Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 441

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил,

улсын яллагч Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Л.Э-, түүний өмгөөлөгч У.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгт Л.Э-т холбогдох эрүүгийн 2010007140469 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 3, 2-8 насны 2 хүүхдийн хамт .....

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Л.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ...од 19 хоногтой нярай хүүхдээ доошоо харуулан хэвтүүлсэний улмаас ам хамар нь тагларч механик бүтэлтэнд орж нас барж, болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Яллагдагч Л.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ...од 19 хоногтой нярай хүүхдээ доошоо харуулан хэвтүүлсэний улмаас ам хамар нь тагларч механик бүтэлтэнд орж нас барж, болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон болох нь:

 

1. Шүүгдэгч Л.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

2. Шүүгдэгч Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хүүхдээ хажуу талаар нь харуулаад хэвтүүлсэн. Мөн өлгийг нь тайлаад хэвтүүлсэн. Би хэвтэхээс өмнө хүүхдээ хөхүүлсэн. Хөхөхгүй мээмээ түлхээд байсан. Тэгээд би хүүхдээ тэвэрч хэвтэж байгаад унтаад өгсөн. Өглөө нэг сэртэл нүүр нь доошоо харчихсан байхаар нь сэрээх гэхэд нүүр нь нэг сонин болчихсон сэрээх гэхэд сэрэхгүй байсан. Би унтаж байгаад хүүхэд маань ийм санамсаргүй зүйл болчихлоо... гэх мэдүүлэг /хх-ийн 102-103/ ...Хүүхэд маань маш их шарлалттай байсан. Эмнэлэгт шарлага хийлгэсэн. 2020 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 04 цагийн үед хүүхдийнхээ өлгий, даавууг угааж дуусаад унтсан. Шөнө унтахдаа хүүхдээ хөхүүлэх гэсэн чинь хөхөө хэлээрээ түлхээд гаргачихсан. Тэгээд хөхөхгүй юм байна гэж бодоод унтсан. Өглөө 09 цагийн үед намайг унтаж байхад ээж халуун савтай цай бариад орж ирсэн. Би босоод халуун савтай цайгаа аваад надад хүүхдээ хармаар санагдаад нэг л эвгүй мэдрэмж төрөөд хүүхдээ хартал нүүр нь хөхөрчихсөн байсан. Гэхдээ бие нь бүлээн байсан. Би айгаад хүүхдээ тэврээд ээж дээрээ очтол ээж 103 руу дуудлага өгсөн. Эмч ирээд нас барсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 102/

 

3. Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө 08 цаг 30 минутын үед Э- хүүхэдтэйгээ унтаж байсан. Би хүүхэд төрснөөс хойш нэг л удаа хамт хоносон. Намайг хоносон өдөр хүүхдийн биеийн байдал хэвийн, уйлж чарласан зүйлгүй тайван байсан. Тэгээд намайг өглөө гарч явдагийн маргааш орой 21 цагийн үед Э- залгаад хүүхэд өнгөрчихлөө гэж хэлсэн. Амь хохирсон хүүхэд миний хүүхэд мөн. Би Э-ийг жирэмсэн болсон үеэс нь эхлээд байнга уулзаж, бие хаа нь яаж байгаа талаар асуудаг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/  

 

4. Гэрч Ш.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай охин гэртээ уйлаад байхаар нь яваад ортол Э- нь охиноо тэвэрсэн байдалтай уйлаад сууж байсан. Хүүхэд сонин байна гэхээр нь хартал цонхийсон, хөдөлгөөнгүй байдалтай байхаар нь би айгаад хүүхэд чинь өнгөрчихсөн юм биш үү гэж хэлсэн. Урьд нь охины биеийн байдал гайгүй байсан. Э- нойр хоолондоо сайн байсан. Биеийн байдал нь хэвийн мөн сэтгэл санаа нь хэвийн байсан. Өнгөрдөг хүүхдийн аав нь Бүрэнжаргал гэж залуу байгаа. Тэрэнтэйгээ суух гээд байгаа юм уу үгүй юм уу ирэн очин хэсэг хугацаа өнгөрсөн. Э- хүүхдээсээ залхсан талаар юм ярьж байгаагүй. Хүүхдэд их хайртай хүн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

5. Гэрч Ш.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн өрхийн эмнэлэгт ажилладаг. Э- миний санаж байгаагаар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 1 дүгээр төрөхөд төрөөд эмнэлгээс гарлаа гэхэд Ш.Ж- эмч бид хоёр 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр очиж хүүхдийг нь үзсэн. Хүүхдийн биеийн байдал хэвийн, гэхдээ шарлалттай байсан. Эм уучихвал шарлалт буурчихдаг гэж хэлээд эм бичиж өгсөн. Хүүхэд нас барах хүртэл эмч 3 удаа, би 2 удаа очиж үзсэн. Очих болгонд хүүхэд хөх нойрондоо их сайн байсан. Харин орчин нь нилээн бохирдолтой байдаг байсан. Эмч бид 2 очих болгондоо гэр орноо цэвэрхэн байлга, хүүхдэдээ шарлалтын эм уулгах, өөрөө даралт багатай байх, хоол унд сайтар идэж жжу байх зэрэг энгийн боловч зайлшгүй шаардлагатай заавар зөвлөгөөнүүдийг өгч байсан боловч огт биелүүлдэггүй хайхрамжгүй байдалтай байдаг байсан. Э-ийн сэтгэл санаа нь маш тогтуун байсан, хүүхдээсээ залхах шинж тэмдэг огт илэрч байгаагүй” гэх мэдүүлэг /хх-21/

 

6. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Амартүвшингийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 864 тоот “...Нярайн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гэмтэл тогтоогдсонгүй. Нярай нь тархины шүүдэст үрэвсэл, уушгины голомтот хатгалгаа өвчтэй ба энэ нь үхэлд хүргээгүй. Нярайн ам, хамар тагларах хэлбэрийн механик бүтэлтэнд орж нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн30-32/  

 

            7. Шинжээч эмч Т.Амартүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нярайд үүссэн хүүрийн толбо нь нүүр, биеийн урд хэсэг, өмнөд хэсгээр үүссэн байсан учир доошоо харсны улмаас амьсгал бүтсэн болно. 18 орчим хоногтой нярай өлгийтэй болон сул байсан аль ч тохиолдолд өөрөө доошоо харах боломжгүй. Нярай хүүхдийн ам хамар тагларсан тохиолдолд маш богино хугацаанд амьсгал бүтэлт явагдана. Ходоодонд сүүний агууламж байсан тул амьсгал бүтэхээс өмнө хөхүүлсэн байх” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86/, гэрлэлт бүртгэлгүй болох тухай лавлагаа /хх-ийн 89/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91-93/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.Э-ийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

             Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Л.Э- нь 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ...од 19 хоногтой нярай хүүхдээ доошоо харуулан хэвтүүлсэний улмаас ам хамар нь тагларч механик бүтэлтэнд орж нас барж, болгоомжгүйгээр амь насыг нь хохироосон байна.

 

Шүүгдэгч Л.Э-ийн үйлдэл нь хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Э-ийн хүний амь насыг хохироосон үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай эс үйлдэхүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.Э-ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Э- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар заажээ.

Шүүгдэгч Л.Э- нь 02-8 насны 2 хүүхэдтэй, түүний бага хүү Э-ийн Пүрэвбат нь 02 настай болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 92/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасны дагуу 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Э-ийг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ийг 2 /хоёр/ жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Э-т 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Л.Э- нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч Л.Э-т анхааруулж мэдэгдсүгэй. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

               

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДОРЖСҮРЭН