| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00608/И |
| Дугаар | 34 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 34
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух, ПЖ66100306 регистрийн дугаартай, Баянсан овогт Лхагвын Болормаагийн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Л.Болормаа, нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Болормаа нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1982 оны 06 дугаар сард 8-р ангийг төгсөөд Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад 1986 оныг дуустал үхэр маллаж улсад нийт 5 жил ажилласан. Тухайн үеийн бригадын тоо бүртгэгч миний цалинг өрхийн тэргүүн миний аавын нэрээр бодож, миний нэрийг бичилгүй орхигдуулсан байна. Би 1984 онд тусдаа гарч, гэр бүл болсон. Иймд намайг 1982 оны 06 дугаар сараас 1986 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Болормаа нь 1982 оны 06 дугаар сараас 1986 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан ба хэрэгт дараах баримтууд авагдсан байна. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1625 дугаар албан бичиг,
-Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын иргэн Ж.Лхагвын нэр дээрх бичилттэй 1982-1986 оны 70 дугаар дансны хуулбар,
-Гэрч Я.Банзраагийн “Л.Болормаа 1982-1986 он дуустал Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад аав, ээжийн хамт мал маллаж байсан. Улмаар 1987 онд гэр бүл болж, сумын төвд сумын эмнэлэгт ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ө.Цэдэнбалын “Л.Болормаа 1982-1986 он дуустал Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад аав, ээжийн хамт мал маллаж байсан. Улмаар 1987 онд гэр бүл болж, сумын төвд сумын эмнэлэгт ажиллаж байсан. Би тухайн үед Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадын даргаар ажиллаж байсан” гэх мэдүүлэг зэрэг болно.
Хүсэлт гаргагч Л.Болормаа нь 1982 оны 06 дугаар сараас 1986 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан талаарх өөр баримтууд өөрт нь хадгалагдаагүй буюу олдохгүй, түүнчлэн аймгийн архивын тасгаас Л.Болормаад холбогдох баримт олдохгүй болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Л.Болормааг 1982 оны 06 дугаар сараас 1986 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баянсан овогт Лхагвын Болормааг 1982 оны 6 дугаар сараас 1986 оныг дуустал Ховд аймгийн Манхан сумын Ботгон бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА