Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1299

 

 

 

 

 

 

 

 

   2020         07         16                                   2020/ШЦТ/1299

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Нт холбогдох эрүүгийн 1906 03399 1487 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 97 дугаар сургуулийн ойролцоо иргэн Б.Түвшинд “чи утсаа өгч байгаач би ээждээ утсыг нь өгчихөөд буцаад ирье” гэж хуурч, төөрөгдөлд оруулан ай фоне Икс загварын гар утсыг нь залилан авч 2.115.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         /яллах дүгнэлтэд бичсэнээр/       

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Нт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 1906 03399 1487 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.Н нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч Б.Түвшингийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би өөрийн 10 жилийн найз болох Нтэй 2 сарын хугацаанд фэйсбүүк чатаар холбогдсон ба 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед уулзаж Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хажууд байрлах шар өнгөтэй зочид буудлын 31 тоот өрөөнд орсон. Тэгээд хоёулаа тус тусдаа Сэнгүр пиво гурван лаазыг ууж байх үед Н би ээжийнхээ гар утсыг аваад гараад ирсэн учир буцааж өгөх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь бид хоёр тухайн буудлаас шөнийн 2 цагийн үед гарсан. Тэгээд 97 дугаар сургуулийн урд байрлах байр руу орж ээжийнхээ гар утсыг өгөхдөө утасны цэнэг дуусчихлаа, чи надад утсаа өгч байгаач, би ээжид утсыг нь өгөөд буцаад гараад ирье гэж хэлээд миний Ай фоне Икс маркийн гар утсыг аваад явсан. Би тэр газраа оролцоогоор 3 цаг гаран хүлээж байгаад гар утас руугаа залгахад холбогдох боломжгүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Дамно үнэлгээний ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 23-ний өдрийн БЗД2-20087 дугаартай:

- Ай фоне Икс загварын гар утсыг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр худалдан авч байсан. Үнийн тодорхойлолт 2.115.000 төгрөгөөр үнэлэв гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/

 

-Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 13-14/,

 

Шүүгдэгч Э.Нандинцээгийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Би Түвшин гэх залуутай харилцдаг байсан бөгөөд 2019 оны 06 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Түвшинтэй уулзсан. Тухайн үед Түвшин нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба бид хоёр Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ард байрлах шар өнгөтэй зочид буудалд орсон. Тухайн үед Түвшин дэлгүүрээс архи, пиво авсан байсан. Тэгээд намайг хамт ууя гэхээр  нь би зөвшөөрөөгүй. Тухайн үед Түвшин маш их согтолттой байсан учир би түүнийг гар утсаа хаячихаж магадгүй гэж бодоод гар утсыг авч өөрийн гэртээ ороод эргэж гараагүй. Маргааш нь Түвшингийн гар утсыг Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах Яруу нэртэй хоолны газрын ертөнцийн зүгээр хойд талд нь байрлах барьцаат зээлийн газарт барьцаанд тавих гэхэд үүдэнд нь зогсож байсан 40 орчим насны эрэгтэй хүн худалдаж авъя гэхээр нь 1.100.000 төгрөгөөр зарсан. Би тэр хүнийг огт танихгүй. Тухайн гар утсыг зарж борлуулсан мөнгөө хувийн хэрэгцээнд зарцуулсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 43/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Э.Нийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцлоо. Нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн.

 

Хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахдаа болон шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар асууж байцаалт авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шүүгдэгч Э.Н нь хуурч хохирогчийн эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж болон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарагдаж байх ба мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын газраас шүүгдэгч Э.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

 Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг эхний ээлжинд хангах санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Хохирогчийг хуурч төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ гэмт хэрэг төгс үйлдэгддэг.

 

Шүүгдэгч Э.Н нь хохирогчийг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд шүүгдэгч Э.Нийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Нт ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх тусгайлан хуульчилсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин эрүүгийн хариуцлагыг хүндэрүүлэхээр хуульд тусгайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг шүүгдэгч төлж барагдуулаагүй болох нь хохирогчийн мэдүүлэг болон түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд өгсөн тайлбараар тогтоогдож, хохирол төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хохирлыг гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Эийн Нийг хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нийг хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Нээс 2.115.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Түвшин /ух98010412/-д олгосугай.

 

6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Нт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.  

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ