Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2022/0004

 

 

 

 

 

 

 

 

“И-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Е

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “И а” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалын “Б к” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Б к” ХХК-д олгосон 0170933 дугаар гэрчилгээний А талбай буюу нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Е, түүний өмгөөлөгч Б.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0064/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “И-А” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт тус тус холбогдуулан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “И а” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалын “Б к” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Б к” ХХК-д олгосон 0170933 дугаар гэрчилгээний А талбай буюу нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрээр: 

“...Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “И-А” ХХК-иас гаргасан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “И а” ХХК-д холбогдох хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалын “Б к” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсэг болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Б к” ХХК-д олгосон 0170933 дугаар гэрчилгээний А талбай буюу нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Е дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.Шүүхээс “...нэхэмжлэгчийг 2008 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 216 дугаар тушаалаар анх газар ашиглах эрхтэй болж “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг” 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 16-ыг хүртэл 5 жилийн хугацаагаар байгуулсан боловч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаал гарах хүртэл тухайн газраа зориулалтын дагуу ашигласан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна” гэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

3.1.1.Учир нь нэхэмжлэгчээс Газар ашиглах гэрээний хугацааг сунгуулахаар 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр, мөн оны 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Газар ашиглах гэрээний хугацааг сунгуулахаар 2 удаа Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт гаргасан бөгөөд 2008 оны Газар ашиглах гэрээг дүгнэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 128 дугаар албан бичгээр цаашид гэрээний хугацааг сунгахад татгалзах зүйлгүй гэсэн саналыг хавсарган өгсөн болно. Хариуцагчийн зүгээс дээрх хүсэлтийн дагуу газар ашиглах гэрээг сунгах хүсэлтийг шийдвэрлэлгүй хүлээлгэж байсан атлаа 2015 онд газар ашиглах эрхийг цуцалсан нь Газрын тухай хуулийн зөрчсөн шийдвэр болсон билээ.

3.1.2.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс үл хамаарах шалтгааныг ойлгоно гэж тайлбарласан.

3.1.3.Мөн дээрх хуулийн зохицуулалтад “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчтэй газар ашиглах гэрээ байгуулагдсан байсан мэтээр хугацаа нь дууссан 2008 оны гэрээг үндэслэж, хуулийг Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн зөрчил болсон гэж үзэж байна.

3.2.Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж дүгнэхдээ мөн л 2013 онд хугацаа нь дууссан 5 га газар ашиглах гэрээг үндэслэн тооцоо хийсэн хуульд нийцээгүй бөгөөд газрын төлбөрийн хэмжээ болон төлөх хугацааг талууд гэрээгээр тохиролцон тогтоох ёстой, харин нэхэмжлэгчээс өмнөх гэрээний хугацаанд газрын төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээний хугацаа сунгагдсаны дараа гэрээнд заасан хэмжээ, хугацаагаар төлөх үүрэгтэй байсан, гэтэл өмнөх ашиглаж байсан 5 га газраас 1 га газрыг буцаан өгч солбилцолд өөрчлөлт орсон учир газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орохоор байсан тул гэрээнд заасан хэмжээ, хугацаагаар төлөх боломжгүй нөхцөл үүссэн ч 2014 онд 24 сая төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөрийг нь 2015 онд гэрээ байгуулсны дараа төлөх ёстой байсан билээ. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзахгүйгээр өмнө ашиглах эрхтэй байсан 5 га газрын хэмжээгээр төлбөр төлөх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон.

3.3.Гуравдагч этгээд “Б к” ХХК-ийн зүгээс Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд хандаж 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Богдхан уулын Арцатын задгай гэх газар 10 га газар ашиглахаар өргөдөл гаргасан, уг өргөдөлд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйл, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйл, Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 2, 3 дугаар зүйлд заасан баримт бичгүүдийг хавсаргаагүй байхад 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалаар “Б к” ХХК-д Богдхан уулын Энхтайваны аманд 7.2 га газар олгосон хэрнээ гэрчилгээний хавсралтад А талбайг нэхэмжлэгчийн газартай давхцуулан тушаалд заасан газраас өөр байршилд баталгаажуулсан нь хуульд нийцээгүй, гэвч тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэртэй холбогдуулан маргаж байсан. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргаснаас хойш 22 хоногийн дараа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хуульд нийцээгүй юм. Ийм байхад шүүхээс дээрх үндэслэлд огт дүгнэлт хийгээгүйгээс шалтгаалж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

3.4.Хариуцагчийн 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалаар “Б к” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын Энхтайваны аманд 7.2 га газар ашиглуулахаар шийдвэрлэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 2015/265 тоот “Газар ашиглах гэрчилгээ” олгосон байдаг.

3.4.1.Улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015.07.08-ны өдрийн А-277 дугаар тушаал болон Хамгаалалтын захиргааны 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 163 дугаар саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Б к” ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон 0170933 дугаар гэрчилгээг солбилцол өөрчлөх нэрээр шинээр олгосон байна. Дээрх тушаал болон газар ашиглах гэрчилгээгээр олгосон газраас А талбай нь нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа тул ийнхүү дахин гэрчилгээ олгохдоо үндэслэлгүйгээр 5 жилийн хугацаагаар сайдын тушаалгүйгээр дахин гэрчилгээ олгосон, улмаар гэрчилгээний хугацааг 2 жилээр үндэслэлгүйгээр сунгасан байхад шүүхээс дээрх нөхцөл байдлыг буруу дүгнэж зөвхөн хариуцагчийн “өмнөх гэрчилгээнд газрын нэр буруу бичсэнийг залруулсан” гэх тайлбарыг үнэлж, энэ нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.4.2.Учир нь хариуцагчийн ашиглаж буй газрын Б талбай нь одоо ч Энхтайваны аманд байршиж байгаа тул шинээр олгосон гэрчилгээг шинэ газар ашиглах эрх олгосонтой ижил хууль зүйн үр дагавартай шийдвэр байтал үүнийг хуульд нийцсэн гэж тайлбарлаж байгаад гомдолтой байна.

3.5.Нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүдээс үзэхэд маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “И-А” ХХК-д холбогдох хэсэг, 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалын “Б к” ХХК-д холбогдох хэсгээс нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Б к” ХХК-д олгосон 0170933 дугаар гэрчилгээний А талбай буюу нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.

3.6.Нэхэмжлэгчээс өмнө нь уг асуудлаар маргаж байсан, түүнчлэн хувийн шалтгааны улмаас нэхэмжлэлийг буцаасан хугацаанд дахин нэхэмжлэл гаргаагүй, гэтэл 2020 онд дахин нэхэмжлэлээ гаргах үед шинэ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан учир уг хуулийн дагуу нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж тайлбарлаж байна.

5.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О дараах үндэслэлээр гомдлыг үгүйсгэв. Үүнд:

“...:5.1.Нэхэмжлэгчийн гомдолд “...Шүүхээс нэхэмжлэгчийг 2008 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 216 дугаар тушаалаар анх газар ашиглах эрхтэй болж “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ’’-г 2008 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 2013 оны 6 дугаар сарын 16-ыг хүртэл 5 жилийн хугацаагаар байгуулсан боловч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаал гарах хүртэл тухайн газраа зориулалтын дагуу ашигласан гэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна..." гэж үзсэн байна.

5.1.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “И а” ХХК нь 2008 оны 216 дугаартай тушаалаар газар ашиглах эрх олж авсан боловч тухайн газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нийт 7 жилийн турш газар дээрээ ямар нэгэн байдлаар гэрээнд заасан нөхцөл, болзол зориулалт буюу аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй байдаг талаар шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгсөн байдаг.

5.1.2.Нэхэмжлэгч нь гомдолдоо Газар ашиглах гурван талт гэрээг сунгуулах хүсэлтийг 2013 оны 5, 6 сард төрийн байгууллагад гаргаж байсан боловч гэрээг сунгаагүй тул газар ашиглах боломжгүй байсан гэж үзсэн байна.

5.1.3.Гэвч Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-д “...Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй...” гэж заасан бөгөөд гэрээ байгуулаагүй байсан ч газар ашиглагч нь газрыг гэрчилгээнд заасан зориулалтын дагуу ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээ байгуулаагүй нь газар дээр зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүйг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

5.1.4.Мөн гомдолд “...Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно..., мөн зүйл хэсэгт заасан “...Мөн зүйл, хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, 3 болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчтэй газар ашиглах гэрээ байгуулагдсан байсан мэтээр хугацаа нь дууссан 2008 оны гэрээг үндэслэж, хуулийг Улсын дээд шүүхийн тайлбарт зааснаас өөрөө тайлбарлан хэрэглэсэн зөрчил болсон гэж үзэж байна..." гэж заасан байна.

5.1.5.Гэвч Монгол Улсын шүүх Улсын дээд шүүхийн хууль тайлбарласан тайлбарыг дагаж мөрдөх үүрэггүй бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3 дугаартай Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр аливаа нэг танхимаас хуулийг тайлбарласан тайлбар нь Улсын дээд шүүхийн тайлбар гэж үзэхгүй гэж заасан нь өмнө нь гарсан бүх хууль тайлбарласан тайлбар, тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тул түүнийг тус өдрөөс хойш дагаж мөрдөхгүй байх үүргийг шүүх хүлээсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс Улсын дээд шүүхийн тогтоолыг баримтлаагүй нь зөрчил гэж үзсэн нь хууль зүйн хувьд боломжгүй бөгөөд шүүхийг Үндсэн хууль зөрчих ёстой байсан мэтээр үзсэн байна.

5.1.6.Шүүхийн шийдвэрт “...тухайн газар дээр аялал, жуулчлалын зориулалтаар ашиглаж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл 2008 онд Байгаль орчны ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэснээс хойш үйл ажиллагаа явуулаагүй, явуулсан талаар нотлох баримт гаргаж ирүүлээгүй, шүүхээс хийсэн үзлэгийн явцад дээрх нөхцөл байдал давхар тогтоогдсон болно... Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 128 дугаар албан бичгийг үндэслэл болгож тайлбар гаргасан боловч 2014 оны 4 дүгээр сард нэхэмжлэгчийн 5.0 газраас 1.0 га газрыг хасч 4.0 га газар ашиглах эрхийг тухайн байршилд нь хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх тул захиргааны энэ үйл ажиллагаа нь уг газарт үйл ажиллагаа явуулах нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй ба 1 га газрыг хассаны улмаас тухайн газраа ашиглаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.1.7.Мөн нэхэмжлэгчийн зүгээс газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил газраа ашиглаагүй гэж тайлбарласан боловч түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж өгөөгүй бөгөөд шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулсан боловч хэргийн материалд авагдаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газраа 2 жил ашиглаагүй гэх нөхцөл байдал байхгүйтэй холбоотой юм.

5.2.Нэхэмжлэгч компани нь 2008 оноос 2015 он хүртэл газрыг нийт 7 жилийн хугацаагаар ашиглаж байсан боловч хэргийн материалд авагдсан баримтаас үзэхэд 2011, 2013, 2014 онуудад төлж байсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасныг зөрчсөн бөгөөд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шүүхээс тус үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

5.2.1.Шүүхийн шийдвэрт “....Нэхэмжлэгч уг төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй үндэслэлээ “...гэрээний хугацааг сунгуулах хүсэлтээ өгсөн боловч шийдвэрлэж өгөхгүй хүлээгээд байсан, 2014 онд багцаагаар төлсөн, 2015 онд төлөх гээд байж байтал цуцалсан” гэж тайлбарлан маргасан боловч нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээний хугацааг хариуцагчаас сунгасан, харин гэрээг сунгуулах талаар гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй хариуцагч захиргааны байгууллагын эс үйлдэхүйд холбогдуулан нэхэмжлэгч маргаан үүсгээгүй, энэ нь нэхэмжлэгчийг газрын төлбөрөөс чөлөөлөх үндэслэл биш бөгөөд нэхэмжлэгчийн төлбөр төлсөн байдлаас үзэхэд газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байгаагүй нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв...” хэмээн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгсөн байна.

5.2.2.Газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу төлөх үүргийг газар ашиглагч нь хүлээдэг бөгөөд гурвалсан гэрээ байгуулаагүй нь түүнийг төлбөр төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба хугацаанд нь бүрэн төлөх үүргээ нэхэмжлэгч компани биелүүлээгүй байх тул хариуцагчийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гэж үзнэ.

5.3.Нэхэмжлэгчийн гомдолд “...2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалаар “Б к” ХХК-д Богдхан уулын Энхтайваны аманд 7.2 га газар олгосон хэрнээ гэрчилгээний хавсралтад А талбайг нэхэмжлэгчийн газартай давхцуулан тушаалд заасан газраас өөр байршилд баталгаажуулсан нь хуульд нийцээгүй бөгөөд уг цаг хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэртэй холбогдуулан маргаж байсан. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргаснаас хойш 22 хоногийн дараа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хуульд нийцээгүй юм. Ийм байхад шүүхээс дээрх үндэслэлд огт дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй...” гэж үзсэн байна.

5.3.1.Мөн гомдолд “....Улмаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаал болон Хамгаалалтын захиргааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаар саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас “Б к” ХХК-д 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон 0170933 дугаар гэрчилгээг солбилцол өөрчлөх нэрээр шинээр олгосон байна. Дээрх тушаал болон газар ашиглах гэрчилгээгээр олгосон газраас А талбай нь нэхэмжлэгчийн газартай давхцаж байгаа бөгөөд ийнхүү дахин гэрчилгээ олгохдоо 5 жилээр олгож үндэслэлгүйгээр, сайдын тушаалгүйгээр дахин гэрчилгээ олгосон гэрчилгээний хугацааг 2 жилээр үндэслэлгүйгээр сунгасан байхад шүүхээс дээрх нөхцөл байдлыг буруу дүгнэж зөвхөн хариуцагчийн “өмнөх гэрчилгээнд газрын нэр буруу бичсэнийг залруулсан” гэх тайлбарыг үнэлж, энэ нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм...” гэж заасан нь нэхэмжлэгчийн гомдол дотроо зөрчилдөөнтэй байгааг илтгэж байна.

5.3.2.Шүүхийн шийдвэрт “...Өөрөөр хэлбэл 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалаар “Б к" ХХК-д Хан-Уул дүүргийн Энхтайвны аманд 7,2 га газрыг ашиглах эрх олгож, улмаар 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 2015/265 дугаар бүхий “газар ашиглах гэрчилгээ” олгож, түүний хавсралтаар талбайн солбилцлыг А, Б гэсэн хэсэгт хувааж тогтоосон байсныг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 0170933 дугаар гэрчилгээгээр Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын ам нэртэй газар 7.0 га талбайгаар солбилцлыг өөрчлөн тогтоосон нь хариуцагчийн эрх хэмжээнд нийцсэн захиргааны акт байх бөгөөд уг гэрчилгээг “...Сайдын тушаалгүйгээр олгосон” гэж үзэхгүй..., нөгөө талаар Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 0170933 дугаар гэрчилгээг олгох үед нэхэмжлэгчийн ашиглах эрхийг захиргааны байгууллагаас түдгэлзүүлсэн шийдвэр гараагүй байх тул тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газартай давхацсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй...” гэж шүүхээс дүгнэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгсөн.

5.3.3.Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 163 дугаартай “Солбицол өөрчлүүлэх тухай” албан бичигт “Б к” ХХК-ийн ашиглаж буй газрын солбицол өөрчлүүлэх газар нь бусад этгээдийн газартай давхцалгүй гэдгийг тогтоосон бөгөөд тухайн цаг үед нэхэмжлэгч компанийн зүгээс газартай холбоотойгоор гомдол гаргаж байгаагүй, тухайн газартай холбоотой аливаа шийдвэр гаргахыг түдгэлзүүлээгүй байсан тул солбицол өөрчилсөн нь хууль зөрчсөн зүйлгүй болно.

5.3.4.Нөгөө талаар солбицол өөрчлөхөд сайдын тушаал гаргалгүйгээр зөвхөн газар ашиглах гэрчилгээнд тэмдэглэгээ хийдэг бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг солбицолд өөрчлөлт оруулж дахин 5 жилээр сунгасан зүйл байхгүй болно.

5.3.5. 2-р хх-ийн материалд гуравдагч этгээд “Б к” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 2017/036 дугаартай Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаатай байгуулсан “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ”-ний 2.5-д газар ашиглах хугацааг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл 5 жилээр хэвээр хадгалагдаж байсан гэдэг нь тус баримтаар хангалттай нотлогддог.

5.4.Давж заалдах гомдолд “....Б к” ХХК-д олгосон 0170933 дугаар гэрчилгээний А талбай буюу нэхэмжлэгчийн газартай давхацсан хэсгүүд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг ноцтой зөрчсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм...” гэж үзсэн байна.

5.4.1.Шүүхийн шийдвэрт “...Нэхэмжлэгч компани нь хуульд заасан журмын дагуу 2015 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр тус шүүхэд “...Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “И а” ХХК-д, мөн сайдын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалын “Б к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “И а” ХХК-ийн газар ашиглах эрхийг сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд 2 удаа нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 143 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг буцаасан, уг тогтоол гарснаас хойш 2019 оны 12 дугаар сарын 26-ыг хүртэл хугацаанд шүүх болон холбогдох захиргааны байгууллагад хандаж нэхэмжлэл, хүсэлт гаргаагүй, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх ба ийнхүү 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр “хүчингүй болгуулах”-аар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа энэ удаад “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага болгон гаргасан нь °.хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй” нэхэмжлэл болгох зорилго агуулсан гэж ойлгогдож байгааг дурдах нь зүйтэй..." гэж дүгнэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

5.4.2.Дээрх сайдын тушаал нь 2015 онд гарсан бөгөөд тухайн цаг хугацаанд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зүйлчилж байсан бөгөөд дээрх хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 8.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргахаар хуульчилж өгсөн боловч нэхэмжлэгч нь дээрх хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

5.4.3.Учир нь дээрх маргааны зүйл болох Сайдын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А/277 дугаартай тушаал болон 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 236 дугаартай тушаал зэрэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хууль үйлчилж байх хугацаанд гарсан тул Захиргааны эрх зүйд тухайн цаг үед хэрэгжиж байсан хууль, захиргааны актыг барьж шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ёстой. Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ одоо хэрэгжиж буй процессын хууль Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэх боловч процессын хууль нь ерөнхий хуультай зөрчилдсөн тохиолдолд ерөнхий хуулийг баримтлан шийдвэрлэх нь захиргааны эрх зүй болоод бусад салбар эрх зүйн үндсэн зарчим юм.

5.4.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д илт хууль бус болох захиргааны акттай холбоотой нэхэмжлэлд хугацаа хамаарахгүй гэж заасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу “...захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, шүүхэд гомдол гаргана” гэсэн заалттай зөрчилдөж байна. Иймд аливаа нэгэн процессын хууль нь материаллаг хуулийг хэрэгжүүлэх гэж батлагддаг бөгөөд зөрчилдсөн тохиолдолд материаллаг хуулийг баримтлах ёстой. Иймд нэхэмжлэгч нь гомдол гаргах хугацаа, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гомдол гаргах хугацааг сэргээлгэх хугацаа зэрэг хугацааг алдсан байдаг бөгөөд тус хугацааг алдсан гэдгээ мэдсэн бөгөөд тус хуулийн зохицуулалтаас бултах зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлан дахин 2019 онд нэхэмжлэл гаргасан байдаг.

5.4.5.Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд шинэ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж боломж гарсан тул үүнийг ашигласан гэж тайлбарлаж, хүлээн зөвшөөрсөн байдаг.

5.4.6.Нэхэмжлэгчийн зүгээс 2015 онд Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлага нь адилхан боловч шаардлагын хууль зүйн үндэслэлийг хөөн хэлэлцэх хугацаанаас зайлсхийх зорилгоор өөрчилсөн нь тус нэхэмжлэл бүхэлдээ хууль зүйн хувьд үндэслэлгүй гэдэг нь илт юм.

5.4.7.Нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн ярьж буй асуудлууд нь захиргааны акт аливаа нэгэн хууль зөрчсөн байж болох буюу тухайн захиргааны акт хууль бус асуудлыг хөнддөг боловч ямар хууль зүйн үндэслэлээр “илт хууль бус захиргааны акт” мөн талаарх нэг ч тайлбарыг гаргаагүй байдаг.

5.4.8.Илт хууль бус захиргааны акт нь хэлбэр болон агуулга талаас энгийн хүн уншиж танилцахад илэрхий алдаатай, тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтан тодорхойгүй, бодит нөхцөл байдалд биелэх боломжгүй, хуулиар олгосон бүрэн эрхийг хэтрүүлсэн, түүнийг биелүүлэх хүн, байгууллага тодорхойгүй, хуулийн үндэслэлгүй зэрэг илэрхий алдаатай байхыг ойлгодог атал дээрх маргаж буй захиргааны акт нь энгийн хүн уншихад илэрхий алдаа байхгүй бөгөөд хуульд үндэслэсэн, түүнийг биелүүлэх этгээд нь тодорхой зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан захиргааны акт байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.“И а” ХХК-иас одоогийнхтой адил шаардлага бүхий нэхэмжлэлийг анх 2015 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гаргасан, тийнхүү гаргахдаа маргаан бүхий тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн боловч шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 143 дугаар тогтоолоор товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр 2 удаа ирээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг буцаасан байх бөгөөд уг тогтоолд гомдол гаргаагүй, хуулийн хүчин төгөлдөр болжээ.

3.Гэтэл үүнээс хойш 3 жил 8 сар гаруйн хугацааны дараа дахин Сайдын 2015 оны 236 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг, мөн оны А/277 дугаар тушаалын “Б к” ХХК-д холбогдох хэсгийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг шүүхийн шийдвэрт “…хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй болгох зорилго агуулсан…” гэж дүгнэсэн нь зөв.

4.Учир нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухай газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр “И а” ХХК-ийн Богд Хан уулын Арцатын аманд 5.0 га газрын ашиглах эрхийг хүчингүй болсонд тооцож, гэрээг цуцалсан нь, түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд газар ашиглах хүсэлт гаргасан гэх үндэслэлээр “Б к” ХХК-д Богд Хан уулын дархан цаазат газарт 7.2 га газар ашиглах эрх олгосон маргаан бүхий тушаалын холбогдох хэсгүүдийг илт хууль бусад тооцох үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу бусдын газар ашиглах эрхийг хүчингүй болгох, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.3-т заасны дагуу бусдад газар ашиглах эрх олгох зэрэг нь хариуцагчийн хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд гагцхүү эдгээр эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх асуудал нь “илт хууль бус болохыг тогтоолгох” бус харин “хууль бус болох нь тогтоогдвол хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэгдэнэ.

5.Өөрөөр хэлбэл дээрх 2 шаардлагаар гаргаж буй нэхэмжлэлийн үндэслэл өөр өөр байх ёстой, гэтэл “И а” ХХК-иас 2015, 2019 онд тус тус гаргасан нэхэмжлэлийн “шаардлага” л өөр болохоос үндэслэл нь адил байна.

            6.Иймд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэх шалтгаангүйгээр хэтрүүлсэнтэй холбогдуулан хуульд заасан хугацаа үл хамаарах нэхэмжлэлийн шаардлагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг хүссэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасантай нийцсэнгүй.

            7.Тухайлбал шүүхээс “…анх олгогдсон 5 га газраас 1 га газрыг буцаан өгч, солбилцолд өөрчлөлт оруулснаар газрын төлбөрийн хэмжээ 4 га-д тооцогдох атал газрын төлбөрийг 5 га-д төлөх ёстой мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй, гэрээний хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа 2015 онд газар ашиглах эрхийг цуцалсан нь хууль зөрчсөнийг болон 2008 оны хугацаа нь дууссан гэрээг үндэслэж газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх хариуцагчийн тушаалыг зөвтгөсөн, нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалснаас хойш 22 хоногийн дараа гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгосон нь хуульд нийцсэн гэж үзсэн…” гэх зэрэг давж заалдах гомдлын үндэслэлүүд нь илт хууль бус болохыг тогтоолгох бус харин хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэгдэхээр байна.

            8.Цаг хугацааны хувьд сайдын 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн 4 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосны дараа мөн оны 7 дугаар сарын 8-ны өдрийн А-277 дугаар тушаалаар уг газрын зарим хэсгийг гуравдагч этгээдэд ашиглуулахаар шийдвэрлэсэн, гэвч эдгээр тушаалыг хүчингүй болгуулахаар хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч маргааныг нэг мөр шийдвэрлүүлэлгүй хугацаа алдсан энэ тохиолдолд “илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын хүрээнд давж заалдах гомдолд дээрхээс өөрөөр дүгнэлт өгөх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 684 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Еийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                                     Э.ЛХАГВАСҮРЭН