Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 489

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Дайриймаа,

Улсын яллагч: Ц.Ганчимэг,

           Шүүгдэгч: Г.Г-, түүний өмгөөлөгч Ц.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910008910306 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер графикч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ....

 

Шүүгдэгч Г.Г- нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1029 дүгээр байрны 49 тоот гэртээ эхнэр А.А-г “гэрлэлтээ цуцлууна” гэснээс болж маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, тархи доргилт, хамар нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.  

 

Хохирогч А.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...миний үснээс зулгаагаад боогоод миний нүүр рүү нилээд хэдэн удаа цохисон. Тэгээд газар унагаагаад нүүр рүү өшиглөөд байхаар нь би доошоогоо харсан чинь толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд найз Б.Г- салгасан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гэсэн чинь ахиж цохиж эхэлсэн. Б.Г- салгаад манай нөхрийн утсыг өгөөд жижиг өрөөнд оруулсан. Тэгээд би хаалга түгжиж байгаад цагдаад дуудлага өгсөн. ...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23/,

Гэрч Б.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Г- агсам тавьж эхэлсэн. Тэгээд шууд А.А-гийн толгой хэсэг рүү олон удаа цохиод байхаар нь А.А- нүүр рүү нь алгадсан. ...тухайн хэрэг гарах өдрийн өглөө нь тэр 2 салах өргөдлөө өгсөн байсан. Тэр талаараа ярьж маргалдаж байгаад Г.Г-, А.А-г шууд нүүр рүү нь цохиод авсан. Тухайн өдөр Г.Г- эхлээд А.А-гийн нүүр рүү нь цохиж дайрсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44/,

 

Шинжээчийн 4196 тоот дүгнэлтэд: “...А.А-гийн биед эрүү ясны хугарал, тархи доргилт, хамар, нүүрний зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт баруун тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт, тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 48/,

 

Яллагдагчаар Г.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...А.А- бид хоёр салах асуудлаасаа болоод маргалдсан. Тэгээд би А-гийн нүүр рүү 2-3 удаа цохиод, хүзүүнээс нь боогоод түлхэж унагаасан. Тэгтэл А- миний нүүр рүү алгадсан, тэгээд бид хоёр маргалдаж байгаад 2 тийшээ салсан. Тухайн үед А- жижиг өрөөнд орсон. Тэгээд цагдаа ирсэн. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би эмчилгээний зардал 1.500.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 14/, хохирогчийн гэмтэл авсан гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 41-42, 45/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 62-72/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 74-78/, хохирогчийн хүсэлт /хх-н 85/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч Г.Г- нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1029 дүгээр байрны 49 тоот гэртээ эхнэр А.А-г “гэрлэлтээ цуцлууна” гэснээс болж маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь эрүү ясны хугарал, тархи доргилт, хамар нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун тохойд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.А-гийн: “...миний үснээс зулгаагаад боогоод миний нүүр рүү нилээд хэдэн удаа цохьсон. Тэгээд газар унагаагаад нүүр рүү өшиглөөд байхаар нь би доошоогоо харсан чинь толгой руу хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд найз Б.Г- салгасан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм гэсэн чинь ахиж цохиж эхэлсэн Б.Г- салгаад манай нөхрийн утсыг өгөөд жижиг өрөөнд оруулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-23/, гэрч Б.Г-гийн: “...Г.Г- агсам тавьж эхэлсэн. Тэгээд шууд А.А-гийн толгой хэсэг рүү олон удаа цохиод байхаар нь А.А- нүүр рүү нь алгадсан. ...тухайн хэрэг гарах өдрийн өглөө нь тэр 2 салах өргөдлөө өгсөн байсан. Тэр талаараа ярьж маргалдаж байгаад Г.Г-, А.А-г шууд нүүр рүү нь цохиод авсан. Тухайн өдөр Г.Г- эхлээд А.А-гийн нүүр рүү нь цохиж дайрсан” гэсэн мэдүүлэг /хх-н 44/, шинжээчийн 4196 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

 

Шүүгдэгч Г.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Г- нь согтуурсан үедээ эхнэр А.А-тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А-гийн биед хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, хавтаст хэрэгт бичгээр хүсэлт /хх-н 85/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.Г-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Г-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил, 6 сарын хорих ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Г.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирол төлбөр төлсөн, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5.400 нэгж буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Г.Г-ыг 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 2 жилийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Г.Г-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН