| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/1171/Э |
| Дугаар | 1196 |
| Огноо | 2020-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 1196
2020 06 29 2020/ШЦТ/1196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагч Г.Цэрэнжамц,
Хохирогч, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох,
Хохирогч, шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Б, Д.Б нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02032 1392 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Т.Б, Д.Б нар нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Т.Бд хаягласан шүүхээс дуудан ирүүлэх хуудас Д.Бгийн гэрийн хаягаар ирсэн, Т.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байна, салъя” гэх зэрэг хоорондын үл ойлголцол, таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож улмаар Т.Б нь Д.Бгийн эрүүл мэндэд, Д.Б нь Т.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Т.Б, Д.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчоор Д.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ 19 цаг өнгөрч байхад ирсэн. Миний том хүү Буяндэлгэр “ээжээ Голомт банкнаас хэд хоногийн өмнө хүмүүс ирж таны хамтран амьдрагч Бийг асуугаад явсан. Харин өнөөдөр шүүхээс дуудан ирүүлэх бичиг ирлээ. Архи дарс ууж дүү бид хоёрыг айлгаж байна. Одоо энэ асуудлаа нэг тийш нь шийд” гэж хэлсэн. Би тухайн үед гэрийнхээ гадаа сууж бодож байгаад Бийг хайж олох гээд БЗД-н 20 дугаар хороо Гачууртруу ганцаараа явсан. Тэгээд би 22 цагийн үед Гачууртад байх Бий ээжийнх нь гэрт очсон. Намайг гэрт ороход Бий ээж, ах, дүү нар нь байсан. Бийн ээж болох Батхишиг намайг “Чи яагаад хүүхэд цагдаад өгч эрүүлжүүлэхэд хонуулсан юм” гэж хэлээд миний цээжрүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд Б хүрч ирээд “Ээж та байж бай” гэж хэлээд Б бид 2 гарсан. Миний машинд суугаад Б бид 2 хажуу талд байх уулруу өгсөж машинаа зогсоогоод хоорондоо ярилцсан. Би Бд “Чи одоо энэ дуудан ирүүлэх хуудасаа аваа, тэгээд бас тэр банктайгаа очиж уулз, одоо хоёулаа больё, чамаас болж би хүүгүй болох юм байна" гэж хэлсэн. Тэгэхэд Б миний машины урд гарч зогсоод “Би энэ их өрийг төлж чадахгүй, би дууссан хүн, чи намайг дайрж алчихаад яв” гэж хэлсэн. Тэгэхэд би машинаас буугаад Бийг холдуулах гээд очиход надтай барьцалдаж аваад Б бид 2 газар дээр, доороо ороод өнхөрч ноцолдсон. Тэгэхэд Б миний баруун нүдний хөмсөг дээр нэг удаа цохисон. Тэгээд Б шууд зугтаагаад алга болсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгчихөөд Бий ээжийн гэрлүү ороход Б байж байсан. Б орон дээр сууж байгаад босч ирээд миний үснээс зулгаасан. Тэгээд би тухайн гэрээс нь гарч дуудлага өгсөн цагдаа нартай Бий гэрт очсон гэх мэдүүлэг /хх-н 7-8/,
Хохирогчоор Т.Бий мөрдөн байцаалтанд өгсөн:
2018 оны 08 дугаар сард Д.Бтай нэг гэрт орж тэдний гэрт хамт амьдарсан. Энэ хугацаанд Д.Б намайг байнга хардаж миний гар утсыг байнга шалгаж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Түүнээс болоод 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр би Д.Бгын гэрээс явж Гачууртад байдаг өөрийн ээжийн гэрт ирж хамт амьдарсан. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний Д.Б оройн 21 цагийн үед ганцаараа ирээд намайг гараад ир уулзах хэрэг байна гэхээр нь би гараад машиных нь хойд талын суудал дээр суухад Д.Б бас миний хажууд суухаар нь би Д.Бд би чамтай хамт байж чадахгүй, чи дандаа намайг хардаж зүгээр байхад цагдаа дуудаж өгдөг гэж хэлсэн чинь Д.Б би дахиж чамайг хардахгүй одоо хоёулаа хамт манай гэрлүү явах уу? гэхээр нь би явахгүй гэсэн чинь чи яасан өөр хүнтэй болчихсон юм уу? гээд миний баруун нүд рүү гараараа цохихоор нь би чи яагаад хүн зодож байгаа юм гэсэн чинь зүүн гараараа миний бэлэг эрхтнээс базаад тавихгүй байхаар нь би гарыг нь тавиулах гэж хүчтэй дарсан чинь баруун гараараа миний зүүн талын шанаа хэсгээс базаад татсан чинь хумсанд нь миний зүүн хацар урагдаж цус шүүрээд байхаар нь би машинаас буух гэхэд дахиж миний зүүн шанаа хэсгийг маажих гэхэд би гарыг нь барьж аваад болиулж машинаас буусан. Д.Б бас буугаад өөрөө жолооны ард суугаад цонхоо онгойлгоод би чамайг ална гээд занал хийлээд байхаар нь би гэрлүү орсон чинь араас орж ирсэн. Манай ээж Д.Бг чи яахаараа хүүхдийн нүүр маажиж, ийм аймаар болгодог юм. Чи гар гээд хөөж гаргасан чинь Д.Б иргэж орж ирээд шанага аваад ус гутгаад над руу цацаж бас зөндөө нулимж байгаад гараад явсны дараа удалгүй хоёр цагдаа орж ирээд намайг хүн зодсон гээд авч явсан гэх мэдүүлэг /хх-н 12-14/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 4767 дугаартай:
Т.Бий биед баруун нүдний доод зовхи, дотор булангийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний гадна булан, зүүн нүдний доод зовхи, хамрын баруун угалз, баруун, зүүн хацар, доод эрүү, уруулын дээд ба зүүн хэсэг, баруун, зүүн шилбэний зулгарултууд, доод уруулын язрал, баруун завьжны цус хуралт, баруун шууны зулгаралтууд, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвууны цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 25-26/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 4713 дугаартай:
Д.Бгийн биед тархи доргилт, баруун нүдний алимны доргилт, дух, баруун сарвуу, зүүн бугуй, зүүн тохой, цээж, өвдөгт цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 28-29/,
Шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан болон энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэст уулан дээр Т.Бтэй маргалдаж улмаар ноцолдсон. Тэгээд би гараараа Т.Бий нүүр хэсэгт маажиж уг гэмтлийг учруулсан гэх мэдүүлэг /хх-н 54-56/,
Шүүгдэгч Т.Бий мөрдөн байцаалтад өгсөн:
Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан болон энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртын эцэс Монгол шилтгээн амралтын газрын хойд талд байх уулан дээр хохирогч Д.Бтай маргалдаж улмаар машинд ноцолдсон. Тэгээд Д.Бгийн биед учирсан сарвуу, зүүн бугуй, цээж, өвдөг гэх мэт газруудад гараараа базаж уг хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан. Б намайг гэррүүгээ авч явах гээд байсан. Би явахгүй гэж хэлсэн. Тэгээд маргаан эхэлсэн гэх мэдүүлэг /хх-н 61-63/,
-зөрчлийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/,
-Т.Бий нүүрэн дээрх шархыг харуулсан гэрэл зураг /хх-н 49-50/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Т.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-н 34-43/, Д.Бгийн НДШ төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-н 44-48/,
-шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирогч Д.Бгийн хохирол нэхэмжилсэн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эм, эмчилгээний бүтээгдэхүүн худалдан авсан 75.600 төгрөгийн зарлагын баримт 2 ширхэг, Натур эмнэлгийн толгойн КТГ-н шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт 1 ширхэг, ШШҮХүрээлэнд үзүүлж дүгнэлт гаргуулахад төлсөн нийт 10.000 төгрөгийн баримт 2 ширхэг, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, зогсоолын төлбөрт 4.000 төгрөг төлсөн баримт 1 ширхэг, ТҮЦ машинаас тодорхойлолт авахад төлсөн нийт 4.000 төгрөгийн баримт 4 ширхэг,
Хохирогч Т.Бий шүүх хуралдаанд гаргаж өгсөн хөл, гар дээр үлдсэн сорвины гэх гэрэл зураг 2 ширхэг зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Т.Б, Д.Б нар нь 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож Т.Б нь Д.Бгийн эрүүл мэндэд, Д.Б нь Т.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч Т.Б, Д.Б нар нь өөрсдийн бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсантай маргахгүй, хүлээн зөвшөөрсөн, тэдний гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Хохирогч Т.Б нь нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгч Д.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй.
Шүүх хуралдаанд хохирогч Д.Б нь нийт 213.600 төгрөгийн дүн бүхий нотлох баримтыг гаргаж өгөн хохирол нэхэмжилсэн. Шүүх хуралдаанаар нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд зогсоолын төлбөрт төлсөн 4.000 төгрөг, ТҮЦ машинаас тодорхойлолт авахад төлсөн нийт 4.000 төгрөг төлсөн баримтууд нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролын зардал биш байх учир хохиролд тооцохгүй байхаар тогтож, амбулаториор эмчлүүлэгчийн карт болон эмнэлэгт өвчтөн илгээх хуудсын хамт буцаан олгож шийдвэрлэлээ.
Хохирогч Д.Бд учирсан 205.600 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Т.Б нь нөхөн төлөхийг түүний өмгөөлөгч зөвшөөрсөн болно.
Мөн хохирогч нар нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарах зарсан зардлыг нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, холбогдсон гэмт хэргийн талаар илэрхийлж байгаа байр суурь, хийсэн үйлдэлдээ өгч байгаа дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт, ажил эрхлэлт, орлогын байдал зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан бага хэмжээгээр оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашигийг тэргүүн ээлжинд тавьж хүлээцгүй хандсан үйлдэл, өрөөлийг давж даран авах, өрөөлд дийлдэхгүй гэсэн байр суурьнаас хандсан хандалга нөлөөлсөн байна. Цаашид оролцогч нар нь дээрх дутагдалыг анхаарч хэн хэнээсээ уучлал гуйн эвлэрэх нь боломжтой, тэдний хувьд нээлттэй асуудал хэвээр үлдэж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Тийн Б, Ж овогт Дын Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Д.Б нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б, Д.Б нарт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бээс 205.600 төгрөг гаргуулж хохирогч Д.Б /ИБ80122806/-д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Б нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ