Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 487

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Дайриймаа,

Улсын яллагч: Б.Дэлгэрмаа,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-,

           Шүүгдэгч: Х.О-, түүний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Х.О-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003002990217 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Зам сервис” ХХК-д инженер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... тоот регистртэй, Х.О-.

 

Шүүгдэгч Х.О- нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цаг 07 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Moncon construction”-ний урд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж согтуурсан үедээ Honda Insight маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын эргэлтэн дээр эсрэг урсгалд орж, онхолдон, зорчигч Г.М-ын амь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.О- шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй” гэв.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х- шүүх хуралдаанд: “...Амь хохирогч миний төрсөн дүү байсан бөгөөд эхээс тавуулаа. Талийгаач дүү маань 70 настай эхийн хамт амьдардаг байсан. Ганц бие гэр бүлгүй байсан. Уг хэрэг гардаг өдөр Х.О-тай цуг архи ууж байгаад ийм зүйл болсон байна. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Оршуулгын зардалд 6 сая орчим төгрөг гарсан байгаа. ...Маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-н 61-64/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн үед нь манай ажилчид хашаагаа янзалсан байгаа. Осол гаргасан жолооч манай компаний төмөр хашааг бага зэрэг л эвдэж гэмтээсэн. ...манай компаний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, өмнө нь компаниас хашаанд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн албан бичгийг хүргүүлсэн байгаа” гэсэн мэдүүлэг /хх-н 79-80/,

 

Гэрч Т.У-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бид хоёрын урд явсан нөгөө цэнхэр автомашин замын эргэлтэн дээр чигээрээ яваад хашлага даван замын хажуугийн хашаа руу цөмөрч ороод доошоо харан онхолдсон. ...жолооч болон хойноос нь гаргасан хүмүүс согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/,

 

Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ертөнцийн зүгээр урдаас нэг машин барилгын хашааг мөргөөд доош харж онхолдсон. ...Машинаас буулгасан 2 хүн шал согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 83-84/,

 

Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Онхолдсон машинаас гаргасан 2 хүн шал согтуу аймаар архи үнэртэж байсан. Юу болж байгаагаа мэдэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 85-86/,

 

Гэрч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...автомашин засмал замын боржур даваад манай компаний хашаа руу мөргөж ороод доошоо хөмөрч унасан байдалтай байсан. Би өөрийн 95106620 дугаарын утаснаас 103, 102 дугаарт залгаж, дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 8-22/,

 

Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тайлийгаач Г.М-, Х.О-аас ганц юмны мөнгө байна уу гэсэн чинь Х.М-байгаа шүү дээ гээд, бид хоёрыг автомашиндаа суучих гээд суулгаад ...дэлгүүрээс 0.75 литрийн архи надаар авахуулсан. ...Архиа аваад бид гурав хөдлөх гэхэд Эрка ах дэлгүүрийн үүдэнд дайралдаад бид нартай хамт явсан. ...уулан дээр очиж бид дөрөв архиа гадаа сууж байгаад уусан. ...Энхээг арцатын аманд буулгаж өгчихөөд буцаад Арцатын замаар урдаасаа хойшоо чиглэлд явж байтал талийгаач Г.М-, Х.О-ыг зөөлөн яваач гэж хэлээд л удалгүй тас нис хийгээд л осол болсон. Осол юунаас болсныг бол мэдэхгүй байна. ...Би жолоочийн ард талд сууж байсан, хамгаалах бүс зүүгээгүй байсан. Талийгаач Г.М- жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан, хамгаалах бүс мөн зүүгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 91/,

 

Гэрч С.Б-мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дэлгүүрийн гадаа 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өглөө 09 цаг өнгөрч байхад талийгаач М- болон Б-, О- гуравтай дайралдсан. Тэгээд бид дөрөв Хулан дэлгүүр орж 0.75 литрийн архи ...аваад О-ын машинтай уулын энгэрт буюу бага аманд очиж гадаа сууж байгаад архиа уусан. Архиа О-, Б-, талийгаач М- бид дөрөв хувааж уусан. Архиа уучихаад бид дөрөв уулнаас буусан. Би Хан-Уул дүүргийн эмнэлгийн хойно Сансар үйлчилгээний төвийн урд О-ын автомашинаас буусан. ...Автомашиныг О- л жолоодож явсан. Архинаас О- уусан, бүгд л хуваагаад уусан” гэсэн мэдүүлэг /хх-н 93/,

 

Гэрч С.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11-12 цагийн орчимд Х.О-ын автомашинд суусан /гар өргөж суусан/ Х.О-аас Арцатын аманд хүргээд өгөөч гэсэн чинь за гээд хүргэж өгсөн. Би Арцатын амны уулын энгэрт буусан. Тэгээд Х.О- яваад өгсөн. ...автомашинд Х.О-аас гадна 3 зорчигч сууж явсан. Нэг хүн нь намайг эмнэлгийн гадна автомашинд суух үед зөрөөд буусан. ...Автомашинд суух үед жолооч болон зорчигч нараас архи үнэртэж байсан. ...Х.О- цэнхэр өнгийн куртик өмссөн байсныг бол санаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 94/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...04 минут 22-25 секунтын хооронд цэнхэр өнгийн, суудлын honda insight маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл гүйцэт түрүүлэн явна, уг автомашины жолооч нь баруун гараа цонхоор гаргасан, /цэнхэр өнгийн куртиктэй/ замаараа яваач ээж гэж хэлээд өнгөрнө. 04 минут 33-336 секунтын хооронд автомашин замын эргэлтэн дээр эсрэг урсгалд орж, замын боржур мөргөн зүүн талаараа эргэлдэн замын цаад талд байх төмөр хашааг мөргөж онхолдсон” гэжээ. /хх-н 59/,

 

Шинжээчийн 1007 тоот дүгнэлтэд: “...Талийгаач Г.М--н цогцост дух, зулай, суурь яс, зүүн ухархайн дээд, доод, гадна, хана, зүүн хацрын нум, зүүн гайморын хөндийн урд хойд хана, хоншоор ясны нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, нүүрний баруун хэсгийн эдийн дутагдал бүхий том шарх, зүүн 6-р хавирга, баруун 8, 9, 10 дугаар хавирганы хугарал, баруун бөөрний дээд булчирхай, баруун бөрний өөхөн эдийн цус хуралт, баруун бөөрний эдийн няцрал, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Талийгаач дээрх гавал тархины битүү гэмтэл болох дух, зулай, суурь яс, зүүн ухархайн дээд, доод, гадна, хана, зүүн хацрын нум, зүүн гайморын хөндийн урд хойд хана, хоншоор ясны нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, зулай, дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Үхэлд хүргэх өвчин тогтоогдсонгүй” гэжээ /хх-н 130-135/,

 

Шинжээчийн 2540 тоот дүгнэлтэд: “...О- гэсэн хаягтай цуснаас 1.9 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 1.9 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэжээ /хх-н 116-117/,

 

Техникийн шинжээчийн 285 дугаар дүгнэлтэд: “...Honda insight маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ, техникийн байдал болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна” гэжээ /хх-н 144/,

 

Яллагдагчаар Х.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...замын эргэлтэн дээр жолоодлого алдаж хашаа мөргөж онхолдсон. Осол миний буруугаас болж гарсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 174-175/,

 

2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 8-22/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 98/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 101/ зэргийг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Х.О- нь 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цаг 07 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг “Moncon construction”-ний урд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж согтуурсан үедээ Honda Insight маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын эргэлтэн дээр эсрэг урсгалд орж, онхолдон, зорчигч Г.М-ын амь хохирсон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Т.У-ын: “...бид хоёрын урд явсан нөгөө цэнхэр автомашин замын эргэлтэн дээр чигээрээ яваад хашлага даван замын хажуугийн хашаа руу цөмөрч ороод доошоо харан онхолдсон. ...жолооч болон хойноос нь гаргасан хүмүүс согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 81-82/, гэрч Х.Б-ийн: “...ертөнцийн зүгээр урдаас нэг машин барилгын хашааг мөргөөд доош харж онхолдсон. ...Машинаас буулгасан 2 хүн шал согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 83-84/, гэрч С.Б-ын: “...Онхолдсон машинаас гаргасан 2 хүн шал согтуу аймаар архи үнэртэж байсан. Юу болж байгаагаа мэдхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 85-86/, гэрч Э.М-ын: “...автомашин засмал замын боржур даваад манай компаний хашаа руу мөргөж ороод доошоо хөмөрч унасан байдалтай байсан. Би өөрийн 95106620 дугаарын утаснаас 103, 102 дугаарт залгаж, дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 8-22/, гэрч С.Б-ын: “...Арцатын замаар урдаасаа хойшоо чиглэлд явж байтал талийгаач Г.М-, Х.О-ыг зөөлөн яваач гэж хэлээд л удалгүй тас нис хийгээд л осол болсон. Осол юунаас болсоныг бол мэдэхгүй байна. ...Би жолоочийн ард талд сууж байсан, хамгаалах бүс зүүгээгүй байсан. Талийгаач Г.М- жолоочийн хажуугийн урд суудал дээр сууж явсан, хамгаалах бүс мөн зүүгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 91/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн 1007, 2540 тоот дүгнэлтүүд, техникийн шинжээчийн 285 дугаар дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Х.О-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.О- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож улмаар осолдож амь хохирогч Г.М-ын амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирлын мөнгө хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Х.О-ыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.О-ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “....анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүгдэгч Х.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч 2 жил хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Х.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирогч, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй гэсэн, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, тус зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 02 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.О-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дуусан үеэс тоолж эдлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийн 28106 дугаартай В, С, D ангиллын жолооны үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х.О-ыг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг согтуурсан үедээ” үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.О-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч, 02 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Х.О-ын 28106 дугаартай В, C, D” ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Х.О-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дуусан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь

хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

7. Х.О- нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ДОРЖСҮРЭН