Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 669

 

 

Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01357 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хаан банк ХХК, И.Мягмаржав, Э.Анхзаяа, Б.Алтантариа нарт холбогдох

 

Гэм хорын хохирол 6 126 234 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Алтантариагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарнай,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Энхжаргал,

Хариуцагч “Хаан банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат,

Хариуцагч И.Мягмаржав,

Хариуцагч И.Мягмаржавын өмгөөлөгч Г.Ганхуяг,

Хариуцагч Б.Алтантариагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хаан банк” ХХК-ийн эзэмшлийн ZL 50-С маркийн 56-41 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэн И.Мягмаржав, Э.Анхзаяа нар нь Хаан банктай байгуулсан 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ/820 зээлийн гэрээний дагуу эзэмшдэг байна. Уг автомашиныг иргэн Б.Эрдэнэчулуун жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дахь заалтыг зөрчсөний улмаас 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамж 10 тоотын хашаа, гэрэлтүүлэгч шон, Тоёото приус маркийн автомашин, Г.Одсүрэнгийн гэр бүлийн амьдарч байсан монгол гэр зэргийг тус тус мөргөж, улмаар монгол гэрт байсан иргэн Г.Одсүрэн, Ж.Буянзаяа, О.Намсрайдагва нарыг гэмтээсэн зам тээврийн осол гаргасан. Уг зам тээврийн ослын улмаас Г.Одсүрэн, Ж.Буянзаяа, О.Намсрайдагва нарын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээ, шинж чанар нь Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай Тээврийн прокурорын газрын прокурорын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн тогтоол гарсан. Г.Одсүрэнгийн гэр бүлийн гишүүд, тэдний амьдарч байсан монгол гэр, гэрийн бусад эд хогшил бүх зүйлийг эвдэж, эрүүл мэндэд нь хохирол учируулсан хариуцагч нар өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ авахгүй, хохирол төлбөрийг нь төлөхгүй байгаад гомдолтой байна. Осол гарсан өдрөөс хойш Г.Одсүрэнгийн гэр бүл орох оронгүй болсон учраас Баянгол дүүргийн 20 дугаар хороо Бөөний худалдааны нэгтгэл 2-ын 27 дугаар байр 22Б тоот 1 өрөө орон сууцыг сарын 350 000 төгрөгөөр 2 сарын хугацаагаар хөлсөлж амьдарсан.

Зам тээврийн ослоос Г.Одсүрэнгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан бөгөөд энэ нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтыг түр хугацаагаар саатуулснаас Г.Одсүрэн гэртээ 2 сар гаруй хэвтрийн дэглэмтэй байж эмчлүүлсэн. Тухайн үед би Приус 11 маркийн 52-03 УНЭ улсын дугаартай автомашинаар таксинд явж гэр бүлээ тэжээдэг байсан ба вокзал буюу гал тэрэгний буудлын тэнд хэсэг хүмүүстэй хамт байнга зогсон таксинд явдаг байсан ба өдрийн орлого маань тухайн үедээ өдөрт 50 000-60 000 төгрөг байсан юм. Ослоос хойш 2 сар хэвтрийн дэглэмтэй байснаас хойш мөн нуруугаар байнга өвддөг болсон учраас дахин байнгын суугаа ажил хийх боломжгүй болж, таксинд явж чадахаа больж эхнэр Ж.Буянзаяа нь ажил хийж гэр бүлээ тэжээдэг болсон. Тухайн хэвтрийн дэглэмтэй байсан 2 сарын хугацааны олох байсан орлого буюу 60 хоног, өдрийн орлого 50 000 төгрөгөөр тооцон нийт 3 000 000 төгрөгөөр нэхэмжилж байна. Иймд Г.Одсүрэнгийн эд хөрөнгөд учирсан хохирол болох 4 144 500 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирол 1 507 513 төгрөг, түрээсийн байрны төлбөр болох 700 000 төгрөг, бусад зардал 219 300 төгрөг нийт 6 571 313 төгрөг нэхэмжилж байгаагаас “Бодь даатгал” ХХК-иас 3 445 079 төгрөг төлөгдснийг хасахад 3 126 234 төгрөг үлдсэн, үүн дээр Г.Одсүрэнгийн Приус маркийн автомашинаараа такси үйлчилгээнд явж олох байсан орлого 3 000 000 төгрөгийг нэмж нийт 6 126 234 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Хаан банк шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банкны нэр дээр бүртгэлтэй байгаа ZL 50-С маркийн 56-41 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч И.Мягмаржав, Э.Анхзаяа нар нь Хаан банктай 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/820 дугаартай Зээлийн гэрээ болон Фидуцийн гэрээ байгуулан худалдан авсан. Фидуцийн гэрээний 2.4 дэх заалт буюу баталгаа зөвшөөрөл хэсгийн 2.4.5 дахь заалтад “... Хөрөнгийг эзэмших, ашиглах явцад бусдын хөрөнгөд учруулсан хохирлыг бүрэн хариуцаж барагдуулна..” гэж заасны дагуу аливаа бусад этгээдүүдэд учруулсан хохирлыг зээлдэгч нар өөрсдөө хариуцахаар тохиролцсон. Хаан банкны зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд зээл төлөгдөж дуусах хүртэл хугацаанд тухайн тээврийн хэрэгсэл нь Хаан банкны нэр дээр байх бөгөөд зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлсэний дараа тухайн тээврийн хэрэгсэл нь зээлдэгчийн нэр дээр шилжих болно. Иймд иргэн Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь Хаан банк биш тул Хаан банкинд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Анхзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч И.Мягмаржав, түүний өмгөөлөгч Г.Ганхуяг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ZL 50-С маркийн 56-41 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хаан банкны лизингээр авсан бөгөөд эхнэр Э.Анхзаяа хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би автомашинаа худалдаж зээлээ бүрэн төлөх санаатай зар гаргасан бөгөөд Ганбаатар, Б.Алтантариа нар нь худалдан авах талаар санал гаргаж автомашиныг 26 000 000 төгрөгөөр зарсан. н.Гүнбаатар, Б.Алтантариа нар нь мөнгийг бэлэн өгөх боломжгүй гээд 12 000 000 төгрөгт тооцож Приус 20 маркийн автомашин өгч, 12 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд үлдэгдэл 2 000 000 төгрөгийг автомашины нэрийг 2015 оны 03 сард шилжүүлж өгсөн үед төлөхөөр тохиролцсон. Ингээд надад өгсөн 12 000 000 төгрөгөө баталгаажуулна гээд “Зээлийн гэрээ” байгуулж, “Автомашин худалдах-худалдан авах гэрээ”-гээр Приус 20 маркийн автомашиныг шилжүүлж өгсөн. н.Гүнбаатар, Б.Алтантариа нар нь ZL 50-С маркийн 56-41 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч өөрсдийнхөө эзэмшилд байлгаж байгаа. Гэтэл ZL 50-С маркийн 56-41 УБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Б.Эрдэнэчулуун жолоодож яваад Г.Одсүрэнгийн Монгол гэрийг мөргөж тухайн гэрт байсан хүмүүс гэмтсэн байна. Тэр үед н.Гүнбаатар, Б.Алтантариа нар нь над руу яриад тээврийн хэрэгслийн даатгалд даатгуулсан эсэхийг асуухаар нь би лизингийн гэрээтэй учраас жил бүр даатгалд хамрагддаг гээд Даатгалын гэрээ өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ Хаан банкны нэр дээр байгаа боловч н.Гүнбаатар, Б.Алтантариа нар худалдаж авсан. Уг тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж байгаа н.Гүнбаатар, Б.Алтантариа нар болон тээврийн хэрэгслийг жолоодож байсан Б.Эрдэнэчулуун нар Г.Одсүрэнд учирсан хохирлыг хариуцах ёстой. Иймд би Г.Одсүрэнд учирсан хохирлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Алтантариа шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сарын сүүлээр зарын сониноос И.Мягмаржавын маш сайн Ковш автомашин яаралтай зарна гэсэн зарыг хараад автомашиныг нь сонирхож байна ямар үнэтэй вэ гэхэд 26 саяд зарна сайн автомашин байгаа авах хүмүүс их байна гэхээр нь манай нөхөр очиж хараад авъя гэж ирсэн. Тэгээд 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр И.Мягмаржав манай хашаанд 56-48УБ улсын дугаартай Ковш маркийн автомашинаа авчирч тавиад хөдөлгөхөөр бол хэлээрэй би жолооч явуулъя гэж хэлээд миний Приус 20 маркийн 95-78УНВ улсын дугаартай автомашиныг 11 000 000 төгрөгт тооцож авлаа гээд унаад явсан. Бид ярилцаад 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр автомашины бичиг баримтыг шилжүүлж өгнө нотариат орж гэрээ байгуулна гэж тохиролцсоны дагуу 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулахаар уулзан нотариат орсон. Гэтэл “автомашины бичиг баримт байхгүй энэ автомашин миний нэр дээр биш банкны нэр дээр байгаа” гэсэн тул “тэгвэл болъё” гэхэд “би энэ автомашины бичиг баримтыг хурдан банкнаас өөрийн нэр дээр шилжүүлээд аваад 4 сарын дотор /2015 оны 3 дугаар сарын 06-ны дотор/ шилжүүлээд өгье. Хэрэв энэ хугацаанд шилжүүлж өгөхгүй бол мөнгөө буцааж аваарай гээд гуйгаад байхаар нь бас автомашин авах хэрэгтэй байсан учраас зөвшөөрч зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд автомашины нийт үнэ болох 26 сая төгрөгийг зээлж байгаагаар гэрээ байгуулсан. Би нөхрийнхөө Пажеро жипийг барьцаанд тавиж 13 сая төгрөг авсан бөгөөд энэ мөнгөө И.Мягмаржав манайд очоод тоолж бэлнээр авсан. 13 сая төгрөг бэлнээр, 11 сая төгрөгт тооцон Приүс 20 маркийн 95-78 УНВ улсын дугаартай автомашиныг тус тус өгсөн. Автомашины бичиг баримт миний нэр дээр шилжмэгц үлдсэн 2 сая төгрөгийг нь өгье гэж тохирсон боловч шилжүүлж өгөөгүй.

И.Мягмаржав шүүхэд өгсөн тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан гэрээний дагуу тохирсон хугацаа болох 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дотор миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн тохиролцоогоо зөрчсөн учраас бидний хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ хийгдээгүй. Уг автомашин Хаан банкны нэр дээр өнөөдрийг хүртэл байгааг хэргийн материалаас харлаа. Би автомашинаа ав биднээс авсан мөнгөө өг хэмээн удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. И.Мягмаржавыг автомашинаа авахдаа мөнгө өгнө гэсэн үгэнд нь итгэсээр өнөөдрийг хүрсэн. Гэтэл И.Мягмаржав үнэн байдлаас зөрсөн худал тайлбар шүүхэд өгсөн байх тул миний бие автомашин худалдаж авахаар өгсөн 24 сая төгрөгөө буцаан авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд намайг хариуцагчаас чөлөөлж буруутай этгээд болох И.Мягмаржав, Хаан банкнаас хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Алтантариагаас 2 941 234 төгрөгийг гаргуулж Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарт олгож, нэхэмжлэлээс 3 185 000 төгрөгийг нэхэмжлэлийг болон хариуцагч “Хаан банк” ХХК, И.Мягмаржав, Э.Анхзаяа нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 090 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 48 000 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Б.Алтантариагаас 62 010 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Алтантариа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Алтантариа би И.Мягмаржавд хууртагдан хохирч автомашин ч үгүй, мөнгө ч үгүй болчихоод байхад шүүх 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дүгээр хороо, Хувьсгалчдын 10 дугаар гудамжинд болсон ослын улмаас хохирсон Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын хохирол болох 2 941 234 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шударга ёсонд нийцэхгүй байна.

...Хэрэг явдал үргэлжлэх зуур миний эрүүл мэнд хүндрэн босож явж чадахгүй байдалд орж эмнэлгээр багагүй явж эцэст нь багш лам хашаандаа байгаа хүний автомашиныг гаргаж эзэнд нь өг гэсэн тул автомашиныг гаргаж төлбөртэй ч хамаагүй газар хүргэх хэрэгтэй болсон. Ингээд том автомашин барьдаг жолоочийг И.Мягмаржав олж өгөхгүй удсан тул би зарын дагуу н.Эрдэнэчулуун гэдэг жолоочийг олж ZL 50-С маркийн ачигчийг автомашины төлбөртэй зогсоолд хүргүүлэхээр болж тохирсон юм. Би уг осол болсон өдрийн өглөөнөөс эхлэн И.Мягмаржав руу “жолоочоо явуулахгүй бол би жолооч олсон энэ хүнээр бариуллаа шүү” гэж ярихад “тэгээ би завгүй очиж чадахгүй” гэсэн тул нэгэнт эзэн нь хөдөлгөө гэсэн учраас бас мэргэжлийн жолоочийн үнэмлэхтэй жолооч олсон учраас автомашиныг хашаанаасаа гаргаж очих газрыг нь зааж өгөөд явуулсан. Гэтэл осол хийж хүн хохироосон байсан. н.Эрдэнэчулуун осол хийчихлээ гээд ярихад нь И.Мягмаржавыг дуудахад тэр ирээд 2 ч даатгал байгаа санаа зоволтгүй гээд автомашинаа хаячихаад явсан. Үлдсэн эвдэрхий автомашиныг том төлбөртэй ачигч олуулан ачуулж төлбөртэй зогсоолд тавьсан, одоо тэндээ байгаа. Би ингэж хохирчихоод байхад шүүх намайг автомашиныг эзэмшиж байсан учраас осол хийсэн тэгээд хохирогчидод төлбөрийг нь төл гэж байгаа нь шударга бус байна.

Иймд энэхүү шударга бус шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож буруутай жолооч, автомашины эзнээс хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нар хариуцагч Хаан банк болон И.Мягмаржав, Э.Анхзаяа, Б.Алтантариа, Б.Эрдэнэчулуун нараас зам тээврийн ослын улмаас учирсан хохиролд 6 571 313 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

“Бодь даатгал” ХХК-иас нэхэмжлэгч нарт эрүүл мэндийн хохиролд 1 260 413 төгрөг, эд хөрөнгийн хохиролд 2 184 666 төгрөг, нийт 3 445 079 төгрөгийг нөхөн төлсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар эмчилгээний зардал болон эд хөрөнгийн алдагдалд 3 126 234 төгрөг, 2 сард олох байсан орлого 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, хариуцагч Б.Эрдэнэчулуунд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

 

Хариуцагч И.Мягмаржав, Э.Анхзаяа нар нь 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Хаан банктай ковш худалдан авах хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж, 22 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлж уг мөнгөөр ZL 50C маркийн 56-41 УБ улсын дугаартай авто ачигч /ковш/ тээврийн хэрэгслийг худалдан авчээ.

                                                                                                 /хэргийн 58-60 дугаар тал/

 

Хаан банк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр И.Мягмаржав, Э.Анхзаяа нартай Фидуцийн гэрээ байгуулж гэрээний зүйл болох авто ачигч /ковш/-ийн өмчлөх эрхийг Хаан банкинд шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргахгүй байна.                                 /хэргийн 61-62 дугаар тал/

 

Зохигчдын хооронд байгуулсан зээл болон фидуцийн гэрээний харилцаа үүссэн нь Иргэний хуулийн 451, 235 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ.

 

Фидуцийн гэрээний зүйл нь авто ачигч /ковш/ бөгөөд уг тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Хаан банк бөгөөд зээлийн болон фидуцийн гэрээний хугацаанд авто ачигч /ковш/-ийг И.Мягмаржав, Э.Анхзаяа нарын эзэмшил ашиглалтанд шилжүүлэхдээ гэрээгээр тохирсон хэмжээ хязгаарын дотор эзэмших, ашиглах, мөн Фидуцийн гэрээний 2.4.5-д “зээлдэгч авто ачигч /ковш/-ийг эзэмших, ашиглах явцдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулбал бүрэн хариуцаж барагдуулахаар” талууд тохиролцсон байна.

 

Дээрх тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Хаан банк түүнтэй зээлийн болон фидуцийн гэрээний үндсэн дээр авто ачигч  /ковш/-ийг эзэмшиж байгаа И.Мягмаржав, Э.Анхзаяа нар нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт заасны дагуу эзэмшигч, харин эрх үүргээ шилжүүлсэн Хаан банк шууд бус эзэмшигч тул нэхэмжлэгч нарт учирсан гэм хорын хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

                                                                                                  /хэргийн 9, 43 дугаар тал/

 

Хариуцагч И.Мягмаржав нь авто ачигч /ковш/-ийг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б.Алтантариад 26 000 000 төгрөгөөр худалдаж 13 000 000 төгрөгийг бэлнээр, 11 000 000 төгрөгт тооцож Приус 20 маркийн автомашин авч, уг авто ачигчийг Б.Алтантариангийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.                                                 /хэргийн 95-97 дугаар тал/

 

Талууд авто ачигч тээврийн хэрэгслийг худалдахдаа 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн дотор тээврийн хэрэгслийн бичиг баримтын нэр шилжсэн нөхцөлд үлдэх 2 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон талаар талууд маргахгүй байна.

 

Хариуцагч Б.Алтантариа авто ачигчийг өөрийн хашаанаас өөр хашаанд шилжүүлэхээр иргэн Н.Эрдэнэчулуунаар жолоодуулсан бөгөөд тэрээр 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уг тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарын хашаа болон монгол гэрийг мөргөж иргэн Г.Одсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулж, эд хөрөнгийг эвдсэн байна.                                                                                                 /хэргийн 21-30 дугаар тал/

 

Дээрх зөрчилд хариуцагч Б.Эрдэнэчулуунд эрх бүхий байгууллагаас Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар захиргааны арга хэмжээ ногдуулахыг үүрэг болгожээ.

                                                                                                /хэргийн 41-42 дугаар тал/

 

Хариуцагч Б.Эрдэнэчулууны санамсар болгоомжгүй хууль бус үйлдлийн улмаас Ж.Буянзаяа, Г.Одсүрэн нарын эд хөрөнгө эвдэрч, Г.Одсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учирсан нь түүний гэм буруутай үйлдлийн улмаас болсон нь шалтгаант холбоотой тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нар нь хариуцагчаас учирсан хохирлоо шаардах эрхтэй.

 

Хариуцагч И.Мягмаржав Фидуцийн гэрээгээр тохирсон хэмжээ хязгаартай эзэмших эрхээ зөрчиж Хаан банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байхдаа фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг худалдсанаас уг тээврийн хэрэгслийн нэр шилжих боломжгүй болжээ.

 

Гэвч авто ачигч тээврийн хэрэгсэл нь худалдах-худалдан авах гэрээний дагуу И.Мягмаржавын эзэмшлээс Б.Алтантариангийн эзэмшил, ашиглалтад шилжсэн хугацаанд уг зам тээврийн осол гарсан байна.

 

Хариуцагч И.Мягмаржав өөрийн эзэмшил, ашиглалтад байсан авто ачигч тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Алтантариад худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт заасны дагуу Б.Алтантариаг эзэмшигч, И.Мягмаржавыг шууд бус эзэмшигч гэж үзэх тул хариуцагч Э.Анхзаяа, И.Мягмаржав нар нь гэм хорын хохирлыг хариуцах үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч Б.Алтантариа авто ачигч тээврийн хэрэгслийг өөрийнхөө эзэмшил, ашиглалтад байлгах хугацаандаа өөрөө зөвшөөрөл өгч Б.Эрдэнэчулуунаар уг тээврийн хэрэгслийг жолоодуулж тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

 

 Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд Б.Эрдэнэчулуун эзэмшигч биш харин Б.Алтантариа эзэмшигч юм.

 

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцахаар заасан тул Б.Эрдэнэчулуун гэм хорыг шууд хариуцах боломжгүй тул анхан шатны шүүх хариуцагч Б.Алтантариагаас гэм хорын хохиролд 2 941 234 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Одсүрэн, Ж.Буянзаяа нарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Алтантариагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2016/01357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Алтантариагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Б.Алтантариагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 020 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                         ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ