Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 33

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гйн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.*******, нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3-р ангиасаа сургуулиасаа гараад Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд 1978-1990 оны хүртэл саальчин, малчнаар улсад 13 жил ажилласан билээ. Манай аав намайг 3 настай байхад нас барсан. Тэгээд би ээж, ах, эгч нарын хамтаар нэгдэлд мал маллаж байсан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн боловч миний 1978-1990 он хүртэл ажилласан байдлыг хөдөлмөрийн дэвтэрт бичээгүйн улмаас хохироход хүрээд байна. Иймд намайг 1978-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1978-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:

-Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 609 дүгээр албан бичиг,

-Ховд аймгийн ******* сумын 1 дүгээр бригадын 1981-1982 оны А.Найрваагийн нэр дээрх бичилттэй 70 дугаар дансны хуулбар, 1983-1989 оны Н.*******гийн нэр дээрх бичилттэй 70-р дансны хуулбар,

-Ажиллаж байхдаа авахуулсан гэх гэрэл зураг,

-Гэрч П.*******ийн нэр дээрх 1978-1980 оны 70 дугаар дансны хуулбар,

-Гэрч Ж.*******гийн “Б.******* нь 1978-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 4 дүгээр бригадад хоньчин хийж байгаад 1975 оноос 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан. Б.******* нь 1975 онд намайг 1 дүгээр бригадад саальчнаар ирэхэд ээж, дүү нарын хамт саальчнаар ажиллаж байсан. Б.******* нь хоёр ахтай бөгөөд 1 ах нь тууварт явдаг байсан” гэх мэдүүлэг,

Гэрч П.*******ээгийн “Б.******* нь 1978-1990 он хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад саальчнаар ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд тракторын жолоочоор ажилладаг байсан. Би трактороор Б.*******гийн гэр нүүлгэх, өвс тэжээлийг нь татах зэрэг ажлуудыг нь хийж өгдөг байсан. Б.******* ээжтэйгээ сааль саадаг, нөхөр нь бяруу тугал хариулах ажил хийдэг байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.

Хүсэлт гаргагч Б.******* нь Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд саальчин, малчнаар 1981-1990 оныг хүртэл ажиллаж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Харин хүсэлт гаргагч Б.******* нь 1978-1980 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан гэж тайлбарлах боловч тэрээр 1978 онд 13 настай байсан, насанд хүрээгүй байхдаа буюу 1978-1980 оныг дуусталх хугацаанд Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Гэрч Ж.*******, П.*******ээ нар нь Б.*******г 1978 оноос эхэлж Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан гэж мэдүүлдэг боловч уг мэдүүлэг нь бичгийн болон бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

Иймд Б.*******г 1981-1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдлийн 1 дүгээр бригадад саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1978-1980 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Б.*******д 1978-1980 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлын талаарх баримтаа бүрдүүлэн дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******г 1981-1990 оныг хүртэл Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1978-1980 оныг дуустал Ховд аймгийн ******* сумын Соёл нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.МАРИНА