Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 78

 

                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Н.Ц, Б.О нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор А.Марал,

Яллагдагч Б.Огийн өмгөөлөгч Л.Амартогос,

Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1292 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Маралын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 24 дугаартай прокурорын эсэргүүцлээр Н.Ц, Б.О нарт холбогдох эрүүгийн 1705001810122 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Тангууд овогт Намчингийн Н.Ц, 1967 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мод боловсруулах үйлдвэрийн суурь машинч мэргэжилтэй, 000 ажилтай, Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000822/,

 

Боржигон овогт Батсүхийн Б.О, 1977 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 00 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 000 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000067/.  

            

            Н.Ц нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын орчимд өөрийн дүүгийн эхнэр Б.Ог “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар гэр бүл, төрөл садангийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Б.О нь 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын орчимд өөрийн нөхрийн эгч Н.Цийг “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар гэр бүл, төрөл садангийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Н.Ц, Б.О нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Н.Ц, Б.О нарт холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд дараах ажиллагааг хийх шаардлагатай гэж шүүх үзлээ. Үүнд: 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн хэргийн талаар Соёлмаа, Баянбилэг нараас асууж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тодруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай. Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 271 дугаартай яллах дүгнэлтэд Н.Ц нь “...дүүгийн эхнэр Б.Ог “хүүхэд зодлоо” гэх шалтгаанаар ...гэмт хэрэг үйлдэгдсэн талаар бичигдсэн байгаа нь хэргийн үйл баримтаас зөрүүтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг дээрх гэрчүүдийг асууж тогтоох нь зүйтэй.

Яллагдагч Б.Огийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/ болон түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасны ургийн овог зөрүүтэй бичигдсэн, Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 271 дугаартай яллах дүгнэлтэд дурдагдсан гэрч Э.Пүрэвсүрэнгийн мэдүүлэгт гэрчээс мэдүүлэг авсан мөрдөгч гарын үсэг зураагүй зэрэг зөрчлүүдийг зөвтгөж шүүхэд ирүүлэх шаардлагатай. Иймд яллагдагч Н.Ц, Б.О нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Марал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Тус хэрэгт 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кино театрын орчимд Б.О, Н.Ц нар нь хоорондоо харилцан зодолдож буй бичлэг хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг сидиг хавтаст хэрэгт нотлох баримтаар үнэлж хэрэгт хавсаргасан бөгөөд яллагдагч Б.О, Н.Ц нар нь өөрсдийн хүүхдүүдийн асуудлаар таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар харилцан зодолдож бие биедээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт хавагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь тодорхой бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн үеэр оролцогч нараас дахин асууж тодруулах боломжтой тул нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж дахин асуух шаардлагагүй байх тул шүүгчийн захирамжид дурдсан “гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгааныг тодруулах”-аар заасан заалт нь үндэслэлгүй байна. Яллагдагчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгахдаа иргэний овог, нэр, регистрийн дугаараар шалгагдсан байх тул ургийн овог зөрүүтэй бичсэн нь ял шалгах хуудсанд нөлөөлөхгүй юм. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1292 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн…” гэв.

 

Яллагдагч Б.Огийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.О нь хэргийг шүүхэд шилжүүлэх үед анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргахдаа “намайг зөвхөн хохирогч Н.Ц толгой руу цохиж зодоогүй. Харин түүний охин Соёлоо нь хамтарч толгой руу цохисон. Энэ бичлэгийг гар утсаар хийсэн” гэсэн. Мөрдөн байцаалтын шатанд тухайн бичлэгийг мөрдөгчид өгсөн боловч та нар хоорондоо эвлэрэх хэрэгтэй гээд хавтаст хэрэгт бэхжүүлж нотлох баримтаар аваагүй. Үүний дагуу шалгах ажиллагаа хийгээгүй гэсэн. Миний үйлчлүүлэгч Б.О “хоёр хүн намайг хамт зодсон, одоо миний толгой маш их өвддөг, гомдолтой байна” гэсэн байдалтай байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Хэргийг дахин шалгах нь түүний эрх ашигт нийцнэ гэж үзэж байна...” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.Ц, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийн талаар яллагдагч Н.Ц, Б.О нар болон бусад гэрчүүд тодорхой мэдүүлэг өгсөн ба энэ талаар иргэн Соёлмаа, Баянбилэг нараас гэрчийн мэдүүлэг авах зайлшгүй шаардлагатай, чухал ач холбогдолтой биш байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд “Соёл-Эрдэнэ” гэгчийн талаар яригдсан байх ба шүүгчийн захирамжид “Соёлмаа” гэж заасан нь ойлгомжгүй байхаас гадна мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдэгдэхийг мэдсэн гэрч нарыг байцаасан байна.    

Мөн яллагдагч Б.Огийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-51/-гаар ургийн овог “Боржигин” гэж бичсэн байх ба ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст “Боржигон” гэж зөрүүтэй бичигдсэн боловч ургийн овгоос бусад мэдээлэл нь Б.Огийн иргэний үнэмлэхний лавлагаатай тохирч байгаа учир энэхүү бичвэрийн зөрчил нь уг хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй юм.  

Иймд яллагдагч Н.Ц, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих зүйлүүдийг шалгасан, цаашид нэмж хийх ажиллагаа байхгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Н.Ц, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1292 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Н.Ц, Б.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Н.Ц, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                    Д.МЯГМАРЖАВ