Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1230

 

 

 

 

 

 

 

 

 

  2020        07          03                                      2020/ШЦТ/1230

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ч.Батбаатар,

шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П овогт Бийн Жийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2003 00000 0216 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 23 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын клонкын автобусны буудлын замд Тоёота Приус 30 маркийн 49-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Нямдаваагийн хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг холбогджээ.                                                        /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Мөрдөгчөөс 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-10/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/,

- осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 42/,

 

Хохирогч С.Нямдаваагийн мөрөн байцаалтад өгсөн:

“...2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед архи уугаад орой нь Сансарын орчим нэг хүнтэй уулзаад салсан. Би харих гээд Сансарын клонкийн автобусны буудал дээр ирсэн. Нүдний хараа муутай учир замын брожуранд тээглээд унасан. Би согтуу байсан ба босох гээд байж байтал нэг авто машин ирээд миний хоёр хөл дээгүүр гараад явсан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6149 дугаартай шинжээчийн:

С.Нямдаваагийн биед зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хөлийн гадна шагай орчмын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх зүүн шилбэний тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 29-31/,

 

Шүүгдэгч Б.Жийн мөрдөн байцаалтад өгсөн:

            “Би 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 цаг 40 минутын орчим өөрийн Тоёота Приус маркийн 49-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод Сансарын клонкийн автобусны буудал дээр зогсож хүн суулгаад хөдлөхөд баруун урд талын дугуй нэг зүйл дээр гарах шиг болохоор нь зогсоод хартал миний машины баруун талд брожурийн хажууд зам дээр нэг эрэгтэй хүн хэвтэж байсан. Би өөрийн утасны дугаараас дуудлага өгч түргэн тусламжийн эмч болон цагдаа нар ирж үзээд үлдээгээд явсан. Хохирогч цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан” /хх-ийн 59-60/,

 

- шүүгдэгч Б.Жийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 24/, жолооны эрхийн лавлагаа /хх-ийн 25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 72-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Тээврийн Прокурорын газраас Б.Жийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 23 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын клонкын автобусны буудлын замд Тоёота Приус 30 маркийн 49-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Нямдаваагийн хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд Б.Ж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч С.Нямдаваагийн хохирол төлбөр төлөгдсөн, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Жөд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Б.Ж нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 23 цаг 35 минутын үед Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сансарын клонкын автобусны буудлын замд Тоёота Приус 30 маркийн 49-58 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчины байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Нямдаваагийн хөлийг дайрч, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч С.Нямдаваагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6149 дугаартай шинжээчийн дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Жийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.Жийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тул цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: шүүгдэгч Б.Жөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч С.Нямдаваа нь гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул Б.Жөд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Хэрэгт хураагдаж ирсэн жолоочийн үнэмлэхийг буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П овогт Бийн Жийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жөд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Жөд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Жийн жолоочийн үнэмлэхийг буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Нямдаваа нь уг гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтыг нь бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдний өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БААСАНБАТ