| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0474/Э |
| Дугаар | 463 |
| Огноо | 2020-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 463
2020 05 15 2020/ШЦТ/463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: П.Бямбасүрэн;
шүүгдэгч: Р.Т /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Р.Т-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, эхнэр, хүүхэд, 2 ачийн хамт, урьд нь:
.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Р.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2020 оны 03 дугаар сарын 31-ний оройн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн автобусны буудлын орчим хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг суудлын тээврийн хэрэгслийн баруун урд сууж байсан Н.Алтанхуягийн хэсэгт сууна гэх шалтгааны улмаас маргаан үүсгэснээс хохирогч Н.Алтанхуягийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, нэг шүдний сулрал, хамрын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Т мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Р.Тын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3-4/, хохирогч Н.Алтанхуяг /хх-ийн 13-15, 16-18, 19-20/, гэрч Д.Эрдэнэсүрэн /хх-ийн 26-29/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4229 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/, Р.Тын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 39-40, 42-50, 52-53/, Н.Алтанхуягийн хүсэлт /хх-ийн 65, 69/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн,
бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.Т нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний оройн 16 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлхийн автобусны буудлын орчим такси үйлчилгээгээр үйлчлүүлж байсан иргэн Н.Алтанхуягтай “урд суудалд сууна” гэх шалтгааны улмаас маргалдан зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Н.Алтанхуягийн /хх-ийн 13-15, 16-18, 19-20/: “...2020 оны 03 дугаар сарын 31-ний 16 цагийн орчим Сэлхийн уулзварын автобусны буудал дээр таксинд сууж байхад үл таних хүн машины хаалга онгойлгоод шалтгаангүйгээр намайг машинаас чирч буулгаад хамар, шүд руу олон удаа цохисон. Таксины жолооч Эрка гэх эрэгтэй намайг гэрт хүргэж өгсөн. Үл таних хүнтэй ямар нэгэн байдлаар маргалдсан зүйлгүй. Миний шүд цохиулсны улмаас хөдөлж, унахад бэлэн болсон. Бас уруул шалбарч хавдсан, хамраас цус их гарсан. ...эмчилгээний зардалд 200.000 төгрөг өгсөн. ...ямар нэгэн байдлаар нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Эрдэнэсүрэнгийн /хх-ийн 26-29/: “...Бэлх, Сэлхийн уулзвар дээр 7012 УБК дугаартай “Аксент” маркийн машинтай хүн тээвэрлэх гээд зогсож байсан. Хар өнгийн хүрэмтэй, цагаан өнгийн саравчтай малгайтай согтуу хүн автобуснаас буугаад миний машины баруун урд талын суудалд суусан, зүс таних 40 орчим насны халзан духтай эрэгтэй хүн ирсэн. Тэр хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Машины баруун урд сууж байсан хүнийг “буугаач чи” гээд зандрангуй хэлсэн. ...хар өнгийн хүрэмтэй цагаан өнгийн саравчтай малгайтай хүн автобусны жолоочтой уулзчихаад эргэж машин дээр ирээд урд суусан халзан толгойтой хүнд хандаж “яасан яасан гэнээ” гээд маргалдаж хоорондоо зодолдсон. Би салгах гэсэн чинь дийлдэхгүй байсан. ...маргалдаж зодолдсон хоёр хүн хоёулаа соггуу байсан. ...хар өнгийн хүрэмтэй хүн гартаа барьж байсан утсаараа машинд сууж байсан халзан духтай хүний эрүү хэсэг рүү нь утсаараа чичих шиг болсон. ...халзан духтай хүн эсрэг талын хар өнгийн хүрэмтэй хүний шанаа хэсэг руу нь нилээн хэдэн удаа цохих шиг болсон...” гэх мэдүүлгээр,
Р.Т-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-4/: “...1000-н унаанд суух гээд очтол машины баруун урд талын хаалгыг таттал өөр хүн сууж байсан учир таксины жолоочид “сууж байгаа хүнээ буулгаад ахыгаа хүргээд өгөөч” гэж хэлсэн. ...Би машины баруун урд сууж байсан үл таних эрэгтэй хүнд “би эхлээд хүргүүлчихье, та дараа нь хүргүүлчих” гэж хэлсний дараа маргаан болсон. ...Таксинд суух гээд хоорондоо үл ойлголцсоны улмаас маргаан болж зодолдсон. ...Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...Хохирогч Н.Алтанхуягаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлгээр,
Н.Алтанхуягийн биед “уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх, нэг шүдний сулрал, хамрын цус хуралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 4229 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Р.Тын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Н.Алтанхуягийн “...хохирлыг бүрэн барагдуулсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт хавтаст хэргийн 69 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Р.Тыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх
хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Тыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Р.Т торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Р.Т нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ