Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 493

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Э.Дайриймаа,

Улсын яллагч:  Ц.Ганчимэг /томилолтоор/,

Шүүгдэгч: Ш.А-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт Ш.А-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010007720415 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын цахилгаанчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт ....,

 

Шүүгдэгч Ш.А- нь учрах саадыг арилгах зорилгоор ...улсын дугаартай пронтер маркийн машин механизм ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Хөндлөн Уул” гэх газарт “...” ХХК-н баригдаж байсан барилгаас тус компаний вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, хохирогч Батцэнгэлийн цохилттой дрилл, тасдагч, уртасгагч, утас зэрэг эд зүйлийг хулгайлж 1.858.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.А- шүүх хуралдаанд: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 07-ны орой малаа сааж дуусаад, малд өгөх өвс дуусчихсан байхаар нь өлзийт хорооллын постны дэргэд өвс зардаг хүмүүс дээр очих гээд явж байх замд нэг хүн гар өргөж зогсоогоод, барилга дээрээс юм ачаад толгойтрууу очъё гэхээр нь үнэ хөлсөө тохироод, бид 2 танилцаад, тэр залуу надад утасны дугаар, нэрээ хэлээд би автомашиндаа суулгаад явсан. Тэгээд тухайн барилгын зүүн урд хэсэгт очиж зогсоод барилгаас хэдэн багаж зөөж ирээд  миний автомашин дээр ачаад эргээд төв замруу ороод явсан. Тэгээд би тэр хүнд бензин хийе, одоо мөнгөө өгчих гэтэл одоо мөнгө байхгүй байна, очоод өгье гэхээр нь тэр худлаа одоо өгчих гэтэл, тэр хүн та энэ багажуудаас үнэ тохироод авчих. Энэ пуужин таных шиг том машиныг өвөл хурдан асаадаг та 500.000 мянган төгрөгөөр ав гэхээр нь надад 200.000 төгрөг байна гээд би тухайн багажийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд би тухайн багажийг хашаандаа авчирж тавиад хэрэглээгүй байхад 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр цагдаа манай хашаанд орж ирээд тухайн багажийг хулгайлагдсан эд зүйл байна гээд аваад явсан” гэв.

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэртээ байж байхад 09 цагийн орчим Гантөр гэх сангийн инженер 99020750 гэсэн дугаараас залгаж барилга дээрээс урьд шөнө эд зүйл алдагдсан байна гэхээр нь би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Хөндлөн-Уул” гэх газар баригдаж байгаа мал эмнэлэг ариутгалын барилга дээр ирэхэд 2 ширхэг халаагч пуужин, 1х2 хэмжээтэй вакум цонх, манай барилга дээр ажиллаж байгаа ажилчдын цахилгаан багажнууд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Хохирогч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр салхитай байсан учраас шаврын ажил хийж болохгүй гадна дотно илүү дутуу хогнуудаа цэвэрлэчихээд орой 20 цагийн орчим орж ирсэн. Орж ирээд бид нар хоолоо идчихээд унтаж амарцгаасан. Энхэр бид хоёр контейнерт унтдаг юм. Эхнэр бид хоёр жаахан фэйсбүүк ухаж байгаад 22 цагийн үед унтаж амарсан. Надтай хамт ажилладаг Өлзий, О- хоёр  зүүн талд байдаг манаачийн путканд хоносон. Тэгээд маргааш нь буюу 2020.04.08-ны өглөө 07 цагийн үед Өлзий, О- хоёр орж ирсэн. Тэр үед эхнэр бид хоёр дөнгөж босож байсан. Бид нар цай чанаж уучихаад 08 цагийн үед ажилдаа гарсан. Тэгээд ажлаа хийж эхлэх гээд цахилгаанаа залгах гэтэл залгуур байхгүй утсыг нь тасдаад авчихсан байсан. Тэгэнгүүт нь бид нар юм алга болчихсон юм биш байгаа даа гэж бодоод бусад багаж хэрэгслээ шалгаж үзтэл халаагч пуужин 2 ширхэг, 1 ширхэг вакум цонх зэрэг эд зүйл байхгүй байсан. Бид нар эхэндээ арай ч алга болчоогүй байх гэж бодоод бусад багаж хэрэгслээ шалгаж үзтэл халаагч пуужин 2 ширхэг, жижиг гар тасдагч 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, урт залгуур 2 ширхэг, 1 ширхэг вакум цонх зэрэг эд зүйл байхгүй байсан. Бид нар эхэндээ арай ч алга болчихоогүй байх гэж бодоод тэр хавиар зөндөө байхгүй болохоор нь харуул О-г энэ барилгыг бариулж байгаа “...” ХХК-ны инжинер Б.Б- руу залгуулсан. Тэгсэн Б.Б-и цагдаа дуудчихъя хамаагүй наад хавиараа юм оролдож, битгий яваарай гэж хэлсэн. Би очолоо гэж хэлсэн. ...Би алдагдсан эд зүйлээ бүгдийг нь бүрэн бүтэн буцааж авсан. ..Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Гэрч Ж.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө 06 цаг өнгөрч байхад босоод цай чанаж уучихаад 08 цагийн үед ажилдаа гарсан. Тэгсэн тасдагч, дрилл, уртасгагч залгуур зэрэг байхгүй байсан. Тэгээд О-г хураасан байж магадгүй гээд барилга дотор үзсэн чинь халаагч пуужин 2 ширхэг гадаа хураасан байсан цонхноос 1 ширхэг вакум цонх зэрэг байхгүй байсан. Тэгсэн О- овгор шороон дээр гараад энд машины мөр байна гэсэн. Тэгээд цагдаа руу ярьсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/,

 

Гэрч Л.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө барилга дээр ажилчдаа ажиллуулж 20:00 цагийн орчим бууж эд зүйлээ болон барилгын багаж төхөөрөмжөө баригдаж байгаа барилга дотор хийгээд амарсан. Тэгээд шөнө 23 цагт амраад 4 дүгээр сарын 08-ны өглөө 07:40 минутад босоод ажлаа эхлэх гэхэд барилгын багаж болон вакум цонх байхгүй байхаар нь барилга хариуцаж байсан Б- гэх хүнд хэлж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 42/,

 

Сэжигтнээр Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...4 сарын 7-ноос 08-ны шилжих шөнө 00:00 цагийн орчим гэрээсээ өөрийн эзэмшлийн Пронтер маркийн 79-04 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж тухайн барилга дээр ганцаараа очиж Вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, дрилл, тасдагч, уртасгагч зэрэг эд зүйлийг барилга дотор байхаар нь хулгайлж машин дээрээ ачиж гэртээ аваачиж нуусан” гэсэн мэдүүлэг /хх-н 79-80/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...дугуйн дотор талаас 11.5 см өлмий, өсгий 9 см урагш харсан байрлалтай нийт урьд нь 29.5 см өлмий хэсэгтээ гурвалжин хээтэй, ...2 ширхэг гутлын мөр ирүүлсэн” гэжээ. /хх-н 6-12/,

 

2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Төв аймгийн Сэргэлэн сум Өндөр дэнж гэх газар ..хашааны голд ертөнцийн зүгээр зүүн урд зүг рүү харуулан тавьсан цагаан өнгийн ...услын дугаартай ...автомашин ...саарал өнгийн бүтээлгээр хучсан автомашины зүүн талд түшүүлэн тавьсан вакум цонх ...Үзлэг хийсэн газраас вакум цонх 1 ширхэг, том халаагч пуужин 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, жижиг халаагч пуужин 1, 1 ширхэг, дамартай уртасгагч 60 метр 1 ширхэг, гар тасдагч 1 ширхэг зэрэг эд зүйлийг хураан авав” гэжээ. /хх-н 14-20/,

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 21/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 22/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-н 24-25/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 87-110/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь тухайн эд зүйлийг би хулгайлаагүй, хоёр залуу хулгайлсан, би 200.000 төгрөгөөр худалдаж авсан тиймээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж шалгаж өгнө үү гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг хэлэлцэн шийдэх боломжгүй байна. Миний үйлчлүүлэгч замд таарсан залуугаас авсан бүх зүйлээ цагдаад хүлээлгэн өгсөн учир ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж бодон тухайн үед мэдүүлэг өгсөн бөгөөд тэдгээр эд зүйлсийг ачиж аваад гэртээ авчирсан нь үнэн боловч хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй, Ш.А- хулгайлаагүй юм. Иймээс Б-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь би хулгайлаагүй гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт хууль сануулж авсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөн шүүгдэгчийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэргээр шүүгдэгч нь тухайн эд зүйлийг ...тээврийн хэрэгсэлд ачиж, улмаар өөрийн гэрийн гадаа буулгасан нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

 

Шүүгдэгч Ш.А- нь учрах саадыг арилгах зорилгоор ...улсын дугаартай пронтер маркийн машин механизм ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Хөндлөн Уул” гэх газарт “...” ХХК-н баригдаж байсан барилгаас тус компаний вакум цонх 1 ширхэг, халаагч пуужин 2 ширхэг, хохирогч Батцэнгэлийн цохилттой дрилл, тасдагч, уртасгагч, утас зэрэг эд зүйлийг хулгайлж 1.858.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Б-ын: “...Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо “Хөндлөн-Уул” гэх газар баригдаж байгаа мал эмнэлэг ариутгалын барилга дээр ирэхэд 2 ширхэг халаагч пуужин, 1х2 хэмжээтэй вакум цонх, манай барилга дээр ажиллаж байгаа ажилчдын цахилгаан багажнууд алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 28-29/, хохирогч Б.Б-ийн: “...ажлаа хийж эхлэх гээд цахилгаанаа залгах гэтэл залгуур байхгүй утсыг нь тасдаад авчихсан байсан. Тэгэнгүүт нь бид нар юм алга болчихсон юм биш байгаа даа гэж бодоод бусад багаж хэрэгслээ шалгаж үзтэл халаагч пуужин 2 ширхэг, 1 ширхэг вакум цонх зэрэг эд зүйл байхгүй байсан. Би нар эхэндээ арайч алга болчоогүй байх гэж бодоод бусад багаж хэрэгслээ шалгаж үзтэл халаагч пуужин 2 ширхэг, жижиг гар тасдагч 1 ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, урт залгуур 2 ширхэг, 1 ширхэг вакум цонх зэрэг эд зүйл байхгүй байсан. Бид нар эхэндээ арай ч алга болчихоогүй байх гэж бодоод тэр хавиар зөндөө байхгүй болохоор нь харуул О-г энэ барилгыг бариулж байгаа “...” ХХК-ны инженер Б.Б- руу залгуулсан. Тэгсэн Б.Б-и цагдаа дуудчихъя хамаагүй наад хавиараа юм оролдож, битгий яваарай гэж хэлсэн. Би очлоо гэж хэлсэн. ...Би алдагдсан эд зүйлээ бүгдийг нь бүрэн бүтэн буцааж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/, гэрч Ж.Б-гийн: “...Өглөө 06 цаг өнгөрч байхад босоод цай чанаж уучихаад 08 цагийн үед ажилдаа гарсан. Тэгсэн тасдагч, дрилл, уртасгагч залгуур зэрэг байхгүй байсан. Тэгээд О-г хураасан байж магадгүй гээд барилга дотор үзсэн чинь халаагч пуужин 2 ширхэг гадаа хураасан байсан цонхноос 1 ширхэг вакум цонх зэрэг байхгүй байсан. Тэгсэн О- овгор шороон дээр гараад энд машины мөр байна гэсэн. Тэгээд цагдаа руу ярьсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 35-36/, гэрч Л.О-ийн: “...өглөө 07:40 минутад босоод ажлаа эхлэх гэхэд барилгын багаж болон вакум цонх байхгүй байхаар нь барилга хариуцаж байсан Б- гэх хүнд хэлж мэдэгдсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 42/, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ш.А-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ш.А- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэж 1.858.000 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлгүйгээр тухайн эд зүйлсийг авч явах боломжгүй тул түүнийг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч нь эд зүйлээ буцаан  авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ш.А-ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 3 жил хорих ял оногдуулах шүүгдэгчийн өмгөөлөгч 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Ш.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирогчийн эд зүйлийг буцаан өгсөн зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 02 жилийн хорих ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ш.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийн урьд цагдан хоригдсон 15 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.А-ийг 02 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-т оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.А-ийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Ш.А-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийн эзэмшлийн 79-04 УБҮ улсын дугаартай автомашиныг хурааж, улсын орлого болгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг

эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Д.ДОРЖСҮРЭН