| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2016/00549/И |
| Дугаар | 60 |
| Огноо | 2017-01-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 60
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* айлын орон сууцны ******* тоотод оршин суух, ПЭ731*******029 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуульд холбогдох тус сургуулийн гадаад хэлний багшийн ажилд ажиллуулахыг даалгуулах, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н., хариуцагчийн өмгөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2004 онд Ховд аймгийн ******* сумын 10 жилийн 1 дүгээр сургуульд гадаад хэлний багшаар ажилд орсон. 2004 оноос хойш тус сургуульд тасралтгүй 6 жил ажиллаад 2011 онд биеэ эмчлүүлэх шаардлагатай болсон тул чөлөө авсан. Биеэ эмчлүүлж байгаад 2013 онд ажилдаа орох хүсэлт гаргаж, 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс үргэлжлүүлэн ажилласан бөгөөд 2014 оны 01 дүгээр сараас жирэмсний амралтаа авч, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин төрсөн. Жирэмсний амралтын хугацааг дуусгаад үргэлжлүүлэн хуульд заасан эрхийнхээ дагуу хүүхэд асрах чөлөө авсан. 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орохоор захирал У.тай уулзахад “Эргээд хариу өгье” гэж хэлсэн. Дахин 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уулзахад “Ажиллуулах боломжгүй, цаг байхгүй” гэсэн хариу өгсөн. Н.******* миний бие гадаад хэлний багшаар ажиллах мэргэжил, мэргэшлийн шаардлагыг хангаж, тус сургуульд 2004 оноос байнгын ажлын байранд одоог хүртэл ажиллаж байна. Ажиллах хугацаандаа “Заах аргач” зэрэг авч, удаа дараа мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байсан. Иймд намайг тус сургуулийн гадаад хэлний багшийн ажилд ажиллуулахыг даалгуулах, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* нь 2004 онд Ховд аймгийн ******* сумын 10 жилийн 1 дүгээр сургуульд гадаад хэлний багшаар ажилд орсон. 2011 онд биеэ эмчлүүлэх шаардлагатай болсон тул чөлөө авсан. Биеэ эмчлүүлж байгаад 2013 онд ажилдаа орох хүсэлт гаргаж, 2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс үргэлжлүүлэн ажилласан бөгөөд 2014 оны 01 дүгээр сараас жирэмсний амралтаа авч, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин төрсөн. Жирэмсний амралтын хугацааг дуусгаад үргэлжлүүлэн хуульд заасан эрхийнхээ дагуу хүүхэд асрах чөлөө авсан.
Ингээд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орохоор захирал У.тай уулзахад “эргээд хариу өгье” гэж хэлсэн байдаг. Дахин 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр уулзахад “ажиллуулах боломжгүй, цаг байхгүй” гэсэн хариу өгсөн байдаг. Н.******* нь тус сургуульд 2004 оноос байнгын ажлын байранд хүүхдээ төрүүлэх хүртэл ажиллаж байсан. Иймд Н.*******ийн тус сургуулийн гадаад хэлний багшийн ажилд ажиллуулахыг даалгуулах, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй хугацааны цалин 3,356,636 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирал У. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл болон гомдлын алийг нь манай сургуульд ирүүлж байгаа нь тодорхой бус учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэл, гомдол нь хуулинд өөр өөр утгатай заалт байгааг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлд хариу тайлбар гаргах, гомдолд хариу тайлбар гаргах аль нь зөв эсэх нь тодорхой бус. Иймд гомдлын дагуу 12 жилийн ******* дунд сургуулийн зүгээс 2016 оны 10 сарын байдлаар Н.******* гэдэг иргэн хүнтэй холбогдуулан хууль зөрчсөн ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байгаа тул тухайн гомдлыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуульд холбогдуулан тус сургуулийн гадаад хэлний багшийн ажилд ажиллуулахыг даалгуулах, ажил үүрэг гүйцэтгүүлээгүй хугацааны цалин 3,356,636 төгрөг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирал У.д шүүх хуралдааны зарыг мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байх боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь хариуцагчийг байхгүйгээр шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэх хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасны дагуу хариуцагчийн эзгүйд, хариуцагчийн өмгөөлөгчийг байлцуулан хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хэргийг хянан хэлэлцсэн болно.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Н.******* нь 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн ******* сумын 10 жилийн ******* дунд сургуулийн захирлын 2004 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай тушаалаар гадаад хэлний багшийн ажилд томилогдож, мөн тус сургуулийн захирлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/70 дугаартай тушаалаар Н.*******т өвчний учир чөлөө олгосон байна.
Улмаар тус сургуулийн захирлын 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/53 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай” тушаалаар Н.*******ийг гадаад хэлний багшийн ажилд авч ажиллуулсан байх ба Н.******* нь 2014 оны 02 дугаар сараас эхлэн жирэмсний амралтаа авч, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Ц.ийг төрүүлж, амаржсаны амралт эдэлж дуусаад 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилдаа орох тухай хүсэлт гаргаж байсан болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Эдгээр баримтуудаас үзэхэд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажилтан Н.******* нь тус байгууллагад тасралтгүй ажиллаж байсныг нотолж байна.
Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдээр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалдаг. Гэтэл Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирал нь Н.*******ийг ажлаас чөлөөлсөн, халсан тухай шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, эрхэлж байсан ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгоогүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох ёстой.
Гэтэл хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах нь ажил олгогчийн үүрэг. Ажил олгогч энэхүү үүргээ биелүүлээгүй нь ажилтныг ажиллуулахгүй байх үндэслэл болохгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа нь ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдахаар заажээ.
Нэхэмжлэгч Н.******* нь 2014 оны 02 дугаар сараас эхлэн жирэмсний амралтаа авч, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр охин Ц.ийг төрүүлсэн, одоо хүүхэд нь 2 нас 11 сартай болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэжээ. Иймд Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас халахыг хориглосон заалтыг ажил олгогч зөрчсөн, өөрөөр хэлбэл ажилтныг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Мөн хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа Н.*******ийг тус сургуулийн гадаад хэлний багшийн ажилд ажиллуулахыг зөвшөөрсөн бөгөөд энэ талаар маргаагүй, харин ажилгүй байсан хугацааны олговор олгохыг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж заажээ.
Иймд Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургууль нь ажилтан Н.*******ийг урьд эрхэлж байсан багшийн ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулахгүйгээр эрхийг нь зөрчсөнийг ажлаас үндэслэлгүй халагдсантай адилтган үзэж ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээж, түүний ажилгүй байсан хугацаанд олгогдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.*******ийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо хэрэгт авагдсан Н.*******ийн цалингийн цэсийг үндэслэн сүүлийн 3 сар буюу 2013 оны 10, 11, 12 дугаар саруудаар тооцох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн сарын дундаж цалинг түүний цалингийн цэсийг үндэслэн тооцоход: (558,6*******+558,6*******+666,*******3):3 = 594,489 төгрөг /1 сарын дундаж цалин хөлс/.
Ажлын нэг өдөрт ногдох цалин хөлсний дунджийг тооцвол 594,489:21.5=27,650 төгрөг байна.
Нэхэмжлэгч Н.*******ийн ажилгүй байсан 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх 4 сар 18 өдөрт ногдох нөхөх олговорт (594,489 х 4 сар)+ (27,650 х 18 ажлын өдөр) = 2,875,656 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуулиас гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгож, илүү нэхэмжилсэн 480,980 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн тооцуулж, дэвтрүүдэд зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хэрэгт Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуулийн 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 16 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Н.*******ийн оронд түр ажиллаж байсан гэх Х.Баянжаргалын цалингийн судалгааг ирүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Н.*******ийн ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Н.*******ийн оронд ажиллаж байсан ажилтны цалингаар тооцож гаргах боломжгүй юм. Иймд хэрэгт авагдсан Х.Баянжаргалын 2014, 2015 оны цалингийн судалгааг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг (ажилд эгүүлэн тогтоосон тул) + 60,960 төгрөг (2,875,656 төгрөгийн олговорт тохирох улсын тэмдэгтийн хураамж) нийт 131,160 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийг Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуулийн гадаад хэлний багшийн ажилд ажиллуулахыг хариуцагч Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуулийн захиралд даалгасугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуулиас Н.*******ийн ажилгүй байсан хугацаанд ногдох олговорт 2,875,656 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож, илүү нэхэмжилсэн 480,980 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д заасныг баримтлан ажилтан Н.*******ийн ажилгүй байсан хугацааны болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуульд үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ховд аймгийн Ерөнхий боловсролын ******* сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 131,160 төгрөг гаргуулан Төрийн сангийн дансанд оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА