Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 479

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Бат-Оргил,

Улсын яллагч: Ц.Ганчимэг,

Шүүгдэгч: М.Э-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Э-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910025400602 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .... өдөр Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт, ....

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч М.Э- нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр, хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн С.М-ын машинд сууж хүргүүлээд таксины мөнгөө өгөхгүй гэж маргалдан түүний нүүр толгойн хэсэг рүү нь цохиж толгойгоороо 3-4 удаа мөргөснөөс эрүүл мэндэд нь хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун шанаа, хүзүүнд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн гарын дунд хурууны 2-р үенд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч М.Э-нь 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр, хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн С.М-ын машинд сууж хүргүүлээд таксины мөнгөө өгөхгүй гэж маргалдан түүний нүүр толгойн хэсэг рүү нь цохиж толгойгоороо 3-4 удаа мөргөснөөс эрүүл мэндэд нь хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт.цус хуралт, баруун шанаа, хүзүүнд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн гарын дунд хурууны 2-р үенд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Шүүгдэгч М.Э-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч М.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би яг он, cap, өдрийг нь санахгүй байна. Тухайн өдөр би Хүнсний дөрөв дүгээр дэлгүүрийн ойролцоо Паб-д найз О-гийн хамт хэсэг суунгаа 0,5 литрийн пиво хүний 3-4 ширхэгийг уусан. Тэгээд шөнө дунд болсон хойно бид 2 салж, би номын сан руу таксидаж очсон. Тэндээсээ нисэх явна гэсэн машинд суугаад хөдөлсөн. Ингээд би замдаа хэсэг унтчихсан байсан бөгөөд сэрэхэд би ганцаараа үлдчихсэн байсан. Манайх өнгөрчихсөн байна гээд таксиныхаа мөнгийг өгөх гэтэл надад бэлнээр мянга гаруй төгрөг байсан. Тэгэхээр нь би түүнд хандан чи тэгвэл АТМ ороод өгөөч би мөнгийг чинь аваад өгье гэхэд тэгж явахгүй гэсэн. Намайг заамдаад авахаар нь би бас зөрүүлээд заамдсан. Тэгээд тэрээр намайг тавихгүй байхаар нь түүнийг тавиулах гээд гар луу нь цохиж, мөн түүний цээж хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгтэл тэр миний хувцаснаас татаад байхаар нь би зайлахад тэрээр газар уначихсан. Ийм л үйл явдал болсон. С.М-ын биед учирсан хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун шанаа, хүзүүнд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн гарын дунд хурууны 2-р үед шарх, зулгаралт гэмтлүүдийг би түүний нүүр лүү гараараа 2 удаа цохиж учруулсан. Би С.М-ыг зодож түүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/

 

Хохирогч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнийн 04 цагийн үед Төв номын сангийн автобусны буудал дээр өөрийн ... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байтал нэг залуу ирээд Нисэх явах уу гэхээр нь би явна гэсэн. Тэр залуу намайг гар утсаарааа яриулаач гээд миний утсыг авсан бөгөөд хэсэг хугацааны дараа холбогдох боломжгүй байна гэж хэлсэн. Ингээд явж байгаад Спорт цогцолборын хажууд ирээд нөгөө залууг унтсан байхад нь сэрээгээд за хаана буух вэ гэхэд тэр арай болоогүй байна яв яв гэсэн. Цааш явж байгаад нисэхийн дэнжийн автобусны буудал дээр ирээд нөгөө залууг сэрээгээд хаана буух вэ гэхэд чи хэтрээд явчихсан байна шүү дээ буцаад эргэ гэсэн. Тэгэхээр нь би эргэхгүй эндээ буучих гэхэд түрийвчнээсээ 300 төгрөг гаргаж ирснээ өө мөнгөгүй байна. Чи доошоо уруудчих. АТМ ороод мөнгө аваад өгье гэсэн. Тэгэхэд нь би үгүй гэхэд уурлаад араас миний толгой руу нэг удаа цохьсон. Тэгснээ машинаас буугаад ир гэхээр нь би машинаас бууж тэр залуутай барьцалдсан. Тэгээд шууд намайг цохиж аваад, миний хоолойг боож газар унагаагаад байж байтал нэг автобус зогссон бөгөөд нэг хүн бууж ирсэнээ та 2 больцгоо гэсэн. Би тэр залууг явуулахгүй гээд бариад байж байтал тэрээр явах гээд намайг зөндөө цохиж, мөргөөд сүүлдээ гарыг минь хазаад зугтаасан. Надад одоо гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг/хх-ийн 33-36/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Аригуунтөгсийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 13270 дугаартай ... “С.М-ын биед хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун шанаа, хүзүүнд цyc хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн гарын дунд хурууны 2-р үед шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 19/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/ зэргийг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

             Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13270/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

 

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Хэрэг учрал болсон өдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 05 цагийн үед шүүгдэгч М.Э-нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр, хувиараа такси үйлчилгээнд явж байсан иргэн С.М-ын машинд сууж хүргүүлээд таксины мөнгөө өгөхгүй гэж маргалдан түүний нүүр толгойн хэсэг рүү нь цохиж толгойгоороо 3-4 удаа мөргөснөөс эрүүл мэндэд нь хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт, баруун шанаа, хүзүүнд цус хуралт, баруун нүдний доод зовхинд зулгаралт, зүүн гарын дунд хурууны 2-р үенд шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Энэ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба бусдыг цохиход хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн байх тул шүүгдэгч М.Э-ийн хохирогч С.М-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Мөн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн №13270 дугаар дүгнэлт үндэслэлтэй, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ. 

Иймд хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хохирогч нь гомдол саналгүй гэсэн учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч М.Э-нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгч М.Э-ийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх, шүүгдэгч М.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан, “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зохимжтой гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

М.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Э-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. М.Э-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хадгалахаар тогтсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Д.ДОРЖСҮРЭН