Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 558

 

Э.Батболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01622 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Батболдын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.Наранчимэгт холбогдох

 

Хууль бус эзэмшлээс хашаа,байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч Э.Батболд, түүний өмгөөлөгч Б.Ганбат нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Э.Батболд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Ганбат

Хариуцагч: Ш.Наранчимэг

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.Тодгэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Батболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 89 гудамж, 11б тоот хашаа байшинг очиж үзэж Л.Алтангадас гэх хүнтэй ярилцаж тохиролцож, зээлийн гэрээ байгуулан 6 000 000 төгрөг өгсөн. Ингээд 2016 оны 07 сарын эхээр энэ хашаа байшингаа зарна гэхээр нь ярилцаж тохиролцоод Алтангадасын 5006615989 тоот Хаан банкны дансанд үлдэгдэл мөнгийг шилжүүлж худалдах худалдан авах гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраар орж өмчлөлдөө шилжүүлж авсан. Ш.Наранчимэг гэдэг хүн энэ хашаа байшин миний өмч гэж  маргаан гаргаж  суллуулах тухай нэхэмжлэл гаргасан. Тухайн үед лавлагаа гаргуулахад Л.Алтангадасын өмчлөлд байсан. Иймд миний үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч Ш.Наранчимэгээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх Л.Алтангадас гэх хүнээр харилцан тохирч Капитрон банкнаас 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зээлээ чөлөөлүүлсэн. Тухайн үед бид зээлийн гэрээ байгуулахаар тохирсон ч Л.Алтангадас нь зээл чөлөөлөх мөнгийг чинь хийчихээд гэрээ байгуулъя гэхээр нь банкинд мөнгө хийсэн. Улсын бүртгэлээс лавлагаа авахад манай хашаа байшинг “Хас” банкинд 16 000 000 төгрөгийн барьцаанд тавиад зээл авчихсан байсан. Хэдэн сарын дараа дахин үл хөдлөхөөс шалгуулахад Л.Алтангадас нь Хас банкнаас манай хашаа байшинг аваад С.Цэцэгмандал гэх хүнд 16 000 000 төгрөгөөр зараад нэр шилжүүлсэн байсан. С.Цэцэгмандалтай уулзахад би очиж ч үзээгүй надад хашаа байшингийн хэрэг байхгү, Л.Алтангадас надад 50 000 000 төгрөгийн зээл авч өгнө гээд түр шилжүүлсэн юм гэж хэлсэн. Удалгүй Цэцэгмандалийн нэр дээрх хашаа байшингийн өмчлөх эрхийг  Л.Алтангадас нь  буцаагаад өөр дээрээ шилжүүлээд авсан байсан. Л.Алтангадас над руу яриад би таны хашаа байшинг буцаагаад өөр дээрээ авчихсан. Одоо банкинд үзүүлээд зээл аваад та тэндээ мөнгөө төлөөд юмаа салгаад ав гэсэн. Нөхөр банкинд очоод энэ чинь манай гэр орон гэсэн тул банк зээл өгөөгүй.  Л.Алтангадас гурвалжингийн гүүрний баруун гар талд байх авто ломбардад дагуулж очоод тэнд 6 хувиар зээлийн барьцаанд тавьчихсан байгаа. Хугацаа нь өнгөрөөд 2 сар болсон. Одоо энд төлөөд ав гэхэд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 7 000 000 төгрөгөө төлөөд нэр шилжүүлэн ав гэж бичиг хийж өгсөн. Тэр ломбардны эзэн Э.Батболд юм. Тухайн үед хашаа байшин Алтангадасын нэр дээр байсан. Ломбардны эзэн буюу нэхэмжлэгч нь Алтангадаст би энэ хүнтэй чинь ярихгүй ээ, өөрсдөө учраа ол гэсэн ба мөн 6 000 0000 төгрөгөө хүүгийн  хамт 7 000 000 болгоод данс руу хийвэл хашаа байшингаа өөрийн нэр дээр болгоод ав гэж байсан. Тэгээд би  Л.Алтангадастай уулзаад 7 000 000  төгрөг аваад ир гэхэд н.Алтангадас одоо тийм юм байхгүй тэднийх 7 000 000 төгрөгөөрөө хураагаад нэр дээрээ  шилжүүлчихсэн гэсэн. Э.Батболд нь тухайн үед 1 гэрээ өгсөн гэтэл тэр нь автомашин барьцаалах гэрээ байсан. Э.Батболд, Л.Алтангадас нарыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргасан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугар зүйлийн 106.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг удирдлага болгон Э.Батболдын нэхэмжлэлтэй Ш.Наранчимэгт холбогдох хашаа байшин чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2  дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Батболд, түүний өмгөөлөгч Б.Ганбат нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Ш.Наранчимэг, Л.Алтангадас, Э.Батболд, С.Цэцэгмандал нар нь бүгд худалдах, худалдан авах гэрээний харилцаанд ороогүй гэж үзэх ямар ч үндэслэл байхгуй, хэрэгт дээрх хүмүүсийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр нотлох баримтын шаардлага хангагдан авагдсан.

 Сонгинохайрхан дүүрэг, 1 хороо, Толгойтын 89 дүгээр гудамжны 11Б тоот 75 м.кв талбай бүхий хувийн сууцны анхны өмчлөгч нь иргэн Б.Батмөнх, түүний эхнэр нь Ш.Наранчимэг юм. Иймээс иргэн Б.Батмөнх нь эхнэр Ш.Наранчимэгт хувийн сууцаа, газрын хамт худалдах эрхийг хууль ёсны дагуу олгож, Ш.Наранчимэг нь Л.Алтангадаст худалдсан байна. Улмаар иргэн Л.Алтангадас нь иргэн Э.Батболдоос 6 000 000 төгрөгийн зээл авч, барьцаанд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан тухай бичгийн баримт хэрэгт авагдсан бөгөөд иргэн Л.Алтангадас нь зээлээ гэрээний дагуу хугацаандаа төлөөгүй тул Э.Батболдтой сайн дураар тохиролцсоны дагуу зээлийн өр төлбөрт дээрх үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч шилжүүлжээ. Э.Батболд хууль ёсны өмчлөгч юм. Л.Алтангадас болон Э.Батболд нарын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ нь нотариатаар орж баталгаажуулагдсан, талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн бөгөөд зээлийн гэрээг халхавчлах ямар ч шаардлага байхгүй. Л.Алтангадас, Э.Батболд нарын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгч нь Б.Батмөнх. Гуравдагч этгээдийн зүгээс эрх нь хөндөгдсөн асуудлаар ямар нэгэн шаардлага шүүхэд гараагүй. Л.Алтангадас хуулийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан  гэрээг байгуулсан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Өмчлөлийн байрнаасаа албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай байхад улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөх ёстой байхад шүүхээс шаардаж илүү хураамж тушаалгасныг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Батболд нь хариуцагч Ш.Наранчимэгт холбогдуулан хууль бус эзэмшлээс Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 89 гудамж, 11б тоот хашаа байшинг чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “...Л.Алтангадастай хашаа байшин худалдах худалдан авах хэлцэл хийгээгүй, харин зээлийн гэрээ байгуулсан. Маргааны бүхий хашаа, байшин, газар нь миний гэр бүлийн дундын өмч” гэж маргажээ.

Хариуцагч Ш.Наранчимэг нь өөрийн тайлбар, татгалзалыг нотлохоор зээл авч байсан талаарх баримт, худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хуулбар үнэн тэмдэгээр баталгаажуулан шүүхэд ирүүлжээ. /х.х-ийн 52-78/

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...” гэсэн шаардлагыг хангаагүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох чадвараа алдсан бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Гэтэл уг баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон байна.

 

Хэргийн 33 дугаар талд авагдсан нотлох баримт болох Үржин мандах финанс ХХК, Л.Алтангадас нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, иргэний тодорхойлолт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байхад уг нотлох баримтыг дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ. Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг зөрчижээ.

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн татгалзал, зохигчийн төлөөлөгчийн тайлбарын агуулгыг заах байтал хариуцагчийн тайлбар, түүний өмгөөлөгчийн тайлбарыг тус тусад нь бичихдээ агуулгыг гаргаагүй, үйл баримтуудыг давхардуулан бичсэнээс гадна нэхэмжлэгчийн тайлбарыг 1 удаа тодорхойлсон атлаа хариуцагч талын тайлбарыг 3 удаа бичсэн нь тэгш эрхийн зарчимд нийцэхгүй, шүүхийн шийдвэрийн бүтцэд тавигдах шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

            Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангав.

 

Мөн өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нэхэмжлэл нь үнэлж болохгүй нэхэмжлэл буюу улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлөх байтал 174 950 төгрөг төлүүлсэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т нийцээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/01622 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

             2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Батболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                                                ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                                                                     Ш.ОЮУНХАНД