Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1229

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

 

 2020          07         03                                  2020/ШЦТ/1229

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,   

Нарийн бичгийн дарга Г.Хулан,

Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Дд холбогдох эрүүгийн 2006 00000 0939 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар  

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 240 дүгээр байрны 1 орц 20 тоотод иргэн Ц.Хосбаяртай маргалдаж улмаар огурцины шилээр толгойн тус газар нь цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                  

/яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 0939 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Т.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ц.Хосбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би найз Даваахүүгийн хамтаар 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 240 байрны 20 тоотод оршин суух найз Даваахүүгийн гэрт 0.75 грамын Хараа архи 1 шил, 2 литрийн Нийслэл пиво 1 ширхэгийг авч очоод, Даваахүү бид хоёр өнөөх архи, пивоо хувааж уугаад сууж байтал Даваахүү утсаар Д руу ярьж гэртээ хүрээд ир гэж дуудсан. Тэгсэн хэсэг хугацааны дараа Д Даваахүүгийн гэрт тортой зүйл барьчихсан ирсэн. Тэр торон дотор нь архи пиво байсан санагдаж байна. Яг юу байсныг нь би сайн санахгүй байна. Би тухайн үед нэлээн согтсон байсан. Даваахүү, Д бид гурав архи ууж сууж байгаад Д бид хоёр маргалдсан. Юунаас болоод яагаад маргалдсанаа бол мэдэхгүй байна. Би Дтай маргалдаж байхдаа Дын нүүр рүү нь алгадсан санагдаж байна. Тэгсэн Д уурлаж, уурандаа газар байсан огурцины шилээр миний толгойны зүүн талын чамархайн тус газар цохьсон. Яг хэдэн удаа цохьсоныг нь мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар нэг удаа цохьсон байх. Тэгсэн толгойноос шууд цус гарсан. Миний толгойноос маш их цус гарч байсан. Тэгээд л миний ухаан санаа балартаад цаашаа юу болсоныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн гэх мэдүүлэг /хх 23-24/,

 

Гэрч М.Даваахүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 240 дүгээр байрны 20 тоотод Ц.Хосбаяртай хамт ирсэн. Би ирээд манай ээж Наранцэцэгийн дүү Алтанцэцэгийн хүү Д 17 цагт ирсэн. Тэрээр ирэхдээ 0.75 литрийн том Сэнгүр пивотой ирсэн. Бид гурав авч ирсэн архи пивоо ууж байхад Д, Хосбаяр нар маргалдаад байсан. Тэгээд 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 01 цаг 00 минутын үед Д архи ууж байсан 3 цэнхэр аяганы нэгээр нь Хосбаярын толгойг хагалсан. Тэгээд түргэн дуудсан гэх мэдүүлэг /хх 29-30/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны 4453 дугаартай:

Ц.Хосбаярын биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх 35-36/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны 1831 дугаартай:

Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. 1, 8 дугаартай нарын мөр MN000310021299. MN000310001269. MN000610002976 дугааруудад бүртгэгдсэн Туяа овогтой Д гэгчийн баруун гарын ядам, зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн мөр байна. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр санд бүртгэлтэй этгээдүүдийн гарын хээний дардас, эзэнгүй хэргийн мөрүүдтэй тохирохгүй байна гэх шинжээчийн дүгнэлт /хх 40-41/,

 

Шүүгдэгч Т.Дын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монельд байдаг алт мөнгөний дарханы ажил дээрээ байж байтал 17:00 цагийн орчим Даваахүү надруу залгаж, манайд хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэтолгойн 240 байр 20 тоотод оршин суух Даваахүүгийн гэрт 19:00 цагийн орчим 0,75гр-н Хараа архи 1 шил, 2,5л-н Боргио пиво 1 шилийг, 1 шил огурцы, 1 ширхэг ундааны хамт аваад очисон. Намайг Даваахүүгийн гэрт очиход Даваахүү Хосбаяр гэх нэг найзынхаа хамтаар пиво уугаад хөзөр тоглоод сууж байсан. Тэгээд би Хосбаяртай хамт хөзрөөр 21 татах тоглоом тоглоод би Хосбаярыг ялтал, Хосбаяр одоо хоёулаа барилдъя гээд байсан. Би үгүй гэх хэлсэн. Тэгээд би Хосбаярт шилтэй огурцы ид гээд аваад өгтөл, дотроос нь 1 ширхэг огурцы гаргаж ирээд надруу шидчихээд гэх мэдүүлэг /хх 41/,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-12/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Т.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 50/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорт гаргасан хүсэлт /хх 77-78/ зэрэг нотлох баримтуудийг шинжлэн судлав.

 

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Т.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Т.Дын иргэн Ц.Хосбаярын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Ц.Хосбаяр нь нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх ба шүүх хурлын тов мэдэгдэхэд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг үндэслэж шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Т.Д нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйдлсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шилээр хохирогчийг цохиж гэмтэл учруулж байгаа байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн талаар хийж байгаа дүгнэлт болон Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овогт Тийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дыг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Дд оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тооцож хийлгэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Д нь хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Дд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ