Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 492

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Дайриймаа,

Улсын яллагч: Б.Гүнсэл /томилолтоор/,

Хохирогч: Ш.У-,

           Шүүгдэгч: Т.Б-нарыг оролцуулсан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010000000604 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ..... тоот регистртэй, Т.Б-.

 

Шүүгдэгч Т.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ноос 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хороонд ...ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа бараа бүртээгдэхүүн борлуулсан борлуулалтын орлогоос 4.714.432 төгрөгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б-шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.  

 

Хохирогч Ш.У- шүүх хуралдаанд: “...Т.Б-нь “Шар доктор” компанид 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр борлуулагчаар ажилд орсон. Түүнийг ажиллаж байх хугацаанд компанийн зүгээс цалин хөлсийг нь нэмэгдүүлэх байдлаар явж байсан бөгөөд цалинг нь цаг тухайд нь олгодог байсан. Энэ хугацаанд Т.Б-4.714.432 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс 2.000.000 төгрөгийн хохирлыг компанид төлж барагдуулсан байна. Иймээс үлдэгдэл 2.714.432 төгрөгийг Т.Б-эс гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

Хохирогч Ш.У-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай багууллага ...ХХК-д эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу ажиллаж байгаа. ...ХХК-ний зүгээс намайг итгэмжилсэн төлөөлөгчөөр томилж М-, Б- нарт холбогдох хэрэг дээр хэргийн оролцогчоор ажиллуулахаар болсон. Болсон хэргийн талаар гэвэл М-, Б- нар нь хариуцсан дүүргүүдэд байгууллагын бараа бүтээгдэхүүнийг тарааж түгээлт хийхдээ тооцоог байгууллагад тушаахдаа дутуу тушааж өөрсдийн хувийн данс руу болон бэлнээр мөнгө авч хувьдаа завшиж байсан нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон. Бид нар М-, Б- нартай уулзаж энэ талаар асуухад өөрсдөө хүлээн хохирол төлж барагдуулах тухай гараар бичиж өгсөн. Мөн бид нар хамтран ажилладаг газрууд руугаа ярьж өр зээл байгаа эсэх талаар асуухад ямарч өр төлбөр байхгүй тооцоог бүрэн хийж дуусгасан байсан. Гэтэл М-, Б- нар нь зарим газар зээлээр авсан, төлбөр мөнгөө өгөөгүй талаар ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/,

Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2011 оноос хойш ...ХХК-д тооцооны нягтлан бодогч албан тушаалтай одоо хүртэл ажиллаж байна. Болсон хэргийн талаар гэвэл манай компани борлуулагчаар ажиллаж байсан Б.М-, Т.Б-нар нь 2019 оны 8 дугаар сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 01-ний хооронд компаний бүтээгдэхүүнийг борлуулах цэгүүд болон худалдан авагч нарт хүргэж өгөхдөө төлбөр тооцоог бэлнээр авч компаниудад тухайн өдрийн орлогыг тушаахдаа дутуу тушааснаас болж компанид хохирол учруулсан. ...Б- болохоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түгээлт хийдэг байсан. Гэтэл Б-, М- нар нь байгууллагад өгөх ёстой мөнгөн орлогыг дутуу тушааж хувьдаа завшсан байна. ...Б-н хувьд 4.714.432 төгрөгийг байгууллагад тушаахгүйгээр хувьдаа завшсан нь байгууллагын шалгалтаар тогтоогдсон. ...Б- одоо ажиллахгүй байгаа. Манай байгууллагын зүгээс санхүүгийн Даймонд программ ашиглаж түгээгч нарт хяналт тавьдаг бөгөөд М-, Б- нар нь тухайн өдрийн орлогыг дутуу тушааж программ дээр авлага үүсгэж байсан юм. Өөрсдөөс нь орлого дутуу тушаасан талаар нь асуухад зарим газруудаар зээлээ өгсөн, зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэх тайлбарыг хэлдэг байсан. Гэтэл авлага нь өндөр дүнтэй болоод эхэлсэн учраас бид нарын зүгээс шалгалт хийж тухайн байгуулагууд руу нь холбогдож үзэхэд бараа бүтээгдэхүүн авсан төлбөр тооцоог тухай бүрт нь төлсөн байсан, ганц нэг газар зээлээр аваад тэгээд төлбөрийг дараа нь төлж барагдуулсан байсан. Тэгээд М-, Б- нартай уулзаж энэ тухай хэлэхэд өөрсдөө хүлээн зөвшөөрч төлбөр тооцоогоо барагдуулна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 7/,

 

Яллагдагчаар Т.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ...ХХК-д 2019 оны 4 сараас эхлэн 2019 оны 12 дугаар сард ажлаасаа гарсан. Би уг компанид борлуулагчаар ажиллаж байсан ба Баянгол дүүрэгт компаний бараа бүтээгдэхүүнийг аж ахуй нэгжүүдэд түгээж өгдөг байсан. Ингэхдээ төлбөр тооцоог бэлнээр аваад орой компаний данс руу тушаагаад нягтлантайгаа тулаад тооцоо хийдэг байсан. Болсон асуудлын талаар гэвэл 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр гэнэт бие өвдөөд тэгээд эмчилгээ, шинжилгээнд мөнгө төгрөг хэрэг болоод тэгээд байгууллагын орлогоос 2.800.000 төгрөгийг компаний дансанд тушаахгүйгээр хувьдаа аваад хэрэглэсэн. Гэхдээ уг 2.800.000 төгрөгийг авахдаа нэг дор биш 2 удаагийн үйлдлээр хувааж авсан. Надад өөр байгууллагын орлогоос хувьдаа авсан мөнгө байхгүй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байх Барс 2 нэртэй худалдааны төвөөс Эрдэнэт хот руу ачуулсан 1.280.000 төгрөгийн бараа бүтгээдэхүүний авлага байгаа, тухайн үед бараа бүтээгдэхүүнээ зээлээр өгчихсөн бөгөөд авсан хүний утас холбогдох боломжгүй болоод төлбөр тооцоогоо авч чадаагүй. Гэхдээ би энэ авлагыг өөрөө төлнө” гэсэн мэдүүлэг /хх-н 81/,

 

Хохирогчийн өргөдөл /хх-н 2-4/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 28-35/, Т.Б- хөдөлмөрийн гэрээ, ажилд томилсон тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-н 24-27/, өглөг  авлагын дэлгэрэнгүй тайлан /хх-н 40/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

     Шүүгдэгч Т.Б-нь 2019 оны 4 дүгээр сарын 12-ноос 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хороонд ...ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа бараа бүртээгдэхүүн борлуулсан борлуулалтын орлогоос 4.714.432 төгрөгийг хувьдаа завшсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ш.У-ийн: “...М-, Б- нар нь хариуцсан дүүргүүдэд байгууллагын бараа бүтээгдэхүүнийг тарааж түгээлт хийхдээ тооцоог байгууллагад тушаахдаа дутуу тушааж өөрсдийн хувийн данс руу болон бэлнээр мөнөг авч хувьдаа завшиж байсан нь санхүүгийн шалгалтаар тогтоогдсон. Бид нар М-, Б- нартай уулзаж энэ талаар асуухад өөрсдөө хүлээн хохирол төлж барагдуулах тухай гараар бичиж өгсөн. Мөн бид нар хамтран ажилладаг газрууд руугаа ярьж өр зээл байгаа эсэх талаар асуухад ямар ч өр төлбөр байхгүй, тооцоог бүрэн хийж дуусгасан байсан. Гэтэл М-, Б- нар нь зарим газар зээлээр авсан, төлбөр мөнгөө өгөөгүй талаар ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 5-6/, гэрч С.Г-ийн: “...Т.Б-нар нь 2019 оны 8 дугаар сарын 01-нээс 2019 оны 12 дугаар сарын 01-ний хооронд компаний бүтээгдэхүүнийг борлуулах цэгүүд болон худалдан авагч нарт хүргэж өгөхдөө төлбөр тооцоог бэлнээр авч компаниудад тухайн өдрийн орлогыг тушаахдаа дутуу тушааснаас болж компанид хохирол учруулсан. ...Б- болохоор Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт түгээлт хийдэг байсан. Гэтэл Б-, М- нар нь байгууллагад өгөх ёстой мөнгөн орлогыг дутуу тушааж хувьдаа завшсан байна. ...Б-н хувьд 4.714.432 төгрөгийг байгууллагад тушаахгүйгээр хувьдаа завшсан нь байгууллагын шалгалтаар тогтоогдсон. ...Б- одоо ажиллахгүй байгаа. Манай байгууллагын зүгээс санхүүгийн Даймонд программ ашиглаж түгээгч нарт хяналт тавьдаг бөгөөд М-, Б- нар нь тухайн өдрийн орлогыг дутуу тушааж программ дээр авлага үүсгэж байсан юм. Өөрсдөөс нь орлого дутуу тушаасан талаар нь асуухад зарим газруудаар зээлээ өгсөн, зээлсэн мөнгөө өгөхгүй байна гэх тайлбарыг хэлдэг байсан. Гэтэл авлага нь өндөр дүнтэй болоод эхэлсэн учраас бид нарын зүгээс шалгалт хийж тухайн байгууллага руу нь холбогдож үзэхэд бараа бүтээгдэхүүн авсан төлбөр тооцоог тухай бүрт нь төлсөн байсан, ганц нэг газар зээлээр аваад тэгээд төлбөрийг дараа нь төлж барагдуулсан байсан. Тэгээд М-, Б- нартай уулзаж энэ тухай хэлэхэд өөрсдөө хүлээн зөвшөөрч төлбөр тооцоогоо барагдуулна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 7/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Т.Б- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Т.Б-нь  “Шар Доктор” ХХК-д ажиллаж байх хугацаандаа борлуулалтын орлогоос 4.714.432 төгрөгийн хохирол учруулж завшсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус хуульчилжээ.

 

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “Шар Доктор” ХХК-д 4.714.432 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл 2.714.432 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ...ХХК /Ш.У-/-т олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Б-г гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирол төлбөр бүрэн төлж барагдуулаагүй зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.ББ-г 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага“-д даалгасугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-эс 2.714.432 төгрөг гаргуулж хохирогч Ш.У-т олгосугай.

 

6. Т.Б-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ДОРЖСҮРЭН