Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 498

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Ц.С-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.С-д холбогдох эрүүгийн 201001090062 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Амина салонд үсчин ажилтай, ам бүл-4, нөхөр 2 хүүхдийн хамт .... регистртэй, Ц.С-.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ц.С-нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 03 минутанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршал таун хотхон 103 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд байсан иргэн Б.Т-ын унадаг дугуйг хулгайлж иргэн Б.Т-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Т-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.С-нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 03 минутанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршал таун хотхон 103 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд байсан иргэн Б.Т-ын унадаг дугуйг хулгайлж иргэн Б.Т-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Т-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Шүүгдэгч Ц.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Ц.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр согтуу байсан болохоор санахгүй байна. Өглөө сэрэхэд манай нөхөр, ээж хоёр загнаад хаанаас дугуй аваад ирсэн гэхээр нь би мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,

 

            Хохирогч Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ’’...манай хүүхэд 2020 оны 05 дугаар сарын 25- ны өдөр 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Маршал таун хотхоны 103 дугаар байрны 01 дүгээр орцны үүдэнд Трек маркийн унадаг дугуйгаа орхиод 3 давхарт айлд ороод 30-40 минут болоод гараад ирэхэд дугуй нь алга болсон байсан гэсэн...дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 14-18/,

            Насанд хүрээгүй гэрч Л.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон 103 дугаар байрны 1 дүгээр орцонд өөрийн Трек маркийн унадаг дугуйгаа орцоор ороод үүдэнд тавьчихаад дээшээ 3 давхарт авга ахын хадамынд ороод 20-30 минут болоод гараад ирсэн чинь дугуй алга болсон байсан...гадаах хяналтын камерыг шүүж үзэхэд 40 орчим насны жоохон майга үл таних эмэгтэи хүн түрээд явж байсан ...дугуйг гинжилж түгжсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/,

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...18 цаг 03 минутанд шаргал өнгийн богино куртик, хар өнгийн бариу өмд, хар гуталтай, 40-45 орчим насны тайрмал үстэй, майга хөлтэй эмэгтэй дугуйг түрэн явж Хүннү 2222 хороолол орох голын зам руу эргэж байгаа бичлэг байв...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/,

            Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Х-265 дугаартай хөрөнгийй үнэлгээний “...Трек маркийн унадаг дугуйг 600.000 төгрөг...” гэсэн тайлан /хх-ийн 26-28/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ зэргийг шинжлэн судлав.  

 

             Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.С-нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 18 цаг 03 минутанд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Маршал таун хотхон 103 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд байсан иргэн Б.Т-ын унадаг дугуйг хулгайлж иргэн Б.Т-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Б.Т-т 600.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч Ц.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлтэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ц.С-г “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.  

 

             Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн унадаг дугуйг биет байдлаар буцаан өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.С-нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.1-т заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

            Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хадгалахаар тогтов.

 

   Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.С-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

5. Ц.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ДОРЖСҮРЭН