| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 132/2017/0155/Э |
| Дугаар | 01 |
| Огноо | 2018-01-16 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 01
Н.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 132/2017/0155/Э
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Сувдаа
Шүүгдэгч Н.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар цагаатгах тогтоолтой Н.С-д холбогдох, 201706000079 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Гэрэлбаатарын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ..., Д овогт Н-ын С.
Шүүгдэгч Н.С нь 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Дашинчилэн сумын 4 дүгээр багийн нутаг “Баруун гүдэн" гэх газарт ... улсын дугаартай, “Пирус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 б-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Б.Д-д жолоогоо шилжүүлсний улмаас Б.Д нь зам тээврийн ослын улмаас амь хохирч, хүнийг болгоомжгүй алах гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар цагаатгах тогтоолоор:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас Н.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Дондог овогт Н-тын С-ыг цагаатгаж,
Энэ хэрэгт шүүгдэгч Н.С нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж,
Цагаатгах тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Гэрэлбаатар эсэргүүцэлдээ:
“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасныг баримтлан Аймгийн прокурорын газраас Н.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар. зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Д овогт Н-ын С-ыг цагаатгасугай" гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
1.... Анхан шатны шүүх шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д " Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ" гэсний дагуу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т гэм буруутайд тооцолгүй, хэргийг бүхэлд нь цагаатгах тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана" гэснийг ноцтой зөрчсөн гэж үзнэ...
2...Түүнчлэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 222 дугаар зуйлд заасан бусдад жолоогоо шилжүүлэх гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй болсноор шүүгдэгч Н.С-ын дээрхи үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй байна" гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ...
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 222 дугаар зүйлд заасан бусдад жолоогоо шилжүүлэх гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт оруулахгүйгээр мөн хуулийн тусгай ангийн аравдугаар бүлэг "Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг"-ийн 10.6 дугаар зүйл "Хууль, туүнд нийцуүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон" гэсэн зүйл ангид хамааруулж зүйлчлэн тогтоож өгсөн байна. Замын хөдөлгөөний дүрэм нь Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх гухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэг "хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэж үзэхээр байна...
3 ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүх гэм буруугийн талаар маргасан шүүдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлэзлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна" гэж заасан байхад цагаатгах шийдвэр гаргаж шүүгдэгч Н.С-ыг гэм буруугүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ.
Иймд ... 158 дугаартай цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулийг буруу хэрэглэсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар ... эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох саналтай байна... ” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл
анхан шатны шүүх Н.С-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4-т заасан “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана” гэснийг зөрчжээ.
Учир нь: Анхан шатны шүүх “... уг хэрэг үйл бармт 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр болсон, тухайн үед үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн Тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн 222 дугаар зүйлд заасан “Бусдад жолоогоо шилжүүлэх“ гэмт хэргийн шинж, энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулж байна... ” гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл Н.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасан гэмт хэрэг гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Н.С-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцолгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ.
Түүнчлэн шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй тохиолдолд шүүх цагаатгах тогтоол гаргах байтал шүүх түүний үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлгүй байна.
Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг явуулахдаа Н.С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан атлаа шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчсөн байна.
Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг буюу 27 дугаар бүлэг тусгагдаагүйгээс гадна
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас хүндэрсэн байх тул Н.С-ын эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй юм.
Иймд прокурорын эсэргүүцэлд дурьдсан зарим хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 158 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаасугай.
2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авсугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ё.БЯМБАЦЭРЭН
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ