Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/56

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогтой Г-ийн Б-д холбогдох эрүүгийн 2027000000058 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, онцгой байдлын ажилтан эрх зүйч мэргэжилтэй, Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 45 дугаар ангийн захирагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг, Вангийн-Овоо баг, ___ тоот иргэний үнэмлэхийн хаягтай Өвөрхангай аймгийн Хархорин сум Ганган-Орхон баг, ___ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Т- овогтой Г-ийн Б- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч Г.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар тасгийн уулзварын постонд олон нийтийн цагдаа хохирогч О.Ч-ыг чиний зан чинь өөрчлөгдсөн байна гэж үл ялих зүйлээр шалтаглан улмаар О.Ч-ын нүүрний зүүн хэсэгт баруун гараараа 2-оос 3 удаа, нүүр хэсэгт нь 1 удаа хөлөөрөө хөшиглөж эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б- нь мэдүүлэхдээ:

2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн орчим цагдаагийн постын цаана хоёр найзыгаа дуудаад 1 шил “Эдин” нэртэй архи уух гэж байсан чинь даруулга байхгүй болоод сумын төв орсон. Би О.Ч- руу утсаар ярьсан. Найз нь очих уу гэсэн намайг хүрээд ир гэсэн. Тэгээд постон дээр очоод үл ялих зүйлээс маргалдсаны улмаас найзыгаа цохисон. Миний буруу гэв.

Хохирогч О.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би цагдаагийн зохицуулагч цагдаагийн дэд ахлагч М.Д-гийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын замын цагдаагийн уулзварын постон дээр томилгоот үүрэг гүйцэтгэж байсан. Цагдаагийн зохицуулагч цагдаагийн дэд ахлагч 19 цаг 15 минутын үед нэг машин зогсохгүй болохоор нь араас нь шалгах гээд машинтайгаа яваад өгсөн би дамжин өнгөрч байгаа машинуудын бичиг баримтуудыг шалгаад зогсож байсан чинь Г.Б- Хархорин сумын төвөөс саарал өнгийн харрер маркийн машинтай 2-3 хүнтэй замын эсрэг талд ирээд дуут дохиогоо дугаргасан. Тэгээд надтай юм ярьж зогсож байснаа пост руу надтай цуг орсон. Тэгээд надад хандаж чи арван жилийн ангийн хүүхэд байж...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Гэрч М.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Б- нь саарал өнгийн Тоёота харрер маркийн тээврийн хэрэгсэлтэй 2-3 хүнтэй замын эсрэг талд ирээд дуут дохио өгч Ч-ыг дуудаад ярилцаж байх хооронд би зам дээр зогсож байсан нэг тээврийн хэрэгслийг дохиход зогсохгүй явахаар би араас нь машинтайгаа явж очоод шалгачихаад буцаад пост руу явж байх замд олон нийтийн цагдаа Ч- над руу залгаж Б- намайг зодчоод явчихлаа гэж хэлэхээр нь би цагдаагийн хэлтсийн ёс журам сахиулах эргүүл замын цагдаагийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Алтансүхэд утсаар мэдэгдсэн. Намайг тээврийн хэрэгсэл шалгах гээд явахад зүгээр юм яриад зогсож байсан. Б- намайг зодоод хамраас цус гараад нүүр гараа угаачихаад байж байна гээд сууж байсан, зүүн талын нүд болон шанаа хэсэг нь хавдсан байдалтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Т.И-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Намайг хашаандаа М-тай цуг байж байхад над руу Б- залгаад постны цаад талын гүүрэн дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би М- гэх найзтайгаа түүний машинтай явж очсон чинь Б-, Б- гэдэг хүнтэй хамт “Эдэн” нэртэй 0.75 литрийн савалгаатай архи дөнгөж ууж эхэлж байсан. Тэгээд бид хоёрыг очиход даруулдаг байхгүй болчихлоо төв явъя гэж ярьсан. Тэгээд бид хэд төв рүү ороод М- машинаа манай гэрийн гадна талд орхиод бид хоёр Б-ын машинд суусан чинь Б- нэг хүнтэй утсаар ярих шиг болсон. Тэгээд хэдүүлээ ойрхон явчихаад ирье гэж хэлсэн. Тэгсэн пост руу чиглээд найз дээрээ очно гэж хэлээд явсан. Тэгээд постон дээр очоод хурд сааруулагч жоохон өнгөрөөд зогссон. Тэгэхэд тэнд 1 цагдаа байсан. Тэр нь Ч- гэх цагдаа байсан. Б- ганцаараа буугаад тэр цагдаатай цуг замын цагдаагийн постны байр луу орсон. Тэгээд хэсэг байж байгаад би Б-д хандаж цаадахаа дууддаа гэж хэлсэн чинь Б- машинаас буугаад постны байр луу орсон. Тэгээд удалгүй гарч ирээд машинд суугаад одоо гарч ирэх гэж байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд жоохон байж байгаад Б- нөгөө Ч- гэх цагдаатай хамт гарч ирсэн. Нөгөө цагдааг нь харсан чинь шанаа нь улайсан байдалтай гарч ирсэн маск зүүсэн болохоор сайн харагдаагүй. Тэгэхээр нь би нөгөө хоёрт хандаж Б-ыг аваад ир гэж хэлээд машин барьж төв орсон. Төвөөс пост руу би машиныг нь барьж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Төвөөс Б-, Б-, И- бид 4 пост руу очсон. Яг яах гэж пост руу очсон талаар би сайн мэдэхгүй байна. Б- пост руу явчихаад ирье гэж хэлээд явсан. Постон дээр очоод Б- машинаас буугаад пост руу орсон. Тэгээд 5-10 минут болсон. Тэгэхээр нь араас нь Б- ах орсон. Тэгээд удалгүй гарч ирээд машинд орж ирээд одоо нээх удахгүй юм шиг байна гэрч ирэх гэж байна гэж хэлсэн. Тэгээд удалгүй Б-, Ч- гэж дууддаг олон нийтийн цагдаатай цуг гараад ирсэн. Тэгээд тэр 2 муудалцсан юм шиг болохоор нь Б- ах бид 2 машинаас буугаад Б-ыг машинд суулгаад аваад явсан. Тухайн үед би Ч- гэх олон нийтийн цагдаагийн нүүрийг бол хараагүй сая цагдаагийн хэлтэс дээр ирээд л харсан. Тухайн үед Ч- маск зүүсэн байсан болохоор би сайн харж чадаагүй Б-ыг машинд суулгаад шууд төв рүү явсан. Арван жилийн найзууд л гэж бодож байна. Уул нь 10 жилийн найзтайгаа л уулзана гэж явсан шиг байсан. Тэгээд яг яагаад муудалцах болсон талаар би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч А.Б-ы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би Б- гэх хамт ажилдаг залуутайгаа постны цаахан талд нэг юм уух гэсэн чинь даруулаг байхгүй байсан. Тэгээд Б-, М-, И- гэх 2 найзыгаа утсаар дуудсан. Тэгсэн удалгүй тэр 2 нэг хар машинтай ирсэн. Тэгээд бид хэд даруулаг авах гээд төв рүү орсон төвд очоод М- гэх залуу “Орхон түшээ” дэлгүүрийн хашаагаар ороод зогссон. Тэнд М- машинаа орхиод Б-ын машинд суусан. Тэгээд тэндээс Б- пост руу очиж ангийн залуутайгаа уулзана гээд пост руу явсан. Постон дээр очоод Б- машинаас буугаад пост руу орсон. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь би араас нь орсон. Намайг ороход тэр мөрдөсгүй цагдаагийн хувцас өмссөн залууг цохиж өшиглөсөн. Тэгэхээр нь боль гэж би хэлсэн. Тэгээд би тэндээс Б-ыг аваад гарсан.  Тэр сайн танихгүй цагдаа араас гарч ирсэн. Тэгэхэд машинаас М- гарч ирээд бид хоёр Б-ыг аваад машинд суулгаад төв рүү явсан. Б- машин барьсан. Харин тэр маргаан болсны дараа И- машин барьж төв рүү орсон. Тийм бага хэмжээний хэрэглэсэн байсан. Харин И- архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б- тэр цагдаад хандаж чи намайг байнга шалгах юм гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №231 тоот:

“...1. Үзүүлэгч О.Ч-ын биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүг хацрын төвгөрт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын төвгөр, шанаа хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ын иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /, Г.Б-ын талаарх Өвөрхангай аймгийн Хархорин сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн тодорхойлолт, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 33, 36, 37-39, 46-47, 70 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Б-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 05 дугаар сарын 21-ний орой 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар тасгийн уулзварын постонд олон нийтийн цагдаа хохирогч О.Ч-ыг чиний зан чинь өөрчлөгдсөн байна гэж үл ялих зүйлээр шалтаглан улмаар О.Ч-ын нүүрний зүүн хэсэгт баруун гараараа 2-оос 3 удаа, нүүр хэсэгт нь 1 удаа хөлөөрөө хөшиглөж эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

хохирогч О.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, гэрч М.Д-, Т.И-, А.М-, А.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 24, 26, 27, 28 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн  №231 тоот: “...1. Үзүүлэгч О.Ч-ын биед зүүн нүдний алимны салстад цус хуралт, зүүг хацрын төвгөрт зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн хацрын төвгөр, шанаа хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Түүнчлэн хохирогч О.Ч- нь “Олон нийтийн цагдаа бэлтгэх” сургалтад хамрагдаж гэрчилгээ авч тус цагдаагийн хэлтэст олон нийтийн цагдаагаар томилогдон ажиллаж байгаа, тухайн гэмт хэрэг гарах өдөр Хархорин сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд томилогдон ажиллаж байсан бөгөөд шүүгдэгч нь чиний зан чинь өөрчлөгдсөн байна гэж үл ялих зүйлээр шалтаглан, эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж зодсон болох нь хэргийн баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч Г.Б- нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч О.Ч-ын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол  зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Г.Б- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хэргийн хохирогч О.Ч-ын биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч О.Ч- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Г.Б-ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогтой Г-ийн Б-ыг эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Б-ыг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Г.Б- нь 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Г.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА