Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00964

 

Б.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02546 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2018/00526 дугаар магадлалтай,

                                                                                                                       

Б.Б-гийн нэхэмжлэлтэй,

Ж.Ц-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 23,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батсүх, хариуцагч Ж.Ц-, хариуцагчийн өмгөөлөгч Ү.Амарбат, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Ц- нь өөрийгөө “...гялгар уутны үйлдвэр ажиллуулдаг, маш ашигтай үйл ажиллагаа явуулдаг, бүх захуудыг гялгар уутаар хангадаг том бизнес хийдэг” гэж тайлбарлан түүхий эдийн мөнгө хэрэгтэй байна, мөн ажилчдынхаа цалинг өгөх шаардлагатай байгаа учир аав ээжийнхээ хашаа байшинг барьцаанд тавья, 8,000,000-10,000,000 төгрөг зээлээч” гэсний дагуу би 2016 оны 02 сарын 05-ны өдөр 15,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэ хугацаанд зээлийн хүүг өгч байсан ч 2017 оны 02 сарын 05-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусч, өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлөөгүй. Нийт зээлийн хүүнд 14,400,000 төгрөг төлөхөөс 13,420,000 төгрөг төлсөн, 980,000 төгрөгийн хүү төлөгдөөгүй, үндсэн зээл 15,000,000 төгрөгөөс төлөлт хийгдээгүй. Иймд үндсэн зээл болох 15,000,000 төгрөг, зээлийн гэрээний дагуу хугацаа хэтэрсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 7,500,000 төгрөг, зээлийн дутуу төлсөн хүүгийн зөрүү болох 980,000 төгрөг нийт 23,480,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Ж.Ц- нь 2016 оны 02 сарын 05-ны өдөр иргэн Б.Б-тай зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдэхээр тохиролцсон. Зээл авсан үеэс эхлэн зээлийн хүү болох 8 хувийг (1.200.000) төгрөгийг жилийн хугацаандаа төлсөөр ирсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүүг төлөхөд ямар нэгэн асуудал болж байсан удаа надад нэг ч үгүй, мөн ямар нэгэн байдлаар утсаа авахгүй байх, хариу өгөхгүй байх гэх зэрэг зүй бус үйлдэл гаргаж байгаагүй болно. Зээлийн гэрээний хүүг хугацаандаа төлсөн болох нь дараах баримтаар нотлогдоно. Үүнд: 2016 оны 03 сарын 15-нд 1,270,000 төгрөг, 2016 оны 4 сарын 10-нд 1,200,000 төгрөг, 2016 оны 09 сарын 05-нд 1,400,000 төгрөг, 2016 оны 05 сарын 18-нд 435,000 төгрөг, 2016 оны 08 сарын 07-нд 800,000 төгрөг, 2016 оны 08 сарын 09-нд 600,000  төгрөг, 2016 оны 08 сарын 12-нд 500,000 төгрөг, 2016 оны 09 сарын 15-нд 1,200,000 төгрөг, нийт 7,405,000 төгрөгийн зээлийн хүүг дансаар төлсөн. Мөн 6, 7, 10 сарын хүү болох 3,600,000 төгрөгийг бэлнээр түүхий эдийн үнээс суутган авсан. Энэ нь Б.Б-гийн тооцооны дэвтэрт тэмдэглэгдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Дээрх төлбөрүүд нийлээд 11,005,000 төгрөг болж байна. Улмаар гэрээний хугацаа 2017 оны 02 сарын 05-нд дуусч, гэрээгээр хүлээсэн хүүгээ төлөх үүрэг дуусгавар болсон ба уг хугацаа дуусгавар болсноос хойш дараах байдлаар мөнгө шилжүүлсэн. Үүнд: 2017 оны 02 сарын 07-нд 500,000 төгрөг, 2017 оны 03 сарын 15-нд 1,200,000 төгрөг, 2017 оны 04 сарын 19-нд 400,000 төгрөг, 2017 оны 05 сарын 15-нд 1,100,000 төгрөг, нийт 3,200,000 төгрөг төлсөн. Би тухайн үед зээлийг авахдаа гэрээний хүүг ийм айхтар өндөр үнэ болно гэж бодоогүй. Тэр үед яаралтай мөнгөний хэрэг гарсан учраас яаруу сандруу эцэг эхийн нэр дээр байдаг үл хөдлөх хөрөнгийг барьцаалан, мөн өөрийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг барьцаалан зээлээ авсан. Уг зээлийг авсан шалтгаан нь тухайн үед цагаан сар болох гээд дэлгүүртээ бараа бүтээгдэхүүн татах зорилготой уг зээлийг авч байсан. Зээлээ аваад сарын дараагаар зээлийн гэрээний хүүг төлөх үед өндөр дүнтэй зээл авсанаа ойлгосон. Сар бүр зээлийн үндсэн төлбөрөө өгч чадалгүй зөвхөн зээлийн хүүг л төлөөд явах миний нөхцөл байдалд хүндрэлтэй байсан. Тухайн үед нөхөр бид 2 Голомт банкнаас “Чингис бонд” дамжуулан 200 сая төгрөгийн зээл авчихсан уутны үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Үйлдвэрлэл маань тийм сайн үйл ажиллагаа явуулаагүй ашиг ч бараг олдоггүй байсан. Тэгээд нөхөр бид сар бүр Голомт банкинд зээл, зээлийн хүүгээ төлөх, мөн дээрээс нь Б.Б-д тавьсан өрөө өгөх зэрэг өр төлбөр нэхэгдэж байсан. Тэгсэн ч би зээлийн гэрээний хүүг төлсөөр л байсан. Нөхцөл байдалдаа тааруулан өдөр бүр ажиллаж, улмаар 2016 оны 12 сарын 19-нд амаржсанаар ажиллах боломжгүй болж гэртээ суух болсон тул зээлийн хүүгээ төлөх арга зам хайж эхэлсэн. Тэр үед нисэхэд байршилтай үйлдвэрлэлийн 240 м.кв талбай бүхий обьектоо хувь хүмүүс 3 сарын хугацаатай сарын 1,200,000 төгрөг түрээслэхээр тохиролцоод ярилцаж байх үед Б.Б- эхнэрийн хамт хүрэлцэн ирж “...бид энэ талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулна, наад хүмүүстэйгээ түрээслэх тухай яриа хэлэлцээрээ цуцал” гэж хэлээд хэрвээ бид 2-т түрээслүүлвэл зээлийн хүүг энэ обьектыг түрээслүүлсэн мөнгөнөөс нь шууд суутгаж авна” хэмээсэн учир тэр үед зээлийн хүүг ингээд төлчихвөл болох юм байна гэж бодон нөгөө хүмүүсдээ хэлж түрээслүүлэхээ больсон. Гэсэн хэдий ч Б.Б- хэлсэндээ хүрэлгүй талбайг түрээслээгүй өөрөө зээлийн хүүгээ төл хэмээн шаардсан. Хэрэв тэр үед хөндлөнгөөс оролцоогүй байсан бол зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүүгээ төлөөд явчих боломж бидэнд байсан гэдгийг энд дурдаж байна. Зээлийн гэрээний хүүг нийт жилд бодож үзэхэд 96 хувийн буюу бараг 100 хувийн 2 дахин болж төлөгдөх хэмжээний өндөр зээл байсан. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасны дагуу шүүхээс зээлийн гэрээний хүүг сарын 3 хувь болгож багасгаж өгнө үү хэмээн хүсч байна гэжээ.

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02546 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан  хариуцагч Ж.Ц-аас 18,570,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,910,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн  хураамжинд төлсөн  275,350 төгрөгийг  улсын  орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 250,800 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2018/00526 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 183/ШШ2017/02546 дугаар шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2018/00526 тоот магадлалаар хэвээр үлдээсэн. Уг шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна. Хариуцагчийн зүгээс 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 15,000,000 төгрөгийг зээлж авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс 13,420,000 төгрөгийн зээлийн үндсэн төлбөр болон хүүнд төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Харин зээлийн хүү нь сарын 8 хувь буюу жилийн 96 хувь бөгөөд энэ нь зээлийн үндсэн дүнтэй тэнцэхүйц хэмжээний хүү юм. Ингэж хүү төлөх нь хэт өндөр байна хэмээн үзэж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн зарим нэг заалтыг хүчингүй болгож өгнө үү. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагчийн гаргасан хариу тайлбарт үндэслэн зээлийн хүүг сарын 8 хувь байсныг сарын 6 хувь болгож бууруулж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс уг хүүг хэтэрхий өндөр хувьтай хэмээн үзэж байгаа бөгөөд өнөөдөр Монгол Улсад ийм төрлийн зээл хамгийн их олгож байгаа банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд зээлийн дундаж хүү сарын 3 хувьтай байгаа тул үүнтэй жишиглэн буулган шийдвэрлэж өгөхийг хүсэн Давж заалдах гомдол гаргасан боловч 3 хувь болгон буулгах боломжгүй гэж үзсэн. Сар бүр 6 хувийн хүү төлж буй явдал нь хариуцагч талд ихээхэн хохиролтой өндрөөр тусч байгаа бөгөөд сарын хүүгээ төлөөд дахин үндсэн зээлээс төлөх боломжгүй хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгаа тул энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж үндэслэлгүй өндрөөр тогтоогдсон гэж үзэж байна. Нийт 15,000,000 төгрөг, сарын 5 хувиар тооцоход 12 сарын хугацааны хүү 19,000,000 төгрөг, нийт 24,000,000 төгрөг болох бөгөөд үүнээс төлсөн 13,420,000 төгрөгийг хасаж 10,580,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно. Үүн дээр алданги нэмж тооцоод 15,870,000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно. Миний гаргасан гомдлын шаардлагыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Миний бие 2016 оны 12 сард төрж хүүхдээ харж байгаа учир дэлгүүрээ ажиллуулах боломжгүй болсон. Ингээд 2017 оны 5 сараас эхлэн зээлийнхээ хүүг төлөх боломжгүй болсон. Өнөөдрийн байдлаар ямарч орлогогүй хүүхдийнхээ 50,000 төгрөгөөр амьдарч байна. Хариуцагчийн хувьд зээлийн үндсэн төлбөр 15,000,000 төгрөгийг зээлийн сүүлийн сарын хүүний үлдэгдэл 980,000 төгрөгийг төлөхөд маргахгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлсэн байх тул хяналтын шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч Ж.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 15,000,000 төгрөг, хүүний үлдэгдэл 980,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 23,480,000 төгрөг гаргуулахаар шаардсан, хариуцагч “.... зээлийн хүү жилийн 96 хувь, бараг 2 дахин болж төлөгдөх өндөр хэмжээтэй байгаа тул сарын 3 хувь болгож багасгаж өгнө үү” гэжээ.

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр талууд зээлийн гэрээ байгуулахдаа 15,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 0.5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлсэн, нийт 11,005,000 төгрөгийн төлбөрийн үүргийг хариуцагч гүйцэтгэсэн үйл баримт тогтоогдсон, талууд энэ тухайд маргаагүй.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний үүргийн биелэлтийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.

Зээлийн хүүг сарын 8 хувь гэж тогтоосон нь хэт өндөр тул багасгаж өгнө үү гэсэн  хариуцагчийн тайлбарыг анхан шатны шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлийн сарын хүүг 6 хувь болгон бууруулан тооцож, хариуцагч гэрээний хугацаанд нийт 10,800,000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй, түүний хүлээх  нийт  үүргийн  хэмжээг  25,800,000 төгрөг гэж тооцон, үүнээс хариуцагчийн төлсөн буюу баримтаар тогтоогдсон 13,420,000 төгрөгийг хасч, 12,380,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж дүгнэсэн байна. Хариуцагч гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байх тул алданги 6,190,000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзээд нийт 18,570,000 төгрөгийг хариуцагч Ж.Ц-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож шийдвэрлэжээ.

Шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн үүргийн хэмжээг нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр тодорхойлж, 3,200,000 төгрөг төлсөн гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцсэн байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд талууд зээлийн гэрээний  хүүг сарын 8 хувиар тогтоосныг зээлдэгчид хохиролтой нөхцөл гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар зээлийн хүүг 4 хувь болгон бууруулан тооцох нь иргэний эрх зүйн харилцааны оролцогчдын эрх тэгш байдлын зарчимд нийцнэ.

Иймээс хяналтын шатны шүүхээс хариуцагчийн гүйцэтгэх үүргийг үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 7,200,000 төгрөг, нийт 22,200,000 төгрөг гэж тооцон, үүнээс түүний  төлсөн 13,420,000 төгрөгийг хасч тооцоход зээл авагчийг 8,780,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэв. Талуудын байгуулсан гэрээг үндэслэн 4,390,000 төгрөгийн алданги тооцож, хариуцагчаас нийт 13,170,000 төгрөг гаргуулахаар тогтоов.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2018/00526 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2017/02546 дугаар шийдвэрийн нэг дэх заалтын “18,570,000 төгрөг” гэснийг “13,170,000.00 төгрөг” гэж, “4,910,000 төгрөгт” гэснийг “10,310,000.00 төгрөгт” гэж,    шийдвэрийн 3 дахь заалтын “250,800 төгрөг“ гэснийг “223,800” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Ж.Ц-ын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 /тавин найман мянга нэг зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                     Д.ЦОЛМОН