Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 76

 

2017 оны 01 сарын 27 өдөр     Дугаар 156/ШШ2017/00076    Хэнтий аймаг


Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 156/2017/00015/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн суманд байрлах, “Хангал зээрд” ХХК-ийн захирал Н.Шархүүд холбогдох, 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
"нийгмийн даатгалын шимтгэл 185 871 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... “Хангал зээрд” ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн суманд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд уг компани нь 2013 оны жилийн эцсийн тайлангаар нийгмийн даатгалын шимтгэлийн 235 871 төгрөгийн өртэй гарсан.  2013 оноос эхлэн хариуцсан байцаагч Н.Энхмягмар, орлого шимтгэлийн улсын байцаагч Д.Жаргалмаа нар нь удаа дараа өр төлбөрийг төлж барагдуулах талаар шаардахад 2016 оны 06 дугаар сард 50 000 төгрөгийг төлсөн юм. Иймд нийгмийн даатгалын шимтгэл 185 871 (нэг зуун наян таван мянга найман зуун далан нэгэн) төгрөгийг “Хангал зээрд” ХХК-иас гаргуулж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгон, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ. (хх-ийн 1-2 тал)

Хариуцагч “Хангал зээрд” ХХК-ийн захирал Н.Шархүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нийгмийн даатгалын шимтгэл 185 871 (нэг зуун наян таван мянга найман зуун далан нэгэн) төгрөгийг  2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхийг зөвшөөрч байна. ... Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ  (хх-ийн 36 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Хангал зээрд” ХХК-ийн захирал Н.Шархүүгээс "нийгмийн даатгалын шимтгэл 185 871 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч “Хангал зээрд” ХХК-ийн захирал Н.Шархүү нь Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн "нийгмийн даатгалын шимтгэл 185 871 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч “Хангал зээрд” ХХК-ийн захирал Н.Шархүүд холбогдох, Хэнтий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, “нийгмийн даатгалын шимтгэл 185 871 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч “Хангал зээрд” ХХК-ийн захирал Н.Шархүүгээс улсын тэмдэгтийн хураамж 3 113 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ