| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00488/И |
| Дугаар | 23 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 23
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан уул аймгийн Дархан сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух ******* ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух овогт ы д холбогдох 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 04 дүгээр сард Ховд аймгийн ******* сумын ХХК-ийн захирал Ч.тай уулзаж том оврын ачааны машины жолоочоор ажиллахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг 150,000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 рейсийг 200,000 төгрөгөөр тохирсон. Энэ тохиролцоог албан ёсоор хийгээгүй ч аман хэлцлээр тохирч, 2015 оны 07 дугаар сарыг дуустал ажилласан. Ажлын хөлсийг сар бүр өгдөггүй, цувуулж өгдөг байсан. Би Ч.тай ажлын хөлсөө тооцож үзэхэд 4,000,000 төгрөгийг авахаар байсан. Энэ мөнгийг Ч. удахгүй өгнө, мөнгө бүтэхгүй байна гэж хэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд ХХК-ийн захирал Ч.гаас ажлын хөлс 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* Ч.тай анх уулзаж, түүний машиныг барихаар тохиролцох үед Ч. нь Б.*******д “би ХХК-ний захирал” гэж ойлгуулсан байдаг. Иймд Б.******* шүүхэд нэхэмжлэл гаргахдаа “ ” ХХК-ний захирал Ч.д холбогдуулан гаргасан. Хэрэг шүүхэд очсоны дараа Ч.г “ ” ХХК-ний захирал биш гэдгийг мэдсэн. Иймд “ ” ХХК-ний захирал Ч.д биш, иргэн Ч.д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна.
Б.******* нь 2014 оны 04 дүгээр сард Ч.тай уулзаж том оврын ачааны машины жолоочоор ажиллахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг 150,000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 рейсийг 200,000 төгрөгөөр тохирч, аман хэлэлцээ хийсэн байдаг. Ингээд 2014 оны 04 -09 сар хүртэл 39 удаагийн рейс буюу үүнийг 150,000 төгрөгөөр тохиролцсон. 2014 оны 09 сараас хойш 14 удаагийн рейс буюу 200,000 төгрөгөөр, нийт 53 удаагийн рейсээр 8,650,000 төгрөгийг Ч. Б.*******д өгөх ёстой. Энэ мөнгөнөөс Б.******* нь 6,940,000 төгрөгийг авсан ба одоо 1,710,000 төгрөгийг аваагүй. Үүн дээр нэмээд Б.*******, Ч. нар анх хоорондоо тохиролцохдоо цалингаас хоолны мөнгийг суутгахгүй гэж тохиолцсон, Б.******* нь “ ” ХХК-аас биш иргэн Ч.гаас цалингаа авдаг байсан тул хоолны мөнгөнд суутгасан 1,942,800 төгрөг болон рейсийн үлдэгдэл 1,710,000 төгрөг, нийт 3,652,800 төгрөгийг нэхэмжилж байна. Ч. нь “ ” ХХК-тай Б.*******гийн идсэн хоолны төлбөрийг яаж тохиролцсоныг Б.******* мэдэхгүй. Б.******* Ч.тай амаар гэрээ байгуулж, түүнээс цалинжихаар тохиролцож, цалингаасаа хоолны төлбөрийг суутгуулахгүйгээр тохиролцсон байдаг. Анх шүүхэд нэхэмжлэгч 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс одоо 3,652,800 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага 347,200 төгрөгөөс татгалзаж байна гэв.
Хариуцагч Ч. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “ ” ХХК-ний захирал биш. Би “ ” ХХК-д машин оруулж, тээвэрт явуулдаг. Улмаар иргэн Б.*******г 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 07 дугаар сар хүртэл тус компанид оруулсан миний машинд жолоочоор ажиллах талаар аман гэрээ байгуулж, 2014 оны 04-11 сарыг дуустал миний машины жолоочоор ажилласан. Бид анх аман гэрээ байгуулахдаа 2014 оны 09 сар хүртэл нэг удаагийн тээврийн 150,000 төгрөгөөр, 09 дүгээр сараас хойш 1 удаагийн тээврийг 200,000 төгрөгөөр явахаар тохиролцсон.
Ингээд аман гэрээний дагуу Б.******* нь 2014 оны 04-09 сар хүртэл 39 удаа, 09 сараас хойш 14 удаа тээвэрт явсан. Нийтдээ 54 удаа тээвэрт явсан гэсэн үг. Энэ хугацаанд тээвэрт явсан хөлсийг нарийвчлан гаргавал 2014 оны 04 дүгээр сараас 09 сар хүртэл 39 удаагийн тээвэрт 5,850,000 төгрөг, 09-11 сар хүртэл 14 удаагийн тээвэрт 2,800,000 төгрөгийн ажил хийсэн. Өөрөөр хэлбэл би нийт 8,650,000 төгрөг өгөх ёстой.
Үүнээс 2014 оны 04 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэл Б.*******гийн тээвэрт явах хугацаандаа идсэн хоолны мөнгө 1,942,800 төгрөгийг миний бие “ ” ХХК-д машинаа тээвэрт явуулсны хөлсөнд авах ёстой мөнгөнөөсөө хасуулж авсан. Өөрөөр хэлбэл Б.*******гийн идсэн хоолны мөнгийг би төлсөн гэсэн үг. Ингээд Б.*******д нийтдээ дансаар 6,840,000 төгрөгийг шилжүүлсэн. Эцэст нь би нийтдээ Б.*******д 8,782,800 төгрөг өгсөн гэсэн үг. Өөрөөр хэлбэл би Б.*******д 3,650,000 төгрөг өгөх ёстойгоос илүү 8,782,800 төгрөг өгч 132,800 төгрөгийг илүү өгсөн. Иймд 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ч.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ч.тай амаар тохиролцон ачааны машины жолоочоор ажиллахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг 150,000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 рейсийг 200,000 төгрөгөөр тохирч, аман хэлэлцээ хийсэн байдаг. Ингээд 2014 оны 04 -09 сар хүртэл 39 удаагийн рейс буюу үүнийг 150,000 төгрөгөөр тохиролцсон. 2014 оны 09 сараас хойш 14 удаагийн рейс буюу 200,000 төгрөгөөр, нийт 53 удаагийн рейсээр 8,650,000 төгрөгийг Ч. Б.*******д өгөх ёстой. Энэ мөнгөнөөс Б.*******д 6,940,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ба одоо 1,710,000 төгрөгийг өгөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин Б.*******, Ч. нар анх хоорондоо тохиролцохдоо цалингаас хоолны мөнгийг суутгахгүй гэж тохиолцсон зүйл байхгүй. “ ” ХХК-аас Ч. цалингаа авахдаа Б.*******гийн идсэн хоолны мөнгийг суутгуулж авсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан “ ” ХХК-ний ня-бо Д.Одгэрэлийн гаргасан ажлын тооцооны баримтаар нотлогдож байна. Мөн хэрэгт гэрчээр асуугдсан Д., П., С. нарын мэдүүлэг авагдсан ч гэсэн эдгээр хүмүүс Б.*******той хамт Ч.гийн машин барьж байсан гэх баримт байхгүй байгаа. Тийм учраас эдгээр гэрч нар Б.*******, Ч. нарын хооронд тохиролцсон хоолны тооцоог мэдэх боломжгүй юм. Иймд “ ” ХХК-нд суутгуулсан Б.*******гийн идсэн хоолны мөнгийг Ч. төлөх ёсгүй.
Иймд шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагаас рейсийн төлбөрийн үлдэгдэл 1,710,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Харин хоолны төлбөр 1,942,800 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч “ ” ХХК-ний захирал Ч.д холбогдуулан4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан иргэн Ч.д холбогдуулан 3,652,800 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаас 347,200 төгрөгөөс татгалзжээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаан дээр гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ч. нар нь хоорондоо ярилцан Б.******* нь Ч.гийн том оврын ачааны машины жолоочоор ажиллахаар болж, 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 рейсийг 150,000 төгрөгөөр, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 1 рейсийг 200,000 төгрөгөөр тохирч, аман хэлэлцээ хийсэн. 2014 оны 04 -09 сар хүртэл 39 удаагийн рейс буюу үүнийг 150,000 төгрөгөөр тохиролцсоныг тооцвол (39 х 150,000) = 5,850,000 төгрөг болсон.
2014 оны 09 сараас хойш 14 удаагийн рейс буюу 200,000 төгрөгөөр тохирсон ба энэ нь (14 х 200,000) = 2,800,000 төгрөг, нийт 53 удаагийн рейсээр 8,650,000 төгрөгийг Ч. Б.*******д өгөх ёстой байсан. Үүнээс Ч. нь Б.*******д 6,940,000 төгрөгийг өгсөн, одоо үлдэгдэл рейсийн төлбөр 1,710,000 төгрөгийг Ч. нь Б.*******д өгөөгүй байгаа гэдэгт талууд маргаагүй болно.
Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь Б.*******, Ч. нар нь анх хоорондоо тохиролцохдоо цалингаас хоолны мөнгийг суутгахгүйгээр тохиолцсон байдаг ба хоолны мөнгөнд 1,942,800 төгрөгийг өгөх ёстой гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нь “ ” ХХК-нд суутгуулсан Б.*******гийн идсэн хоолны мөнгийг Ч. төлөх ёсгүй гэж мэтгэлцлээ.
Энэхүү үйл баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ амаар байгуулагдсан байна гэж үзлээ.
Дээрх гэрээний дагуу ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Хариуцагч Ч. нь нэхэмжлэгч Б.*******д нийт 53 удаагийн рейст явсны хөлс 8,650,000 төгрөгөөс 6,940,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Б.*******гийн 5325046407 дансны дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-21-24/, Ч.гийн 5850010956 дансны дугаартай Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-75-79/, талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбараарнотлогдож байна.
Харин Ч., Б.******* нар нь анх гэрээ байгуулахдаа хоолны төлбөр цалингаас хасагдахгүйгээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан:
Гэрч С.ын “Б.******* нь Алтайн хүдэрт ажиллаж байхдаа Ч.гийн машиныг унадаг байсан. Тэнд хүдэр зөөдөг байсан. Алтайн Хүдэрт хэд хэдэн хувийн компани ажилладаг байсан. Тэдгээр компаниудын нэг болох “ ” компанид бид нар хамт ажилладаг байсан. 1 рейсийг 150,000 төгрөгөөр тохиролцсон. Хоол нь цаанаасаа гэж байсан. Ажлын хөлснөөс хоолны үнэ суутгагдана гэж тохиролцоогүй. Б.******* нь ажлын хөлсөө 1 удаа аваад тэр мөнгөнөөсөө сэлбэг авч байсан. Одоо 4,000,000 төгрөг авч чадаагүй байгаа” гэх /хх-36/ мэдүүлэг,
Гэрч П.ийн “би Б.*******той хамт ажиллаж байсан учраас түүнийг танина. Ч. нь Б.*******г өөрийнхөө машин дээр явуулахаар ярилцсан. Алтайн Хүдэрт хүдэр зөөдөг байсан. Ямар нэгэн гэрээ хийгээгүй. 1 рейсийг 150,000 төгрөгөөр цалинжуулна гэж тохиролцсон. Хоолны үнийг машины эзэн даахаар тохиролцсон. Бид нар зөвхөн машинаа барьдаг. Сэлбэг хэрэгслийн үнийг машины эзэн хариуцахаар тохиролцсон. Б.******* нь Ч.гаас ажлын хөлсөө бүрэн авч чадаагүй. Хэрэгцээний мөнгө л авдаг байснаас цалингаа бүрэн аваагүй. Яг хэдэн төгрөг дутууг сайн мэдэхгүй” гэх /хх-38/ мэдүүлэг,
Гэрч Д.гийн “Б.*******г хамт ажиллаж байсан учраас танидаг. Ч. бол машины эзэн, Б.******* түүний машиныг нь барьдаг байсан. Цээл сум, Алтайн хүдэрт ажиллаж байсан. 1 рейсийг нь 150,000 төгрөгөөр хоорондоо тохиролцсон. Хоолыг цаанаасаа өгнө, цалингаас хоолны үнэ хасагдахгүй гэж тохирсон. Б.******* Ч.гаас цалингаа аваагүй байх. 4,000,000 төгрөг дутуу байгаа гэж Б.******* ярьж байсан. Цалинг тухай бүрт нь өгдөггүй, хааяа л хэдэн төгрөг өгдөг байсан” гэх /хх-40/ мэдүүлэг болон шүүх хуралдаан гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “хэрэгт гэрчээр асуугдсан Д., П., С. нарын мэдүүлэг авагдсан ч эдгээр хүмүүс Б.*******той хамт Ч.гийн машин барьж байсан гэх баримт байхгүй байгаа. Тийм учраас эдгээр гэрч нар Б.*******, Ч. нарын хооронд тохиролцсон хоолны тооцоог мэдэх боломжгүй” гэх боловч энэ нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч С., П., Д. нарын өөрсдийнх нь өгсөн мэдүүлэгээр Б.*******той хамт ажиллаж байсан жолооч мөн болох нь нотлогдож байна.
Мөн “ ” ХХК-ний ня-бо Д.Одгэрэлийн гаргасан ажлын тооцооны баримт /хх-65-74/-аар жолооч Б.*******гийн идсэн хоолны төлбөрийг цалингаас нь суутгасан байх боловч Б.******* нь “ ” ХХК-тай биш, иргэн Ч.тай гэрээ байгуулан, түүнээс цалинжиж байсан нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан талуудын тайлбар, хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгүүдээр, харин Ч. нь “ ” ХХК-д ажиллаж байсан нь тус компаний захирлын тодорхойлолт /хх-64/-оор тус тус нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Ч. нь жолооч Б.*******гийн идсэн хоолны төлбөрийг цалингаас нь суутгуулах эсэх талаар “ ” ХХК-тай яаж тохиролцсон нь хэрэгт хамааралгүй юм. Учир нь энэхүү маргаан нь иргэн Ч., Б.******* нарын хооронд байгуулагдсан гэрээ байна.
Иймд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу хөлсөөр ажилласан рейсийн төлбөр 1,710,000 төгрөг, хоолны мөнгө 1,942,800 төгрөг, нийт 3,652,800 төгрөгийг хариуцагч Ч. төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч Б.******* шаардах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,652,800 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 73,395 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Ч. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...аман гэрээний дагуу Б.******* нь 2014 оны 04-09 сар хүртэл 39 удаа, 09 сараас хойш 14 удаа тээвэрт явсан. Нийтдээ 54 удаа тээвэрт явсан...” гэж буруу нэмсэн байх бөгөөд зардлыг нэмж тооцоход (39 + 14) =53 гарч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.гаас 3,652,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 347,200 төгрөгийгхэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 73,395 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА