| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0047/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/55 |
| Огноо | 2020-06-18 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 21.1.2., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/55
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга:Ишээ,
Улсын яллагч: Н.Өнөрбаяр,
Хохирогч: Т.Н-, Г.А-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Г.Гандөш,
Шүүгдэгч: Э.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогтой Э-ын А-д холбогдох эрүүгийн 1927001860031 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Х- овогтой Э-ын А- /РД:___/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.А- нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн шалгаж байсан эрүүгийн 1827000630058 дугаартай хэргийн яллагдагч М.Ж-д “барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авна” гэж албан тушаалын байдлаа ашиглан хуурч иргэн Э.О-ы хаан банкны ___ тоот дансаар 2 500 000 төгрөгийг,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажлын өрөөндөө өөрийн шалгаж байсан эрүүгийн 1927000290049 дугаартай хэргийн яллагдагч Г.А-гаас хууль бусаар мод бэлтгэсэн модны үнэлгээ болон түүний тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулсны мөнгө өг гэж албан тушаалын байдлаа ашиглаж хуурч бэлнээр 340 000 төгрөгийг,
2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр ажлын өрөөндөө өөрийн шалгаж байсан эрүүгийн 1927000290049 дугаартай хэргийн яллагдагч Г.А-гийн ээж Т.Н-гээс тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэх болон байгаль орчинд учруулсан хохиролд 780 000 төгрөг өг гэж албан тушаалын байдлаа ашиглан хуурч бэлнээр 780 000 төгрөгийг тус тус залилсан,
Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа өөрийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан эрүүгийн 1827000630058 дугаартай яллагдагч М.Ж-д холбогдох хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ө.Б-г иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол болон байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол саналгүй болно гэсэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүгдэгч Э.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Гэм буруугаа хүлээж байна. Мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна гэв.
Хохирогч Т.Н- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
Манай хүүхэд 2019 оны 01 дүгээр сард цуулбарын унины модтой явж байгаад цагдаад баригдсан. Э.А- цагдаа дээр шалгагдаж байсан. Э.А- нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 340 000 төгрөгийг манай хүүхдээс авсан. 2020 оны 03 дугаар сар 12-ний өдөр дуудсан машиныг чинь улсын орлого болгоод эргүүлээд худалдаж авах байгаа юм. Хархорин сум олон дахин явуулахгүй шийдээд өгч болно гэж хэлсэн. Одоо хохирлоо барагдуулбал гомдол саналгүй гэв.
Хохирогч Г.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цуулбар унины модтой явж байгаад цагдаад баригдсан. Э.А- цагдаа дээр хэрэг шалгагдаж байсан. 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 340 000 төгрөгийг журмын хашааны мөнгө хууль бусаар бэлдсэн унины чинь үнэлгээний мөнгийг төлөөд машинаа ав гэхээр 2019 оны 02 дугаар сарын 04 өдөр машинаа авсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр машинаа авчирч ирж журмын хашаанд оруул, ирж уулз гэж утсаар ярихаар нь ээжтэйгээ очсон. Тэгсэн 780 000 төгрөг машины чинь улсын орлого болгох гэж байгаа машинаа худалдаж авах талаар ярьж мөнгө авсан. 340 000 төгрөгийг төлж барагдуулбал гомдол саналгүй гэв.
Хохирогч М.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Өвөрхангай аймгийн Бүрд сумын “___” гэх газар 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр зам тээврийн осолд орж хамт явсан О- гэх хүн гэмтсэн. Тэгээд би Говь-Алтай аймгийн Бигэр суманд 2018 оны 08 дугаар сарын эхээр ажлаар явж байтал Өвөрхангай аймгийн Хархорин сумаас над руу залгаад "яаралтай өнөө маргаашгүй ирж мэдүүлэг өг” гэсэн юм. Тэгэхээр нь би 2 хоногийн дараа Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст очиж мөрдөгч А-тай уулзаж мэдүүлэг өгсөн. Мөрдөгч А- тэр үед надад зам тээврийн осол болсны дараа 2 сар гаруй хаагуур яваад байгаа юм бэ гэсэн ба надаас мэдүүлэг авсны дараа өмгөөлөгч авах уу гэж асуусан. Би тэр үед Улаанбаатар хотоос өмгөөлөгч авна гэхэд тэрээр эд хөрөнгө барьцаалах таслан сэргийлэх арга хэмжээ авна гээд 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг дансанд байршуулах шаардлагатай гэж хэлсний дагуу миний бие тухайн өдрөө А-ы данс руу 2 500 000 төгрөг шилжүүлсэн ба яг хэдний өдөр шилжүүлсэн талаараа санахгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 229-231 дугаар хуудас/,
Хохирогч Г.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2019 оны 02 сарын 04-ний өглөө Э.А- мөрдөгч над руу залгаад машинаа ирж авах уу, мөнгөтэйгээ ирж машинаа ав гэсэн журмын хашааны мөнгө болон модны үнэлгээний мөнгө нийт 340 000 төгрөг авчраарай гэж хэлсэн. Тэгээд би хэлснээр нь 340 000 төгрөг аваад 2019 оны 02 сарын 04-ний өдөр буюу битүүний өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн өрөөнд өдөр очоод Э.А-д бэлнээр уг 340 000 төгрөгийг өгсөн. Тухайн үед битүүний өдөр байсан учраас банк ажиллахгүй байсан.. Э.А- надаас мөнгө авахдаа энэ мөнгө надад байж байг дараа нь чамаар өөрөөр чинь банк онгойхоор тушаалгана гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр машинаа журмын хашаанаас аваад явсан. 2019 оны 03 дугаар 11-ний өдөр Э.А- над руу яриад ирж уулз гэсэн. Тэгээд би ээж Т.Н-гийн хамт Бат-Өлзий сумын цагдаагийн хэсэгт очиж уулзсан бөгөөд тэр үед Э.А- нь ээж бид хоёрт хэрэг чинь шүүхээр орно. Машин чинь улсын орлого болно. Харин уг машиныг улсын орлого болгочхоод буцаагаад худалдаж авч болно уг мөнгө 780 000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд уг үнэлгээний 780 000 төгрөгийг авчир гэж хэлсэн юм. Маргааш нь 2019 оны 03 сарын 12-ны өдөр манай ээж банк орж манай талийгаач дүү Г.А-гийн данснаас 3 сая төгрөг авсан бөгөөд үүнээс 780 000 төгрөгийг нь Бат-Өлзий сумын Цагдаагийн хэсэгт Э.А-д бэлнээр өгсөн юм. Би 340 000 төгрөг болон 780 000 төгрөгийг буцааж аваагүй, буцааж авах гээд манай ээж Э.А- руу удаа дараа мессеж бичсэн, ярьсан боловч өгнө гээд одоог хүртэл өгөөгүй байна. Би 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхээр орох гээд байж байтал шүүгчийн туслах нь бололтой хүн хохирол төлсөн баримт байгаа юу гэхээр нь би Э.А- руу залгаж шүүхээс хохирол төлсөн баримт нэхээд байна баримтаа авмаар байна. Гэтэл Э.А- баримт нь байхгүй төлөөгүй байгаа, би дараа нь төлөөд баримтыг нь өгнө, чи надад мөнгө өгсөн гэж хэлж болохгүй шүү, ээдээ хэлж болохгүй шүү гэж дахиж залгаад хэлээд байсан. Тэгэхээр нь би битгий хэл гээд гуйгаад байсан учраас шүүх дээр хохирол төлөөгүй гэж хэлсэн юм. Тэгээд би өөрөө 240 цагийн албадан ажил хийх ял авсан. Миний хувьд Э.А-д өгсөн мөнгөө авчихвал өөр гомдол, санал байхгүй. Би 340 000 төгрөг авна. Харин ээж Т.Н- 780 000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 36-38 дугаар хуудас/,
Хохирогч Т.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2019 оны 03 сарын 11-ний өдөр Э.А- нь А-г дуудаад мөн намайг ч бас та хамт хүрээд ирвэл зүгээр байна яаралтай ирж уулз гэсэн. Тэгээд Г.А- бид хоёр явсаар байгаад орой 17, 18 цагийн орчимд Бат-Өлзий суманд мөрдөгч Э.А-ы өрөөнд очсон. Тэгээд бид гурав уулзсан бөгөөд би энэ хэрэг нь яаж шийдэгдэх вэ, яасан удаан юм бэ, манай хүү мод бэлтгээгүй, бэлдсэн байсан мод ачиж оруулсан шүү дээ гэхэд Э.А- хуульд мод зөөвөрлөх гээд заасан байгаа тийм учраас танай хүүхэд мод зөөвөрлөсөн асуудлаар шүүхээр орно гэж хэлсэн. Тухайн өдөр А- ярихдаа машинаа унаж авчраарай журмын хашаанд хийх ёстой гэж байсан болохоор машиныг журмын хашаанд хийхгүй байж болох уу, машинаа яах уу гэтэл машиныг заавал хийнэ, болдоггүй юм гэж хэлсэн. Тэгээд маргааш би 12 цагт Хархорин явна тэрнээс өмнө 780 000 төгрөг авч ирээрэй, машины үнэлгээ хийлгэнэ заавал үнэлдэг юм гэж хэлсэн, дээрээс нь энэ хэргийг нь Хархорин руу олон дахин явуулахгүй хурдан шийдэж өгнө гэж хэлсэн. Энэ мөнгийг машины үнэлгээний мөнгө, дээрээс нь хохирлын мөнгө гэж би өгсөн. Уг 780 000 төгрөгийг би 2019 оны 03 сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Хаан банкнаас тухайн өдрөө аваад шууд цагдаагийн хэсэгт нь Э.А-д 10.000-тын дэвсгэртээр оруулж өгсөн. Би дансны хуулгаа харсан бөгөөд тухайн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр би нийт 3 сая төгрөгийг өөрийн талийгаач хүү Г.А-гийн данснаас аваад 780 000 төгрөгийг нь Э.А-д өгсөн, харин 2 сая төгрөгийг нь өөрийнхөө данс руу 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хийгээд 1 850 000 төгрөгөөр хөлдөөгч худалдаж авсан. Э.А- нь надаас мөнгө авахынхаа өмнөх өдөр Г.А-гийн хэргийг заавал шүүхээр орж шийдэгдэнэ гэж хэлсэн байсан, мөн машиныг бас үнэлүүлээд улсын орлого болгодог уг үнэлгээгээр нь эргүүлж авч болдог гэж хэлсэн юм. Миний хувьд хаагдах боломжгүй юмыг хаалгах гэж мөнгө өгсөн зүйл байхгүй. Би тухайн үед машины үнэлгээгээр машинаа буцааж авахын тулд Э.А-д дээрх мөнгийг өгсөн уг мөнгөнд машины үнэлгээний зардал орно гэж байсан. Өмнө нь буюу 2019 оны 02 сарын 04-ний өдөр манай хүү Г.А-гаас Э.А- нь 340.000 төгрөгийг модны үнэлгээ, журмын хашааны мөнгө гэж авсан байсан юм. Тэгээд дээрх мөнгөнүүдийг хохирол барагдаж байна улсад өгөх ёстой юм байна гэж бодоод л өгсөн юм. Би 780 000 төгрөг болон 340 000 төгрөгийг буцааж аваагүй, буцааж авахаар Э.А- руу удаа дараа мессеж бичсэн, ярьсан боловч өгнө гээд одоог хүртэл өгөөгүй. Шүүхээр орсны дараа модны хохирол мөнгө 340 000 орчим төгрөг, машинаа буцааж авах гэж 1 200 000 гаруй төгрөг дахин төлж авсан. Миний хувьд Э.А-д өгсөн мөнгөө авчихвал өөр гомдол, санал байхгүй. Би 780 000 төгрөг авна. Харин Г.А- 340 000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 41-44 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Ө-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2019 оны 03 дугаар сарын сүүлээр М.Ж- гэх хүнд надад хандаж би Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрт зам тээврийн ослын хэрэгт шүүх хурал нь болох гээд байна. Та миний өмгөөлөгчөөр ажиллаж өгөөч гэж хүсэлт гаргаад зөвшөөрсний дагуу би шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохоор явсан. Хэргийн талаар танилцахаас өмнө Ж- надад өөрийн холбогдсон хэргийн талаар болон өөрт нь мөрдөгчийн зүгээс 2 500 000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж хэлж байсан. Хэргийн материалтай танилцахад М.Ж-гийн хэлж байснаар барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт байхгүй, харин хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Э.А- гэх хүн миний дугаар руу залгаад А- байна Ж-гийн өмгөөлөгч Ө- уу Ж-гаас зээлсэн мөнгөө өгөх гэсэн юм. Түүний утас нь холбогдохгүй байна ямар данс руу хийх вэ гэсэн. Тэгэхээр нь би Ж-гийн дансыг мэдэхгүй та дансаа өгчих би шилжүүлчихье гэж А-д хэлсэн тэгээд би дансаа мессежээр явуулсан билүү утсаар хэлээд удалгүй 2 500 000 төгрөг миний Хаан банкны данс руу орсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 102-104 дүгээр хуудас/,
Гэрч Г.А-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд мөрдөгч Э.А-тай санамсаргүй тааралдсан. Тэр үед Э.А- надаас мөнгө байна уу түр зээлээч гээд гуйгаад байсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан. Тэгээд Э.А- нь удахгүй маргааш юм уу нөгөөдөр мөнгийг чинь буцаагаад өгнө 2 хоногоос хэтрүүлэхгүй гэсэн. Э.О-ы Хархоринд байдаг гэрт нь очоод би дүү О-д мөнгөтэй бол миний дүү ийшээ 2 500 000 төгрөг шилжүүлчих маргааш юм уу нөгөөдөр буцаагаад өгнө гэж хэлээд А- өөрөө Э.О-д дансны дугаараа хэлээд манай дүү Э.О- тэр доор нь утаснаасаа шилжүүлсэн. Тэгээд маргааш нь 2018 оны 08 сарын 07-ны өдөр Э.А- нь уг мөнгийг буцаагаад Э.О-ы данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 111-113 дугаар хуудас/,
Гэрч Э.О-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...А- ах А- цагдаатай ирээд надаас 2 500 000 төгрөг бэлнээр авсан юм. Тэгээд удалгүй намайг машин авахаас өмнө тус 2 500 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 232-233 дугаар хуудас/,
Гэрч Б.А-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Албаны шалгалт явуулаад 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Бат-Өлзий суманд ажиллаж гомдол гаргасан Т.Н- нөхөр болох Г- нарын хүмүүсээс тайлбар гаргуулан, Т.Н-гийн гар утсанд үзлэг явуулсан. Цаашлаад холбогдох бусад ажиллагааг явуулахад Бат-Өлзий сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.А- нь Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан мөрдөн байцаалтын хэргийн яллагдагч Г.А-гаас 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 340 000 төгрөг, яллагдагчийн төрсөн эх Т.Н-гээс 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 780 000 төгрөгийн нийт 1 120 000 төгрөгийг авилга авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсоныг удирдлагад танилцуулсан. Албаны шалгалтаар гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдсон тул Улсын ерөнхий прокуророос гаргасан хэргийн харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар шилжүүлсэн. А- ах А- цагдаатай ирээд надаас 2 500 000 төгрөг бэлнээр авсан юм. Тэгээд удалгүй намайг машин авахаас өмнө тус 2 500 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 53-57 дугаар хуудас/,
Гэрч Я.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Э.А- нь 2019 оны 01 дүгээ сарын 21-ний өдрөөс хойш манай хүү А-гийн хэргийг шалгасан бөгөөд А- нь 2019 оны 07 сарын 30-ны өдөр шүүхээр орж 240 цагийн албадан ажил хийх ял шийтгүүлсэн юм. Шүүхээр орох үед нь хохирлоо барагдуулаагүй байна гээд өндөр ял шийтгүүлсэн. Уул нь хохирлын мөнгө гэж манай эхнэр болон хүү А- нар А-д өгсөн байсан юм. Манай эхнэр 780 000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сард банкнаас авч өгсөн. Мөн үүнээс өмнө журмын хашааны мөнгө гэж А-гаас А- нь 340 000 төгрөг авсан байсан. Тэгээд шүүхээр орсны дараа А-аас хохирол төлбөр төлөгдөөгүй байна мөнгөө авъя гэхэд өгнө гэж хэлээд одоо хүртэл өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Гэрч Ө.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би 2019 оны 06 дугаар сард Улаанбаатар хотод гэртээ байж байтал Өвөрхангай аймгийн шүүхээс нэг хүн залгаад та М.Ж-гийн холбогдсон хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон байна. Шүүх хуралд оролцох уу гэхээр нь би өмнө нь огт мэдүүлэг өгөөгүй, иргэний нэхэмжлэгчээр оролцоогүй учраас үүний учрыг олохоор Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд байрлах шүүхэд очсон. Шүүх хуралд орохоос өмнө хэргийн материалтай танилцахад Өвөрхангай аймгийн Хархорин суманд мэдүүлэг авав гэсэн мэдүүлэг байсан бөгөөд мэдүүлэгт миний мэргэжлийг буруу бичсэн, товчхон мэдүүлэг байсан бөгөөд мэдүүлэг дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байсан. тэгээд шүүх хуралд оролцсон бөгөөд шүүгч надад хэлэх зүйл байна уу гэхээр нь манай компани хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна, мөн би энэ хэрэгт мэдүүлэг өгөөгүй байхад надаас мэдүүлэг авсан тэмдэглэл энэ хэрэгт байна, энэ тэмдэглэл дээрх гарын үсэг миний гарын үсэг биш байна гэж хэлсэн Тухайн үед М.Ж- нь зүгээр зээлээч гэж хэлж авсан тэгээд би дараа нь мөнгөө нэхэхэд Ж- би мөрдөгч А-д өгчихсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 105-107 дугаар хуудас/,
Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Баримт дээрх гарын үсэг бол миний гарын үсэг мөн байна. Шинжээчийн төлбөр гэж 960 000 төгрөгийг авсан гэж тэмдэглэсэн болохоор цалин хөлсөө авсан байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 108-110 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 33 дугаартай дүгнэлт: “...Эрүүгийн 1827000630058 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 18, 19, 20 дугаар хуудаснуудад байх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэгт /Ө.Б-гийн гарын үсэг хэсэгт/ зурагдсан шинжлэгдэж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвар болгож ирүүлсэн гэрч Ө Б-гаас гаргуулан авсан гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт болон туршилтын загваруудтай тохирохгүй байна. Гэрч Ө.Б-гийн гарын үсэг биш байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 126-131 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 216-219 дүгээр хуудас, 2 дугаар хх-ийн 194-197 дугаар хуудас/,
Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /1 дүгээр хх-ийн 249 дүгээр хуудас/,
Ө.Б-гийн Хаан банкны депозит дансны хуулга /1 дүгээр хх-ийн 160 дугаар хуудас/,
М.Ж-ын Хаан банкны депозит дансны хуулга /1 дүгээр хх-ийн 166 дугаар хуудас/,
Э.О-ы Хаан банкны депозит дансны хуулга /1 дүгээр хх-ийн 178 дугаар хуудас/,
Э.А-ы Хаан банкны депозит дансны хуулга /1 дүгээр хх-ийн 186 дугаар хуудас, 2 дугаар хх-ийн 82-95 дугаар хуудас/,
Э.А-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 241 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харъяа Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн албаны шалгалтын материалын хуулбар /2 дугаар хх-ийн 08-14 дүгээр хуудас/,
Гар утсанд үзлэг хийж гэрэл зургаар бэхжүүлж авсан тухай тэмдэглэл /2 дугаар хх-ийн 17-20 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЦТ/63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,/2 дугаар хх-ийн 21-24 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаа явуулах алба, хэлтсийн даргын тогтоол /2 дугаар хх-ийн 25 дугаар хуудас/,
Э.А-ы жолоочийн лавлагаа, мэдээлэл, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 236, 237, 239, 240 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харъяа Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.А-ы 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн үр дүнгийн гэрээний биелэлт, ажил байдлын тодорхойлолт /2 дугаар хх-ийн 70-75 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 4 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын харъяа Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.А-ы дэлгэрэнгүй анкет, төрийн албан хаагчийн анкет /2 дугаар хх-ийн 76-77 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 1-3 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.А-ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 242 дугаар хуудас/
Шинэ нотлох баримт ...зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Э.А- нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр өөрийн шалгаж байсан эрүүгийн 1827000630058 дугаартай хэргийн яллагдагч М.Ж-д “барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авна” гэж албан тушаалын байдлаа ашиглан хуурч иргэн Э.О-ы хаан банкны 5753390117 тоот дансаар 2 500 000 төгрөгийг,
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн ажлын өрөөндөө өөрийн шалгаж байсан эрүүгийн 1927000290049 дугаартай хэргийн яллагдагч Г.А-гаас хууль бусаар мод бэлтгэсэн модны үнэлгээ болон түүний тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулсны мөнгө өг гэж албан тушаалын байдлаа ашиглаж хуурч бэлнээр 340 000 төгрөгийг,
2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум дахь цагдаагийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр ажлын өрөөндөө өөрийн шалгаж байсан эрүүгийн 1927000290049 дугаартай хэргийн яллагдагч Г.А-гийн ээж Т.Н-гээс тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэх болон байгаль орчинд учруулсан хохиролд 780 000 төгрөг өг гэж албан тушаалын байдлаа ашиглан хуурч бэлнээр 780 000 төгрөгийг тус тус залилсан,
Мөн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа өөрийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан эрүүгийн 1827000630058 дугаартай яллагдагч М.Ж-д холбогдох хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэн Ө.Б-г иргэний нэхэмжлэгчээр тогтоох тогтоол болон байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол саналгүй болно гэсэн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч М.Ж-, Г.А-, Т.Н- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 229-231, 2 дугаар хх-ийн 36-38, 2 дугаар хх-ийн 41-44 дүгээр хуудас/, гэрч Ц.Өлзийжаргал, Г.А-, Н.О-, Б.А-, Я.Г-, Ө.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /1 дүгээр хх-ийн 102-104, 111-113, 232-233, 2 дугаар хх-ийн 53-57 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 33 дугаартай дүгнэлт “...Эрүүгийн 1827000630058 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 18, 19, 20 дугаар хуудаснуудад байх 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай тогтоол болон иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэгт /Ө.Б-гийн гарын үсэг хэсэгт/ зурагдсан шинжлэгдэж буй гарын үсгүүд нь шинжилгээнд харьцуулах загвар болгож ирүүлсэн гэрч Ө Б-гаас гаргуулан авсан гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт болон туршилтын загваруудтай тохирохгүй байна. Гэрч Ө.Б-гийн гарын үсэг биш байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 126-131 дугаар хуудас/, шүүгдэгч Э.А-ы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Э.А- нь өөрийн шалгаж байсан эрүүгийн хэргийн яллагдагч М.Ж-ас барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авна гэж дансаар 2 500 000 төгрөгийг, өөрийн шалгаж байсан эрүүгийн хэргийн яллагдагч Г.А-гаас хууль бусаар бэлтгэсэн модны үнэлгээ, тээврийн хэрэгслийг журмын хашаанд байрлуулсны мөнгө гэж бэлнээр 340 000 төгрөгийг, яллагдагч Г.А-гийн ээж Т.Н-гээс тээврийн хэрэгслийн үнэлгээ хийлгэх болон байгаль орчинд учруулсан хохирлын мөнгө гэж бэлнээр 780 000 төгрөгийг тус тус албан тушаалын байдлаа ашиглаж хуурч бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөртөө шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт шинжийг бүрэн хангажээ.
Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгодог. Шүүгдэгчийн тухайд тэрээр хууль сахиулагч байхдаа хэрэгт шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хуурамчаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1, 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас хохирогч М.Ж-, Н.А-, Т.Н- нарт нийт 3 620 000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нь нөхөн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон ба хохирогч нараас хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт түүнээс гаргуулах хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүх, шүүгдэгч Э.А-ыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан, түүний хувийн байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Э.А-ы ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 10 000 000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ...тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” хуулийн зохицуулалтыг шүүгдэгч Э.А-ы хувьд хэрэглэх боломжтой гэж шүүхээс үзсэн тул Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.А-ыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч Э.А- нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х- овогтой Э-ын А-ыг албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн,
Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Э.А-ыг 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Э.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Н.А- нь 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Э.А-ыг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-т зааснаар үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан Э.А-ыг тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах, түүнчлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг Э.А-д сануулсугай.
7. Э.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.А-д авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА