Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/59

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга:Г.Ишээ,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.Дашцэрэн, Г.Гандөш,

Шүүгдэгч: Ж.Ц-, Д.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.1, 3.2 дугаар зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой Ж-ын Ц-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү- овогтой Д-ын Д- нарт холбогдох эрүүгийн 1827000590042 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Цэнхэр сумын 4 дүгээр баг ___ гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 05 дугаар сары 07-ны өдрийн 62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 134 дүгээр зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 1, 225 дугаар зүйлийн 3-т зааснаар 100 000 төгрөгөөр торгох ялаар,

Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хөрөнгө хураахгүйгээр 01 жил 04 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Б- овогтой Ж-ын Ц- /РД:___/,

2. Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахтайгаа хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг Арцатын ___ тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай Ү- овогтой Д-ын Д- /РД:___/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.Д-, Ц.Ц- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Арцатын ___ гудамжнаас хохирогч С.Б-ын 1 тооны ямааг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Хохирогч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр би гэрээсээ гараад хүүхэд дээрээ очих гээд явсан хойгуур хашааны гадна талд байсан хөх ямаа алга болсон байсан. Ойр орчмоор хайсан боловч олоогүй. Ишиг нь ганцаараа үлдсэн. Тэгтэл ойр орчмоор нь хайхад манай хашааны ар эзэнгүй хашаан дотор алаад махыг нь тэнд нь хаяад арьсыг нь аваад явчихсан байсан. 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 16 цагаас 17 цагийн хооронд намайг байхгүй хойгуур манай ямааг алсан байна. Гомдолтой ишигтэй ямаагаа төлүүлнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Гэрч Б.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 17 цаг өнгөрч байхад манай хүү Ж.Б- хэлэхдээ хажуу талын Б- эгчийн ямааг нэг танихгүй хар хувцастай улаан царайтай хүн алаад арьсыг нь аваад явж байна гэхээр нь би тухайн хүний араас нь явахад тухайн Орхон түшээ дэлгүүрийн ойролцоо тааралдсан. Тэгээд цагдаа нар тухайн хүнийг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Б-ий мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Би Б- эгчийн 1 тооны ямаа алдагдсан талаар мэдсэн. Тухайн өдөр 17-18 цагийн хооронд гэртээ ус авахаар найз болох Мөнх-Одын хамтаар ард талын гудамжинд явж байх Б- ахынд очиж ус авчихаад эргээд гэр рүүгээ явж байтал манай найз М- хэлэхдээ хашаанд хүн ямаа алж байна гэхээр нь би найзыгаа тоглоод байгаа юм байх даа гэж бодоод хартал бид хоёрын явж байсан гудамжинд эзэнгүй хашаан дотор нэг хүн ямаа алчихсан, арьсыг нь аваад гараад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

Гэрч П.А-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Б.Д-ыг танина. Б- гуайн охин байгаа юм. Д.Д-ийн ах Ө-ыг танина. Д-ийг ч танина. Хэл муутай хүн байдаг. Тухайн үед 2018 оны 04 дүгээр сарын 08-нд Б.Д-, Д.Д- нар халамцуу намайг өөрийн хашаандаа түүхий эд авч байхад ирээд 1 ширхэг бор ямааны арьс өгч байсан. Тухайн үед хавар байсан учир ямааны арьсыг 15 000 төгрөгөөр худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд /хх-ийн 64-70 дугаар хуудас хуудас/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Өвөрхангай аймгийн засаг даргын дэргэдэх хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын тодорхойлолт  /хх-ийн 45, 138 дугаар хуудас/,

Д.Д-ийн иргэний мэдээллийн лавлагаа, зөрчилд холбогдож байсан эсэх лавлагаа, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, эмчлүүлэгчийн картын хуулбар  /хх-ийн 80-81, 176-182  дугаар хуудас/,

Ж.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Д-, Ц.Ц- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой баг, Арцатын ___ гудамжнаас хохирогч С.Б-ын 1 тооны ямааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн  болох нь

хохирогч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/, гэрч Б.Ж-, П.А-, насанд хүрээгүй гэрч Ж.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 50-51, 59, 55 дугаар хуудас/, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн дүгнэлтүүд /хх-ийн 64-70 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Д-, Ц.Ц- нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.8  дугаар зүйлийн 1-т ”Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.”гэж заасан ба 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйл нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрчлөлт орж тухай гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь хүндрүүлэн бүрэлдэхүүн болсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийн хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.1, 3.2 дугаар зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар Ж.Ц-ыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9, 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д- нарыг зүйлчлэн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.Д-, Ц.Ц- нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ын эд хөрөнгөнд нийт 55 000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч нар нөхөн төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргасан баримтаар тогтоогдсон ба хохирогч нь хохирол бүрэн нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар тайлбараа шүүхэд ирүүлсэн тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тэдгээрээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирол төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Шүүх, шүүгдэгч Д.Д-, Ц.Ц- нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг нөхөн төлж арилгасан, тэдний хувийн байдлуудыг тус тус харгалзан Д.Д-, Ц.Ц- нарт тус бүрт нь 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Д- нь 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 11 дугаар тогтоолын хавсралт Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн 1.5 дугаар зүйлийн 1.5.1-т зааснаар хөдөлмөрийн чадвараа хагас /хэсэгчлэн/ алдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж болохгүй нөхцөл байдалд хамаарахгүй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ж.Ц-д 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шүүхээс түүнийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хоригдсон нийт 47 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас нийт 376 цагийг хасч биечлэн эдлэх ялыг 184 цагаар тогтоов.

Шүүгдэгч Д.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч нарын бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой Ж-ын Ц-, Ү- овогтой Д-ын Д- нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ц-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.2 дүгээр зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 560 /таван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.4 дүгээр зүйлүүдийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 560 /таван зуун жаран/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ж.Ц-д оногдуулсан 560 /таван зуун жар/, Д.Д-ид оногдуулсан 560 /таван зуун жар/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар Ж.Ц-ын цагдан хоригдсон 47 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялаас нийт 376 цагийг хасч нийтэд тустай ажил хийлгэх эдлэх ялыг 184 цагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Д.Д- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хилийн хориг тавигдаагүй, тэдний бичгийн баримт шүүхэд ирээгүй,  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Ж.Ц-д авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчилж, түүнийг нэн даруй суллан, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Д-, Ц.Ц- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.САРАНТУЯА