайн үедээ өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгож, мэдэж, удирдах чадвартай байсан байна. О.У нь F25.0 өвчтэй байна. О.У нь гэмт хэрэгт холбогдох үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Үзлэг хийх үед сэтгэцийн өвчин нь намжмал байдалд байна. О.Ут эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. О.У нь одоогоор зөв  мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт /хх 97-98/,

Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоол /хх 114/, хохирогч Д.Хишигсүрэнгийн 5039....777 тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 360.000 төгрөг,  хохирогч Н.Батхүрэлийн 5648...401 тоот дансанд 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 560.000 төгрөг шүүгдэгчийн ар гэрийнхэн шилжүүлсэн баримт зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байна.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр бусдын эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байр нь хүн байнга амьдрахаар бий болгож амьдарч байгаа орон гэр байх бөгөөд түүний энэ нь нэг субеъктийн эрх ашиг, орон зайг нөгөө субеъктийн орон зай, үйлдлээс тусгаарлаж байдаг. 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Баянзүрх дүүрийн прокурорын газраас шүүгдэгч О.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч О.У нь хүний хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. 

 

 Шүүгдэгч О.У нь хүн байнга амьдрахаар бий болгон тохижуулж амьдарч байсан орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдэл нь түүний хүсэл зоригийн дагуу хүсч хийгдсэн санаатай үйлдэл юм.

 

Шүүгдэгчийн үйлдсэн сүүлчийн гэмт хэрэг 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, дэнжийн 12-09 тоотод оршин суух иргэн Н.Батхүрэлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн хаалганы цоожийг эвдэн хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар нэвтэрч хонины гулууз мах 4 ширхэгийг хулгайлан авч 560.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл байх ба шүүхийн харьяалалын хувьд Сүхбаатар аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяалагдах хэдий ч

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Уыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Уын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д ...эрүүгийн хариуцлага нь тухай хүн... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна... гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг шүүгдэгчийн ар гэрийн зүгээс бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн шатанд гаргаж өгсөн баримт, шүүх хуралдааны тов мэдэгдэхэд хохирогч нар нь хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлснээр тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг бүрэн төлж барагдуулсан байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хори ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн учир 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Оын Уыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Уыг нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ут оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уын цагдан хоригдсон дөчин ес хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий Сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тооцсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Н.БААСАНБАТ