Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2018/0024/з |
Дугаар | 32 |
Огноо | 2018-10-08 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хороолол, “Э Б П д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нарт холбогдох,
“Э Б П Д” ХХК-ийн эзэмшлийн Өндөрхангай,Зүүнхангай сумын нутаг дамнан орших ХV-018330,XV-018799 дугааруудтай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал,мөн ХV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй тус тус хууль бус болохыг тогтоолгон, ХV-018330,XV-018799 дугааруудтай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад, ХV-018330 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг даргад тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Э Б П Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С, Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“Э Б П Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын нутаг дэвсгэрийг дамнасан 1742.65 га талбай бүхий "Хангай" нэртэй ашигт малтмалын хайгуулын ХҮ-018330 тоот тусгай зөвшөөрөл, мөн Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт олгосон 2284.47 га талбай бүхий "Байвгай" нэртэй ашигт малтмалын хайгуулын Х\/-018799 тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшин Ашигт малтмалын тухай хуулийн дагуу хайгуулын үйл ажиллагааг явуулж байгаа билээ.
.....Бид тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа хойш буюу 3 жилийн хугацаанд "Хангай" нэртэй ашигт малтмалын хайгуулын ХҮ-018330 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 141,414,813 /нэг зуун дөчин нэгэн сая дөрвөн зуун арван дөрвөн мянга найман зуун арван гурав / төгрөгийг, "Байвгай" нэртэй ашигт малтмалын хайгуулын ХҮ-018799 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд нийт 140,794,349 /нэг зуун дөчин сая долоон зуун ерэн дөрвөн мянга гурван зуун дөчин есөн/ төгрөгийг тус тус үйл ажиллагааны зардалд болон геологи хайгуулын хэтийн төлөвийн үнэлгээний ажилд зарцуулаад байгаа бөгөөд цаашид ч судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийж хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар төлөвлөж байсан билээ. Гэтэл Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-д заасан "Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ." гэсний дагуу хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа нь компаний үйл ажиллагаа тогтвортой явуулахад ноцтой саад учруулж улмаар, хайгуулын тусгай зөвшөөрлөө цуцлуулах болоод байна.
...Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нь Зөрчлийн тухай хуулийн 10. 27 дугаар зүйлд "Тусгай зөвшөөрөл эзэмшигч эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулах" гэсэн заалтыг ноцтой зөрчиж тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанид хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна.
Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээр жилд хийх хайгуулын ажпын зардлын доод хэмжээг тогтоосон ба хэрэв тухайн зардлын хэмжээнээс доош зардлаар хайгуул хийж болохгүй талаар заасан. Ийм учраас манай компани нь тухайн хайгуулын зөвшөөрөлтэй талбай дээр хайгуул явуулахаас өөр аргагүй билээ.
Иймд ашигт малтмалын хайгуулын ХҮ-018330, ХХҮ-018799 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын 2018 оны хайгуулын ажлын "Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нарт даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тайлбартаа: “Э Б П Д” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоолгох, мөн Зүүнхангай сумын Засаг даргын “Э Б П Д” ХХК-ийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг нэмэгдүүлж байна.Урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ болно” гэжээ.
Нэхэмжлэгч “Э Б П Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нарт холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ашигт малтмалын хайгуулын ХV018330, ХV018499 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын хайгуулын ажлын 2018 оны Байгаль орчин менежментийн төлөвлөгөөг батлахыг Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг дарга нарт даалгах тухай нэхэмжлэлтэй нэхэмжлэлийг гаргаж, Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоолгох, Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын 2018 оны Байгаль орчин менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгох гэсэн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан байгаа. “Э П Б Д” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын нутаг дэвсгэрийг дамжсан 1742.67 га талбай бүхий “Хангай” нэрт Ашигт малтмалын хайгуулын ХV018330 дугаартай тусгай зөвшөөрөл, мөн Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт орших 2284.47 га талбай бүхий “Баавгай” нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV018499 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж Ашигт малтмалын хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын ажлыг явуулж байгаа болно. “Э Б П Д” ХХК нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ашигт малтмал газрын тосны газраас зарласан Ашигт малтмалын хайгуулын талбайг өргөдлөөр олгох сонгон шалгаруулалтад тэнцэж, 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр болон 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр тусгай зөвшөөрөл авсан. Эдгээр талбайнуудыг Увс аймгийн Засаг дарга нь татгалзах саналгүй гэсэн мэдэгдэх хуудас ирүүлж дэмжсэний үндсэн дээр Э П Б Д ХХК нь үйл ажиллагаа явуулж байна. 2018 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Увс аймгийн Байгаль орчны дарга болон байцаагч нар нь баталсан байхад Увс аймгийн Зүүнхангай болон Өндөрхангай сумын Засаг дарга нар батлахгүй байгаа эс үйлдэхүйг буруу гэж үзэж нэхэмжлэл гаргасан байгаа. Э П Б Д ХХК нь Ашигт малтмалын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж газрын хөрснөөс дээж авч шинжилгээ хийж ажилладаг ба ашигт малтмалын хайгуулын лиценз нь 3 жилээр олгогддог ба өнөөдрийн байдлаар газрын хөрсийг ухаж, сэндийлсэн зүйлгүй. Тухайн тусгай зөвшөөрөл бүхий газар нь Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай ба жил болгон хайгуулын ажлын зардал гарч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед буюу 2015 онд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дүгээр заалт хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн А/17 тоот тогтооыг зөрчин Хангай нэртэй талбайг дээрх хуулийн заалтыг зөрчиж авсан.
Баавгай нэртэй тайлбайг ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүлийн 19.4 дэх заалт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн е/ нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход хууль тогтоомжид заасны дагуу санал өгөх/ гэж заасан заалтыг зөрчиж албан тушаалаа урвуулан ашиглаж лиценз олгосон үйлдэл болсон байдаг.
Иймд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлах боломжгүй.Учир нь орон нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг нутаг дэвсгэртээ ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хийх эрх олгохгүй тухай саналаа илэрхийлж, энэ талаар гарын үсгээ зурж өгсөн. Энэ нь тухайн компани, иргэд малчдын хооронд маргаан гарах нь тодорхой байгаа юм. Үүнийг энэ жилийн малчдын зурсан гарын үсэг тодорхойлж байгаа юм. Засаг даргын хувьд хуулиар олгосон эрх, гүйцэтгэх үүрэгтэй хэдий ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ийм асуудалд иргэдийнхээ эсрэг аливаа үйл ажиллагаанд оролцож, хуул бусаар авсан тусгай зөвшөөрлийн төлөвлөгөөг батлах ёс зүй надад байхгүй “гэжээ.
Хариуцагч Зүүнхангай сумын Засаг дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймгийн Зүүнхангай, Өндөрхангай сумын хилийн заагт байрлах талбайд АМГТГ-ын кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 364 тоот шийдвэр, мөн Увс аймгийн Засаг даргын хайгуулын үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй талаарх саналын хуудас зэргийг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Зүүнхангай, Өндөрхангай сумдын нутгийг дамнасан 1742.65 га талбай бүхий “Хангай” нэртэй ашигт малтмалын хайгуулын ХҮ018330 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байна.
1. Тухайн орон нутгийн түвшинд АМГТГ-ын болон аймгийн Засаг даргын саналын хуудас нь орон нутгийн саналыг харгалзалгүйгээр олгосон.
2. 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 3 жилийн хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан ажил хийгдээгүй.
3. Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 81 тоот татгалзсан албан бичигтэй Зүүнхангай сумын Засаг дарга санал нэгтэй байгаа тул албан бичгийн хариуг хүргүүлэх шаардлагагүй гэж үзсэн.
4. Зүүнхангай сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.6, 38.2-д заасны дагуу хайгуул хийгээгүй гэж үзэн төлөвлөгөөг батлах боломжгүй байгаа тухайн компанийн төлөөлөгчид албан ёсоор танилцуулсан.
5. Тус суманд харьяалагдах хайгуулын талбай нь Өндөрхангай суманд ихэнх нь хамрагддаг тул тухайн сумын Засаг даргын шийдвэрийг хүндэтгэн үзэж цаашид ашигт малтмалын хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана.
6. Тухайн талбайд багийн иргэдийн 4 өвөлжөө, хаваржааны газар байдаг учир төрийн бус байгууллага, сум багийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байгааг харгалзан үзэж төлөвлөгөөг батлаагүй болно.
“Э Б П Д” ХХК нь Увс аймгийн Зүүнхангай суманд нэг удаа албан тоот явуулсан ба дахин төлөөлөл болж хүн уулзаагүй. Дан ганц Засаг дарга нар хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм биш. Сумын удирдлагын зүгээс багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулж иргэдтэй уулзалт хийхэд тухайн газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ илэрхийлж 88 иргэн гарын үсэг зурж өгсөн ба бослого үүсэх магадлалтай түвшинд хүрсэн. 2016, 2017 онуудад “Э Б П Д” ХХК-аас ирж хайгуул хийгээгүй байж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах болмогц байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахаар ирсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э Б П Д” ХХК шүүхэд анх “Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын нутгийг дамнасан ашигт малтмалын хайгуулын XV-018330 тоот мөн Өндөрхангай сумын нутагт олгосон ашигт малтмалын хайгуулын XV-018799 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг Өндөрхангай,Зүүнхангай сумын Засаг дарга нарт даалгах” тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэлээр олгогдсон эрхийнхээ хүрээнд ХV-018330,XV-018799 дугааруудтай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал,мөн Зүүнхангай сумын Засаг даргын ХV-018330 тоот тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нараас гаргасан нэмэлт тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “Манай компани ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан бүхий л шаардлагыг хангаж авсан байхад Өндөрхангай,Зүүнхангай сумын Засаг дарга нар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах эрхгүй” гэж тодорхойлжээ.
Анх Увс аймгийн Зүүнхангай,Өндөрхангай сумын нутаг дамжин орших Хангай нэртэй газарт орших 1742.65 гектар талбайд XV-018330 тоот т хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас 2015.05.14-ний өдөр “Ю К”ХХК-д олгосныг 2015.07.10-ны өдөр “Э Б П Д” ХХК-д шилжүүлэн олгосон нь тусгай зөвшөөрлийн 2 дугаар хавсралтад тэмдэглэгджээ.
Мөн Ашигт малтмалын газраас “Э Б П Д” ХХК-д Увс аймгийн Өндөрхангай сумын “Байвгай” нэртэй газарт орших 2284.47 гектар талбайг хамарсан XV-018799 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 3 жилийн хугацаатай олгожээ.
1.”Э Б П Д” ХХК-ийн эзэмшлийн ХV-018330,XV-018799 дугааруудтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч Ц.С-ийн зүгээс “Хангай” нэртэй талбайг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны А/17 тоот тогтоолыг зөрчиж авсан, “Баавгай” нэртэй тайлбайн тусгай зөвшөөрөл анх олгогдохдоо сумын удирдлагаас санал аваагүй, нутгийн иргэд хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрөл олгохгүй тухай саналаа илэрхийлсэн,тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчин авсан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
” Э Б П Д” ХХК-ийн зүгээс ХV-018330,XV-018799 дугааруудтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргад 2018 оны 4, 5 сардуудад хандаж байсан байх ба Өндөрхангай сумын Засаг даргаас 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 42 дугаартай албан бичиг болон 2018 оны 06 сарын 18-ны өдрийн 81 дугаартай албан бичгүүдээр “хайгуулын “Хангай”, “Баавгай” нэртэй талбайнууд нь тус сумын малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээр нутаг юм.ИТХ-ын 2015 оны 05 сарын 19-ний өдрийн А/17 дугаар тогтоолыг зөрчсөн тул Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй байна” гэсэн агуулга бүхий хариуг өгч төлөвлөгөөг батлахаас татгалзсан байна.
Өндөрхангай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 05 сарын 19-ний өдрийн А/17 дугаартай тогтоолоор Уушиг, Хангай, Зургамал нэртэй газрууд нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар учир ашигт малтмалын хайгуулын лиценз хүссэн хүсэлтийг зөвшөөрөх боломжгүйг уламжилахаар шийдвэрлэжээ.
Тус тогтоол гарахаас таван өдрийн өмнө буюу 2015.05.14-ний өдөр Ашигт малтмалын газраас “Хангай” нэртэй газарт орших 1742.65 гектар талбайд XV-018330 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Ю К”ХХК-д олгосон байна.
Мөн хариуцагчийн зүгээс Өндөрхангай сумын иргэд тусгай зөвшөөрлийг эсэргүүцэж гарын үсэг зурсан гэх 2015.03.26-ны өдөр иргэд гарын үсэг зурсан баримтыг шүүхэд ирүүлсэн байгаа боловч Өндөрхангай сумын нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын зүгээс тусгай зөвшөөрөлүүдтэй холбогдуулан хүчингүй болгуулах талаар төрийн захиргааны байгууллагад өргөдөл, харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
Тусгай зөвшөөрөл олгогдох үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсэгт аймгийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахаар зохицуулж байсан байх ба эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас аймгийн Засаг даргын саналыг үндэслэн “Э Б П Д” ХХК-д тусгай зөвшөөрлүүдийг олгосон байна.
” Э Б П Д” ХХК нь тусгай зөвшөөрлийг эзэмших хугацаандаа буюу 2016,2017 онуудад “Баавгай” нэртэй хайгуулын тайлбайд гүйцэтгэх эрэл хайгуулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Ашигт малтмалын газарт хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан төлөвлөгөө,тайлангууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч хугацаа сунгуулах өргөдлийг гаргаж, дараах баримт бичгийг хавсаргана гээд мөн хуулийн 22.1.3-д “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан байхаар заажээ.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сумын Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан ба 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар Засаг дарга төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасан байна.
Нэгэнт аж ахуйн нэгж хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтын дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор батлахыг үүрэгжүүлсэн заалтын хүрээнд төлөвлөгөөг батлах нь зүйтэй юм.
Өөрөөр хэлбэл “тусгай зөвшөөрлүүдийг хууль зөрчиж авсан, иргэдийн өвөлжөө, хаваржааны газар хамаарч байгаа, иргэд эсэргүүцсэн” гэх үндэслэлээр хариуцагчийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 38 дугаар зүйлийн 38.2-д заасантай нийцээгүй байна.
Иймд Өндөрхангай сумын Засаг даргын “Э Б П Д” ХХК-ийн XV-018330, XV-018799 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болно.
2. ”Э Б П Д” ХХК-ийн эзэмшлийн ХV-018330 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч Ж.Б “Тухайн газарт иргэдийн өвөлжөө, хаваржааны газар байдаг, тухайн зөвшөөрөл анх олгогдохдоо орон нутгийн саналыг харгалзаагүй, 2016,2017 онд төлөвлөгөө батлуулж хайгуулын ажлаа хийгээгүй, Өндөрхангай сумын Засаг даргын татгалзсан хариутай санал нэгтэй байсан тул албан бичгийн хариуг хүргүүлэх шаардлагагүй гэж үзсэн” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжихгүй байна.
” Э Б П Д” ХХК-ийн зүгээс ХV-018330 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлтийг Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргад хүргүүлж байсан байх ба хэрэгт авагдсан 2018 оны 04 сарын 06-ны 01/18-05 тоот, 2018 оны 05 сарын 24-ний өдрийн 01/18-09 тоот албан бичгүүд, Зүүнхангай сумын Засаг даргаас шүүх хуралдаанд “”Э Б П Д” ХХК-иас 2 удаа албан бичиг ирж байсан байна” гэх тайлбар, Зүүнхангай сумын Засаг даргаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн ” Э Б П Д” ХХК-ийн албан бичиг, Зүүнхангай сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 5 сарын ирсэн бичгийн бүртгэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Зүүнхангай сумын Засаг даргын зүгээс хайгуулын тайлбайн ихэнх хэсэг Өндөрхангай сумын нутагт хамаардаг ба “Э Б П Д” ХХК-д Өндөрхангай сумын Засаг дарга татгалзсан хариуг өгсөн учир албан бичгээр ямар нэгэн хариу өгөөгүй болно гэсэн тайлбарыг шүүхэд гаргасан болно.
” Э Б П Д” ХХК нь Увс аймгийн Зүүнхангай,Өндөрхангай сумын нутаг дамжин орших “Хангай” нэртэй ашигт малтмалын хайгуулын талбайн 2016,2017,2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгт баримтаар ирүүлсэн бөгөөд 2016 оны төлөвлөгөөг Увс аймгийн Зүүнхангай болон Өндөрхангай сумын Засаг дарга нар баталж байжээ.
” Э Б П Д” ХХК нь 2016,2017 онуудад “Хангай” нэртэй хайгуулын тайлбайд гүйцэтгэх эрэл хайгуулын ажлын төлөвлөгөө, гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланг Ашигт малтмалын газарт хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан төлөвлөгөө,тайлангууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Зүүнхангай сумын Засаг даргын нэхэмжлэгч компани нь 2016, 2017 онуудад хайгуулын ажил гүйцэтгээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Зүүнхангай сумын нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын зүгээс ХV-018330 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олголттой холбогдуулан хүчингүй болгуулах тухай өргөдөл, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд сумын Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.3,38 дугаар зүйлийн 38.2-д зааснаар Засаг дарга төлөвлөгөө түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж заасны дагуу байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах байжээ.
Иймд Зүүнхангай сумын Засаг даргын “Тухайн газарт иргэдийн өвөлжөө,хаваржааны газар байдаг, тухайн зөвшөөрөл анх олгогдохдоо орон нутгийн саналыг харгалзаагүй, 2016, 2017 онд төлөвлөгөө батлуулж хайгуулын ажлаа хийгээгүй,Өндөрхангай сумын Засаг даргын татгалзсан хариутай санал нэгтэй байсан тул албан бичгийн хариуг хүргүүлэх шаардлагагүй” гэх нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэл нь дээр дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн заалтад нийцэхгүй байх тул “Э Б П Д” ХХК-ийн XV-018330 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын нутгийг дамнасан ашигт малтмалын хайгуулын XV-018330 дугаартай, мөн Өндөрхангай сумын нутагт олгосон ашигт малтмалын хайгуулын XV-018799 дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайнуудын 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөхийг Өндөрхангай,Зүүнхангай сумын Засаг дарга нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагын талаар: Өнөөдрийн байдлаар “Э Б П Д” ХХК-д “Байвгай”, “Хангай” нэртэй газарт олгогдсон хайгуулын XV-018330, XV-018799 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 361, 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 488 дугаартай шийдвэрүүдээр сунгахаас татгалзсанаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон байна.
Шүүхээс хариуцагчийн татгалзсан шийдвэр, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нь зүйтэй боловч нэхэмжлэгчийн хайгуулын XV-018330, XV-018799 тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон байх тул дээрх тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатайн зэрэгцээ шүүхийн шийдвэр биелэгдэх боломж бүхий байх ёстой бөгөөд нэгэнт хугацаа дуусгавар болсон тусгай зөвшөөрлүүдэд 2018 оны төлөвлөгөөг батлахыг даалгаснаар нэхэмжлэгчийн эрх шууд сэргэх боломжгүй, “Э Б П Д” ХХК нь тухайн тусгай зөвшөөрлүүдээр үргэлжлүүлэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байна.
Харин тухайн тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй нь хууль бус болохыг тогтоож байгаа тул тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах эсэх асуудлаар нэхэмжлэгчийн зүгээс холбогдох төрийн захиргааны байгууллагад хандах боломжтой бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх нь өөрөө төрийн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал юм.
Дээр дурдсан дүгнэлтүүдэд үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс “Э Б П Д” ХХК-ийн эзэмшлийн XV-018799, XV-018330 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндархангай сумын Засаг даргын татгалзал, XV-018330 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Зүүнговь сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг болох XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг дарга даргад тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч нарын ажлын алба болох Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай сумын Засаг даргын Тамгын газраас тус тус 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4,106.3.13,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Б П Д” ХХК-ийн XV-018330, XV-00020505 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан Өндөрхангай сумын Засаг даргын шийдвэр, нэхэмжлэгч “Э Б П Д” ХХК-ийн XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй Увс аймгийн Зүүнхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй нь тус тус хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас XV-018799, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өндөрхангай сумын Засаг даргад, XV-018330 дугаартай тусгай зөвшөөрлийн 2018 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Зүүнхангай сумын Засаг дарга даргад тус тус даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Э Б П Д” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн хариуцагч Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газар, Зүүнхангай сумын Засаг даргын тамгын газраас тус тус 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э Б П Д” ХХК-д олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЦЭЦЭГ