Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2020/ШЦТ/60

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж

Нарийн бичгийн дарга: Г.Ишээ,  

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: С.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогтой С-ын Ч-т холбогдох эрүүгийн 2027000000046 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багт оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогтой С-ын Ч- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч С.Ч- нь 2020 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.33 шоо метр мод бэлтгэсэн гэх гэмт хэрэгт холбогджээ 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ч- мэдүүлэхдээ:

Би Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “___” гэх газраас гэрийнхээ ханыг солих гэж байгаад зөвшөөрөлгүй мод хийсэн. Дахиж хууль бусаар мод бэлтгэхгүй. Гэм буруугаа ойлгосон гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"...Би одоо Бат-Өлзий сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Энэ ажлыг хийгээд 18 жил болж байна. Би С.Ч-ыг танина. Манай сумын иргэн байгаа юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. С.Ч- гэх хүн надаас 2020 онд хэрэглээний мод бэлтгэх ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Тухайн хүний үйлдэл гэмт хэрэг болох нь тогтоогдвол С.Ч- нь байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн барагдуулах ёстой. Тус газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт орохгүй. Орчны бүсэд хамаардаг газар юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Гэрч Б.Л-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"... Манай нөхөр Ч- намайг хэд хоног малдаа яваад ирсэн чинь манай нөхөр би -д явж ханын мод хийсэн гэж ярьж байсан. Манай нөхөр өөрийн эзэмшлийн ногоон өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклиор явж бэлтгэсэн гэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

Гэрч Д.Л-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

"... Манай найз Ч- мал маллаж амьдардаг. Манай найз Ч- төвшин, найз нөхдийн дунд нэр хүн сайтай, ажилч хичээнгүй хүн байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг сум дундын ойн ангийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай

“...Өвөрхангай аймгийн Ойн сан нь 1-р мужид хамрагддаг. Энэ мод нь нойтон шинэс модны төрөлд багтах бөгөөд нэг шоо метр модны суурь үнэлгээ нь 570216 төгрөг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад заасны дагуу зүсмэл материалын модны ашиглалтын гарцыг итгэлцүүр 2.9-өөр тооцдог. Шинэс модны хохиролын үнэлгээ 0.33 шоо метр х 570216 = 188171 х 2.9 = 545 696 төгрөг. 1.Нойтон шинэс модыг цуулж гэрийн хана хийдэг. 2.Тус мод нь нойтон шинэс модны төрөлд орно. Экологи эдийн засгийн нийт үнэлгээ 545 696 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл битүүмжлэх тогтоол, эд хөрөнг битүүмжилсэн тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11-17, 18-22 дугаар хуудас/,

Модонд үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл,  модны үнэлгээ /хх-ийн 9-10, 52 хуудас/,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Засаг даргын тамгын газрын иргэний нэхэмжлэгч тогтоолгох тухай албан бичиг, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, С.Ч-ын иргэний үнэмлэхийн хуулбар, малын А дансны хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56, 57, 58-59, 61-63 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хх-ийн ... хуудас/ зэрэг болно.  

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч С.Ч- нь 2020 оны 02 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 5 дугаар баг “___” гэх газрын ойд зөвшөөрөлгүйгээр 0.33 шоо метр шинэс мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь

Иргэний нэхэмжлэгч Н.П-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, Экологи эдийн засгийн үнэлгээ, Ойн нөхөн төлбөр ногдуулах тухай улсын байцаагчийн акт /хх-ийн 44, 46 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Ч-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч С.Ч-ын зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, өөрийн гэрлүү тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

Иймд шүүгдэгч С.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 545 696 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирлыг 545 696 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 1 637 080 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь хохирлын зарим болох 800 000 төгрөгийг төлсөн байх тул үлдэх 837 080 төгрөгийг С.Ч-аас гаргуулж Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч С.Ч- нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-5 маркийн мотоциклийг ашигласан байна.

Иймд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул дээрх тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй. Мөн хууль бусаар бэлтгэсэн 275 000 төгрөгийн үнэлгээ бүхий 0.33 шоо метрийн шинэс мод нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл тул улсын орлого болгох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Ч-ын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч С.Ч-ын ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500 00 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сүх 1 ширхэг, цүдгэр хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц  устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газарт шилжүүлж, С.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б- овогтой С-ын Ч-ыг зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т зааснаар С.Ч-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар С.Ч- нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянаг/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.Ч-ын эзэмшлийн 400 000 төгрөгийн үнэлгээ бүхий “Мустанг-5” маркийн мотоцикль, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хууль бусаар бэлтгэсэн 275 000 төгрөгийн үнэлгээ бүхий 0.33 шоо метрийн шинэс модыг улсын орлогод оруулж, сүх 1 ширхэг, цүдгэр хөрөө 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар С.Ч-аас ойн санд учруулсан хохиролд 837 088 төгрөг гаргуулан Бат-Өлзий сумын Байгаль орчин уур амьсгалын санд олгосугай.

6. С.Ч- нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Ч-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА