Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 490

 

 

  2020         05         21                                    2020/ШЦТ/490

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

иргэдийн төлөөлөгч: Л.Ичинноров;

шүүгдэгч: Б.Ц, түүний өмгөөлөгч А.Мөнхсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д  заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1962 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, одоо ам бүл 2, хамтран амьдрагч Ц.Эрдэнэбаярын хамт урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Б.Ц

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Ц нь согтуурсан үедээ 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 813 дугаар байрны 6 тоотод хамтран амьдрагч Ц.Эрдэнэбаярыг бусадтай хардсаны улмаас зүүн талын хавирганд нь хутгалж буюу зэвсэг хэрэглэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ц.Эрдэнэбаярыг бусадтай хардсаны улмаас хутгалсан нь үнэн. Их харамсаж байна. Хөнгөн ял шийтгэнэ үү” гэв.

 

           Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 97-103/, Ц.Эрдэнэбарын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 017696 тоот өвчний түүх /хх-ийн 26-40/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 104/, хохирогч Ц.Эрдэнэбаярын мэдүүлэг /хх-ийн 13-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 308 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 6645 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 5894 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 54-58/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 5890 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-63/, Б.Ц-ын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 5-6, 117-119/, Б.Ц-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 68-69, 72, 74-80/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

 

Шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 813 дугаар байрны 6 тоот гэртээ өөрийн хамтран амьдрагч Ц.Эрдэнэбаярыг эр, эмийн хардалтын улмаас хутгалж түүний эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ц.Эрдэнэбаярын /хх-ийн 13-17/: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Гандан хийдийн орчим хамтран амьдрагч Б.Цын хамтаар үл таних хүмүүстэй архи уусан. Тэндээсээ 17 цагийн үед Б.Цын хамт яваад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 813 дугаар байрны 6 тоот гэртээ ирцгээсэн. Гэрт байж байтал миний гар утас дуугарсан. Гар утсаа автал зүс таних Мөөгий гэх нэртэй хүүхэн надтай яриад “хаана байгаа” талаар ярьсан юм. Тухайн үед “гэртээ байна” гэж хэлээд хамтран амьдрагч Б.Цын хажууд ярьж байсан юм. Утсаа тасдаад байж байтал Б.Ц нь шууд уурлаж “чи муу тэр Мөөгий гэх хүүхэн дээрээ оч за юу” гэх мэтээр уурлаад над руу үг хаяад байснаа Б.Ц нь гартаа цагаан өнгийн иштэй хутга барьчихсан шууд миний зүүн талын хавирга, хажуу тал руу нэг удаа хутгалсан чинь хүйтэн мэдрэмж мэдрэгдээд цус гараад толгой эргэж газарт унасан...Надад санал гомдол байхгүй...” гэх мэдүүлгээр,

Ц.Эрдэнэбаярын биед “цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийд 2000 мл цус, 400 мл цусан бүлэн авсаны мэс заслын дараах байдал” бүхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар хүнд зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 308 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 43-45/,

 

Б.Цын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-6/: “...Тухайн үед би халамцуу согтолттой байсан. Хамтран амьдрагч Ц.Эрдэнэбаяраас “чи өчигдөр хаана хоносон” талаар асуутал Ц.Эрдэнэбаяр нь “хорооллын тэнд орцонд хоносон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгэхгүй “чи надад яагаад худлаа яриад байгаа юм бэ? Модны хоёрт Гантигшарын 12 давхарт хоносон биз дээ” гэж Ц.Эрдэнэбаярт хэлэхэд Ц.Эрдэнэбаяр нь “үгүй ээ би очоогүй” гэж хэлээд надтай маргалдаж эхэлсэн. Тэгэхээр нь би уурандаа төмс арилгаж байсан цагаан өнгийн иштэй, маслоны хутгаар нуруу нь тус газарт нэг удаа хутгалчихсан. Нуруунаас нь их цус гарч байхаар нь цус хараад айгаад гэрээсээ гарч гүйгээд орцонд зогсож байсан эмэгтэй хүний гар утсаар цагдаагийн газар, эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 97-104/, Ц.Эрдэнэбарын Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 017696 тоот өвчний түүх /хх-ийн 26-40/ зэрэг хэрэг бүтгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

  

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг цээжний зүүн тал газар нь хутгалсныг шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч нь бусдад хутгалуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

             

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар эр, эмийн хардалтын улмаас хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүнийг хутгалж, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хүнд гэмтээсэн Б.Цын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д заасан “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ц.Эрдэнэбаярын “...санал гомдол байхгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д заасан төрөл, хэмжээний дотор хорих ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид дээрх байдлаар хорих ял оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтэл цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан  хорих ялыг хөнгөрүүлж оногдуулав.

 

Мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 11,5 см, цагаан өнгийн хуванцар иштэй 21,5 см хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.4-д зааснаар шүүгдэгч Б.Ц-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цад оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Ц нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 11,5 см, цагаан өнгийн хуванцар иштэй 21,5 см хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХ-ЭРДЭНЭ 

                                                      ШҮҮГЧИД                                        С.ОЮУНЧИМЭГ                                                                                                                                                     Х.ИДЭР