Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 479

 

Б.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06939 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Их наран өргөө констракшн ХХК-д холбогдох

 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамжны 48 дугаар байрны 13 тоот 49,29 м.кв орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Мөнхжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Диваачамба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр "Их наран өргөө констракшн" ХХК-тай 1/12 тоот дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулан төлбөрөө бүрэн өгч, төлбөрийн тооцоогүй болсон. Гэрээний 2.3-т заасны дагуу уг барилга нь 2013 оны 03 дугаар улиралд багтаж ашиглалтад орно гэсэн боловч хугацаандаа ороогүй 2016 оны 04 дүгээр сард бид байрныхаа түлхүүрийг авсан. Уг барилгыг нь Авецина ХХК-ийн нэрээр 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр  ашиглалтад оруулах 77/2016 тоот Улсын комиссын акт гарсан, тус компани нь өнөөдрийг хүртэл орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд хариуцагч "Их наран өргөө констракшн" ХХК-д Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж, 48 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 49,29 м.кв орон сууц болон 6 тоот автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасныг баримтлан хариуцагч "Их наран өргөө констракшн" ХХК-д гэрээний үүргээ гүйцэтгэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Дандарын гудамж 48 дугаар байрны 13 тоот хаягт байрлах 49,29 м.кв хоёр өрөө орон сууц, 6 тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхжаргалд олгохыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Мөнхжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Их наран өргөө канстракшн ХХК-иас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мөнхжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Диваачамба давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Их наран өргөө констракши ХХК нь худалдах-худалдан авах гэрээний нэг тал биш юм. Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, Улсын комиссын акт зэрэг бүхий л бичиг баримтууд "Металл энд вүүд" ХХК-ийн нэр дээр байдаг. Шүүхийн шийдвэр өөрөө биелэгдэх боломжтой байх ёстой. Нэг үл хөдлөх хөрөнгө дээр хоёр өөр өмчлөгч байх боломжгүй. Уг нэхэмжлэлийн шаардлагыг өмчлөх эрх бүхий этгээд нь биелүүлэх боломжтой юм. Гэтэл "Их наран өргөө констракшн" ХХК дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш учраас шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй. 

Их наран өргөө констракшн ХХК-тай байгуулсан 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн  №1/12 тоот "Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ", “Металл энд вүүд” ХХК-тай 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн №1/29 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ" нь цаг хугацааны хувьд сүүлд гарсан. Шинэчлэн хийгдсэн "Металл энд вүүд" ХХК-тай байгуулсан 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн № 1/29 тоот гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ юм. Гэтэл Анхан шатны шүүх 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хүчингүй болсон гэрээг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн. Тухайн үед 2 компанийн үүсгэн байгуулагч, захирал нь О.Хонгорзул байсан ч одоо "Их наран өргөө констпракши" ХХК-ний захирал Ү лу жи тү /Wu lu ji tu/, "Металл энд вүүд" ХХК-ийн захирал О.Хонгорзул болсон тус тусдаа үйл ажиллагаа явуулж байна. Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө сонгох эрхтэй байдаг ч нэхэмжлэгч нь энэ талаар мэдээлэлгүй, мэдээгүй, эрх зүйн мэдлэггүйгээс хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Мөн шүүхийн шийдвэрт 48 дугаар байрны 13 тоот хаягт байрлах орон сууцны гэрчилгээг гаргуулах гэж шийдвэрлэсэн. Харин худалдах худалдан авах гэрээнд 17 тоот гэж заасан. Яг хэдэн тоот байрны гэрчилгээг гаргуулах талаар эргэлзээ бүхий байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн.

Бид дээрх тайлбар, үндэслэлээ гаргаж өгөх боломжийг анхан шатны шүүх хангаагүй шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зуруулаагүй, утасаар тов мэдэгдээгүй, шүүх хуралдааны тов эрх бүхий этгээдийн гарт хүргэгдээгүй байхад хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Мөнхжаргал нь хариуцагч Их наран өргөө констракшн ХХК-д холбогдуулан орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн хувийг гардан авсан ч нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй байна.

 

            Анхан шатны шүүх Б.Мөнхжаргалын нэхэмжлэлд 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэлд гардуулж, түүнд эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлэг танилцуулан гарын үсэг зуруулж, мөн өдөр нь хэргийн материал танилцуулжээ. Гэтэл хариуцагч Их наран өргөө констракшн ХХК нь Б.Оюунгэрэлд зөвхөн нэхэмжлэлийн хувийг гардан авах эрхийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 5 хоногийн хугацаатай олгосон бөгөөд нэхэмжлэлийн хувийг гардан авах үед итгэмжлэлийн хугацаа дууссан байжээ. /хх-ийн 16, 17/

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг хуулиар зохицуулсан байхад шүүгч уг ажиллагааг бүрэн хийж хэргийг шийдвэрлээгүй. Түүнчлэн анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрхийг хангасан, зохигчдыг бүрэн мэтгэлцүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.  

 

            Анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч байгууллагын ажилтанд мэдэгдсэн нь хариуцагчийн  шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх, шүүх хуралдаанд бэлтгэх боломжоор хангаагүй, хариуцагчийн эрхийг хязгаарлажээ.

 

            Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй байна. Учир нь хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах эрхтэй этгээд мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэн залруулах боломжгүй болно.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд буцааж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2016/06939 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

                 ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                                       Ш.ОЮУНХАНД