| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00702/И |
| Дугаар | 69 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 69
2017 оны 01 сарын 25 өдөр Дугаар 156/ШШ2017/00069 Хэнтий аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 156/2016/00702/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “А” танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Б.Баттөр,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Мөнхтуяа,
Гэрч: Ц.Бат-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам нар оролцов.
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 5-2 тоотод оршин суух, Содовийн Гансүхэд (РД: СЭ 57051001) холбогдох,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, 203 дугаар байрны 44 тоотод оршин суух, Далхжавын Баттөрийн (РД: ДО 79080318) нэхэмжлэлтэй
“худалдах, худалдан авах гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, алданги, валютын ханшны зөрүү, нийт 8 308 214 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 22-нд иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмлэгч Д.Баттөр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Би С.Гансүхтэй 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 7 990 000 төгрөгийн үнийн дүн бүхий рапсын үрийг №000639841 тоот газрын гэрчилгээг барьцаалан 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлбөрийг бүрэн барагдуулах нөхцөлтэй зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Гансүх нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор заасан ба 15 хоногийн алданги 375 000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 5 000 000 төгрөг, тухайн өдрөөс хойших ханшийн зөрүүний алдагдал болох 1 560 964 төгрөг, нийт 6 935 964 төгрөгийг хариуцагч С.Гансүхээс гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч С.Гансүхийн шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д.Баттөрөөс 7 990 000 төгрөгийн рапсын үрийг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр авсан болно. Гэрээний хугацаа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусахаар тохиролцсон. Би гэрээний нийт үнэнээс 3 000 000 төгрөгийг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 4 990 000 төгрөг, алданги 249 500 төгрөг нийт 5 239 500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Валютын ханшийн зөрүү 1 560 964 төгрөг, алдангийн зөрүү 125 500 төгрөг нийт 1 686 464 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ. (хх-ийн 15 тал),
Нэхэмжлэгч Д.Баттөр нь 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: ... шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс өнөөг хүртэл хугацааны алданги 1 372 250 төгрөгийг хариуцагч С.Гансүхээс нэхэмжилж байна гэжээ. (хх-ийн 24 тал)
Нэхэмжлэгч Д.Баттөр нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... С.Гансүх нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үндсэн зээлийн 3 000 000 төгрөгийг надад өгсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 4 990 000 төгрөг, 70 хоногийн алданги 1 746 500 төгрөг, нийт 6 736 500 төгрөгийг нэхэмжилжээ. Харин валютын ханшийн зөрүү 1 560 964 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Д.Баттөрөөс 7 990 000 төгрөгийн үнэ бүхий рапсын үрийг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан болно. Ургац хураах үед байгалийн гамшиг нөлөөлсний улмаас ургацынхаа 70%-ийг алдаж үлдэх 30%-ийг хураан авч борлуулсан. 2016 онд Д.Баттөрд 3 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Худалдах худалдан авах гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 4 990 000 төгрөг, алданги 275 000 төгрөг, нийт 5 265 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Баттөрд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин алдангийн 1 746 500 төгрөг төлөхгүй гэв.
Гэрч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2016 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос Чандганы талд С.Гансүхийнд ирсэн юм. Зүүн тал, баруун тал гэсэн 100, 100 га тариалангийн талбай байсан. Зүүн талын 100 га талбайн тарианы толгой нь цайрсан байсан. Баруун талын 100 га бол налсан байсан ч гэсэн бага зэрэг хураах юм байсан. Анхны цас 2016 оны 09 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө цас орсон гэсэн мэдүүлэг.
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Баттөр нь хариуцагч С.Гансүхээс худалдах худалдан авах гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл, алданги, валютын ханшийн зөрүү, нийт 8 308 214 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр байгуулж худалдагч тал Д.Баттөр нь 7 990 000 төгрөгийн үнэ бүхий 940 кг рапсын үрийг худалдан авагч С.Гансүхэд шилжүүлж гарын үсэг зурж, баталгаажуулсан болох нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, (хх-ийн 5 тал), нэхэмжлэгч болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуяа нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ талаар талууд шүүхэд маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч Д.Баттөр нь хариуцагч С.Гансүхээс зээлээр худалдсан рапсын үрийн үндсэн зээлийн үлдэгдэл, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Баттөр нь шүүх хуралдаанд хариуцагч С.Гансүх нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр үндсэн зээлийн 3 000 000 төгрөгийг надад өгсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 4 990 000 төгрөг, 70 хоногийн алданги 1 746 500 төгрөг, нийт 6 736 500 төгрөгийг нэхэмжилжээ. Харин валютын ханшийн зөрүү 1 560 964 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуяа нь шүүхийн хэлэлцүүлэгт үндсэн зээлийн үлдэгдэл 4 990 000 төгрөг, алданги 275 000 төгрөг, нийт 5 265 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Баттөрд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна. Харин алдангийн 1 746 500 төгрөг төлөхгүй гэж маргажээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхтуяа нар нь нэхэмжлэгчээс зээлээр худалдаж авсан рапсын үрийг хавар тарьж, намар тариагаа аадар бороонд цохиулж, цас орж, салхитай бүрэн хурааж авч чадаагүй гэсэн үндэслэлээр гэрч ц.Бат-Эрдэнийг шүүх хуралдаанд оролцуулж, 2016 оны 9 дүгээр сарын цаг агаарын мэдээг шүүхэд ирүүлжээ.
Талууд хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний хуулбарыг 6 дугаарт: ... гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан бараа бүтээгдэхүүн гэмтсэн, устсан тохиолдолд шилжүүлэн өгөх хүртэл худалдан, шилжүүлснээс хойш худалдаж авсан тал хохирлыг Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 255 дугаар зүйлийн 255.1.3-д заасны дагуу тус тус хариуцана гэж заажээ. (хх-ийн 5 тал)
Иймд нэхэмжлэгч тал нь хохирлыг хариуцахгүйгээр тохирсон байна гэж шүүх үзэв.
Худалдах худалдан авах гэрээний 5 дугаарт: Худалдагч талд гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоогоо хийж дуусгаагүй тохиолдолд худалдан авагч нь хугацаа хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож худалдагч талд хүү төлнө гэжээ. (хх-ийн 5 тал)
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацааны худалдах худалдан авах гэрээний алдангийг хариуцагч С.Гансүхээс гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж тооцов.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 4 990 000 төгрөг, алданги 1 746 500 төгрөг бүгд 6 736 500 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн үлдэх 1 571 717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Гансүхээс худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 6 736 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Баттөрд олгож нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 83140 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гансүхээс 122 734 төгрөгийг гаргуулж зохигч Д.Баттөрд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг баримтлан хариуцагч С.Гансүхийн тариалангийн зориулалтаар газар эзэмших эрхийн №000639841 дугаартай гэрчилгээг бусдад шилжүүлэх, бэлэглэх, худалдахыг шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хугацаагаар хориглосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон байдалд хариуцагч энэ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээг авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ