| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2020/0053/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/57 |
| Огноо | 2020-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2020/ШЦТ/57
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,
Улсын яллагч: Э.Өнөрбаяр,
Шүүгдэгч: Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т- овогтой Д-ын Б-өд холбогдох эрүүгийн 2027000000061 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар баг, Эрдэнэтолгой баг, Арцатын ___ тоотод оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Т- овогтой Д-ын Б- /РД:___/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “___”-ийн өөрийн ажлын байранд эхнэр Г.О-тэй маргалдлаа гэх шалтгааны улмаас хохирогч Д.Г-гийн нүүр хэсэгт 2 удаа алгадаж, хүзүү хэсэгт гараараа багалзуурдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Хохирогч Д.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Д.Б-, О- нарын 2 эмэгтэй найзуудтай нь машин дотор 2 литрийн “Сэнгүүр” нэртэй 1 ширхэг пиво аваад хувааж уусан. Тэгээд нэг найз нь яваад өгсөн. Б- намайг шоолоод байгаач юм шиг сонин зан гаргаад байхаар нь яах гээд байна ална шүү гээд Б-ийг тоглоод хэлсэн чинь манай найз О- намайг чи манай нөхрийг ална шүү гэж хэлдэг хэн бэ гээд босож ирээд миний баруун гарын мөр лүү цохихоор яаж байгаа юм гэхэд миний үснээс татаад байсан. Тэгэхээр нь би одоо О-ээ больчих гэж хэлэхэд үснээс тавихгүй байхаар би О-ийн үснээс татаад би уйлаад явлаа гээд цүнхээ авья гэхэд миний цүнхийг өгөхгүй байсан. Тэгээд би уйлаад хашааны гадаа гарахад Б- ирээд та 2 зодолдох гэж ирсэн юм уу гээд намайг чирээд хашаа руугаа аваад орсон. Тэгсэн О- надруу дайраад намайг үсдээд байсан. Тэгээд тавихгүй дараад байсан хэдэн удаа аль гараараа цохиод байсан талаар бол сайн мэдэхгүй байна. Миний утсанд дуудлага ирэхээр нь авах гэсэн чинь Б- миний утсыг авах гээд байхаар нь би зугтаад хашаан дотор граш байхаар тийшээ яваад орсон чинь Б- намайг чирээд гараас миний гар утсыг булааж аваад толгой руу 2 удаа цохиод грашийн хаалгыг цоожлоод гараад явсан. Тэгээд би Өвөрхангай аймгийн Хархорин сумаас 05 дугаар сарын 30-ны өглөө замын унаагаар ирсэн.Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. О- нь над руу ирээд баруун гараараа зүүн мөр рүү цохиход нь би зөрүүлээд яаж байгаа юм бэ гэхэд О- яадаг юм гээд намайг үсдэхээр нь би зөрүүлээд үсдсэн юм. Тэгээд гэрт дотор үстэлцэж байхад Б- нь та хоёр гарч асуудлаа шийд гэхээр нь бид хоёр гарсан.Харин И- түүний нөхөр гэх залуу, О-, дугуй засвар дээр байсан ах намайг зодуулсныг мэдэх ёстой. И- түүний нөхөр, О- нар байсан ба Б- нь намайг зодсоныхоо дараа ажлын нэг өрөө рүү аваад ороход тухайн өрөөнд нь дугуй засварын 40 орчим настай залуу ах байсан. Тухайн ахыг өмнө нь би Улаанбаатар хотод харж байсан ба О- нь тухайн дугуй засварын ахыг манай хамаатны хүн гэж ярьж байсан. Тэгээд би тухайн ахад “Б-, О- нар намайг зодчихлоо, та миний утас цүнх хоёрыг аваад өгөөч ээ, би айгаад байна. Энд ингэж байж чадахгүй гэж хэлэхэд тухайн ах би ойлгож байна гээд толгой дохиод өөр юм хэлээгүй. Би тухайн ахын өрөөнд 10 орчим минут суусан ба өвдөг сөгдөж хүртэл гуйхад тухайн ах хөдлөөгүй. Юу ч ярихгүй суугаад байсан. Тэгээд байж байхад О- орж ирээд намайг одоо унтаж амар гэхээр нь би унтаж чадахгүй, би О-ээс гар утсаа авъя гэхэд за би аваад ирье гээд алга болчихсон ба би араас нь гэр рүү ороход Б-, О-, И- түүний нөхөр нар байсан. Гэрт ороод би утас, цүнхээ авъя гэхэд Б- нь намайг дуугүй ба ядаргаатай юм гээд байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө юмыг авах гэж байна гэхэд маргааш өглөө утасныхаа мөнгийг бид хоёроос аваарай гэхэд би та хоёр яасан баян юм гэхэд Б- нь бид хоёр угаасаа баян ш дээ гэж хэлээд чам шиг бид хоёр гуйлгачин биш хэлэхээр нь би зөрүүлээд та хоёрын мөнгө надад хэрэггүй би зүгээр утсаа авмаар байна гэхэд Б- нь ямар ядаргаатай янхан бэ гэж ширээ цохиж босч ирээд намайг гэрээс чирч гаргаад гэрийн зүүн талын нэг хавтгай төмөр рүү түлхэж унагаагаад дээрээс Б- нь нэг гараараа багалзуурдаж байгаад нөгөө гараараа миний амыг тагласан. Тэр үед би нүд харанхуйлаад ухаан алдах гэж байхад цаанаас О- ирж салгасан. Тэгээд цаашаа Б- нь гэр рүүгээ ороод намайг төмрөн дээр хэвтэж байхад буцаж гарч ирээд Б- нь чамайг ганц үг дуугарвал ална шүү гээд гэрээсээ хутга барьж гарч ирсэн. Тухайн үед намайг Б- багалзуурдаж байх үед И- нь Б-ийг салгах гээд хажууд байсан. Тэгээд И-, О- хоёр нь намайг төмрөн дээрээс сугадаад босгоход Б- нь намайг өглөө гэхэд миний эзэмшил газраас зайлсан байгаарай гэж байсан. Хамгийн эхлээд гэрийн гадаа О- бид хоёрыг маргалдаж О- нь намайг үстчихээд тавихгүй байхаар нь би О-ийн гар руу хазах үед О- нь миний үснээс тавьсан. Тэр үед Б- нь гэрээс гарч ирээд миний хоёр шанааны хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон. Цохиулсны дараа миний утас руу манай найз залуу залгахад Б- нь наадах чинь хүнтэй утсаар ярих гээд байна. Утсыг нь булааж ав гээд миний утсыг авах гэхээр нь би цаашаа граш руу зугтсан. Тэгсэн араас Б- гүйж орж ирээд утсаа өг гээд байхаар нь халаасандаа утсаа гараараа дарахад Б- нь миний гарыг мушгихад би унасан ба тухайн үед хөлөөрөө миний бөгс хэсэг рүү өшиглөсөн ба миний утсыг булааж аваад гараад явсан. Дараа нь гадаа гэр байшин хоёрын хооронд байх явган хүний цементэн дээр О- нь намайг унагааж байгаад хоёр гараараа миний хацарнаас хумсалж байгаад татаад байсан. Тэр үед И- нь О-ээс намайг салгасан. Тухайн цементэн дээр уйлаад хэвтэж байхад хажуугаас Б- нь хажуугаас ирээд миний дал, бөгс, толгой хэсэг рүү нэг нэг удаа хөлөөрөө өшиглөж энэ ямар даварсан гичий вэ гээд доромжлоод байсан. Хамгийн сүүлд нь Б- нь гэрээс чирч гаргаж ирээд төмөрөн дээр намайг багалзуурдаж, ам тагласан юм. Үгүй тухайн үед О- олж өгсөн. Гар утас бүрэн бүтэн. Тухайн үед Б-өд зодуулж байхад ажлын өрөөн дотороо тухайн ах телевиз үзээд сууж байсан ба тухайн ажлын өрөөний цонхны орчим Б- нь намайг зодсон. Түүнийг тухайн ах харсан байх учиртай.Гомдол байхгүй. О-ээс хохирлын мөнгө гэж над руу 2020 оны 06 сарын 12-ны өдөр миний 5028811058 дугаарын данс руу эмчилгээний зардал болох 700 000 төгрөгийг шилжүүлсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-25 дугаар хуудас/,
Гэрч С.И-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Түүний дараа Б- гадаа гарч хэрэлд гээд Г-, О- нарыг гаргасан. Төд удалгүй О- нь Б-ийг 2-3 удаа дуудсан ба Б- бид хоёр гэрээс гараад очиход Г-, О- нар нь нэгнийгээ үстчихсэн хэвтэж байхаар нь дундуур нь орж салгасан. Тухайн үед салгах үед Г- нь Б-ийн өөдөөс үгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь Б- 1-2 удаа алгадаж байгаа харагдсан. Б- нь Г-, О- хоёрыг гарч хэрэлд гэж хэлэх үедээ гартаа хутга бариад мах идэж байсан. Г-, О- нар уйлаад нэлээн согтуу байсан. Харин Б- эрүүл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,
Гэрч О.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн орчим ажлаа тараад Б-ийн гэрт нь би хоол идээд сууж байхад гаднаас Г-, О- нар орж ирсэн. Тэгээд хоол идчихээд Г-, О- хоёртой зөрөөд гараад явчихсан. Би Хархорин сумын “Их эрээн тодон” гэх газар руу шөл авах гээд явсан. Орой 03 цагийн үед ирэхэд О-, Г- хоёр Б-ийн хашаан дотор юм яриад сууж байсан. Би ядраад Б-ийнд ороод унтсан. Маргааш өглөө босоход Г- явчихсан байсан. Өөр ямар асуудал болсныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Танина. Д.Г- надтай Улаанбаатар хотод 10 жилд нэг сургуульд хамт сурч байсан юм. Багийн найзууд байгаа юм. Төрөл садангийн холбоо байхгүй. 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчим найз Д.Г-гийн хамт Улаанбаатар хотоос Хархорин суманд ирсэн. Тэгээд Хархорин сумын Вангийн-Овоо багт байрлах манай гэрт ирсэн. Тэгээд тэнд байж байгаад орой 19 цагийн орчим би дэлгүүрээс 2 ширхэг 2 литр 500 граммын “Сэнгүр” нэртэй пиво авсан. Тэгээд тухайн пивийг найз Д.Г-, найз Ч- нарын хамт уусан. Дахиад нэмж би 1 ширхэг 2 литр 500 граммын “Сэнгүр” нэртэй пивыг авсан ба тухайн пивийг ууж байхад И- орж ирсэн. Тэгээд бид гурав юм яриад сууж байхад манай нөхөр Д.Б- рүү Д.Г- нь хэл амаар доромжлоод, гараараа чичилж яриад байхаар нь гэнэт дургүй хүрээд нөхрийгөө өмөөрч Д.Г-тай хэрэлдсэн. Тэгээд Д.Г- нь босч ирээд намайг түлхсэн ба би зөрүүлээд түлхсэн. Тэгээд нөхөр бид хоёрыг гарч хэрэлд гэхээр нь бид гэрээс гарсан. Гадаа гараад хэрэлдэхэд Д.Г- нь миний үснээс зулгаасан. Тэгэхээр нь би зөрүүлээд үснээс зулгаасан тэр үед Д.Г- нь миний хазчихаад тавихгүй байхаар нь би нөхрөө дуудахад нөхөр Б-, И- хоёр гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд намайг нөхөр аваад гэр рүү орсон. Харин Д.Г-г И- нь ирээд аваад явсан. Хэсэг байж байгаад Д.Г- нь И-той хамт орж ирээд Улаанбаатар хот руу явмаар байна гэхээр нь би зам дээрээс Д.Г-г замын унаанд суулгаж өгсөн. Тухайн үед шөнийн 03 цаг болж байсан.Намайг манай нөхөр салгасны дараа Д.Г-г Б- гараараа 2 удаа алгадсан. Тэгээд намай гэр рүү аваад орсон. Тиймээ. Манай нөхөр Б- нь Г-г гэрээс чирч гарган гэрийн гадаа Г-гийн хоолойг шахаж байхаар нь И- бид хоёр салгаж, Г-г босгосон юм.Манай нөхөр унтчихсан байсан би суулгаж өгсөн. Би үснээс нь зулгаасан. Харин нүүр рүү нь цохиогүй, хумсаараа самардсан байж магадгүй. Надаас гадна манай нөхөр Б-, найз И-, түүний нөхөр Б-, Г- нар байсан. Өөр хүн байгаагүй. Манай нөхөр Б-, И- нар эрүүл байсан. Харин Г- бид хоёр халамцуу байсан ба тасраагүй ухаантай байсан.Би үстэж байхдаа баруун зүүн хацар, хамар хэсэг рүү гарын хумсаараа самардсанаа хүлээн зөвшөөрч байна. Харин бусад гэмтлийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай нөхөр Б- тухайн гэмтлүүдийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Харин О-тэй үеэл ах нь. Б- нь манай хүргэн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 21 цагийн үед ажил тарж байсан. Б- нь хоол ид гээд гэрт дуудсан. Тэгээд хоол идэх гээд гэрт нь ороход гэрт И-, түүний нөхөр Б-, Б- нар байсан. Хоол идээд байж байхад гаднаас Г-, О- хоёр орж ирсэн. Хойд талын өрөө рүү орж амарлаа гээд гарсан. Тэгээд би өрөөндөө байж байхад гаднаас Г- нь над дээр орж ирсэн. Г- нь хот руу явмаар байна унаа олоод өгөөч, О- нь миний цүнх, утсыг өгөхгүй байна гэж байсан. Тэгэхээр нь би та нар цуг ирчихээд шөнө болсон хойно унаа тэрэг байхгүй. Та нар чинь маргааш хамт буцна гээд байсан биз дээ гээд би тоогоогүй юм. Тухайн үед Г- согтуу байсан. Мөн О- нь согтуу байсан. Тэр хоёр гаднаас орж ирэхдээ юм уучихсан байсан. Тийм зүйл мэдэгдээгүй. Тухайн үед орж ирэхдээ уйлчихсан О-т гомдсон талаар хэлж байсан удалгүй араас О- орж ирээд Г-г аваад гарсан. Тийм зодоон цохион болсоныг мэдээгүй. Б-ийг зодсон эсэхийг хараагүй. Өрөөний гадаа шуугилдаад байсан юу болсныг мэдээгүй. Үгүй. Намайг гараад явсан хойно маргалдсан юм шиг байна лээ. Унаа олоод өгөөч гэж надаас гуйж байсан. Б-өд зодуулсан гэж хэлээгүй. Би найз О-т гомдож байгаа талаараа хэлж байсан. Өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №6454 тоот
“...1. Үзүүлэгч Д.Г-гийн биед тархи доргилт, баруун зүүн хацар, хамар, хүзүүнд зулгаралт, баруун завьжинд язарсан үарх, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б- нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “___” –ийн өөрийн ажлын байранд эхнэр Г.О-тэй маргалдлаа гэх шалтгааны улмаас хохирогч Д.Г-гийн нүүр хэсэгт 2 удаа алгадаж, хүзүү хэсэгт гараараа багалзуурдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
хохирогч Д.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 21-25 дугаар хуудас/, гэрч С.И-, О.Б-, Г.О-, Ж.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 34-35, 34-35, 36-37, 29-31, 32-33 дугаар хуудсууд/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №6454 тоот “...1. Үзүүлэгч Д.Г-гийн биед тархи доргилт, баруун зүүн хацар, хамар, хүзүүнд зулгаралт, баруун завьжинд язарсан үарх, зүүн гарын чигчий хуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 39-40 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б- нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Д.Г-гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Д.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Д.Б- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч Д.Г-гийн биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүх, шүүгдэгч Д.Б-өд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т- овогтой Д-ын Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.Б-ийг 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар Д.Б- нь 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Д.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Б-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.САРАНТУЯА