| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0496/Э |
| Дугаар | 499 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Мөнхцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 499
2020 05 25 2020/ШЦТ/499
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: И.Мөнхцэцэг;
шүүгдэгч: Н.М, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.М
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Н.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 03 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32а байрны подвалд иргэн Ё.Одончимэгтэй үл ялих зүйлээр маргалдаж, түүний биед 2 бугалга, шуу, шилбэ, баруун шагай, эрүүнд цус хуралт, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, тохойд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Н.Мын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 3/, хохирогч Ё.Одончимэг /хх-ийн 20-21/, гэрч Т.Отгонбаяр /хх-ийн 22-23/, гэрч А.Мянганцэцэг /хх-ийн 26-27/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4216 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/, Н.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-44/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн,
бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.М нь 2020 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32а байрны подвалд иргэн Ё.Одончимэгтэй үл ялих зүйлээр маргалдаж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Ё.Одончимэгийн / хх-ийн 20-21/: “...2020 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэртээ юм угаагаад ганц пиво уугаад сууж байсан. Манай угаалгын өрөө уг подвалд байдаг. 4 айлын дунд нэг байдаг. Найз охин А.Мянганцэцэгийг дуудсан чинь 23 цагийн үед ирсэн. ...байран дотор байдаг дэлгүүрийн хаалгаар архи авах гээд хаалга цохисон чинь хажуу талын 4 тоотоос зүс таних ...Н.М “битгий дэлгүүрийн хаалга нүдээд бай, манай дүү ажилладаг, та нар архи аваад уугаад байгаа биз дээ” гэж хэлэхээр нь “бид хоёр яагаад ганц юм аваад ууж болдоггүй юм” гэж хэлсэн. ...Н.М миний хоёр гарын бугалга хэсгээс базаад байсан. Намайг түлхээд би угаалгын өрөөнд унасан мөн коридорт бас түлхэж унагаасан. Н.М намайг бариад байхаар нь би “боль” гээд түлхтэл миний зүүн гарын сарвуу хэсгээс бариад мушгисан. Тэр үед миний ядам хуруу гэмтсэн. Миний баруун, зүүн хөл хэсэг рүү өшиглөсөн. Өөрийнхөө биеийг хамгаалж Н.Мын цээж мөр хэсэг рүү түлхсэн. Надад учирсан гэмтлүүдээс хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагаар үзүүлээгүй. Энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлгээр,
гэрч Т.Отгонбаярын / хх-ийн 22-23/: “...2020 оны 03 дугаар сарын 28-ны 04 цагийн үед согтуу хүн эмэгтэй хүнийг зодоод байна гэх дуудлагын дагуу очсон. Хоорондоо маргалдаад зогсож байсан. Тухайн 2 хүний биед ил харагдах шарх сорви байгаагүй...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Мянганцэцэгийн /хх-ийн 26-27/: “...Ё.Одончимэгт учирсан гэмтлүүдийг Н.М гэх залуу “базаад, түлхэж унагааж, өшиглөж” учруулсан. Н.М гэх залуу эхлээд бид хоёр руу дайрсан. Тэр үед бид хоёрыг барьж аваад базаад түлхээд байсан. Ё.Одончимэг бид хоёрыг салгах гээд Н.М гэх залуутай зууралдаад байсан. Н.М намайг түлхэж унагаасан мөн хөл рүү өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,
Н.Мын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3/: “...Би Ё.Одончимэгийн биед учирсан 2 бугалга, шуу, эрүүнд цус хуралт зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг гараараа цохиж, шилбэ баруун шагай, тохойд зулгаралт гэмтлүүд нь түлхэх үед Ё.Одончимэг газарт унахдаа гэрийн хаалганд цохиж учруулсан...” гэх мэдүүлгээр,
Ё.Одончимэгийн биед “2 бугалга, шуу, шилбэ, баруун шагай, эрүүнд цус хуралт, зүүн гарын ядам хурууны зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэ, тохойд зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4216 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Н.Мын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Ё.Одончимэгийн “...Надад учирсан гэмтлүүдээс хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагаар үзүүлээгүй” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 21 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Н.Мыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Н.М торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.М нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ