Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 278

 

Иргэн Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нарын

ХХХнэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Халиунаа нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0346 дугаар магадлалтай, иргэн Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Ажлын албаны дарга, Ардчилсан намын бүлгийн дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журмыг баталсны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд урамшууллын мөнгийг олгож байсныг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай”  А/26 дугаар тогтоолоор төлөөлөгчдөд олгодог мөнгөн урамшууллыг хасахаар шийдвэрлэсэн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилд оролцсон байдлыг харгалзан тэргүүлэгчид урамшуулал олгож болох бөгөөд хэмжээ, олгох журмыг нь аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгана” гэж заасны дагуу төлөөлөгчдөд олгох урамшууллын асуудал нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээний асуудал бөгөөд 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08 дугаар тогтоолоор урамшуулал олгох журмыг баталсан байхад дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх шийдвэрийг зөрчиж, хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн. Иргэдийн төлөөлөгчдийн урамшуулал гэх мөнгөний зориулалт, олгох журмыг хууль тогтоомжид намын даргын шийдвэр, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр дур мэдэн халдах эрхгүй. Урамшуулал нь орон нутгийн төсөв буюу төрийн хөрөнгө бөгөөд түүнийг зөвхөн хуулиар эрх олгогдсон төсвийн ерөнхийлөн захирагч болох тухайн шатны хурлын дарга, Засаг дарга нар зориулалтын дагуу захиран зарцуулахтай холбоотой шийдвэр гаргах эрхтэй. Төсвийн захирагч нараас өөр ямар ч субъект төсвийн хөрөнгөтэй харьцах буюу түүнийг захиран зарцуулахтай холбоотой аливаа шийдвэр гаргах эрх олгогдоогүй. Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваад намын даргын байр сууринаас урамшууллын хөрөнгийг намын санхүүжилтэд захиран зарцуулах захирамжилсан шийдвэр гаргах эрхгүй юм. Иймд, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Дүүргийн 2014 оны төсвийн тодотгол батлах тухай” А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоож, төлөөлөгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4,500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн дарга нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 147 дугаар тогтоолыг хэрэгжүүлж төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд төлөөлөгчид урамшууллаасаа татгалзах санал гаргасныг намын бүлгүүд, хурлын хороодоор урьдчилан хэлэлцүүлж, ИТХ-ын 8 дугаар хуралдаанаар дийлэнх олонхийн саналаар дэмжиж батлагдсан болно” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “төлөөлөгч нарыг 2013 оны эхний хагас жилийн урамшууллаа намдаа хандивлах саналыг БЗД-ийн Ардчилсан намын даргын хувиар “намын гишүүн, төлөөлөгч нарт хандаж гаргасан санал” бөгөөд Дүүргийн Засаг даргын хувьд ийм асуудал гаргаагүй тул Улс төрийн намын тухай хуулийн 13.9-д заасны дагуу намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой энэхүү асуудлыг шүүх шийдвэрлэх үндэслэлгүй” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга /Ч.Мэндсайхан/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хурлын төлөөлөгчдийн урамшууллын асуудлыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “б”-д “Засаг даргын өргөн мэдүүлснээр сум, дүүргийн төсвийг хэлэлцэн батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах, төсвийн гүйцэтгэлийн тайланг батлах” гэж заасны дагуу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийн хүрээнд 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэж хурлаас А/26 дугаар тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга /Ж.Энхтөр/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тэргүүлэгчид урамшуулал олгох шийдвэр гаргаад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 08 дугаар тогтоолоор батлагдсан журмын 5 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэг төлөөлөгчид улиралд 2,500,000 төгрөгөөр тооцож олгох саналыг Тэргүүлэгчид, Хурлын хороо, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсний дараа намын бүлэг дахин хуралдаж бүлгийн гишүүдийн олонхийн саналаар намын бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд зориулахаар шийдвэрлэж, бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан. Нэгэнт бүгд зөвшөөрсөн учраас намын бүлгээр дамжуулан олгох хүсэлт гаргасны дагуу намын бүлгийн дарга Ж.Энхтөр хурлын ажлын албаны ажилтан нар мөнгийг авч намын нягтлан бодогчид хүлээлгэн өгсөн” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар шийдвэрээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нараас “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаар тогтоолын “дүүргийн 2014 оны төсвийн тодотголоор иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулж батлагдсан хөрөнгийг өөр зүйлд зарцуулах”-аар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 8 дугаар тогтоолд нийцүүлэн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн 2014 оны сүүлийн хагас жилийн урамшуулалд зориулагдсан хөрөнгийг зориулалтын дагуу дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулж дахин тусгах шийдвэр гаргахыг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Ардчилсан намын бүлгийн даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0346 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч Г.Буянжаргал, Б.Цэвэлбазар нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Уг захиргааны хэргийг урьд шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлал, тогтоолд заасан шаардлагыг биелүүлээгүй, хангалгүй, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулалгүйгээр, зөвхөн хариуцагчийн тайлбарыг үнэлж, нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн тайлбар, баримтыг үнэлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Ийм байхад давж заалдах шатны шүүхээс урьд гаргасан магадлалд заагдсан үндэслэл биелэгдээгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байгаа нь ойлгомжгүй байхаас гадна бидний нэхэмжлэлтэй энэ хэрэгт ач холбогдол өгөлгүй хандсан гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны А/26 дугаар тогтоол бол “Дүүргийн 2014 оны төсөвт тодотгол хийх тухай” захиргааны акт тул Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу гаргах учиртай. Жишээ нь, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийг 34.2-т “Засаг дарга дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголыг боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ: 34.2.1-д “дээд шатны төсөвт тодотгол хийсний улмаас тухайн шатны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага бий болсон”; 34.2.2-т “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон” гэсэн үндэслэлээр төсөвт тодотгол хийх ёстой. Дээрх нөхцөл байдал бүрдсэн эсэх, төсөвт тодотгол хийх хуульд заасан үндэслэл бүрдсэн эсэхийг шүүх шалгаж тогтоогоогүй атлаа зөвхөн тухайн ИТХ-ын 2014.07.10-ны өдрийн 8 дугаар хуралдаанаар ирц хангалттай бүрдсэн, нийт 35 төлөөлөгчөөс 4 татгалзаж, 31 зөвшөөрсөн буюу олонхийн саналаар шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр А/26 дугаар тогтоолыг хууль ёсны гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хэтэрхий өрөөсгөл, нэг талыг барьсан шийдвэр болсон. Мөн тухайн хуралдаанд МАН-ын бүлгийн 9 төлөөлөгчөөс “төсвийн тодотголыг сайтар судалгаа, ул суурьтай боловсруулах, хандах үүднээс завсарлага” хүссэн боловч хүлээж аваагүй тул МАН-ын бүлэг хурлыг орхин гарсанд тэдний саналыг “зөвшөөрсөнд тооцон” баталгаажуулсан байна. Ийнхүү төсвийн тодотгол хийхдээ Татварын хэлтэст 1 тэрбум гаруй төгрөгийг шагналд төсөвлөсөн нь төсөв хэмнэх үндсэн зорилгод нийцээгүй хууль бус болсон бөгөөд энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй, биднийг энэ талаар ярихгүй байхыг анхааруулж байсан. Тухайн өдөр хэлэлцэх асуудлыг жагсаалтад дүүргийн санхүүгийн нөхцөл байдлыг хэлэлцэх талаар тусгагдаагүй буюу “төлөөлөгчид урамшууллаасаа татгалзах санал гарч тэргүүлэгчдийн хурал, хурлын хороод болон намын бүлгүүдээр дэмжигдсэн талаарх ажлын тайлангийн танилцуулга хэлэлцэх асуудалд байхгүй байгаа. Хэрэгт БЗД-ийн ИТХ-ын 8 дугаар хуралдааны 2 өөр огноотой 2 тэмдэглэл авагдсан байгаа бөгөөд шүүх ямар үндэслэлээр ийм зөрүүтэй тэмдэглэлүүд байгаад тодруулж, эргэлзээгүй болгох ажиллагаа хийгээгүй. Төсвийн тухай хуульд “дүүргийн ИТХ-ын урамшууллын мөнгө гэж заагаагүй харин “төлөөлөгчдийн урамшууллын мөнгө” гэж заасан тул батлагдсан зориулалтыг өөрчлөх эрх ИТХ-д байхгүй юм. Өөрөөр хэлбэл,  А/26 дугаар тогтоол нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013.01.30-ны өдрийн 8 дугаар тогтоолоор баталсан “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журам”-д нийцээгүй. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөд урамшуулал олгох журмын 4.1-д “Хурлын төлөөлөгч нарт Хурлын үйл ажиллагаанд оролцсон байдал, ажлын үр дүн, идэвх санаачлагыг харгалзан энэ журмаар тогтоосон хэмжээнд багтаан урамшуулал олгоно”, 4.2-т “Хурлын төлөөлөгч нарт олгох урамшууллын хувь хэмжээг Төлөөлөгч нэг бүрээр тодорхойлж, улирал бүрийн эцсээр тооцон гарган”  гэж зааснаар НИТХ-ын эрх хэмжээнд хамаарах асуудал байхад дүүргийн ИТХ-ын хуралдаанаас урамшууллын асуудлаар шийдвэр гаргах эрхгүй. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандив нэрээр хураан авсан дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгохдоо МУЗЗНДНТУтХ-ийн 29 дүгээр зүйлд заасны дагуу дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамааралгүй гэж үзэж, зөвхөн Ардчилсан намын бүлгийн дарга Ж.Энхтөрийн дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүүд хандаж “төлөөлөгч нарт олгох урамшууллыг намын бүлгийн хурлаар шийдвэрлэсний дагуу АН-ын санхүүд авах хүсэлт...” гаргасныг үндэслэж, Улс төрийн намын тухай хуулийн 11.2.9, 18.2-т заасны дагуу БЗД-ийн ИТХ-ын АН-ын бүлгийн хуралдаанаар тус намаас сонгогдсон төлөөлөгчид олонхийн саналаар мөнгөн урамшууллаа Ардчилсан намд хандивлахаар шийдвэрлэсэн нь тогтоогдож байна гэж үзжээ. Ингэхдээ Улс төрийн намын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т заасны дагуу АН-ын бүлгийн гишүүд “үзэл бодол”, “итгэл үнэмшил”-ээрээ мөнгөн урамшууллаа намд хандивлахаар шийдвэр гаргасан эсэхийг гишүүд нэг бүрээс асууж, гэрчийн мэдүүлэг аваагүй, ийм санаачлага ямар учраас хэн гэдэг төлөөлөгчөөс гарсан тухай хурлын тэмдэглэлд байгаа эсэхийг нягтлаагүй нь ЗХХШтХ-ийн 32.1-д заасан мөрдөх шалгах үүргээ захиргааны хэргийн шүүх гүйцэтгээгүй гэж үзэж байна.  Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг олгуулах шаардлагын тухайд: дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 96 дугаар тогтоол нь зөвхөн ИТХ-ын АН-ын бүлэгт зориулж гаргаж хэрэгжүүлснийг ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Б.Сүхбаатарын нэхэмжлэгч бидэнд ирүүлсэн тайлбараар нотлогдоно. Гэтэл энэ тогтоолыг зөрчиж ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ж.Энхтөр урамшууллын мөнгийг төлөөлөгч нарт олголгүй, БЗД-ийн АН-д тушаасан гэрчийн мэдүүлэг хэрэгт байгаа. АН-ын бүлэг төлөөлөгч нарынхаа мөнгийг намдаа авахын тулд Г.Мөнхзаяагийн хувийн дансаар шилжүүлж байсан нь баримтаар тогтоогдсон. Иймд, нэхэмжлэгч бидний гомдлыг хянан үзэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нараас гаргасан “...Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Дүүргийн 2014 оны төсвийн тодотгол батлах тухай” А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, Ардчилсан намын бүлгийн төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоолгох, төлөөлөгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4,500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, Ардчилсан намын бүлгийн даргаас гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулсан, маргаан үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төлөөлөгчид урамшуулал олгох журмыг батлах, шаардагдах зардлыг орон нутгийн төсөвт тусгах эрхтэй.

Харин дүүргийн Хурлын хэрэгжүүлэх бүрэн эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд тодорхойлсны дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх, дүүргийн төсвийг хэлэлцэж батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах бүрэн эрх хадгалагдаж  байх тул Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар хуралдаанаар дүүргийн 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэн, төлөөлөгч нарын урамшуулалд төсөвлөсөн мөнгөний зориулалтыг өөрчилснийг эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нь тус дүүргийн Ардчилсан намын дарга бөгөөд тэрээр төлөөлөгчийн хувьд “урамшууллын мөнгийг намдаа хандивлах” санал гаргасныг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “2013 оны төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намдаа хандивла гэсэн Засаг даргын шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин төлөөлөгч нарт /Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар/ олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын тус бүр 4,500,000 төгрөгийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга, Ардчилсан намын бүлгийн даргаас гаргуулах шаардлагын тухайд анхан шатны шүүх “...ердийн харьяаллын шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй” талаар зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Учир нь, захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол тухайн албан тушаалтнаас хохирлыг гаргуулах, нөхөн төлүүлэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүх гаргана.

Тухайн тохиолдолд, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 96 дугаар тогтоолоор “төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг намын бүлгээр дамжуулан олгохыг намын бүлгийн дарга нарт ... үүрэг болгосон” байх бөгөөд энэхүү шийдвэрт нэхэмжлэгч маргаагүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 96 дугаар тогтоолыг үндэслэн төлөөлөгчдийн урамшууллын мөнгийг төсвөөс гарган намын бүлгийн дарга нарт олгосныг Ардчилсан намын бүлгийн дарга хүлээн авсан, энэхүү мөнгийг төлөөлөгч нарт өгөөгүй асуудал нь захиргааны байгууллагын албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагаа /захиргааны акт/-ын улмаас учирсан хохирол биш буюу захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 74 дүгээр зүйлийн 74.3-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын  “Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн “Дүүргийн 2014 оны төсвийн тодотгол батлах тухай” А/26 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, төлөөлөгчдийн 2013 оны эхний хагас жилийн урамшуулал мөнгийг намдаа хандивла хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын амаар захирамжилсан шийдвэр гаргасныг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4.500.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, Ардчилсан намын бүлгийн даргаас гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 220 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 221/МА2016/0346 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4,500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, Ардчилсан намын бүлгийн даргаас гаргуулах шаардлагыг....хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ардчилсан намын бүлгийн төлөөлөгч Ш.Буянжаргал, Б.Цэвэлбазар нарт олгох байсан 2013 оны эхний хагас жилийн урамшууллын мөнгө болох нэг хүний 4,500,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга, Ардчилсан намын бүлгийн даргаас гаргуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                                 ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН