Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 478

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,  

улсын яллагч Ц.Ганчимэг,

хохирогч М.Б-,

шүүгдэгч М.А-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.А-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010008870562 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, ам бүл-5 аав, ээж, 2 дүүгийн хамт, ...../

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.А-нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан- Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ” ...” хотхоны автомашин орж гарах зогсоол орчим иргэн М.Б-тэй маргалдан гар утсаар бичлэг хийлээ гэж гар луу нь цохиж ’’Iphone 11” загварын гар утсыг нь унагаан, дэлгэцийг гэмтээсний улмаас 2.159.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.А- нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан- Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ” ...” хотхоны автомашин орж гарах зогсоол орчим иргэн М.Б-тэй маргалдан гар утсаар бичлэг хийлээ гэж гар луу нь цохиж ’’Iphone 11” загварын гар утсыг нь унагаан, дэлгэцийг гэмтээсний улмаас 2.159.200 төгрөгний хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгч М.А-шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хохирогч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хороололд би ажлаар явж байсан. Тэгтэл өөдөөс ачааны машин ирж байсан бөгөөд би зам тавьж өгөхөд явахгүй байхаар нь араас нь хөөж очоод уулзсан. Би буугаад ир, уулзъя гэхэд бууж ирээгүй. Тэгэхэд би гар утсаа гаргаж ирсэн, гэхдээ бичлэг хийгээгүй буцаагаад далд хийтэл гар утсаа гаргаад ир гээд байсан. Тэгээд утсаа гаргаад иртэл миний гар луу цохиж гар утсыг унагаасан. Тэгэхээр нь би миний утас хагарчихлаа гээд үзүүлтэл би хагалаагүй гээд байхаар нь би цагдаад мэдэгдсэн. Би “Мобиком”-д очиж үзүүлэхэд гадны нөлөөтэй учир засагдах боломжгүй гэсэн. Би өөрийнхөө утсаар реклам, сурталчилгааны ажил хийдэг байсан. Би ээжээрээ тэтгэврийн зээл авхуулаад утсаа солиулсан бөгөөд надаас нэмж төлбөр авсан гэв.

Хохирогч М.Б-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ... хорооллоос өөрийн 07-09 УБЗ улсын дугаартай Мерседес бенз С-500 маркийн автомашинтай тус хорооллоос гараад зүүн эргэхэд өөдөөс улаан өнгөтэй Хово загварын автомашин гараад ирсэн. Зам нь нарийхан хажуугаар нь машин гарах боломжгүй байхаар нь би ухарч өгсөн. Тэгтэл нөгөө машин над руу дөхөж ирээд яг миний урд зогсоод машинаа хаазлаад тэр хавиар нэг тоос шороо босгосон. Би ухарч зам тавьж өгөөд байхад намайг өдөөд байхаар нь уур хүрээд нөгөө жолоочийн араас машинтайгаа очтол намайг шахсан. Би машинаа зогсоогоод буугаад хөөе чи одоо яаж байгаа юм бэ гэхэд чи яагаад миний өөдөөс гараад ирсэн юм. Чи зам тавьж өгөх ёстой гээд элдэв янзын хэллэгээр доромжилоод байхаар нь би халааснаасаа 2019 оны 11 дүгээр еарын 08-ны өдөр Мобиком ХХК-иас 2.700.000 төгрөгөөр лизингээр авсан ”Ай Фоне-11” загварын гар утсаа гаргаж ирээд бичлэг хийе гэж бодоод байж байтал нөгөө залуу буугаад ирэхээр нь бичлэг хийх товч руу нь дарсан. Би дөнгөж халааснаасаа гаргаж ирээд бичлэг дээр нь тавьтал нөгөө залуу миний утас руу цохиод унагачихсан. Би анх утсаа авахдаа 900.000 төгрөгний лизинг төлөөд авч байсан. Би утсаа Мобикомд аваачиж өгөхөд гадны нөлөөтэй утас эвдэрсэн бол манай баталгаат хугацаа дуусаагүй ч гэсэн солих боломжгүй гэсэн. Тэгэхээр эвдлүүлсэн гар утасны 2.159.200 төгрөг, сүүлд дахиж утас авсан 1.500.000 төгрөг нийт 3.659.200 төгрөгний хохирол нэхэмжилнэ” гэх мэдүүлэг / хх-ийн 26-28/

 

Хөрөнгө үнэлгээ, зуучлалын "ДАМНО" ХХК-ийн үнэлгээчин, шинжээч Ц. Түвшинцэнгэлийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ-2-20-223 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд ... Тус үнэлэгдэж буй хөрөнгийг зах зээлийн жиших хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.159.200 төгрөгөөр үнэлэв гэх хөрөнгийн үнэлгээний тайлан. /хх-ийн 18-19/

 

Дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-48/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 63/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.А-ын гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар Шүүгдэгч М.А-нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хан- Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ” ...” хотхоны автомашин орж гарах зогсоол орчим иргэн М.Б-тэй маргалдан гар утсаар бичлэг хийлээ гэж гар луу нь цохиж ’’Iphone 11” загварын гар утсыг нь унагаан, дэлгэцийг гэмтээсний улмаас 2.159.200 төгрөгний хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч М.А-ыг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.А-нь “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарна.

Шүүгдэгч М.А-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч М.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч М.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй, эрхэлсэн тодорхой ажилтай, зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор торгуулийн ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

М.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.А-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш торгох ялыг 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. М.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хадгалахаар тогтсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.ДОРЖСҮРЭН