| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0018/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/54 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/54
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч Ш.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогтой Ш-гийн Ж-д холбогдох эрүүгийн 1927001740011 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаа ___ тоотод оршин суух хаягтай, одоогоор Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг, ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Х- овогтой Ш-гийн Ж- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Ш.Ж- нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутаг “___” гэх газрын засмал зам дээр өөрийн эзэмшлийн ___ улсын дугаартай Тоёота Приус 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл замын хажуу руу унаж улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б-, Б.Д- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Тэгээд Эрдэнэзуу хийдээ үзчихээд буцаад амралтын газар руугаа явж байх замд би машиндаа унтчихсан явж байсан чинь нэг мэдсэн чинь жолооч залуу “хүүе та буугаарай” гэхээр нь ухаан орсон чинь миний гар маань хөдөлж болохгүй байсан. Жолооч намайг машинаас татаж гаргасан юм аа...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Хархорин орж Эрдэнэзуугийн хийд үзээд буцаж явах замдаа нэг мэдсэн машин замын хажуугийн шон мөргөж байх шиг байсан. Тэгэхээр нь би жолоочоос “юу болж байна аа миний дүү” гэсэн чинь жолооч “зүгээр зүгээр” гэсэн нэг мэдсэн замын хажуу руу унаад машин хажуу талаараа харчихсан байсан. Тэгээд би машинаас гарч чадахгүй байсан чинь жолооч залуу өөр нэг залуугийн хамт намайг машинаас гаргаад удалгүй цагдаа, эмнэлэг ирээд бид хэдийг эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Гэрч Л.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тэгээд явж байтал манай жолооч нохой гэж хэлэхээр нь хартал замаас зүүн тийшээ ороод жалга руу орсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Н.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
"...Тэгээд явж байсан чинь гэнэт замын хажуу тал руу уначихсан. Би тухайн үед балмагдаад юу болсныг санахгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 159 дүгээр хуудас/,
Гэрч Н.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн:
"...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед би өөрийн эмчилгээний зардал болон бусад төлбөрийг маань өгөхгүй алга болчиж магадгүй гэж бодоод гомдолтой гэж мэдүүлэг өгсөн. Миний эмчилгээний зардлыг төлсөн болохоор одоо надад гомдол санал байхгүй. Би он сар өдрийг нь санахгүй байна эхлээд бэлнээр 150 000 төгрөг өгсөн дараа нь дансаар 100 000 төгрөг өгсөн. Мөн би гэмтэлд эмчлүүлэхэд надаас зардал мөнгө аваагүй жолооч залуу төлсөн байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №534 тоот:
“...1.Б.Д-гийн биед баруун талын 4,8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал 5, 6, 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн хацар шанааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой
3. Дээрх гэмтлийн баруун талын 4.8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал 5,6,7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №532 тоот:
“...1.Б.Б-ийн биед баруун атгаал ясны далд зөрөөтэй хугарал, баруун хөхний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой
3. Дээрх гэмтлүүдийн баруун атгаал ясны далд зөрөөтэй хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун хөхний цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн №01 тоот:
“...1.___ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ш.Ж- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Ш.Ж- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.4Б дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” “ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна.
3.Хэргийн хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ш.Ж-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Ж- нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 6 дугаар багийн нутаг “___” гэх газарт ___ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байх үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Б-, Б.Д- нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Б-, Б.Д- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31, 33-34 дугаар хуудас/, гэрч Л.Т-э, Н.Д- нарын мэдүүлэг /хх-ийн 35-36, 38-39, 159 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 534 тоот: “...Б.Д-гийн биед баруун талын 4,8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал 5, 6, 7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал, зүүн хацар шанааны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийн баруун талын 4.8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал 5,6,7 дугаар хавирганы зөрөөтэй хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт / хх-ийн 47 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №532 тоот “...Б.Б-ийн биед баруун атгаал ясны далд зөрөөтэй хугарал, баруун хөхний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүдийн баруун атгаал ясны далд зөрөөтэй хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоож журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун хөхний цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харьяа Хархорин сумын Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхийн №01 тоот дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Ж-ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Ш.Ж-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Ж- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Гэсэн хэдий ч хохирогч Б.Б-, Б.Д- нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ш.Ж- нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй болох нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/ баримтаар тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, мөн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн”, 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцүүлэн түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохын тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогтой Ш-гийн Ж-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар Ш.Ж-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Ш.Ж- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ш.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ш.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА