Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 1294

 

 

 

 

 

 

 

 

   2020         07         10                                   2020/ШЦТ/1294

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч О.Баярсайхан,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ат холбогдох эрүүгийн 2006 00000 1196 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.А нь

1. 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн  7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Эрдэнэзаяаг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” “мөнгө зээлээч” зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон дансаар 3.800.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2. 2018 оны 12 дугаар сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.Отгонтөгсийг “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 1.000.000 төгрөгийг /5753644895/ дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан,

3. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 02 дугаар сарын хооронд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Мөнгөнчимэгийг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2.870.000 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан,

4. 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Е март худалдааны төвийн 1 давхарт хохирогч О.Оюундэлгэрийг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2.870.000 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан,

5. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт иргэн Н.Солонгыг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2.000.000 төгрөг дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/     

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 1196 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Л.А нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Ж.Эрдэнэзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2018 оны 02 дугаар сард өөрийн хамаатны эгч Мөнгөнчимэгийн хамт А гэх хүнтэй уулзахад тэр хүн өөрийгөө Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг ба хөдөлмөрийн гэрээгээр Солонгос улс руу хүн гаргаж өгдөг. Гэрээгээр явах ажилчдын дунд хэдэн зай үлдсэн байгаа тул түүнд хамруулж өгнө гэж хэлсэн. Би тухайн үед Солонгос улс руу сурахаар виз мэдүүлсэн байсан бөгөөд А үүнийг надаас дуулаад виз гарсан эсэхийг шалгаад өгье гэж хэлээд миний регистрийг асуусан. Тэгээд нэг хүнтэй утсаар ярьсан. Надад чиний виз гарсан байна, виз мэдүүлсэн газраасаа шаард гэж хэлсэн. А би чамд виз гаргаад өгье, нэг хүний зай үлдсэн, түүнд нь чамайг оруулаад өгье гэж хэлэхээр нь би Баянзүрх дүүрэгт Атэй уулзаж, нотариат хийж, мобайл банк ашиглан түүний 5753644895 дугаар дансанд 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш чимээгүй байж байснаа 2019 оны 02 дугаар сард А нь “надад 800.000 төгрөг зээлээч” гэхээр нь би мобайл банк ашиглан 800.000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. Үүнээс хойш А рүү залгахад утсаа авахгүй байсан бөгөөд 2 сард явуулна гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад хандах гэсэн боловч надаас гуйгаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 07/,

 

Хохирогч Н.Отгонтөгсийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Энхжаргал намайг дуудаад Л.А гэх хүнтэй уулзсан. А өөрийгөө Солонгос улсын элчин сайдын яаманд ажилладаг гэж хэлсэн. Солонгос улс руу явна гээд 5753644895 тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Хохирогч О.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2018 оны 11 дүгээр сарын сүүлээр фэйсбүүкээс Солонгос улсын виз найдвартай гаргана гэсэн зарын дагуу А гэх хүнтэй холбогдоход гэрээгээр ажилчин гаргана. Үнэнээ хэлэхэд манай дарга бид нараар хэдэн хүн олуулж өөрсдөө хэдэн төгрөг олох хэрэгтэй байна. Тэнд очоод нэг хүн сарын 4.000.000 төгрөгийн цалинтай ажиллана, би нэг хүнийг 4.000.000 төгрөгөөр гадагшаа гаргана гэж хэлсэн. Би Дархан-Уул аймгаас 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод ирж А гэх хүнтэй Баянзүрх дүүрэгт уулзаж өөрийн дансанд байсан 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй 2019 оны 02 дугаар сард нийсэхээр боллоо, билетийг бөөнд нь бичдэг гэхээр нь би тийзний мөнгө гэж 870.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Солонгос улсын элчин сайдын яамаас Аийг асуухад тийм хүн байдаггүй гэж хэлсэн ба би өөрийгөө залилуулсан гэдгийг ойлгосон... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

Хохирогч О.Оюундэлгэрийн мөрдөн байцаалтад өгсөн:

...2019 оны 03 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед нөхрийн дүү болох И.Золбоо залгаж манай нөхрөөс “Солонгос улс руу гэрээгээр явах хүний дунд нэг орон тоо гарсан та явах уу” гэж асуусан. Нөхөр бид хоёр ярилцаад манай нөхөр явахаар болоод 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нөхрийн дүүтэй 12 цагийн үед очиж уулзсан. Нөхрийн дүү нь А гэх хүн руу залгаж ярихад “15 цагаас өмнө бичиг баримтаа бүрдүүлээд өг” гэж хэлсэн. Тэгээд 15 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Юнител төвийн гадна А гэх хүнтэй уулзахад тэр хүн өөрийгөө “Солонгос улсын консулын газарт ажилладаг, 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 07 цагт Солонгос улс руу ниснэ, тийм болохоор хурдан бичиг баримтаа бүрдүүлээд 2.870.000 төгрөгтэй авч ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд бичиг баримт болон 2.870.000 төгрөгөө бүрдүүлээд 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Е март худалдааны төвийн 1 давхарт Атэй уулзаж Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 5753644895 дугаартай А гэх данс руу 2.870.000 төгрөгийг шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/,

 

Хохирогч Н.Солонгын мөрдөн байцаалтад өгсөн:

...2019 оны 01 дүгээр сарын дундуур нөхөр бид хоёр Улаанбаатар хотод ирж А гэх эмэгтэйтэй уулзсан. Манай нөхрийн компанийг татварыг нөхөж төлөөд материалаа бүрдүүлээд 02 дугаар сарын 01-ний өдөр ир гэж хэлсэн. Манай нөхрийн компани ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй байсан бөгөөд татварт бараг 1.000.000 төгрөгийг төлсөн. Улаанхуаран орчим визний материалаа өг гээд утасны дугаар өгсөн ба манай танил тэнд ажиллаж ажиллаж байгаа гэж хэлэхээр нь итгэсэн. Тэгээд тэр хүний хэлсний дагуу материалаа өгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гэрээ хийгээд бэлэн 1.000.000 төгрөгийг өгсөн. Дахиж 1.000.000 төгрөгийг А гэх хүний данс руу интернет банк ашиглан шилжүүлсэн. 2020 оны 03 дугаар сар хүртэл холбоотой байсан бөгөөд надаас өмнө материал өгсөн хүмүүсийн материал гарахгүй байхыг сонсоод яг үнэн үү, виз гарах уу гэж асуусан мөчөөс эхэлж тэр хүний утас холбогдохгүй, мөн өөрийн нүүр номоо устгаж алга болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 82/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03, 16, 31, 52, 77/,

- Хохирогч нарын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 04, 17, 53, 78/,

- Л.Аийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39, 94/,

- Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 21, 37/,

 

Шүүгдэгч Л.Аийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би Отгонтөгсөөс мөнгө аваагүй. Эгч Энхжаргал нь Отгонтөгсийг Солонгос улс руу гаргана гэж 1.000.000 төгрөг өгч, би өөрийн 5753644895 тоот дансаар авсан.

Би Мөнгөнчимэгээс 2.870.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5753644895 дугаарын дансаар авсан нь үнэн.

Би 2019 оны 03 дугаар сард Золбоо гэх хүнтэй үеэлээр нь дамжуулан танилцаж байсан бөгөөд түүнээс бид гаргана гээд 2.780.000 төгрөг авсан бөгөөд түүний үеэл нь намайг танилцуулж байсан. Одоо өргөдөл гаргасан байсан Оюундэлгэр нь нөхөр болох Золбоог Солонгос улс руу явуулах виз гаргуулахаар надтай Е мартын 1 дүгээр давхарт уулзаж миний 5753644895 тоот дансанд шилжүүлж авсан. Би нийт 11 иргэнээс энэ аргаар мөнгө авсан.

Би нэг таньдаг хүнээрээ дамжуулж виз гаргаж байсан. Тэр таньдаг хүн маань зуучлалын газарт ажилладаг байсан бөгөөд 2019 оны 02 дугаар сард нас барсан. Би Оюундэлгэрээс тус мөнгийг авахдаа визийг нь гаргаад өгнө гэж бодож байсан. Хэрвээ визийг гаргаж өгч чадахгүй бол мөнгийг нь буцаан өгнө гэж бодож байсан. Оюундэлгэр түүний нөхөр Золбоо нарт учир байдлаа тайлбарласан. Би зарим нэг хүмүүсийн хохирлыг барагдуулж эхэлсэн.

Би Солонгоос бэлнээр мөнгө аваагүй. Харин Хаан банкны 5753644895 дугаар дансаар 1.000.000 төгрөгийг авсан ба өөр мөнгө аваагүй гэх мэдүүлгүүд /хх-ийн 27, 42, 58, 116/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Л.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх тооцсон.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хохирогч, шүүгдэгчийг асууж байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Ат холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Шүүгдэгч Л.Аийн хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газрын газраас шүүгдэгч Л.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжинд хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Л.А нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд оролцсон болно.

 

Иймд шүүгдэгч Л.Аийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Ат ял оногдуулахад тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулаагүй болох нь тэдний мэдүүлэгээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс дээрх хохирлыг гаргуулж олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.А нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байх тул түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Л.Аийн цагдан хоригдсон арван долоо хоногийг эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Лын Аийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аийг арван /10/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 7 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат оногдуулсан 2 жил 7 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аийн цагдан хоригдсон арван долоо хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аээс 12.540.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Эрдэнэзаяа /та92081301/-д 3.800.000 төгрөг, Н.Отгонтөгс /тв88061166/-д 1.000.000 төгрөг, О.Мөнгөнчимэг /та74111007/-д 2.870.000 төгрөг, О.Оюундэлгэр /ню88032404/-т 2.870.000 төгрөг, Н.Солонго /оэ91062321/-д 2.000.000 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, эдлэх ялыг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ