Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 484

 

 

    2020         05          20                                    2020/ШЦТ/484 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Ш.Хосбаяр;

хохирогч: М.Түвшинтөр /өөрийгөө өмгөөлж/;

шүүгдэгч: Л.Э, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-т холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

         Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Улсын Их хурлын Тамгын газарт эдийн засагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт   урьд ял шийтгэлгүй, Л.Э

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Л.Э нь 2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Сентоза” бааранд иргэн М.Түвшинтөрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “шинэ жилийн үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан” гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, дээд уруул, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, үүдэн 1 дүгээр шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ: Миний бие хохирогчтой маргалдаж байгаагүй. Бид хоёр нэгнийгээ “цаашид хэрхэн амжилтанд хүрэх үү” гэж дэмждэг байсан. М.Түвшинтөр 1 жил орчмын өмнөөс манайд ажиллаж байгаа. Бид хоёрын дунд анх удаа маргаан гарсан. Ийм явдал болсонд харамсаж байна. 2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө үл ойлголцол гарч муудалцсан. Гэхдээ хэн хэнийгээ ноцтой гэмтээсэн зүйл байхгүй. Тэнд байсан дөрвөн гэрч бид хоёрыг зодолдож цохилцсон гэдгийг үгүйсгэж байгаа. М.Түвшинтөр түрүүлж босож ирээд пиджакаа тайлаад намайг заамдаж авсан. Тэгээд хоёулаа харилцан заамдалцаж газар унаад дээр доороо орж ноцолдсон. Удалгүй манай ажлынхан ирээд салгасан. Хэдхэн секунтэд болсон процесс байгаа. Эмчилгээнд орох шаардлагатай гэж 2.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Тэгээд “гомдолгүй” гэсэн бичиг хийж өгнө гэсэн. Би ч бас “гомдолгүй гэх бичиг хийгээд өгөөч” гэж гуйсан. Би 0-6 насны дөрвөн нялх хүүхэдтэй. Манай ажлынхан миний ар гэрийн байдлыг мэднэ. Манай ажлын хүмүүс М.Түвшинтөртэй уулзаж гуйсан. Харамсалтай нь М.Түвшинтөр “бүх юмаа авна” гэсэн. Би хүнээс мөнгө зээлж 2.500.000 төгрөгийг төлж барагдуулсан. Дараа нь хэргийн материалтай танилцахад эргэлзээтэй зүйлүүд олон байсан. Энэ хэрэгт холбоотой дахин нягтлах зүйл байгаа учраас өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Түвшинтөр мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улсын Их  Хурал дахь Монгол Ардын намын ажлын албаны шинэ жилийн арга хэмжээ болсон. Тус арга хэмжээг манай эдийн засгийн хэсэг зохион байгуулсан. Шинэ жилийн арга хэмжээ болж өндөрлөөд “Сентоза” караокед үргэлжлүүлсэн. Л.Э нь “караокед гарах бүх зардлыг өөрөө гарга” гэж дайрч давшилсан. Би “тийм боломж байхгүй, бүгдээрээ уусан идсэн зүйлийнхээ төлбөрийг тус тусдаа хариуцна” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр маргалдаад миний хамар руу 2-3 удаа цохисон. Хамрын салст мурийсан. Үүдэн шүдний баруун талын үзүүр нь эмтэрсэн. Жижиг хугарал учраас ломбо тогтохгүй, имплант шүдний эмнэлэгт хиймэл шүд хийлгэх бодолтой байна. Ажлынхаа хүнийг бодоод 2.500.000 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэв.  

 

  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.Түвшинтөр /хх-ийн 4-5, 64/, гэрч Б.Жамбал-Очир /хх-ийн 9/, гэрч А.Цэдэнсодном /хх-ийн 10/, гэрч Б.Нандин-Эрдэнэ /хх-ийн 38/, гэрч Б.Цэцэгдэлгэр /хх-ийн 65/, гэрч Ц.Энхжаргал /хх-ийн 66/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 277 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/, мөн хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 274 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-59/, М.Түвшинтөрийн хамраа үзүүлсэн баримт /хх-ийн 14/, хохиролтой холбоотой баримт /хх-ийн 37/, Л.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 24-25/, Л.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-32/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Л.Э нь 2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Сентоза” бааранд иргэн М.Түвшинтөртэй “шинэ жилийн үйл ажиллагааг хангалтгүй зохион байгуулсан” гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч М.Түвшинтөрийн /хх-ийн хх-ийн 4-5, 64/: “...2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө “Сентоза” бааранд ажлын газрын хүмүүстэйгээ орж үйлчлүүлсэн. Караокед ороод үйлчлүүлж байхад манай ажлын газрын Л.Э юм ярьж байгаад үл ойлголцол гараад маргаж эхэлсэн. ...Л.Э караокены өрөөнд миний нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унасан. Миний хамарнаас цус гарсан.  ...Тухайн үед би өөр ямар нэгэн хүнтэй маргалдаагүй. Тэгээд би өргөдөл гаргасан. ...Л.Э хохирлын 2.500.000 төгрөг төлж барагдуулсан тул ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

         гэрч Б.Жамбал-Очирын / хх-ийн 9/: “... “Сентоза” караокед орж үйлчлүүлсэн. Караокены өрөөнд М.Түвшинтөр, Л.Э нар зэрэгцээд суучихсан юм яриад сууж байсан. Тэгээд нэг мэдсэн чинь хоёулаа газар унасан дээр, доор орчихсон ноцолдож байхаар нь салгасан. Тэр үед М.Түвшинтөрийн хамарнаас цус гарчихсан байсан. А.Цэдэнсодном бид хоёр салгасан. Тухайн үед хэдэн удаа цохисон болохыг мэдэхгүй. ...Л.Э, М.Түвшинтөр 2 шинэ жилийн арга хэмжээ, төлбөрийн талаар ярьж байгаад маргалдсан гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Цэдэнсодномын /хх-ийн 10/: “...манай ажлын газрынхан шинэ жил тэмдэглээд зарим нэг  нь үргэлжлүүлээд “Сентоза” караокед орж үйлчлүүлсэн. ...би нилээн согтоод унтаж байгаад босоод иртэл Л.Э, М.Түвшинтөр 2 газар уначихсан байсан. М.Түвшинтөр  нь явган суучихсан, Л.Э тохойгоороо газар уначихсан байсан. Би яг тодорхой санахгүй байна. Тэгээд тэр хоёрыг салгаад гарцгаасан. М.Түвшинтөрийн хамар хэсгээс цус гарсан байсан. ...Сүүлд сонсоход шинэ жил зохион байгуулсан ажлаасаа болж маргалдсан юм шиг байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ц.Энхжаргалын /хх-ийн 66/: “...2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө манай байгууллагын шинэ жил болсон. Шинэ жилийн арга хэмжээнээс гараад Л.Э, М.Түвшинтөр, Б.Жамбал-Очир, Б.Цэдэнсодном, Б.Цэцэгдэлгэр нарын хамт “Сентоза” бааранд орж үйлчлүүлсэн. Тухайн үед би согтуу байсан учир болсон үйл явдлыг санахгүй байна. Манай ажлын газрын Б.Цэцэгдэлгэр намайг гэрт хүргэж өгсөн. ...Миний сонссоноор караокенаас гарах үед маргалдсан юм шиг байсан...” гэх мэдүүлгээр,

 

Л.Эын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 24-25/: “...2019 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө М.Түвшинтөрд “шинэ жил зохион байгуулахдаа намайг 300.000 төгрөгийн өрөнд оруулчихлаа” гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. ...Маргаан “Сентоза” караокены өрөөнд болсон. М.Түвшинтөр пиджакаа тайлж босч ирээд барьцалдаж авсан. Би зөрүүлээд заамдалцсан. Бид 2 ноцолдоод газар унасан. Бие биенийхээ дээр гарах гээд ноцолдсон. Караокед байсан Ц.Энхжаргал, Б.Цэцэгдэлгэр, Б.Жамбал-Очир, А.Цэдэнсодном нар салгасан. ...Тухайн үед хамарнаас цус гарсан байсан учир би өөрийгөө нэг удаа цохисон байж магадгүй гэж бодсон. Одоо бодоход нудралдсанаас болж цус гарсан гэж бодож байна...” гэх мэдүүлгээр,

 

М.Түвшинтөрийн биед “зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, дээд уруул, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, үүдэн 1 шүдний эмтрэл” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 277 шинжээчийн дугаартай дүгнэлтээр /хх-ийн 12-13/,

 

мөн хүрээлэнгийн М.Түвшинтөрийн биед “зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хамар, дээд уруул, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, үүдэн дээд 1 шүдний эмтрэл” гэмтэл учирсан. “Зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, цээжний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, үүдэн дээд 1 шүдний эмтрэл” гэмтэл нь бүрдлээрээ болон дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарахыг тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 274 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт /хх-ийн 57-59/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хоорондын хэрүүл маргааны улмаас зодоон болсон, маргаж, зодолдсон хүмүүс барьцалдаж газар унасан дээр, доор орчихсон ноцолдож байсныг гэрч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хэрэг гарах болсон шалтгааныг бодитой тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол тодорхой биш, хэргийн газарт үзлэг хийгээгүй, унах үед эд зүйлд цохигдох боломжтой эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах ёстой” зэрэг санал, гомдлыг гаргав. Шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар няцаалт өгсөн болно.

 

Тухайн үед өөр хоорондын таарамжгүй харьцааны улмаас өөрийг нь Л.Э зодсоныг хохирогч М.Түвшинтөр удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортойгоор шууд зааж мэдүүлсэн, караокений өрөөнд  тэдний тэмцэлдээнийг салгасан, тухайн үед М.Түвшинтөрийн хамар гэмтсэн байсныг, Л.Э, М.Түвшинтөр нараас өөр хүмүүс маргаж зодолдоогүй талаар хэргийн гэрч нар мэдүүлцгээсэн байна.

Л.Эын “М.Түвшинтөр газар унахдаа өөрөө гэмтсэн байх” гэсэн тайлбар бодитой бус бөгөөд хохирогч, хэргийн бусад гэрч нарын мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхээр ач холбогдолтой байж чадахааргүй байна.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн “…мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” гэсэн санал, гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Л.Эын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч М.Түвшинтөр нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул  шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 800 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч М.Түвшинтөрийн гэмтлийн талаарх зураг бүхий 1 ширхэг CD-г хавсаргаж ирүүлсэн болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Л.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч М.Түвшинтөрийн гэмтлийн талаарх зураг бүхий 1 ширхэг CD-г хавсаргаж ирүүлснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                                                               

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ