| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 124/2018/0029/з |
| Дугаар | 31 |
| Огноо | 2018-10-05 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 31
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: , Х овогт Д.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох,
Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А,түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Б,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Би 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологийн үржил, бүртгэл, хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн.
Увс аймгийн Тэс сумын мал эмнэлэг нь 2016 оны ажил мэргэжлээрээ хошуучлан аймагт 2 дугаар байранд шалгарч байсан. Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай ажлаас халах тушаал нь сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх шалтгаанаар ажлаас халсан.
Тухайн тушаалаас харахад миний бие Төрийн албаны тухай хуулинд заасан ямар үүргээ биелүүлээгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон ямар үйл ажиллагаа явуулсан болох нь тодорхойгүй байна. Байгууллагын дотоод журмын 3.12-т "ажилтныг энэхүү журмын 7.2-т заасан ноцтой зөрчил" гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачлагаар ажлаас хална" гэсэн байх бөгөөд уг журмын 7.2 нь 6 хэсгээс бүрдэж байх ба 7.2.1-ээс 7.2.6-д заасан аль зөрчлийг гаргасан гэж үзэн миний хөдөлмөрлөх эрхэнд халдаж байгаа нь ойлгомжгүй байна.
Түүнчлэн ЗДТГ-ын дарга нь намайг "Ажлаас халах тухай" тушаал гаргахдаа тухайн тушаалын үндэслэлд тайлбар, санал гаргах боломж олгоогүй бөгөөд сонсох ажиллагаа явуулахгүйгээр миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Ажил олгогчийн зүгээс 2018 оны 03 сарын 22-ны өдер "Мэдэгдэл" гэсэн хуудас ирүүлсэн бөгөөд тухайн мэдэгдэлд намайг ажлаас чөлөөлөх болсон хуулийн үндэслэл нь тодорхойгүй байсан. Ингээд миний бие 2018 оны 5 сарын 21-ний өдөр төрийн албаны салбар зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч надад өнөөдрийг хүртэл албан ёсоор хариу өгөөгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Намайг 2018 оны 3 сард ажил тасалсан гэж үзсэн бөгөөд би 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 13-ны хооронд Увс аймгийн Тэс сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.Би эмнэлэгт хэвтэх болсон талаараа даргадаа хэлж байсан.
2011 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн “Хотгор өлөн” хоршооны захирлаар манай дүү Д.У ажиллаж байсан ба жил бүр манай эхнэр, дүү У нар Увс аймгийн Тэс сумын айлуудаар явж ноос авдаг байсан. Миний бие Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл хариуцсан мэргэжилтний ажил хүлээн авахаас өмнө энэ хоршооны гишүүн байсан боловч удирдаж зохион байгуулах ажилд оролцдоггүй байсан.Айлуудаар явж ноос аваагүй,харин миний машиныг миний дүү унаж явж байсан. Иймд Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Бн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай ажлаас халах тухай тушаалыг хүчингүй болгож, намайг тус сумын ЗДТГ-ын Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү... “гэжээ.
Хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын дарга Г.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Д.А нь Тэс сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт мэргэжилтнээр 2010 оны 11 сараас ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа төрийн албан хаагчийн төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх тал дээр учир дутагдалтай байж удаа дараа сахилгын шийтгэл авч байсан болно.
2017 онд гэхэд 3, 7, 9, 11 дүгээр саруудад ажилдаа ирэхгүйгээр архи ууж 2-4 хоногийн ажил тасалж нийт ажлын 14 хоногийн ажил тасалсан. Иймд 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хороонд Д.А-д хамаарах асуудлын талаар хэлэлцүүлж нөхцөл байдлыг танилцуулан хуралдуулж протокол хөтөлсөн. Энэхүү хуралд Д.А нь оролцож өөрийн буруу болохыг нотолж, бид бүхнээс тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрөн цаашид алдаа дутагдлаа засаж ажиллах талаар амлалт өгч бичиг бичиж өгсөн байгаа.
Хэдий ийм боловч Д.А нь энэхүү хурлаас хойш 3, 11 дүгээр саруудад мөн ажилдаа ирэлгүйгээр архи уун нийт ажлын 7 хоногийг тасалсан.
Мөн Д.А нь Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг үржлийн тасагт ажилладаг байсан бөгөөд ажил үүргийн хуваариар хонь, тэмээний ноосны падааныг малчид болон ноос бэлтгэх эрх бүхий хоршоодоос авч бүртгэн Аймгийн ХХААГ-аар дамжуулан харъяалах яаманд явуулж урамшууллыг нь тухайн малчны дансанд оруулах, алдаа дутагдал гарвал холбогдох газруудад мэдэгдэж залруулах үүрэгтэй ажилтан мөртлөө албаны бус зорилгод өөрийн албаны мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших, эрх мэдлээ урвуулан ашигласан байдаг. Өөрөөр хэлбэл албан тушаал гүйцэтгэж байх хугацаанцаа 2017 оны зун эгчийнхээ хүүхдийн найранд орох тухай ярьж чөлөө авч явсан байж чөлөөгөө хэтрүүлэн олон хоногоор айл өрхүүдээс хонины ноос авч явсан байдаг. Иргэн Цн өргөдөлтэй холбоотой Тэс сумын Цагдаагийн хэсгээс ирсэн бичгийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 22-ний өдөр Ёс зүйн хороог хуралдуулсан. Энэхүү өргөдөлтэй холбоотой асуудлаар лавлахад Д.А нь 2017 оны 6, 7 дугаар саруудад айл өрхөөс хонины ноос авч ноосны урамшууллын падаан бичиж өгсөн байх ба тухайн айлаас авсан ноосны хэмжээнээс илүү их нсос авснаар падаан бичиж өгч байсан байдаг. Гэтэл 2018 онд ноосны урамшуулал малчдын дансанд орж эхлэхэд Д.А-ийн ноос авсан хэд хэд айлын ноосны урамшуулал орж ирээгүй байсан ба одоо ч орж ирээгүй байна.
Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын хувьд тухайн үед Д.А мэргэжилтэнд “Та төрийн албан хаагч, ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтан байтлаа ноос ноолуурын асуудалд гар бие оролцож талон бичиж болохгүй гэдгийг өөрт нь анхааруулаад хавар ноос ноолуурын урамшуулал орж ирэх үед таны ноос авсан хүмүүсээс урамшуулал орсонгүй гэсэн хэл үг гарвал таны ажлын байрны асуудалтай ярих болно гэдгээ хэлээд өнгөрөөж байсан.
2017 оны 9 дүгээр сард 2-3 удаа ажил тасалсан тул Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны хурлаар оруулж арга хэмжээ авахгүйгээр өнгөрөөсөн.
Иймд дээрх алдаа дутагдлыг удаа дараа гаргаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.12, 7.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн төрийн албанаас чөлөөлсөн болно.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтын дагуу халагдсан тохиолдолд захиргааны журмаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх шаардлагагүй. Иймээс Д.А нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Маргаан бүхий тушаал гаргах болсон шалтгаан нь “Д.А нь 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдрөөс 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэн гэсэн шалтгаанаар чөлөө авсан ба 2018 оны 3 дугаар сарын 8-ны өдөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр байгууллагын цасны баярт ирж оролцож түүнээс хойш эмнэлэгт хэвтээгүй ажил тасалсан, Увс аймгийн Тэс сумын эмнэлгээс Д.А-г хэвтэн эмчлүүлж байгааг лавлаж асуухад ганц удаа хоносон ба дахин ирээгүй гэх хариултыг өгсөн.
2018 оны 3 дугаар сард гаргасан зөрчлийг мэдсэнээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авах ёстой байсан боловч Д.А нь надтай ирж уулзахгүйгээр явж байгаад ёс зүйн хорооны хуралд орсоны дараа ёс зүйн хорооны хурлын дагуу Д.А-д мэдэгдэл өгсний дараа тушаал гаргасан.
Уг тушаалд байгууллагын дотоод журмын 7.2 дугаар заалтыг удирдлага болгосон боловч Д.А-д өгсөн мэдэгдэл дээр 7.2.2, 7.2.5 дэх хэсгүүдийг тодорхой дурдсан байгаа. Тушаал, мэдэгдэл хоёр нь архивд нэг хадгалагддаг тул мэдэгдэл дээр тодорхой заасныг тушаал дээр дэлгэрүүлээгүй.
Төрийн албаны тухай хуулийн зүйл заалтыг баримтлан Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай ажлаас халах тухай тушаал гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Нэхэмжлэгч Д.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Д.А-г 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай ажлаас халах тушаалаар ажлаас халсан. Ажлаас халах үндэслэл нь байгууллагын дотоод журмын 3.12, 7.2 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.12 дахь хэсэгт ажилтанг энэхүү журмын 7.2 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах заалттай байна. 7.2 дахь заалт 7.2.1 дэх хэсгээс 7.2.6 дахь хэсэг хүртэл 6 зүйл байгаа ба 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай ажлаас халах тушаалд Д.А-г 7.2 дэх хэсэгт заасан 6 зөрчлөөс аль зөрчлийг баримтлан тушаал гаргасан нь тодорхойгүй байна.
2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын зүгээс Төрийн албаны тухай хуулийн 13 .1.5, 15.1.7, 26 дугаар зүйлийн 26.1, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.12, 7.2, 7.2.5 дах заалтуудыг тус тус зөрчиж, ажлын цагаар архидан согтуурч, ажил таслах зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын албан хаагчийн нэр хүндийн эрхэмлэх талаар учир дутагдалтай байж ирсэн тул таныг ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэсэн мэдэгдэл ирсэн.
Мэдэгдэлд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж тодруулсан боловч 26.1 дэх заалт нь дотроо 3 зүйлтэй байгаа ба Д.А- 26 дугаар зүйлийн яг ямар заалтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй байна.Тухайн мэдэгдэл гаргахад сонсох ажиллагаа явуулаагүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл зэргийг зайлшгүй тусгасан байх шаардлагатай гэж заасан байна.
Хариуцагч Г.Б нь тайлбартаа Д.А удаа дараа зөрчил гаргасан гэж хэлсэн ба 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Д.А-д сахилгын арга хэмжээ авсан байсан.
Төрийн албаны тухай хуулийн 26.6 дэх хэсэгт зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн заалтаар Д.А-г 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөр сахилгын шийтгэлгүй болсон гэж үзэж байна. Д.А-ийн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн эмнэлэгт хэвтсэн хугацааг ажил тасалсан гэж үзэж байгааг үндэслэлгүй гэж байна. Хэрвээ тасалсан гэж үзэж байгаа бол зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулах ёстой байсан боловч 1 сарын хугацаа өнгөрснөөс хойш сахилгын арга хэмжээ авсан тул хүчингүйд тооцогдоно. Ажил тасалсан гэх үндэслэл нь эмнэлгийн карт эмчилгээ хийлгэсэн байдлаар нь үгүйсгэгдэж байна.
Маргаан бүхий захиргааны актад гаргасан зөрчил болон хуулийн үндэслэл нь хоорондоо нийцсэн байх шаардлагатай байдаг. Иймд Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулж төрийн албанд 1 жилийн хугацаанд төрийн албанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан үндэслэл нь маргаан бүхий тушаал дээр байхгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү...” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан тус тамгын газрын даргын 2018 оны 04 сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчид, өмгөөлөгчийн гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Д.А нь маргаан бүхий актын талаар Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлд хандаж 2018 оны 05 сарын 21-ний өдөр өргөдөл гаргасан нь өргөдөл гомдлын бүртгэлийн карт дахь тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд тус бүртгэлд Д.Л хууль, журмын дагуу шийдвэрлэж хариу өгье гэж цохолт хийн үүрэг өгсөн байна.
Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөл нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан шийдвэрлэх үүрэгтэй ба өргөдөлд хариуг өгч шийдвэрлээгүй байна. Иймд нэхэмжлэгч Д.А-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэж үзлээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс “...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тул ажлаа тасалсан гэж үзэхгүй, айлуудаар явж ноос аваагүй, зөрчилд хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.
Хариуцагчийн зүгээс “нэхэмжлэгч нь удаа дараа ажил таслах сахилгын зөрчлийг гаргасан, эмнэлэгт хэвтэх чөлөө авсан мөртлөө эмнэлэгт хэвтээгүй, ажлаа тасалсан, албан тушаалын мэдээллийг хувьдаа ашиглан айлуудаас ноос авсан зөрчлүүдийг гаргасан” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч нь Д.А-ийн эрхэлж байсан албан тушаалд өөр иргэнийг томилоогүй талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд оролцоогүй болохыг тэмдэглэв.
Д.А нь Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 12 сарын 24-ний өдрийн 31 дугаартай тушаалаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи,үржил,бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилогдож, 2012 оны 06 сарын 19-ний өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөн төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байсан байна.
Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 04 сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3,Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 3.12,7.2 дахь заалтуудыг үндэслэн Мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтэн Д.А-г ажлаас нь халсан байна.
Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 3.12-т “Ажилтныг энэхүү журмын 7.2-т заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажлаас хална” гэж, мөн журмын 7.2-т Дараах зөрчлийг ноцтой зөрчилд тооцно гээд 6 төрлийн багцад ангилсан байна.
Хариуцагчийн зүгээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа сахилгын шийтгэл хүлээлгэсэн үндэслэлийн талаар удаа дараа ажил тасалж сахилгын зөрчил гаргаж шийтгэл хүлээж байсан, 2018 оны 3 сард эмнэлэгт хэвтэнэ гэсэн мөртлөө хэвтээгүй 5 хоногийн ажил тасалсан, мөн 2017 оны 6,7 дугаар саруудад айл өрхөөс хонины ноос авч ноосны хэмжээнээс илүү падаан бичиж өгөн өөрийн албаны мэдээллийг ашиглан эрх мэдлээ урвуулсан гэх сахилгын зөрчилд арга хэмжээ авсан гэж тайлбарлав.
1.2018 оны 3 сард 5 хоногийн ажил тасалсан гэх үндэслэлийн талаар:
Хариуцагч нь Д.А-г 2018 оны 3 сард ажлын 21 хоног ажиллах ёстойгоос 16 хоног ажиллаж 5 хоног ажиллаагүй гэж үзэн цалинг бодож олгосон байх ба 2018 оны 3 сарын ажлын цагийн тооцоо, ЗДТГ-ын 2018 оны 3 сарын цалингийн цэс зэрэг баримтууд авагдсан байна.
Нэхэмжлэгч Д.А 2018 оны 3 сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба ажил таслаагүй талаар тайлбар гаргажээ.
Д.А нь 2018 оны 3 сарын 9-ний өдрөөс 2018 оны 3 сарын 13-ны өдрүүдэд Тэс сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн нь эмчлэгч эмчийн гарын үсэг, тэмдэг бүхий өвчтний өвчний түүх,1052192 тоот эмнэлэгийн хуудас зэргээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч нь эмнэлэгийн магадлагаагаа тухайн үед нь удирдлагадаа хүргүүлээгүй боловч эмнэлэгт хэвтэх талаараа даргадаа хэлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож энэ талаар маргаангүй байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д “иргэн эрүүл мэндээ хамгаалах, эмч, эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авах эрхтэй” гэж заасан бөгөөд Д.А нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн нь эмч, эмнэлэгийн байгууллагын албан ёсны баримтуудаар тогтоогдсон байхад түүнийг “эмнэлэгт очсон боловч эмнэлэгтээ хэвтээгүй, худал хэлсэн” гэж буруутган хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй юм.
2.Удаа дараа ажил тасалж сахилгын зөрчил гаргаж,сахилгын шийтгэл хүлээж байсан гэх үндэслэлийн талаар:
Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 сарын 17-ны өдрийн А/09 дугаартай тушаалаар Д.А-ийн үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байсан байна.
Тушаалд ямар зөрчилд арга хэмжээ авсан нь тодорхойгүй байх ба хариуцагч ажил тасалсан гэх үндэслэлээр арга хэмжээ авсан гэж тайлбарлав.
Д.А урьд нь 2017 оны 3,7,9,11 дүгээр саруудад ажил тасалсан сахилгын зөрчил гаргасан талаар хариуцагч тайлбар гаргасан ба 2017 оны 3 сард 21 хоногоос 17 хоног,2017 оны 7 сард 16 хоногоос 12 хоног,2017 оны 9 сард 21 хоногоос 17 хоног, 2017 оны 11 сард 22 хоногоос 20 хоног ажилласнаар тооцож цалинг олгосон нь цалингийн цэс, ажлын цагийн тооцоо зэрэг баримтуудаар тогтоогджээ.
2017 оны 9 сарын 30-ны өдөр Тэс сумын Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны хуралдаанаар Д.А-ийн ажил тасалсан зөрчлийн талаар хэлэлцэхэд Д.А зөрчлөө хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан, ёс зүйн хороо зөвлөгөө өгч ажилласан талаар тус хуралдааны тэмдэглэлд тусгагдаж, шүүх хуралдаанд Д.А нь тухайн үед ажил тасалсан зөрчил гаргаж байснаа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан болно.
Эдгээр зөрчилд нь ямар нэгэн сахилгын шийтгэл оногдуулаагүй ба анхааруулах арга хэмжээ авсан талаар хариуцагч тайлбар гаргав.
Нэхэмжлэгч Д.А-г 2018 оны 3 сард 5 хоногийн ажил тасалсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчаас түүнийг удаа дараа ажил тасалсан зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй болох юм.
3. 2017 оны 6,7 саруудад айл өрхөөс хонины ноос авч ноосны хэмжээнээс илүү падаан бичиж өгөн өөрийн албаны мэдээллийг ашиглан эрх мэдлээ урвуулсан гэх зөрчлийн талаар:
Увс аймгийн Тэс сум дахь Цагдаагийн хэсэгт иргэн Г.Ц-с 2017 оны зун 102 кг хонины ноос Д.А-д өгсөн, Д.А манай нэр дээр 250 кг ноос гэж падаан бичсэн, ноосны мөнгө өгөөгүй гэх агуулга бүхий гомдол гаргасан байх ба тус цагдаагийн хэсэг 2018.03.21-ний өдөр Д.А-д холбогдох гомдол нь төрийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудал гэж үзсэн тухай 12 дугаартай албан бичгийг Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүргүүлсэн байна.
Тэс сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хорооны 2018 оны 03 сарын 22-ны өдрийн хуралдаанаар дээрх иргэний гомдлын талаар хэлэлцсэн байна.
Шүүх хуралдаанд П.А нь айлаас ноос аваагүй гэж тайлбар гаргасан боловч ёс зүйн хорооны хуралдаанд Д.А нь “манай дүү У “Хотгор өлөн” гэх хоршоотой ба хоршооны төлөөлөгч нь манай эхнэр юм. Би эхнэртэйгээ явж байгаад ангийн найз Ш.Д-д очсон. Би боломжтой бол хэдэн кг ноос өөрийн нэр дээр оруулж өгөөч гэж хэлсэн” гэх тайлбар гаргасан нь тэмдэглэлд тусгагджээ.
Хариуцагч Г.Б, Д.А нь тухайн үед 2017 оны зун айлуудаар явж ноос авсан талаар мэдээд өөрт нь би болохгүй талаар анхааруулж хэлж байсан гэсэн тайлбар гаргасан бөгөөд дээрх үйлдлийг сахилгын зөрчил гэж үзсэн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан “сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэсэн хуулийн зохицуулалтыг баримтлах ёстой болно.
Иймд Д.А-ийн 2017 оны 6, 7 саруудад айлуудаас ноос авч, өөрийн албан тушаалын мэдээ, мэдээллийг хувьдаа ашигласан гэх үйлдлийг гаргаснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсний дараа буюу 2018 оны 4 сарын 23-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгосон нь буруу байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах шийдвэр гаргахдаа Д.А-д ажлаас чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлж байсан, түүний дагуу 2018 оны 03 сарын 22-ны өдөр ёс зүйн хорооны хуралдаанд Д.А-г оролцуулж тайлбарыг сонссон, нэхэмжлэгчид өөрийн зүгээс холбогдох санал хүсэлт, баримтыг гаргаж өгөх боломжит хугацаа өнгөрсний дараа буюу 2018 оны 4 сарын 23-ны өдөр шийдвэрийг гаргасан зэргээс үзэхэд хариуцагч нь сонсох ажиллагааг явуулаагүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй болохыг дурдав.
Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагын талаар дэлгэрэнгүй зааж өгсөн байх бөгөөд Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 4 сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай тушаал нь дээрх хуулийн заалтад заасан шаардлагыг хангаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаа буюу захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хөндсөн байгааг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд маргаан бүхий акт нь хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 04 сарын 23-ны өдрийн Б/04 дугаартай “Ажлаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А-г Увс аймгийн Тэс сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Тэс сумын Засаг даргын тамгын газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.