| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2018/0018/з |
| Дугаар | 30 |
| Огноо | 2018-10-01 |
| Маргааны төрөл | Төрийн болон орон нутгийн өмч, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 30
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом суманд байрлах, “У Р Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох,
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А/116 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ус рашаан эрдэнэ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Г.Т, Р.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “У р э” ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У Р Э” ХХК нь 2014 оны 10 сарын 28-ны өдөр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргатай хүнсний худалдааны “Мини зах”-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах тухай гэрээ байгуулж Улаангом сумын 3-р багт байрлах 27 лангуу бүхий “Мини зах”-ыг өөрийн эзэмшилд шилжүүлж авсан. Гэрээ байгуулахдаа барьцаа болгон 20652000 төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулсан. Мини захыг манай компанид хүлээлгэн өгөх үед 4 лангууны хагас хулсан хаалт дутуу, 27 лангуунаас 16 лангууны цахилгаан залгуур суурилагдаагүй, мөн барилгын оройн хэсэг цоорхой гэрэлтэж харагдаж байсан, галын хорны хугацаа дууссан, дээврийн усны хаялга байхгүйгээс болзошгүй аюулаас сэргийлэх боломжгүй байсан зэргийг актад тусгуулж байсан. Эдгээр асуудлуудыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх санал тавьж байсан ба худалдагч тал эдгээр асуудлыг бүрэн шийдвэрлэж өгөхөөр тохиролцсон юм. Гэрэл цахилгааны асуудлаар мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан. Лангууг хүнсний худалдаа эрхлэгч нарт түрээсэлсэн боловч барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан монтаж, разетка, унтраалга ажиллагаагүй, тоног төхөөрөмж ажиллуулах боломжгүй, хүчдэл даахгүй зэрэг байдлаас болж түрээслэгч нар түрээсээ төлөхгүй гарцгаасан. Дээрх нөхцөл байдлууд нь “У р э” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхэд ноцтойгоор нөлөөлөх гол шалтгаан болсон.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/116 тоот тогтоолоор манай компанийг гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн гэрээг цуцалж, дэнчинг улсын орлого болгосон.
Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хувьчлах эрхийг хуулийн дагуу гаргах ёстой ба үйл ажиллагааг удирдах газар нь иргэдийн төлөөлөгчдийн хурал биш байсан. Менежментийн хувьчлалын талаарх мэдээллийг Засаг даргын тамгын газрын дарга нь баталж, захиргааны байгууллага нь тендерийг шалгаруулж, Засаг даргын зөвлөлөөр шийдвэр нь гарсан байгаа. Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол нь хуульд нийцээгүй ба гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд оролцох эрхгүй байгууллага гэж үзэж байна. Худалдагч тал нь үүргээ 95 хувь биелүүлээгүй байтлаа нөгөө талаа гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн. Би 2014 онд “Мини захыг” хүлээн авч 27 лангуунаас 25 нь лангууг түрээслүүлэхээр хүн оруулсан боловч тухайн объектын гэрэл нь харанхуй болон 26 разеткнаас 11 нь ажиллаж байсан. Үүнийг засах гэсэн боловч хөрөнгө хөдөлгөж болохгүй гэсэн журамтай байсан тул засвар оруулж болохгүй байсан ба Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдал, Барилга хот байгуулалтын мэргэжилтэн нарт хандаж, тухайн байгууллагуудтай хамтран дүгнэлт гаргуулж байсан.
2015 онд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Мини зах” дотор үйлдвэр худалдааны үйл ажиллагаа явуулах тогтоол гаргасан боловч түүний дагуу гутал засвар, хүүхэд харах үйлчилгээг оруулж ажиллуулж байтал Хүүхэд гэр бүл залуучуудын хөгжлийн газраас зориулалтын бус газар оруулсан гэж эсэргүүцэж гаргасан. “У Р” ХХК-аас 2015 онд гэрээг цуцлах санал оруулсан. Тухайн үед “У Р-Э” ХХК нь Барилга хот байгуулалт хөгжлийн бодлогын хэлтэс, Увс аймгийн иргэдийн Хурал, Увс аймгийн Засаг дарга нарт албан тоот өгч “Мини захын” 2 талд 3 метр зай өгвөл тухайн зайд склад барих боломжтой байна гэж санал гаргасан боловч дэмжигдээгүй.
2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “Бумномин” ХХК нь гэрэл цахилгаан разеткыг тавьж өгсөн боловч “Мини зах”-ын түрээслэгчид ашиггүй орлогогүй харанхуй разеткгүй гэх шалтгаанаар лангуу түрээслэхээ больж гарсаар 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 5 лангуу түрээслэгчтэй үлдсэн байсан ба түүнээс 8 сарын дараа Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээний үүргийг биелүүлээгүй гэх шалтгаанаар “Мини зах”-ыг татан буулгах шийдвэр гаргасан. Миний хувьд холбогдох албан байгууллага хууль шүүхийн байгууллагад хандаж явсны улмаас жилийн дараа 2018 оны 6 дугаар сард хүлээлгэж өгсөн. Өнөөдрийн байдлаар “Ч У” ХХК-д 200.000, Хот тохижилт үйлчилгээний газарт 50.000 төгрөгийн өр төлбөртэй ба өөрөөр ямар нэг байдлаар өртүүлсэн зүйл байхгүй. Дулааны үнийг нэхэмжилэхэд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон.
“У Р-Э” ХХК нь хууль дүрэм гэрээ зааврыг баримтлан хэвийн ажиллаж байсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцан “Мини зах”-ыг хэвийн ажиллуулж байхад “У Р-Э” ХХК-ийн захирал ажил хийсэнгүй, “У Р-Э” ХХК нь тайлан мэдээ өгдөггүй гэх шалтгаанаар ажил дүгнэхдээ оноо хассан байсан. Захирал байхгүй байсан ч миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Мини зах”-ын бүхий л ажлыг гардан авч болохгүй байгаа зүйлийн төлөө олон албан газарт хандаж шаардлага гаргаж байсан. Тайлан мэдээний хувьд сар бүр цаг алдахгүй хүргүүлж байсан ба сүүлд “Мини зах” лангуу түрээслэгчгүй болж ажил зогсонги байдалд орж улмаар тайлан мэдээ гаргаагүй.
Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол үндэслэлгүй гарсан тул А/116 тоот тогтоолыг хүчингүй болгож өгнө үү “ гэв.
Хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга Э.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа:” Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 дүгээр сарын 16-ны А/49 дүгээр тогтоолоор "У Р" ХХК-д хүнсний худалдааны "Мини зах"-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлахаар шийдвэрлэж "Мини зах"-ыг “Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах" гэрээ байгуулан тус компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
"Мини зах"-ын барилгыг улсын комиссоос хүлээж авсан актын дагуу "Мини зах”-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээний 1.1.2-т заасан батламж бичгийн дагуу акт үйлдэн хүлээлгэн өгсөн.
"Мини зах"-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зœйлийн 58.1-д Төрийн өмчит хуулийн этгээдийг удирдах үйл ажиллагааг /менежмент/ удирдлагын өндөр мэргэшил, дадлагатай, үйлдвэрлэлийг үр ашигтай зохион байгуулах ур чадвартай, хувийн өмчит хуулийн этгээд, хувь хүнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно гэсэн зохицуулалтыг баримталсан байхаас гадна бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэн явуулах талаарх харилцааг зохицуулсан онцлог шинжтэй акт юм. Тус компанитай "Мини зах”-ыг хувьчлах гэрээ байгуулахдаа менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон Төрийн сан дахь орон нутгийн өмчийн сангийн дансанд 20.652.000 төгрөгийн дэнчинг гэрээнд заасан нөхцлийнхөө дагуу төлөх ёстой байдаг.
"У р э" ХХК нь гэрээний үүргийнхээ дагуу үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа тухайн барилгын гэрэлтүүлэг, цахилгаан, дээвэр зэрэг нь үйл ажиллагаа хэвийн явуулахад шаардлага хангахгүй байгаа талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд болон орон нутгийн өмчийн албанд хандаж байсан удаатай.
Аймгийн ИТХ-аас тус компанийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр дэмжих үүднээс ирүүлсэн хүсэлт бүрийг зохих байдлаар шийдвэрлэх талаар ажил гүйцэтгэгч компани болон аймгийн Засаг даргад хандсан шийдвэрүүд гарч байсан.
Мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар 02-ны өдрийн 20/07033/01 тоот дүгнэлтийн дагуу шаардлагатай ажил үйлчилгээнүүдийг гүйцэтгэгч компаниар хийж гүйцэтгүүлж байсан ба энэ талаар Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2015 оны 01 сарын 21-ний 25 тоот албан бичгээс харж болно.
Мөн "У р" ХХК нь 2015 оны 07 сарын 27-ны 07 тоот албан бичгээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд болон орон нутгийн өмчийн албанд гэрээний биелэлтийн тухай санал ирүүлсэн байдаг энэ талаарх асуудлаар тодорхой ажил зохион байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 2015 оны 11 сарын 06-ны А/146 тоот тогтоолын 1 дэх хэсэгт "Мини зах"-ыг "Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ"-нд өөрчлөлт хийж гэрээний 9.4.1-т заасан худалдан авагч нь байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй бөгөөд үйчилгээний хүрээг сайжруулна гэснийг Хүнс барааны худалдаа гэж өөрчлөх, 9.4.2 Хүнсний худалдаанд харшлахгүй бэлэн бүтээгдэхүүн худалдах, ажил үйлчилгээ үзүүлэх гэж нэмж үйлчилгээний төрөлд өөрчлөлт оруулсан шийдвэрийг хүртэл гаргаж гэрээний хугацааг дахин 2 жилээр сунгаж шийдвэрлэсэн тул гэрээ цуцлагдсан гэх асуудал байхгүй болно.
Менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэдэг асуудал өөрөө тухайн байгууллагын үйл ажиллагааг үр ашигтайгаар удирдан зохион байгуулах, засаж сайжруулах талаар тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой байдаг. Гэтэл "У р э" ХХК нь "Мини зах"-ын үйл ажиллагааг ашигтайгаар удирдан зохион байгуулж менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ байгуулсан гэдэг үүргээ ойлгож ажиллаж чадаагүй.
"Мини зах"-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээ байгуулахдаа менежментийн гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгон Төрийн сан дахь Орон нутгийн өмчийн сангийн дансанд байршуулсан 20.652.000 төгрөгийн дэнчинг буцаан олгох үндэслэл байхгүй болно.
Иймд "У р э" ХХК-ийн хүсэлт бүрийг шийдвэрлэж захын үндсэн үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөн гэрээг шинэчлэн байгуулж, үр ашигтай ажиллах боломж бололцоог хангаж өгсөөр байтал өөрийн үйл ажиллагаагаа зөв менежментээр удирдан зохион байгуулж ажиллаж чадаагүйгээс алдагдалд хүрч гэрээний үүргээ хангалттай биелүүлж чадаагүйн улмаас гэрээ цуцлагдах үндэслэл болсныг “Худалдагч тал" болох аймгийн ИТХ-ыг гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны А/146 тоот тогтоол гарсантай холбогдуулан гэрээний хугацааг 2 жилээр сунгаж гэрээ байгуулагдсан ба гэрээнд гэрээний үйлчлэх хугацаа гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 жилийн хугацаатай байхаар зааж өгсөн. Иймд 2017 онд гэрээний хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан ажлын хэсэг ажиллаж "У р" ХХК-ийн гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн тул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж 2017 оны 11 сарын 03-ны А/116 дугаар тогтоолоор гэрээ цуцлах тухай шийдвэрийг гаргасан.
Иймээс "У р" ХХК-иас танай шүүхэд хандаж гаргасан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж 2017 оны 11 сарын 03-ны А/116 дугаар тогтоолыг хууль бус захиргааны акт тул хүчингүй болгож өгөхийг даалгасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/49 тоот тогтоолоор менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах тухай тогтоол гарч гэрээ болон бусад баримт бичгүүдийг хавсралтаар баталсан.
“У Р-Э” ХХК нь бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад санал гаргаж 2015 онд гэрээнд хүнсний худалдаа, бараа үйлчилгээ гэх 2 төрлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож, гэрээ 2 жилийн хугацаатай сунгагдаж дахин тогтоол гарсан. 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл “У Р-Э” ХХК бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн явах ёстой байсан. Гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Увс аймгийн Засаг даргын ажлын алба хамтран худалдагч тал болно гэж заасан байгаа тул уг гэрээг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Худалдан авагч нь уг тендерт оролцохдоо гэрээний үүргийн биелэлтийн барьцаа болгож 20.652.000 төгрөгийн дэнчинг Төрийн сангийн орон нутгийн өмчийн дансанд байршуулсан. Бизнес төлөвлөгөө болон менежментийн гэрээний дагуу үүргээ биелүүлэх барьцаа байсан ба гэрээг дүгнээд цаашид хувьчлах үйл ажиллагаа явагдвал тухайн барилгын нийт өртөг дүнгээс хасагдаж тооцох зорилготой байсан. Гэтэл тухайн үүргийг биелүүлээгүй тул дэнчин болох 20.652.000 төгрөгийг буцаан олгох боломжгүй байна. Энэ талаар гэрээний 12.2 дугаар зүйлийн 12.2.2 дэх хэсэгт менежментийн гэрээний үүргийн барьцаа болон төрийн санд байршуулсан 20.652.000 төгрөг нь улсын орлого болно гэж заасан ба гэрээнд заасан аль нэг үүргийг зөрчсөн тохиолдолд гэрээ цуцлах үндэслэл болохыг гэрээнд тусгагдсан байгаа тул Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 116 тоот тогтоолоор гэрээг цуцалсан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлд зааснаар “Төрийн өмч хөрөнгийг бусдад шилжүүлэх, хувьчлах асуудлыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр шийдвэрлэнэ” гэсэн заалтын үндсэн дээр 2014 онд “Мини зах”-ыг менежментийн хувьчлалаар хувьчлах шийдвэрийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж, хувьчлал явуулах журам, гэрээний төслийг баталж байсан. Увс аймаг дахь “Мини зах”-ын барилга байгууламжийг хувьчлах зар гаргаж 30 хоногийн хугацаатай зар явуулсны үндсэн дээр “У р-Э” ХХК, “Ёл алтан од” ХХК гэсэн 2 компани оролцох хүсэлт ирүүлсний дагуу эдгээр компаниудыг шалгаж оролцох боломжтой гэж үзээд 30 хоногийн хугацаа өгч тэдгээрийн бизнес төлөвлөгөө хэрэгжүүлэх саналыг хэлэлцэх ажлын хэсэг байгуулагдаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Ус рашаан-Эрдэнэ” ХХК-ийн бизнес төлөвлөгөөг сонгосон шийдвэр гарч Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба нарт үүрэг болгож, гурвалсан гэрээг анх байгуулж байсан. “У р-Э” ХХК-аас захирал О, Ж.М нарын бүрэлдэхүүнтэй хувьчлалын баг оролцож байсан. 2014 оноос эхлэн менежментийн хувьчлал явагдаж явц дунд “У р-Э” ХХК-аас ашигтай үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа тул гэрээг цуцлах санал оруулж саналыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж “У р-Э” ХХК-аас санал асуухад зөвхөн хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэсэн хатуу заалттай тул бид түрээслэгчдийг татаж чадахгүй байна гэсэн. Саналыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хүлээн зөвшөөрч 2015 онд гэрээг дахин шинэчлэн байгуулах тогтоол гарч гэрээг 2 жилийн хугацаатай байгуулж 2017 онд гэрээ дууссан. Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаас Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд заагдсан эрх хэмжээний хүрээнд гэрээг цуцлах тогтоол гаргасан”гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”У р-Э” ХХК-тай байгуулсан менежментийн гэрээний үүргийн биелэлтийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хурлаар хэлэлцэж гэрээг хүчингүй болгосон. “У р-Э” ХХК-ийн гэрээний үүрэг, гэрээний биелэлтийг шалгахаар ажлын хэсэг байгуулагдаж, тухайн ажлын хэсгийн “У р-Э” ХХК-тай байгуулсан гэрээ хангалтгүй биелэгдсэн байна гэсэн дүгнэлтэд тулгуурлан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулж гэрээг цуцлах шийдвэр гарсан”гэв.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “У р э “ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-с Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А/116 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
“У А Э” ХХК нь маргаан бүхий акттай холбогдуулан Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд гомдол гаргасныг тус хурлын тэргүүлэгчид хэлэлцээд гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн энэ талаар иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2018.04.18-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлд тэмдэглэн, 2018 оны 04 сарын 26-ны өдрийн 90 дугаартай албан бичгээр хариуг өгчээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газар, тухайн асуудлыг харьяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс тогтоолыг эс зөвшөөрч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдол гаргаж хариугаа аван шүүхэд хандсан байх тул нэхэмжлэлээ хуульд заасан хугацааны дотор гаргасан байна гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг “Тухайн барилгыг хүлээлгэж өгөхөд 16 лангууны цахилгааны залгуур суурилагдаагүй байсан бөгөөд түрээслэгчид ажиллах нөхцөл боломжгүй болж гарцгаасан. Иймд манай компанийн зүгээс 2015 онд гэрээг цуцлуулах саналыг хүргүүлсэн тул гэрээг цуцлагдсан гэж үзэж байгаа, ямар журмыг үндэслэж ажлын хэсэг гэрээний үүргийг хангалтгүй гэж үзсэн нь тодорхойгүй” гэж тодорхойлжээ.
Хариуцагчийн зүгээс ”У р э” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 16-ны өдрийн А/49 тоот тогтоолоор “Мини зах”-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлахаар шийдвэрлэж 2014 оны 10 сарын 17-ны өдөр Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон “Ус рашаан эрдэнэ” ХХК-ийн хооронд хүнсний худалдааны “Мини зах”-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээг байгуулжээ.
2014 оны 10 сарын 28-ны өдөр Улаангом сумын 3-р багт байрлалтай “Мини зах”-ын барилгыг “У р э” ХХК-д хүлээлгэн өгч акт үйлджээ.
Актад “Мини зах”-ыг хүлээлгэн өгөх үед 4 лангууны хагас хулсан хаалт дутуу, 16 лангууны цахилгаан залгуур суурилагдаагүй, дээврийн орой хэсгээс гэрэлтэж харагдаж байгаа, галын хорны хугацаа дууссан, гадна дээврийн усны хаялага байхгүйгээс болзошгүй аюулаас сэргийлэх боломжгүй байгааг шийдвэрлэж өгөх талаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүсэлт гаргасан байгаа талаар дурдсан байна.
Хөрөнгө хүлээлгэн өгөх тухай актад дурдсан зөрчлүүдийг засах талаар “У р э” ХХК-ийн зүгээс болон Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал холбогдох санал хүсэлт, шаардлагыг тухай бүр тавьж байсан байх ба энэ талаар дараах баримтууд хэрэгт авагдсан болно.Үүнд:
-Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны 2014.10.09-ний өдрийн 297 дугаартай Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргад хаягласан “Мини зах”-ын барилгын дутуу хийгдсэн ажлыг “Бумномин” ХХК-иар хийлгүүлэх тухай албан бичиг,
- Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Ажлын албаны 2014.10.14-ний өдрийн 301 дугаартай “Бумномин” ХХК-д хаягласан “Мини зах”-ын барилгын дутуу хийгдсэн ажлыг хийж гүйцэтгэх тухай албан бичиг,
-“Бумномин” ХХК-ийн 2015.06.19-ний өдрийн 107 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай 16 разеткын төсвийг ирүүлэх агуулга бүхий албан бичиг,
-“У р ” ХХК-ийн 2014.10.13-ны өдрийн 126 дугаартай албан бичиг,
“У р э” ХХК нь “Мини зах”-ын цахилгаан хангамжийн талаар дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын газарт хандсаны дагуу эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2014.12.02-ны өдрийн 20/07/033/01 дугаартай дүгнэлт гарсан байх бөгөөд дүгнэлтээр захын дотор цахилгаан монтаж нь холбогдох норм, дүрмүүдийн шаардлагыг хангахгүй байгаа талаар дүгнэж уг зөрчлүүдийг арилгуулах тухай 2014.12.02-ны өдрийн 20/07/033/01 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг “У р э” ХХК-д хүргүүлсэн байна.
2016 оны 11 сард 16 лангууны разеткын асуудлыг шийдвэрлэж засварлаж ажиллах боломжтой болсон талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс мөн тухайн үед 16 разеткыг засварласан талаар тайлбарлаж маргаангүй байна.
Менежментийн гэрээний тайлангийн тухайд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба 2015.02.16-ны өдрийн 67 дугаартай албан бичгээр “Ус рашаан эрдэнэ” ХХК-ид хандан гэрээний үүргийн биелэлтийн тайлангаа ирүүлэхийг шаардаж байсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухай бүр гэрээнд заасан хугацаанд тайлангаа хүргүүлж байсан талаар тайлбарлаж хэрэгт өөрсдийн гаргаж байсан гэх тайлангуудыг хавсаргуулсан байна.
Гэрээг хэрэгжих явцад Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 3 удаагийн ажлын хэсэг томилогдон дүгнэлт гаргаж байсан ба анх “Ус рашаан эрдэнэ” багийн менежментийн гэрээний үр дүн,үүргийн биелэлтийг хянаж,танилцуулах ажлын хэсэг 2015 оны 02 сарын 24-ний өдөр хүнсний худалдааны “Мини зах”-ын үйл ажиллагаатай танилцжээ.
Ажлын хэсэг дүгнэлтдээ 16 лангууны цахилгаан дутуу, заалны гэрэлтүүлэг болон цахилгааны хүчин чадлыг бууруулан тавьсан зэргээс “У Р Э” баг үйлчлүүлэгчээ алдахад хүрч ашиггүй ажиллах болсон гэж үзээд засвар, дутуу ажлыг “Бумномин” ХХК-иар гүйцээн хийлгэж, цаашид ашигтай ажиллах нөхцлийг бүрдүүлж ажиллах зөвлөмжийг хүргүүлэн 2015 оны хагас жил хүртэл хугацаагаар үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэсэн саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар шийдвэрлэжээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны 2015.04.21-ний өдрийн 135 дугаартай албан бичгээр “Тэргүүлэгчдийн хурлаар “Мини зах”-ын хувьчлалын үйл ажиллагааг 2015 оны хагас жил хүртэл үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж шийдвэрлэснийг мэдэгдэж гэрээний үүргийг биелүүлж, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээг авч биелэлтийг тайлагнахыг мэдэгджээ.
“У Р Э” ХХК-иас Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, орон нутгийн өмчийн албанд хандаж хүргүүлсэн 2015.07.29-ний өдрийн 07 дугаартай албан бичигт “Захын үйл ажиллагааны талаар зайлшгүй авах арга хэмжээний тухай удаа дараа албан тоотоор мэдэгдэж шаардлага хүргүүлсэн боловч ахиц гарсангүй. Өнөөдрийн байдлаар гэрэлтүүлэг муу, 16 лангуу разетка байхгүй. Нийт 23 түрээслэгч орсон боловч одоо 11 хүнтэй ажиллаж бусад нь дээрх дутагдлын улмаас гарсан. Худалдагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй тул эдийн засгийн хохирол хүлээсэн. Иймд гэрээг цуцлах санал хүргүүлж байна” гэжээ.
Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас томилогдсон “У Р Э” багийн менежментийн гэрээний үр дүн, үүргийн биелэлтийг хянаж, танилцуулах дараагийн ажлын хэсэг 2015 оны 07 сарын 31-ний өдөр захын үйл ажиллагаатай танилцаж ажлын хэсгийн тайланг гаргасан байна.
Ажлын хэсгийн дүгнэлтэнд “У Р Э” баг бизнес төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа хийгээгүй, санхүүгийн бодит тайланг гаргадаггүй, ашигтай ажиллаж чадаагүй байгаа талаар дурдаж 16 лангууны цахилгаан дутуу суурилагдсан, цахилгааны хүчин чадлыг бууруулан тавьсан зэргээс үйлчлүүлэгчээ алдахад хүрч ашиггүй ажиллах болсон гэж “У Р Э” ХХК-ийн зүгээс үзэж гэрээг цуцлах санал ирүүлснийг Тэргүүлэгчдийн хуралд танилцуулах нь зүйтэй гэжээ.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015.11.06-ны өдрийн хурлаар “Мини зах”-ын үйл ажиллагааны тайланг хэлэлцээд “Мини зах”-ын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулан гэрээг цааш үргэжлүүлэхээр шийдвэрлэсэн талаар 15 дугаартай тэмдэглэлд тусгагджээ.
Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн А/146 дугаартай тогтоолоор “Мини зах”-ын үйл ажиллагааны хүрээг өргөтгөн нэмэгдүүлэх зорилгоор менежментийн гэрээний 9-р зүйлийн 9.4 дэх заалт Үндсэн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүй байх гэснийг үндсэн үйл ажиллагааны чиглэл гэж, 9.4.1-д худалдан авагч нь байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэл,хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүй бөгөөд үйлчилгээний хүрээг сайжруулна гэснийг Хүнс, барааны худалдаа гэж өөрчлөх, 9.4.2-д Хүнсний худалдаанд харшлахгүй бэлэн бүтээгдэхүүн худалдах, ажил үйлчилгээ үзүүлэх гэж нэмж гэрээний холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж баталж, гэрээнд өөрчлөлт орсонтой холбогдуулан гэрээг шинэчлэн байгуулах талаар шийдвэрлэсэн байна.
Гэрээний үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулсантай холбогдуулан 2015 оны 11 сарын 06-ны өдөр гэрээг шинээр байгуулан холбогдох өөрчлөлтийг оруулж, гэрээний хугацааг 2 жил байхаар тогтоожээ.
Менежментийн гэрээний үүргийн биелэлтэд дүгнэлт хийх дараагийн ажлын хэсэг 2017 оны 04 сарын 04-ний өдрийн ажлын хэсгийн тайлангаараа “Ус рашаан эрдэнэ” ХХК-ийн гэрээний үүргийн биелэлтийг нийт 100 оноогоор үнэлж “У Р Э” ХХК-ийн багт нийт 50 оноог өгч гэрээний үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзжээ.
Энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А/116 дугаартай тогтоолоор “У Р Э”ХХК-ийг гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн “У Р Э” ХХК-тай байгуулсан менежментийн гэрээг цуцалж, дэнчинг улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
2015 оны 11 сарын 06-ны өдөр байгуулсан менежментийн гэрээнд хувьчлах байгууллагын тодорхойлолт, худалдагч, худалдан авагч талуудын хүлээх эрх үүрэг дараах байдлаар тусгасныг тэмдэглэв. Үүнд:
Худалдагчийн үүргийн талаар гэрээний наймдугаар зүйлийн 8.1.1-д”... Худалдагчаас худалдан авагчид гаргасан мэдэгдэл,баталгааг үндсээр нь өөрчилсөн үйл явдал, баримт бий болох, эсвэл ийм өөрчлөлт гэрээнд гарын үсэг зурсан өдрөөс хойш гарах тохиолдолд худалдагч нь энэ тухай худалдан авагчид нэн даруй мэдээлнэ” гэж заажээ.
Худалдан авагчийн үүргийн талаар гэрээний есдүгээр зүйлийн 9.1-9.14 хүртэл нийт 14 үүргийг тодорхойлжээ.Үүнд: -Менежментийн багийн 80-иас доошгүй хувь нь өөрчлөгдөхгүй байх
Гэрээний арваннэгдүгээр зүйлд гэрээний үүргийн биелэлтийг хянаж, дүн шинжилгээ хийх талаар тусгасан байх ба хавсралтад заасан хуваарийн дагуу гэрээний үүргийн биелэлтийг хянаж, дүгнэх ажлын хэсгийг томилох,ажлын хэсэг гэрээний үүргийн биелэлттэй танилцаж дүгнэлт, үнэлгээ өгөх эрхтэй талаар дурджээ.
Гэрээний арванхоёрдугаар зүйлд менемжентийн гэрээ дуусгавар болох талаар зохицуулсан байх ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас менежментийн гэрээний үүргийн биелэлт “хангалттай” гэж үзвэл менежментийн гэрээ дуусгавар болсон тухай баримтад талууд гарын үсэг зурна, ”хангалтгүй” гэж үзвэл менежментийн гэрээг цуцлах шийдвэр гаргана гэжээ.
Мөн гэрээний 12.2 дугаар зүйлийн 12.2.2-д гэрээ дуусгавар болсноор худалдан авагчийн барьцааны дэнчинг улсын орлого болгоно гэжээ.
“Мини зах”-ыг менежментийн үр дүнг харгалзан хувьчлах гэрээний хавсралтад “У Р Э” ХХК-ийн “Мини зах”-ыг ажиллуулах бизнес төлөвлөгөөг хавсаргасан бөгөөд бизнес төлөвлөгөөнд захын 27 павилоны талбай, 2 ажлын оффис зориулалтын өрөөг хүнсний худалдаа, үйлдвэрлэл эрхлэгчид түрээсийн гэрээ байгуулан санхүүгийн хувьд ашигтай ажиллахаар төлөвлөж холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэхээр тусгажээ.
Гэрээний 6.2-р зүйлийн 6.2.1-д зааснаар “Мини зах”-ын барилга нь орон нутгийн өмч болох талаар дурдсан ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна гэж заасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлд удирдах үйл ажиллагааны үр дүнг харгалзан хувьчлах талаарх асуудлыг зохицуулсан ба мөн зүйлийн 58.4-д: “Гэрээнд үүргийн тухай болон ажил гүйцэтгэх гэрээний тухай Иргэний хуульд тодорхойлсон заалтуудыг баримтлахаас гадна дараахь болзлыг заавал тусгана:
1/ удирдах үйл ажиллагааг гүйцэтгэгч / менежер / этгээдээс үйлдвэрийн зохион байгуулалт, технологийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах болон үр ашиг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх хугацаа, үе шат, дүгнэж үнэлэх шалгуур үзүүлэлт, журам;
2/ гэрээгээр ажиллах этгээдийн цалин хөлс, урамшил;
З/ гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн нөхцөлд төрийн өмчийн эд хөрөнгөөс хувьчлан өгөх хэмжээ, хэлбэр, үнэ;
4/ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйд хүлээлгэх хариуцлага, учруулсан хохирлыг нөхөн төлөх хэлбэр, хэмжээ, түүнд барьцаалах хөрөнгө гэжээ.
Үүнээс үзэхэд менежментийн гэрээг хэрхэн биелүүлсэн, бизнес төлөвлөгөөг дүгнэж үнэлэх шалгуур үзүүлэлт, журмыг заавал гэрээнд тусгасан байхыг шаардаж байгаа бөгөөд энэхүү гэрээнд заасан журмын дагуу гэрээг дүгнэх ёстой байна.
“У Р Э” ХХК-ийн менежментийн гэрээний дүгнэлтийг томилогдсон ажлын хэсэг дүгнэхдээ өөрсдөө хэрхэн ямар системээр дүгнэхээ тухайн үедээ тохиролцон дүгнэсэн болох нь 2017 оны 04 сарын 04-ны өдрийн ажлын хэсгийн тайлангаар тогтоогдож байна.
Мөн Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тэргүүлэгчид гэрээг хэрхэн яаж дүгнэж байгаа талаар тодорхой тусгагдаагүй байх бөгөөд асуудлыг шийдвэрлэсэн гэх хэсэгт гэрээний үүргээ “У Р Э”ХХК хангалтгүй биелүүлсэн гэж үзэн гэрээг цуцлан дэнчинг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг тэмдэглэжээ.
Ийнхүү захиргааны зүгээс гэрээний биелэлтийг дүгнэхдээ хэрхэн ямар шалгуур, журмаар дүгнэх нь тодорхой бус байхад ажлын хэсгийг томилж, гэрээг дүгнүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.1-д заасныг зөрчсөн байхын зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаа хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод нээлттэй байх зарчмыг хөнджээ.
Гэрээ дуусгавар болох тухай ойлголтод ердийн журмаар гэрээ дуусгавар болох буюу гэрээний хугацаа дууссанаар гэрээ дуусгавар болох, мөн хугацаанаас өмнө гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар гэрээ дуусгавар болох тухай хамаарна.
Менежментийн гэрээний хувьд 2015 оны 11 сарын 06-ны өдөр шинэчлэн байгуулж гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа 2017.11.06-ны өдөр дуусгавар болохоор байна.
Хариуцагч тал гэрээний хугацаа дууссантай холбоотой гэрээг дүгнэсэн гэж тайлбар гаргасан ба нэгэнт гэрээний хугацаа дуусгавар болж байгаа тохиолдолд гэрээ цуцлах тухай ойлголт байхгүй юм.
Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусахад менежментийн гэрээний нэгдсэн тайланг тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн гэрээг дүгнэхээр байхад гэрээний хугацаа дуусах болоогүй үед буюу 2017 оны 4 сарын 4-ний өдөр хийгдсэн гэрээний үүргийн биелэлтэд дүгнэлт хийсэн ажлын хэсгийг дүгнэлтийг 2017 оны 11 сарын 03-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж гэрээг хангалтгүй гэж дүгнэн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь алдаатай болжээ.
Иймд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А/116 дугаартай тогтоол нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2015 оны 11 сарын 06-ны өдөр гэрээг шинээр байгуулан холбогдох өөрчлөлтийг оруулж батлан талууд гарын үсэг зурсан, ”У Р Э” ХХК-ийн зүгээс үйл ажиллагаагаа зогсоогоогүй ажиллаж байсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “2015 онд манай компани гэрээг цуцлах санал хүргүүлсэн тул гэрээг урьд нь цуцлагдсан гэж үзэж байна” гэх тайлбар үндэслэлгүй болохыг тэмдэглэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчийн ажлын албанаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “У Р Э”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 11 сарын 03-ны өдрийн А/166 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгчдийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн,хариуцагч Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.