Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/58

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,

Улсын яллагч: Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч: М.У-, С.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой М-ын У-, Г- овогтой С-гийн Ө- нарт холбогдох эрүүгийн 1927001410040 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Аав, ээж, ахын хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг Шунхлай ___ гудамж ___ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дугаар зүйлд зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жилийн хугацаагаар хорих ялыг хойшлуулсан, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан Б- овогтой М-ын У- /РД:___/

2. Монгол Улсын иргэн, 1997 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Аав, ээж, эгч, ахын хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг Шунхлай 16 дугаар гудамж 90 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Г- овогтой С-гийн Ө- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч М.У- С.Ө- нар нь бүлэглэж 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн ___ тоот хашааны гадна байсан иргэн Н.Ж-гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн ___ улсын дугаартай Мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У- мэдүүлэхдээ:

2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр С.Ө- бид хоёр Хужирт сумаас миний улаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоциклоор Бат-Өлзий сум явж байтал замд мотоцикль эвдэрсэн. Эвдэрсэн мотоциклоо айлын гадаа үлдээчихээд Бат-Өлзий сум руу явган алхаж байтал машинтай ах таараад Бат-Өлзий сум оруулж өгсөн. Бат-Өлзий сум орж манай эгчийнд 2-3 хоносон. Тэгээд Хужирт явах гэсэн унаа олдохгүй байхаар нь айлын хашааны гадаа байсан мотоциклийг бид хоёр хоорондоо ярилцаж байгаад С.Ө- түрж гарч ирээд би утсыг нь салгаад унаад явсан гэв.

Хохирогч М.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний алдагдсан мотоциклыг Бат-Өлзий сумын Цагдаагийн хэсгийн алба хаагч нар надад хүлээлгэн өгсөн. Миний мотоцикль цэнхэр өнгийн ___ улсын дугаартай Мустанг 5 маркийн мотоцикль байсан. Алдагдсан мотоцикль нь надад ирэхдээ бензин банкийг солиод улаан өнгөтэй болгочихсон байсан. Аккумуляторын хоёр талын тагыг солиод улаан өнгөтэй болгочихсон байна. Бөгсний гэрлийг тэр чигээр нь солиод улаан өнгөтэй болгочихсон байсан. Баруун зүүн хоёр толийг нь сольчихсон байсан. Мөн улсын дугаар нь байхгүй болсон байсан. Аккумуляторын солиод өөр аккумулятор тавьчихсан байгаа. Миний мотоцикль асахгүй байсан. Мөн одоогоороо асахгүй байгаа. Тухайн үед хулгайд алдагдахдаа 10 л бензин байсан. Мотоцикль авахад бензингүй байсан. Миний мотоциклоос мотор, араам төмөр, хянах самбар, урд, хойд дугуй нь үлдсэн байсан бусад эд ангиуд нь солигдсон байсан. Би мотоциклоо арлын дугаар, урд хойд дугуй болон хянан самбараар нь таньсан. Ерөнхийдөө миний мотоцикл их өөрчлөгдсөн байсан. Миний мотоциклыг засаж янзлахад 700 000-800 000 төгрөг орох байх. Би мотоциклоо 800 000 төгрөгөөр үнэлнэ. Би хулгайд алдсан мотоциклио буцаан авсан. Энэ хэрэгт надад ямар нэгэн гомдол санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй. Би тэр хоёр хүүхдийг дахиж тийм явдал битгий гаргаасай гэж бодож байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 51-55 дугаар хуудас/,

Гэрч Х.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Миний санаж байгаагаар 2019 оны 06 дугаар сард байх мотоцикль түрсэн 2 хүүхэд намайг малын хашаан дотор байхад ирсэн. Тэгээд мотоцикль эвдэрчихээд танай гадаа үлдээчхээд явъя гээд дээшээ буюу Бат-Өлзий сумын төв рүү явсан.Тэр 2 хүүхэд хэд хоногийн дараа 1 мотоцикль уначихсан үлдээсэн мотоциклоо авна гээд ирсэн. Тэгээд үлдээсэн мотоциклоо аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 66 дугаар хуудас/,

Гэрч Г.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 6 дугаар сард байх би гэртээ хадам ээж болох Х.Д-гийн хамт байсан. Өдөр гэртээ ээжийн хамт ямаагаа самнаж байхад гармаас мотоцикль түрсэн 2 хүүхэд ирсэн. Мотоцикль эвдэрсэн учир мотоциклоо үлдээчихье гэж хэлээд манайхаас баруун тийшээ явган алхаад яваад өгсөн. 2-3 хоногийн дараа би сумын төв явсан юм. Сумын төв яваад ирэхэд манай хадам ээж үлдсэн байсан. Хадам ээжийг байхад нөгөө 2 хүүхэд бас нэг мотоциклтой ирээд гэрийн гадаа үлдээсэн мотоциклоо аваад явсан гэж ярьж байсан. Улаан өнгийн мотоцикл байсан /Хятад/ сүүлд нь унаж ирсэн мотоциклыг бол мэдэхгүй байна. Анх ирэхдээ бол тэр 2 хүүхэд улаан өнгийн хятад мотоцикль түрээд ирсэн. Нэг залуу нь Хужирт сумын төвд яваад байдаг хүүхэд байсан. Нөгөө залууг нь сайн санахгүй байна. Нэмж хэлэхэд тэр хоёр залуу 2019 оны 06 дугаар сарын эхээр манайд ирсэн байх мөн тэр явдлаас хэд хоногийн дараа байх Бат-Өлзий сумын Цагдаагийн дарга З.Мягмарсүрэн тэр 2 залууг дагуулан ирээд манай нөхөр лүү залгаад хойд Хүрмэнд нэг мотоцикль нуусан тэрийг олох хэрэгтэй байна туслаад өг гэсэн. Тэгээд манай нөхөр Э- З.Мягмарсүрэн цагдаатай яваад нэг цэнхэр өнгийн хятад мотоцикль авчирсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

Гэрч Я.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 06 дугаар сарын эхээр тухайн хоёр хүүхэд манай гэрт ирсэн. Би он сар өдрийг сайн мэдэхгүй байна. М.У- нэг өндөр шар бандитай ирсэн. Тэр бандийг нь С.Ө- гэдэг байх. Манайд ирээд 2 хоног болсон. Эхний өдөр нь шөнө ирсэн. Дараагийн өдөр нь өглөө тэр 2 гарч яваад бас шөнө ирсэн. Тэгээд маргааш өглөө нь яваад дахиж манайд ирээгүй. Тэрнээс хойш Бат-Өлзий сумын цагдаагийн хэсгийн үүдэнд таарсан мотоциклоо хураалгачихсан гээд явж байсан. Тэрнээс хойш дахиж тааралдаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 73 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-24, 33-36 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-32 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл гэрэл зураг /хх-ийн 37-41 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч М.У- С.Ө- нар нь бүлэглэж 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн ___ тоот хашааны гадна байсан иргэн Н.Ж-гийн эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цэнхэр өнгийн ___ улсын дугаартай Мустанг 5 маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь

хохирогч Н.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 51-55 дугаар хуудас/, гэрч Я.Д-, Х.Д-, Г.Э-, нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 66, 73-75 дугаар хуудас/, мотоциклийн үнэлгээ /хх-ийн 43 дугаар хуудас/, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илрэх бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгөө захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүгдэгч М.У-, С.Ө- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд тэдгээр нь дээрх үйлдэлдээ санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрхэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нар санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Иймд шүүгдэгч М.У-, С.Ө- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч М.У-, С.Ө- нарын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ж-д 750 000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй, дээрх хохирол учирсныг шүүгдэгч нар нөхөн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан баримтаар тогтоогдсон ба хохирогч нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тэдгээрээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

Шүүх, шүүгдэгч М.У-, С.Ө- нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчимд нийцнэ.

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч М.У-, С.Ө- нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүх ял оногдуулахдаа дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан С.Ө-, М.У- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Ө-, М.У- нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэн, тэнссэн хугацаанд бүртгэж, хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч С.Ө-, М.У- нар нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлах нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч М.У- нь 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2020 оны 06 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд яллагдагчаар нийт 30 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч С.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой М-ын У-, Г- овогтой С-гийн Ө- нарыг бүлэглэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан С.Ө-, М.У- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар С.Ө-, М.У- нарыг тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авагдсан С.Ө-, М.У- нарыг тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар С.Ө-, М.У- нарыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргүүдийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч С.Ө- нь цагдан хоригдсон хоноггүй, М.У- нь энэ хэрэгтээ 30 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ө-, М.У- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                           Б.Сарантуяа