Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 447

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,

Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С-,

шүүгдэгч С.Э-, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Э-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010006810422 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, хүүгийн хамт .... тоот регистртэй, С.Э-.

 

Шүүгдэгч С.Э- нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод зурагт үзэж байсан насанд хүрээгүй хохирогч Э.Б-гийн /10 настай/ гарыг бэлэг эрхтэн дээрээ тавих, мөн насанд хүрээгүй хохирогчийн гэдэс болон хөхийг илэх, бэлэг эрхтэнийг гараараа оролдох зэргээр хүсэл зоригийн эсэрг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Э- шүүх хуралдаанд: “...Би 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эхнэр О-ы хамт төрсөн ах Г- түүний гэр бүлийн гишүүн Билгээ нарыг эмнэлэгт үзүүлээд явж байгаад эмнэлгээс гараад Хан-Уул дүүргийн  ... тоотод хүргэж өгсөн. Тэгээд намайг орж цай уугаад яв гэхээр нь гэрт нь хамт орсон. Тэгээд би том өрөөнд ороход Т-ын 2 охин зурагт үзээд сууж байсан. Би ороод миний 2 охин сайн уу өвөө нь тамхилья гээд том охин болох Э.Б-гийн өмд рүү нь гараа дөнгөж оруулаад л авсан. Тэгээд өөрийнхөө гарыг хамартаа хүргээд л тамхилсан. Э.Б-г өвөр дээрээ суулгаад хичээл ном нь сайн уу хэддүгээр анги билээ гэхэд би 4 дүгээр анги, манай дүү 1 дүгээр анги гэж хариулсан. Миний гар давсаг хавьцаа нь байсан. Өөрөөр бол өөрийнхөө бэлэг эрхтнийг бариулах, Э.Б-гийн бэлэг эрхтнийг оролдох гэх мэт үйлдэл болоогүй. Анх Г- ахынхаасаа тусдаа гарсан. Түүнээс хойш 37 жил өнгөрсөн байна. 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. 5 ач зээтэй амьдарч байгаа. Өнөөдөр энэ шүүх хуралдааны танхимд гэм буруугаа дүгнүүлэхээр зогсож байгаасаа ичиж байна. Үр хүүхэд, ач зээ нараасаа уучлалт гуйж байна. Манай эхнэр бид 2 хамт 25 жил цэргийн албанд ажилласан 2010 онд хамт тэтгэвэрт суусан. Эцэст нь ийм хэрэг үйлдээд ах дүү хамаатан садныхаа нэр хүндийг унаагаад зогсож байгаад харамсаж байна. Миний хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Б-гийн хууль ёсны төлөөлөгч Г.Т- шүүх хуралдаанд: “...Насанд хүрээгүй хохирогч Э.Б- сэтгэл зүйн хувьд хямралтай байгаа. Гаднаа сэргэлэн цовоо харагдаж байгаа ч удаа дараа тухайн хэргийн талаар мэдүүлэг авч байгаа. Тэр болгонд л хүүхдийн сэтгэл санаа хямарч байгаа. Зарим хүүхдүүд иймэрхүү үйл явдлын дараа хямралаа гарч чадахгүй тохиолдол байдаг” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би одоо 10 настай 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 10 нас хүрсэн. ...2020 оны 3 дугаар сард мартын баяр болдогийн урьд өдөр 14 цагийн орчим манай өвөө, эмээ өвөөгийн төрсөн дүү Э-, эхнэр нь О- эгч дөрвүүлээ хамт орж ирсэн. Тэгээд Э- өвөө миний хажууд суугаад “за сайн уу, зурагтаар зааж байгаа хичээл номыг ойлгож байна уу гээд юм асууж сууж байгаад миний цээж, гэдсийг бариад гижигдсэн. Тэгсэнээ миний өмд рүү гараа хийгээд миний бэлэг эрхтэнийг барьсан. Өвөө цаад өрөөнөөс ороод иртэл Э- өвөө гараа татаад авчихсан. Миний өөрийн өвөө цаад өрөө рүү дахиад ортол Э- өвөө дахиад миний өмд рүү гараа хийгээд бэлэг эрхтэн дээр тавиад хөдөлгөөд байсан. Хоёр дахь удаа миний өмд рүү гараа хийгээд бэлэг эрхтэн бариад байхаар нь би яах юм бэ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/,

 

Гэрч Х.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр манай нөхөр Дүнжингарав худалдааны төвийн орчим Хятад эмнэлэгт эмчилгээ хийлгээд гарахад түүний төрсөн дүү болох Э- эхнэр О-ы хамт ирээд ах эгч хоёрыг гэрт нь хүргээд өгье гэж хэлээд бид хоёрыг гэрт хүргэж өөсгөн. ...Гэртээ ирэх үед 13 цагийн орчим ирсэн бөгөөд Э-, О- хоёр хүргээд ирсэн болохоор гэрт ороод цай уугаад яв гэж хэлээд дагуулаад орсон. Гэрт 2 зээ охин маань байсан. Манайх 2 өрөө байр бөгөөд би О-тай хамт цай, бууз чанасан. Э- том өрөөнд 2 зээ охинтой хамт зурагт үзээд сууж байсан. Нөхөр маань тэр хавиар л байх шиг байсан, орж гараад яваад байсан байх. ...Тэгтэл нилээн хэд хоногийн дараа манай төрсөн охин Т- надад Бэрсээг Э- ах оролдоод бэлэг эрхтэнийг нь бариад, өөрийнхөө бэлэг эрхтэнээ бариулсан байна шүү дээ, Бэрсээ надад тэгж хэлсэн гэхээр нь би бүр гайхсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37/,

Гэрч Г.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 18 цагийн үед би нөхөр болох Э-тай Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монголиан нэртэй зочид буудалд архи ууж байгаад би нөхөр Э-д 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр манай охин Бэрсээ надаа өвөөгийн дүү болох Э- ах миний өмд рүү гараа хийсэн. Миний гарыг боовон дээрээ тавьсан гэж надаа хэлж байсан. Тэгэхээр нь би ээждээ хэлсэндээ зөв болж гэж хэлээд нөхөртөө хэлэхгүй байж байгаад өнөөдөр нөхөр Э-д болсон үйл явдлын талаар хэлсэн чинь нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Яллагдагчаар С.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг л удаа гараа хийсэн, нэг л удаа бэлэг эрхтэнийг барьсан. Баруун гараа өмд рүү нь оруулаад бэлэг эрхтэнд хүрэх төдий гараа буцааж аваад гараа үнэрлээд тамхиласан. ...Нэг удаа гэдсийг нь барьж гижигдсэн, нэг удаа өмд рүү нь гараа хийж бэлэг эрхтэнийг нь барьсан, тэрийг нь ойлгосон байх” гэсэн мэдүүлэг /хх-н 59/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 17-21, 72-93, 95-96/, шүүх сэтгэг эмгэг судлалын 534 тоо дүгнэлт /хх-н 47-48/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, дээрх эрхийг сануулалгүй мэдүүлэг авсан. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэдэг нь ямар нэг эрхтнээ ямар нэг нүхэнд хийхийг хэлдэг. Тухайн хохирогчийн өмдөнд гараа хийгээд хамартаа хүргэх нь бэлгийн дур хүслээ хангах гэж үзэхгүй байна. Тиймээс С.Э-т холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, хууль сануулж авсан гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч С.Э- нь бага насны хохирогч Э.Б-гийн хүсэл зоригийн эсрэг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэдэг нь хангалттай нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн насанд хүрээгүй хохирогч Э.Б-гийн гарыг бэлэг эрхтэн дээрээ тавих, гэдэс болон хөхийг илэх, бэлэг эрхтэнийг гараараа оролдох зэрэг дээрх үйлдэлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг хангаж байна.

 

Тухайн гэмт хэргийн онцлог нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...өвөө цаад өрөөнөөс ороод иртэл С.Э- өвөө гараа татаад авчихсан. Миний өөрийн өвөө цаад өрөө рүү дахиад ортол С.Э- өвөө дахиад миний өмд рүү гараа хийгээд бэлэг эрхтэн дээр тавиад хөдөлгөөд байсан... гэх мэдүүлгээр шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн гарыг бэлэг эрхтэн дээрээ тавих, гэдэс болон хөхийг илэх, бэлэг эрхтэнийг нь гараараа оролдож бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдэл хийсэн нь тогтоогдсон гэж шүүх үзсэн болно.

 

Насанд хүрээгүй хохирогч болон гэрч нарын гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүдийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Мөн шүүгдэгч С.Э- нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “нэг удаа л гараа хийсэн нэг л удаа бэлэг эрхтэнийг нь барьсан” гэж мэдүүлсэн нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн гэмт хэрэг үйлдсэн гэдгээ нотолж байна.

 

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн бэлэг эрхтэнг хэдэн удаа оролдсоноос үл хамаарч тухайн гэмт хэрэг төгссөнд тооцно.

 

Шүүгдэгч С.Э- нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ... тоотод зурагт үзэж байсан насанд хүрээгүй хохирогч Э.Б-гийн /10 настай/ гарыг бэлэг эрхтэн дээрээ тавих, мөн насанд хүрээгүй хохирогчийн гэдэс болон хөхийг илэх, бэлэг эрхтэнийг гараараа оролдох зэргээр хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Э.Б-гийн: “...Э- өвөө миний хажууд суугаад “за сайн уу, зурагтаар зааж байгаа хичээл номыг ойлгож байна уу гээд юм асууж сууж байгаад миний цээж, гэдсийг бариад гижигдсэн. Тэгсэнээ миний өмд рүү гараа хийгээд миний бэлэг эрхтэнийг барьсан. Өвөө цаад өрөөнөөс ороод иртэл Э- өвөө гараа татаад авчихсан. Миний өөрийн өвөө цаад өрөө рүү дахиад ортол Э- өвөө дахиад миний өмд рүү гараа хийгээд бэлэг эрхтэн дээр тавиад хөдөлгөөд байсан. Хоёр дахь удаа миний өмд рүү гараа хийгээд бэлэг эрхтэн бариад байхаар нь би яах юм бэ гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 30-31/, гэрч Х.Б-гийн: “...би О-тай хамт цай, бууз чанасан. Э- том өрөөнд 2 зээ охинтой хамт зурагт үзээд сууж байсан. Нөхөр маань тэр хавиар л байх шиг байсан, орж гараад яваад байсан байх. ...Тэгтэл нилээн хэд хоногийн дараа манай төрсөн охин Т- надад Бэрсээг Э- ах оролдоод бэлэг эрхтэнийг нь бариад, өөрийнхөө бэлэг эрхтэнээ бариулсан байна шүү дээ, Бэрсээ надад тэгж хэлсэн гэхээр нь би бүр гайхсан” гэсэн мэдүүлэг /хх-н 37/, гэрч Г.Т-ын: “...2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр манай охин Бэрсээ надаа өвөөгийн дүү болох Э- ах миний өмд рүү гараа хийсэн. Миний гарыг боовон дээрээ тавьсан гэж надаа хэлж байсан. Тэгэхээр нь би ээждээ хэлсэндээ зөв болж гэж хэлээд нөхөртөө хэлэхгүй байж байгаад өнөөдөр нөхөр Э-д болсон үйл явдлын талаар хэлсэн чинь нөхөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Э- нь насанд хүрээгүй Э.Б-гийн гарыг бэлэг эрхтэн дээрээ тавих, гэдэс болон хөхийг илэх, бэлэг эрхтэнийг гараараа оролдох насанд хүрээгүй  хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

            Насанд хүрээгүй хохирогч Э.Б- нь тухайн гэмт хэрэг үйлдэх үед арван настай байсан тул бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзлээ.

 

Улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч цаашид сэтгэл санааны засал эмчилгээнд суух шаардлагатай байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 5 жил хорих ял, шүүгдэгчийн өмгөөлөгч 02 жил хорих ял оногдуулах санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч С.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, 60 настай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил, 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-ыг 02 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар С.Э-т оногдуулсан 02 жил 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.С- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН