Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 31

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багт оршин суух /иргэний үнэмлэх дээрх хаяг/, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багт оршин суух, ПА92082401 регистрийн дугаартай, Харнууд овогт Баатарын Мөнхцэцэг нь охин М.Ганцэцэгийн эцэг Д.Баттогтох мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Мөнхцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би Д.Баттогтохтой 2011 онд танилцаж, 2014 оноос хойш хамтарч амьдарсан. Улмаар 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бидний охин М.Ганцэцэг мэндэлсэн. Бид хамтран амьдарч байх хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд Д.Баттогтох нь охин М.Ганцэцэгээ төрөхөөс 3 сарын өмнө ослын улмаас нас барсан. Охин М.Ганцэцэгийг Иргэний бүртгэлд бүртгүүлэх үед эцэг болох Д.Баттогтох нь нас барсан учраас ээж Б.Мөнхцэцэг надаар овоглосон. Улмаар охин М.Ганцэцэгийг хагас өнчний тэтгэлэгт хамруулах гэсэн боловч эцэг Д.Баттогтохоор овоглоогүй учраас хохироход хүрээд байна. Иймд Д.Баттогтохыг охин М.Ганцэцэгийн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Мөнхцэцэг нь охин М.Ганцэцэгийн эцэг Д.Баттогтох мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Мөнхцэцэг нь Д.Баттогтохтой хамтын амьдралтай байсан нь Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 153/ШШ2016/00626 дугаартай шийдвэрээр тогтоогдсон байх ба хамт амьдрах хугацаандаа 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр охин М.Ганцэцэгийг төрүүлсэн болох нь хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, охин М.Ганцэцэгийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, гэрч И.Бямбаагийн мэдүүлэг, Р.Доржсүрэн, Н.Шархүү нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Д.Баттогтохын нас барсны гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Д.Баттогтох нь Б.Мөнхцэцэгтэй хамт амьдарч байсан бөгөөд Д.Баттогтох нь охин М.Ганцэцэгийн эцэг мөн болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.Мөнхцэцэгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин М.Ганцэцэгийн эцэг нь Эмчийнхэн овогт Доржсүрэнгийн Баттогтох мөн болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч Б.Мөнхцэцэгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МАРИНА